Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Орчин үеийн хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маяг өөр болсон

Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн Технологийн тээврийн аж ахуйн хэсгийн үйлчлэгч Л.Оюун-Эрдэнийн чөлөөт цагаа зориулдаг урлангаар зочиллоо. Уран зураач мэргэжилтэй тэрээр 10 жилийн өмнө ээжийгээ залгамжлан Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Гэсэн ч тэр эзэмшсэн мэргэжил, хүүхэд насны хүсэл сонирхлоо орхиогүй. Улам хөгжүүлж, урлан бүтээж явна. 

Будгийн үнэр ханхалсан түүний урлан Гэр бүлийн ордонд байрлах. Тэр ажлаасаа ирээд давсан урлалын бүтээлээ нямбай гэгч нь ууталж сууна. 12-р сар гарахаар албан байгууллагууд Монита их зохион байгуулдаг учраас захиалга нэмэгддэг гэнэ. Түүний урлангийн өрөөний ханыг өөрийнхөөс нь илүүтэй шавь нарынх нь бүтээлүүд дүүргэжээ. Ингээд Л.Оюун-Эрдэнийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.    

-Өөрөө урландаа өдөр бүр ирдэг үү?

-Үгүй ээ. Амралтын өдрүүдээр л ирдэг. Ихэнхдээ гэртээ юмаа хийдэг. Өнөөдөр эндээс захиалгын бүтээлүүдээ авч явахаар ирсэн юм. Манай дүү чимэглэх уран зургийн анги төгссөн, надтай адил зураач мэргэжилтэй. Тийм болохоор урлан дахь сургалтаа ерөнхийдөө дүү маань хариуцдаг гэх үү дээ. 

-Хүүхдүүд зурах эв дүйд хурдан суралцдаг уу? 

-Янз бүр. Зарим хүүхдүүд “Багш аа, би огт зурж чадахгүй” гэсээр орж ирдэг юм. Хэсэг хугацааны дараа зурагт бүр дурлаад, одоо би юу зурах вэ гээд явдаггүй. Нэг хувийн авьяас байхад 99 хувийн хөдөлмөрөөр зураачийн эрдмийг олж болно. Зарим эцэг эх “Манай хүүхэд их сахилгагүй, хэтэрхий хөдөлгөөнтэй. Жаахан суурьтай, суудалтай болгоод өгөөч” гэж хүүхдээ авчирдаг. Гэтэл тухайн хүүхэд орон зайн хэмжээс ойлгоод, өнгөний утга учрыг мэдээд ирэхээрээ сууж сурахаас гадна гайхалтай бүтээлүүд зурж, тэрнийхээ амтанд ордог. Энэ хананд өлгөөстэй зургууд бүгд хүүхдүүдийн бүтээл. Гоё байгаа биз. 

-Хүүхэдтэй ажиллахад юу нь сайхан бэ? 

-Гэгээхэн харц, үнэн инээд нь хайр татам санагддаг. Цэвэрхэн, цагаахан энерги нь бас гоё. Чин сэтгэлээсээ баярлаж байгаа нь хөөрхөн. Ер нь л хүүхэдтэй ажиллах сайхан. 

-“N Art” кофе шопд эвент зохион байгуулдаг. Уран зургаас мэдрэмж, таашаал авах гэж хүмүүс их ирэх юм уу?

-Орчин үеийн хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маяг их өөр болсон. Аав, ээж нар хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ ирнэ. Найз нөхдөөрөө ч ирнэ. Зургийн эвентийг дүүтэйгээ хамтарч зохион байгуулдаг. Хүмүүст зураг зурж стресс, ядаргаагаа тайлах, нэг үгээр бясалгал хийх боломжийг олгодог гэх юм уу. Тавдугаар ангийн нэг охин “Багшаа, би маш их стресстдэг. Аав, ээж маань намайг ойлгохгүй, байнга үглэнэ. Харин би зураг зурахаараа бүх анхаарлаа төвлөрүүлээд, амар амгаланг олж чаддаг. Та надад дулаан, хүйтэн өнгөний талаар тусгайлан зааж өгөөч” гэсэн. Ийм жаахан байж ямар сүрхий юм бэ гэж би бодсон. Томчууд ч гэсэн үнэхээр гайхалтай таашаал авлаа гээд талархал илэрхийлээд гардаг.

-Өөрөө уран зургаа зурж байгаа юу?  

-Дандаа захиалгаар зураад, өгөөд явуулчихдаг. Тийм болохоор өөрт байхгүй, утсан дээр л үлддэг дээ.  

-Том хэмжээний зураг гэвэл..? 

-Эрдэнэт үйлдвэрийнхээ 35 жилийн ойгоор Эрдэнэтийн-Овоо ордоо бүтэн байхаас нь эхлээд одоо ашиглаж буй хүртэл нь зурсан том зураг маань тухайн үедээ  шилдгээр шалгарч байсан. Мөн ажлынхаа Батболд гээд зураач залуутай хамтраад одоо Белазын гарааш дээр байгаа 3D дельфинийг машины будгаар зурж байсан. 

-Ер нь хүмүүс голдуу ямар зураг захиалгаар зуруулдаг вэ?  

-Чөлөөт сэтгэлгээний зургийн захиалга их ирдэг. Настай хүмүүс бол ихэвчлэн нутаг, уул усныхаа зургийг зуруулна. Сүүлийн үед хананы зургийн захиалга их ирдэг болсон. Гэрийнхээ ханан дээр Мона Лиза, гэр бүлийн мод зуруулмаар гэх жишээний. Гэтэл өөр нэг хүн оросын гурван баатрыг зуруулъя гэнэ. Хүн бүрийн сонирхол, мэдрэмж өөр болохоор захиалга янз бүр.   

-Хамгийн үнэд хүрсэн бүтээл..? 

-Дүрслэх урлагийн сургуулиа төгсөөд удаагүй байхдаа Шишкины “Нарсан төгөл” зургийг хуулаад зурсан юм. Тэрийг нэг Герман залуу одоогоос 10 жилийн өмнө гурван сая гаруй төгрөгөөр худалдан авч байсан. Одоо бол захиалгын зургийг хэмжээнээс нь хамаараад нэгээс хоёр саяын хооронд үнэлгээ тогтоож зурдаг. 

-Давсан урлалын бүтээлүүд тань их “хөөрхөн” юмаа..?

-Цар тахлын хөл хорионы үед гэртээ байхдаа сурсан хобби маань. Хүмүүсээс асуухаар технологи ажиллагаагаа нарийн хэлдэггүй юм билээ. Гэсэн ч учрыг нь олохын төлөө уйгагүй үзсээр байгаад сурсан даа. Нэг юм хийгээд тусгай хэмд шатаагаад гаргаад ирэхэд ус нь ихэдсэн бол буцалчихна. Ус нь багадвал хугараад уначихна. Эв хавыг нь олоход эхэндээ хэцүү байсан. Хоёр жилийн дараах үр дүн эд нар байна. Хүний нүд баясгаж, сэтгэл гижигдсэн бүтээл болохоор улам бүр дурлаж байгаа. Ямар сайндаа, шөнийн 02 цаг хүртэл энийгээ хийчхээд өглөө ажилдаа улаан нүдтэй очоод, постоор орох гэтэл үлээлгэж байх вэ дээ. /сур.инээв/  

-Давсан болон лаан урлалын замд урам өгсөн хүмүүс бий юу?    

-Олон хүн бий. Хамгийн олон тоотой, анхны захиалгыг “Цахиур” спорт центрийн Хишгээ багш “Мартын 8”-аар 100 эмэгтэйг баярлуулах гэсэн юм гээд лааны суурин цэцэг зууг хийлгэн авч намайг урамшуулсан. Автотээврийн цехийн ажлын хамт олон маань намайг байнга урмын үгээр тэтгэнэ. Би анх шар шувуу хийхдээ нүдийг нь буддаггүй байсан. Дараа нь буддаг болчихсон чинь амилаад нислээ ш дээ гээд л... Хийсэн лааг маань худалдаж авна. Дараа нь гэрт нь очихоор байж байна. “Асаагаагүй юм уу?” гэхээр ийм хөөрхөн юмыг яаж асааж урсгах юм бэ гэнэ. Зарим эмээ, өвөө нар бүр бурхныхаа гүнгэрваа дотор залчихсан байдаг. Үнэхээр хайр хүрмээр.   

-Хүн үндсэн ажлынхаа хажуугаар тогтсон, хөгжүүлсэн хоббитой байх нь ямар давуу талтай вэ? 

-Цэвэр бясалгал. Белазын гарааш маань дуу чимээ ихтэй, одоогийн нийгэм ямар билээ. Стресс их шүү дээ. Харин би өөрийгөө бүрэн ангижруулсан гэж боддог. Би сүүлийн долоон жил дугуй унаж байна. Үйлдвэр, гэр хоёрын хооронд ихэнхдээ дугуйтай явдаг. Амьтан тэжээх сонирхолтой. Нохой, муур, загас, яст мэлхий тэжээдэг. Цэцэг ургамал гээд эко бүхэнд дуртай. Бусдадаа гоё бэлэг түгээж чадаж байна. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авч байна. Шинэ жилээр хус модны тайрдас ашиглаад ажлынхандаа бүгдэд нь зураг зураад бэлэглэсэн. Цайны цагаараа хүртэл нэг удаагийн цаасан таваг дээр зураг зураад өгчихдөг. Ер нь чөлөөт цагийг зүгээр өнгөрөөж чаддаггүй. Хэдэн жилийн өмнө ажилгүй байхдаа зурахынхаа хажуугаар зурагт их үздэг байсан. Одоо бол надад зурагт үзэх цаг байхгүй. 

-Тэгээд тодорхой хэмжээний орлого олчихно? 

-Тэгэлгүй яах вэ. Би дөрвөн оюутан дүүтэй. Тэднийхээ хэрэгцээг хангахад энэ орлого маань их нэмэр болно.  

-Гэр бүлээ танилцуулаач? 

-Нөхөр маань ХААН  банканд ажилладаг Эрдэнэсайхан гээд залуу бий. Охин маань 5-р сургуулийн 3-р ангийн сурагч. Манай хүн намайг их дэмждэг. Заримдаа бүтээл хамт хийнэ. Охин маань намайг зураг зурахаар, хоёулаа цуг эхэлье гээд суудаг юм. Овоо зурдаг болсон.  

-Таны мөрөөдөл..?

-Миний мөрөөдөл зүгээр л аялал. Байгаль эх яг л уран зураг шиг. Өнгөрсөн зун гэр бүлээрээ Алтай таван богд руу аялаад ирсэн. Аз жаргалын даавар асгардаг юм билээ. Нөхрийнхөө араас би өөрөө жолоо мушгиад, 4000 км аялсан. Цастай уул харагдахаар л “Бүргэдээ бүргэдээ, Шонхор нь байна. Энэ Алтай таван богд мөн үү?” гээд станцаар хоорондоо холбогдоод яриад явна. Алтай таван богд биш, Алтай тавин богд байгаа юм биш үү, гээд л. Үнэхээр бишрэм хангай. Ус нь шүүчихсэн юм шиг зөөлхөн, тунгалаг. 

-Гайхалтай эх орон шүү. Цаг зав гаргасанд баярлалаа.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %