Н.ЭНХМАНЛАЙ: Хүний хараа булаасан, үүлдэр угсаа сайтай амьтад тэжээж, үржүүлэхийг хүсдэг

     Энэ удаа бид төрөл бүрийн амьтан тэжээх хоббитой Засвар угсралтын цехийн засварчин Н.Энхманлайтай хашаанд нь ярилцлаа. Тэрбээр Эрдэнэт хотын унаган хүү бөгөөд механик инженер мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэрт тав дахь жилдээ ажиллаж буй. Тэдний гадаа ирэхэд тахиа донгодох дуун угтав. Багавжаар модон байшингийн хоёр тасалгаанд өнгөлөг нь аргагүй шувууд газраас ямар нэгэн зүйл тоншиж, их л хөдөлгөөнтэй харагдах. Толгой гэдгэр ихэмсэг алхах дун цагаан биетэй, толгой дээрээ малгайтай мэт өд, сарвуундаа хүртэл өдтэй, цагаан сахал, час улаан залаатай азарган тахиа аргагүй л ганган амьтан юм. Ихээ том биетэй, чих, сүүлгүй өвөрмөц том ноход мөн л тусгай байранд байх. Харахад том ч, эзэндээ эрхлээд л түнтгэнэтэл гүйх нь хөөрхөн. Тэрбээр тахиагаа байранд нь оруулах зуур, “Азарган тахианууд хоорондоо зодолддог болохоор нь хоёр тасалгаанд байлгадаг юм. Хавраас гэр бүлээр нь тусад нь гаргана даа” гэсээр ирэв. 

-Амьтан тэжээх хобби хэзээнээс эхлэв? 

-Би хүүхэд байхаасаа л амьтанд дуртай байсан. Анх тахиаг инкубаторт амилуулж үзээд л хөөрхөн санагдаж, тэжээх болсон. Нохой их олон жил тэжээж байна. 

-Таныхаар амьтан тэжээхийн ач холбогдол юу вэ?

-Хүн их хариуцлагатай болно. Хүүхэд өрөвч, нинжин сэтгэлтэй болж хүмүүждэг санагддаг. Ер нь ямар нэгэн хоббитой хүн “муу” зүйлд татагддаггүй. 

-Хашаандаа өдөр бүр ирдэг үү?

-Энэ миний өссөн хашаа. Энд алим, чавга зэрэг жимсний мод тарьж, зүлэгжүүлсэн. Одоо аав, ээж маань амьдардаг. Манайх эндээс ойрхон орон сууцанд байдаг. Бид өдөр бүр хашаандаа ирдэг. Хүүхдүүдээ амьтанд ойр өсгөхийг хичээдэг. Хашаагаа цаашдаа зөвхөн шувуу тэжээхэд зориулан торлож, тохижуулах санаа бий. 

-Танай нохой хэлийг тань сайн ойлгодог бололтой?

-Нохойг уяад орхих биш, гадаад орчинтой танилцуулж, нийгэмшүүлэх, гадуур дагуулаад явахад эзнийхээ үгийг авдаг байдлаар хүмүүжүүлэхийг хичээдэг. Ноход маань хүний хэл сайн мэднэ. Яг мэргэжлийн командтай биш ч гэсэн ойр зуурын зүйлд асуудалгүй. Наашаа ир, хэвт, бос, яв зэрэг командыг сайн мэддэг. Нохой ер нь их ухаантай амьтан. Эзнийхээ ааш занг андахгүй. Ууртай байх юм бол ойртож ирэхгүй. Цаана маягтай байж байна. Сайхан ааштай байвал ирж эрхэлж наалдана. 

-Аль үүлдрийн нохойг ихэвчлэн тэжээдэг вэ? 

-Дундад Азийн хоньч ноход. 2007 оноос тэднийг нэгээр нь биш, нэлээд олноор нь тэжээж эхэлсэн. Зөвхөн тэжээх биш, үржүүлж, хөгжүүлэх зорилгоор Адъяа, Тод-Эрдэнэ, Алтан-Эрдэнэ, Мөнхтүвшин зэрэг найзуудтайгаа нийлж, Монголын нохой судлалын холбоонд бүртгэлтэй “Эрдэнэт даймонд” үржлийн газар байгуулсан. Тэндээсээ сайн чанарын гөлөг, ноход бэлтгэж, Улсын уралдаан, тэмцээн, үзэсгэлэнд оролцуулдаг. 

-Хэр амжилт үзүүлж байна?

-Үржлийн газраас гарч, бойжсон нохой маань Улсын аварга цол авсан. Монгол Улсад хоёр түрүүлж байж аварга цолтой болдог. Нохойн Улсын уралдаанд анхны түрүүгээр цолны болзлоо хангаж, батламж аваад, хоёр удаа түрүүлж албан ёсоор аварга болдог. Сүүлийн хоёр жилээс манай үржлийн газрын ноход Улсын уралдаан тэмцээнээс том амжилт үзүүлээд эхэлсэн.

-Ноход үржүүлээд ашиг олох уу?

-Үгүй ээ, хобби маягаар л өсгөж, үржүүлдэг. Хүмүүсийн худалдан авах чадвар муудаж байна, нохойн гөлөг зарагдах хэцүү л дээ. 

-Энэ нохой, монгол банхраас юугаараа ялгаатай вэ?

-Монгол банхар амьдрах чадвар сайтай. Байгалаараа хоорондоо нийлээд л гөлгөө маллаад явчихдаг. Их ухаантай, тэсвэр тэвчээртэй нохой. Миний хувьд дундад Азийн хоньч нохой илүү сонирхож тэжээж, үржүүлдэг. Том биетэй, ааш зан дөлгөөн, тайван. Шаардлагатай үед огцом хурд, энерги гаргах чадвартай. Байгалиасаа хоньч, хоточ, тулаанч чанар нь илүү. Оросуудын ярьдгаар чонотой нэгийн эсрэг нэг тулалдахад ялах магадлалтай нохойн тоонд ордог. 

-Зарим хүн нохойн тулаанч чанарыг нь харж зодолдуулдаг. Харин та..?

-Миний хувьд нохой зодолдуулах дургүй. Ерөнхийдөө нохойд байгалийн характер байх ёстой. Гэхдээ бооцоотой зодолдуулж кайф авахын эсрэг байдаг. 

-Тахиа, тагтаанууд нь бусдаас өөр, сонин, содон юм. Ямар онцлогтой вэ?

-Би, энгийн биш, хүний хараа булаасан, үүлдэр угсаа нь сайн амьтад тэжээж, үржүүлэхийг хүсдэг. Энэ бол монголд олон жил үржил, селекц хийж гаргаж авсан “Бүрдэл” гоёлын тахиа. Зөвхөн өндөг идэхийн тулд биш, сонирхолтой, харууштай байх үүднээс тэжээж, өндгийг нь өөрсдөөр нь даруулж, дэгдээхэй гаргаж, үржүүлэх сонирхолтой. Мөн уралдаанч тагтаа тэжээж байна. Ер нь тагтаа хосоо өөрөө олно. Нэг нь өндгөө дарж байхад нөгөөх нь ангаахайгаа хооллоно. Их үнэнч, гэр бүлсэг шувуу.

-Уралдаанч тагтаа..?

-Тагтааг хаанаас ч тавьсан дассан газраа буюу төрсөн гэртээ ирдэг. Дайны үед тагтаагаар мэдээлэл дамжуулж “Шууданч тагтаа” хэмээн нэрлэсэн түүх бий. Энэ чанарыг нь ашиглаж, хамгийн хурдан хугацаанд үүрэндээ ирж байгаагаар нь уралдуулах өндөр бооцоот тэмцээн Европ болон Хятадад болдог. Монголд ойрын жилүүдэд уралдаанч тагтааг нэлээн хөгжүүлж байгаа. 

-Сонирхолтой юм аа. Ямар зайд уралддаг вэ? 

-Ерөнхийдөө 60-70 км-ээс уралдуулахад машинтай цуг ирнэ. Эрдэнэтэд болсон бооцоот тэмцээнээр Хөвсгөлийн наад тал буюу 250 орчим км-ээс уралдуулж байсан. Улаанбаатарынхан 600-700 км-ээс уралдуулдаг. Эрдэнэтэд энэ чиглэлийн тагтаа тэжээдэг 10-аад хүн байгаа. 

-Хурдан морьд бас сонирхдог гэл үү? Морьд нь хэр хурдалж байна?

-Хүүхэд байхдаа зуны амралтаараа хөдөө гарч, морь малтай ойр байсан. Уралдааны морь хоёр жил унаад том биетэй болохоор тэгсхийгээд больсон. Энэ сонирхол минь явсаар сүүлийн 2-3 жилээс хурдан морьтой болсон. Зав л гарвал хөдөө давхидаг. 

Одоохондоо суманд л уралдаж байна. Багаасаа амьтан үржүүлсэн болохоор үүлдэр угсааг нь сайжруулах тал дээр нь анхаарч байгаа. Миний морьд хэдэн жилийн дараагаас хурдлахыг үгүйсгэхгүй л байх. 

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Миний ханийг Д.Мядагбадам гэдэг. Өрхийн эрүүл мэндийн төвд их эмч. Танилцахдаа л амьтан тэжээдэг байсан болохоор эхнэр маань анхнаас нь хүлээн зөвшөөрсөн. Хоёр хүүхэд маань амьтанд “нугасгүй”. Амьтны тухай ном, нэвтрүүлэг их үзнэ. Манай охин нэг удаа “Ааваа сармагчинтай болъё” гэсэн. Хүүхдүүд маань нохой шувуугаа хооллох тун дуртай.

-Олон амьтан тэжээхээр зардал нэлээн гардаг байх?

-Гарна, гарна. Би архи, тамхи огт хэрэглэдэггүй. Тиймээс амьтнаа тэжээхэд дэмтэй. Хааяа санхүүгийн бэрхшээл гарах ч, дуртай болохоор тэр бүрийг аргалаад зохицуулдаг юм. 

-Амьтан тэжээх сонирхолтой хүмүүст юу хэлэх вэ?

-Өдөр бүр өөрийг нь хүлээж байгаа амьтан бий гэдгийг ухамсарлаж, ойр байж, амьдрах орчин нөхцөлийг нь таатай болгоорой гэж хэлье. 

-Урилга хүлээн авч, ярилцсанд баярлалаа.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %