Т.БАТМӨНХ: Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүллээ

     Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн 4-р шугамыг ашиглалтад хүлээн авахаар Улсын комисс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна.   

44 дэх жилдээ хүдэр олборлож буй Эрдэнэтийн Овоо ордын ил уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсөж байгаатай холбоотой Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний гарц, борлуулалтын орлого буурах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Үүний эсрэг авч буй арга хэмжээ бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж бүтээгдэхүүний өсөлт бий болгох. Энэ зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэр техник, технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг үе шаттай амжилттай хэрэгжүүлж байгаагийн тод жишээ нь хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх энэхүү өргөтгөл юм. 

Улсын комиссын хуралдаан завсарлах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхтэй цөөн хором ярилцлаа.      

-Их ажлын ард амжилттай гарсан сэтгэгдлээс тань хуваалцъя? 

-Юуны түрүүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх түүхэн бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажлыг удирдаж зохион байгуулсан, барилгын ажлыг гүйцэтгэсэн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж авчирсан, угсралт тохируулга дээр ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлж, баяр хүргэе. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж дууслаа. Одоо Улсын комисс ажиллаж байна. Ажлын гүйцэтгэлийн явцад төрийн хяналтын байгууллагын мэргэжилтнүүд, Улсын байцаагч нартай хамтарч ажиллаж байсан. Далд ажлын үед газар дээр үзэж танилцаад акт тавьж, болж байна гэсэн дүгнэлт өгснөөр дараагийн ажил руугаа орж явдаг байсан болохоор Улсын комисс ажиллахад их дөхөм байгаа болов уу. Цаг хугацаа ч хэмнэх байх. Бичиг баримтын бүрдэл бүрэн цэгцтэй хийгдсэн. 

-Цар тахлын нөхцөл байдал өргөтгөлийн ажилд хэр зэрэг нөлөөлсөн бэ?   

-Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа доголдох, зогсох, бараа материалуудаа татан авахад тээвэр ложистикийн асуудал, хил гаалийн хүндрэл, сэлбэг, бараа материалуудын үнийн огцом өсөлт гээд олон асуудал тулгарсан. Гэсэн ч анх байгуулсан гэрээнийхээ нөхцөлийг хэвээр хадгалж,  яам, тамгын газар, Улсын онцгой комиссын дэмжлэгтэйгээр төслөө амжилттай хэрэгжүүллээ. Техник, технологийн дэвшил, дэлхийн брендүүдийг үйлдвэртээ суурилуулж чадлаа. 

-Өөрөө нунтаглах хэсгийн шинэ шугам  ашиглалтад орсноор ямар боломжууд нээгдэж байгаа вэ? 

-Эрдэнэт үйлдвэрийн тэр дундаа Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэж байна. Үүнийг дагаад баяжмалын гарц 100 мянган тонноор нэмэгдэнэ. Мөн үүнийг дагаад борлуулалтын орлого жилд 200 орчим сая доллараар өснө. Энэ хэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгө нэмэгдэнэ. Хүмүүс буурал уулаа хурдан ухаж дуусгах гээд байгаа юм уу гэдэг. Тийм биш. Бид эрдэс баялгийн нөөц өсгөх төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрийнхээ насжилтыг уртасгасан. Цаашид ч нэмэгдүүлээд явна. Ирээдүйд үүсэх хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх тооцооллоор үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг үе шаттай байнга хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд зөвхөн хүдэр боловсруулалт, уурхайн ажлыг нэмэгдүүлэх бус, цахилгаан болон усан хангамжийн ажлууд, хаягдал хураах сангийн цогц асуудал бүгд хоорондоо уялдаатай явах учиртай. Бид усан хангамжийнхаа асуудлыг өнгөрсөн жил шийдэж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Цахилгаан хангамжийн асуудал шийдэгдэж байна. Хүдэр боловсруулалтаа нэмэгдүүллээ. Одоо Хаягдлын аж ахуйн өргөтгөл шинэчлэлийг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хийнэ. Үүнтэй холбоотой техник эдийн засгийн үндэслэлүүдээ боловсруулаад батлаад авчихлаа.  Ингээд цаашид үйлдвэрийн маань өргөтгөл шинэчлэлийн ажлууд үргэлжлээд явна. Үр дүнд нь үйлдвэрийн маань ажиллах хугацаа нэмэгдэнэ. Үйлдвэрлэлийн өөрийн өртөг буурна. Найдварт ажиллагаа сайжирна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар дээшилнэ. Өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэх боломж бүрдэх юм.   

-Шаардлагатай боловсон хүчнийг өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэж эхэлсэн. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор хичнээн ажлын байр шинээр бий болж байна? 

-68 ажлын байр шинээр нэмэгдэж байгаа. Бид дотоод нөөц бололцоогоороо ажлын байрыг нягтруулах арга хэмжээ авч 18 ажлын байрыг дотоодоосоо хангасан. 50 ажилчныг шинээр авч, гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл сургаж, ажлын байран дээр нь дадлагажуулан бэлтгэлээ. Шинэ ажилтнууд маань сайн ажиллаж байгаад баяртай байна. Техник, технологийн шинэчлэлийн гол үр дүн хүний хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс хүний хөгжил хүдрийн үл тасрах хурдаас хоцрох ёсгүй. Бүр өмнө нь явах ёстой. 

-Баярлалаа.        

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %