Үйлдвэрийн геологийн бодлого, үйл ажиллагаа зөвхөн уурхайн хэмжээнд хязгаарлагдахгүй

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич, Геологи, эрдэс судлалын ухааны доктор (Ph.D) Д.Алтанхуягтай ярилцлаа.

-Танд усан бар жилийн мэнд хүргэе! Эхлээд та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу?

-Баярлалаа. Юун түрүүнд танай сонины уншигчдад эрүүл энх байж, ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Өөрөөсөө өмнө ажлаа танилцуулах нь зүйтэй байх. 2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцэд Үйлдвэрийн бодлогын газар шинэчлэгдэн байгуулагдаж, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шууд удирдлагад ажиллах үйл ажиллагааны журмыг баталсан. Энэ журамд газрын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо, хамрах хүрээг тусгаж өгсөн. Газрын бүрэлдэхүүнд дарга, ерөнхий геологич, ерөнхий уурхайчин, ерөнхий баяжуулагч, үйлдвэрлэлийн төлөвлөлт, мониторингийн албаны дарга, мэргэжилтнүүд, референт-нарийн бичиг гэсэн чадварлаг баг, хамт олон бүрдэн ажиллаж эхэлсэн. Манай газрын үндсэн чиг үүрэгт Үйлдвэрийн газрын геологийн бодлогыг тодорхойлох, ордын хүдрийн нөөцийг нарийвчлан тогтоох, нэмэгдүүлэх, үр ашигтай ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангахаар тусгасан. Харин Ерөнхий геологичийн эрх үүргийн хувьд Геологи маркшейдерийн хэлтэс, Геологи хайгуулын экспедицэд мэргэжлийн чиг үүргийн хүрээнд үүрэг даалгавар, арга зүйн зөвлөмж өгөх, шинэ санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, оролцох, мөн газрын харьяа албыг шууд бус удирдлагаар ханган ажиллахаар журамласан. Энд би үйлдвэрийн бодлого гэхээс илүү өөрт, геологид хамааралтай асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу.

-Мэргэжлийн хүнийг хариуцсан ажлынх нь талаар яриулах нь зөв шүү. Тантай санал нэг байна?

-Миний хувьд мэргэжлийнхээ дагуу Ерөнхий геологичоор 2020 онд томилогдсон. Өнгөрсөн хугацаанд өөрийн туршлага, үйлдвэрийнхээ холбогдох бүтцийн нэгжийн мэргэжилтнүүдийн хүчээр багагүй ажил амжуулж, суралцаж явна. Дээр дурдсан хэлтэс, экспедицээс гадна Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Ил уурхайн Геологийн алба гэх мэт бусад цех, нэгжүүдтэй хүдрийн агуулга, шинж чанарын судалгаа, хүдэр чулуулгийн дээжлэлт, боловсруулалт, шинжилгээний арга аргачлалын чиглэлээр илүү хамтран ажилладаг. 

Мөн гадагшаа чиглэсэн буюу УУХҮЯ, АМГТГ, Үндэсний геологийн алба, ТӨБЗГ, ШУА, түүний хүрээлэнгүүд болон их сургуулиуд, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо ТББ гэх мэт салбарын олон байгууллагуудтай харилцан, уялдаа холбоотой ажиллаж байна. Засгийн газар, яам, агентлагийн түвшинд шийдвэрлүүлэх, тухайлбал стратегийн ордын талбайн хэмжээнд геологи хайгуулын судалгаа явуулах эрх авах, тайлан, төлөвлөгөө хүргүүлэх, хамгаалах чиглэлээр ажилладаг. Мөн сургалт, судалгааны байгууллагуудтай хамтарсан гэрээ, санамж бичгийн хүрээнд төсөл, фосфоритын орд, хүдэр, бордоо судлах гэх мэт академик байгууллагуудтай геологийн мэргэжилтэнг ахисан буюу магистр, докторын түвшинд бэлтгэх, ТББ-ын хувьд мэргэшлийн зэрэг олгох сургалт, сунгалтын асуудлыг улсын хэмжээнд нь авч үзэж, үйл ажиллагаанд нь оролцож байгаа. Ижил төстэй, Оюутолгой, Цагаан суваргын ордод уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, гадаад орнуудын судалгааны байгууллагатай хамтран, бас туршлага судлах ажлыг ч анхаарлаасаа холдуулж болохгүй юм.

-Ойлголоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын геологийн бодлогын мэдээлэл сонирхолтой байна. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 262 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Энэ баримт бичигт “Эрдэс баялгийн нөөц өсгөх” төслийг хамааруулсан ба геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг зөвхөн ирэх онуудад  40 орчим сая ам.доллар байхаар тусгасан байдаг. Тухайн үед Геологи хайгуулын ангийг “экспедици” болгон өргөжүүлсэн. Ингэснээр бүтэц, геологи хайгуулын ажлын ерөнхий чиглэл, төсвийг үндсэндээ хангалттай тодорхойлж, шийдвэрлэсэн. Манай үйлдвэрийн геологичид “Эрдэнэтийн-Овоо” ордын Баруун хойд, Төвийн хэсэгт 2016-2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээ 2021 оны 12-р сарын 10-нд улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд маш амжилттай тайлагнасныг та бүхэн мэднэ. Энэ үзүүлэлтээр нь өнгөрөгч онд “Геологи хайгуулын шилдэг байгууллага”-аар УУХҮЯ батламжилсан. Улмаар Ерөнхий захирлын A/643 тушаалаар Үйлдвэрийн геологи хайгуулын бодлогыг  2031 он хүртэл тодорхойлж, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллуулсан нь үйлдвэрийн удирдлагын онцгой мэдрэмж, оновчтой алхам болсон гэж миний хувьд үздэг. Ийм бодлого байх ёстой гэсэн чиглэл нэлээд эртнээс яригдаж ирсэн. Ингэснээр үйлдвэрийн газрын геологийн бодлого 2031 он хүртэл дараах цар хүрээ, зорилтыг хэрэгжүүлэх боломжтой. Нэгд, “Эрдэнэтийн -Овоо” ордынхоо нөөцийг өсгөх, нарийвчлах, иж бүрэн ашиглалтын хайгуулыг үргэлжлүүлэн явуулах; хоёрдугаарт, Эрдэнэтийн стратегийн ордын талбайн хил заагт хамаарах хэтийн төлөвтэй талбайг судлан, эрэл үнэлгээ, хайгуулын ажил явуулж ирээдүйн нөөц, “Эрдэнэт-2” ордыг нээх; гуравдугаарт, Монгол Улс, бүс нутгийн хэмжээнд уул уурхай–хүнс, хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолборууд байгуулах зорилтын хүрээнд металлаас гадна фосфорит, төмөр, нүүрс, шохойн чулуу, түгээмэл тархацтай гэх зэрэг ашигт малтмалын судалгааны төсөл хэрэгжүүлж үр дүнд хүрэх юм. Эцэст нь геологийн шинжлэх ухаан, технологи-үйлдвэрлэл-сургалтын уялдааг хангах, хүний нөөцийн хувьд мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн бэхжүүлэх, дотоод, гадаад хамтын ажиллагаа, үйлдвэрийн газрын гео мэдээллийн санг сайжруулан, баяжуулах  зэрэг нь геологийн бодлогын асуудал болно.

-Геологийн бодлогын хүрээнд өргөн цар хүрээтэй ажил хийгдэх нь гэж ойлголоо. Амьдрал дээр чухам ямар ажлууд бодитой, урагштай явж байна. Нөгөө талаар саад бэрхшээл гарах юм уу?

-Төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд Засгийн газар, төрийн захиргааны байгууллагын холбогдох шийдвэрийг онцгой анхаарч, хэрэгжүүлэх үүрэг тогтолцоотой. Тухайлбал, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX-EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх зорилттой ажиллаж байгаа. Гэтэл овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолын дагуу үүсмэл ордын нөөц, чанарыг тогтоох шаардлага гарсан. Зэсийн хүдрийн ордын газрын гадаргуун ил, ойр хэсэгт ус, агаарын орчин исэлдэж, шинж чанар нь өөрчлөгддөг зүй тогтолтой. Ийм хүдэр “Эрдэнэтийн -Овоо” ордын хувьд баяжуулах үйлдвэрийн технологид тохирохгүй тул тусад нь овоолж ирсэн. 8а, 12 зэрэг овоолгыг 2005 оноос эхлэн үүсгэсэн. Түүнээс хойш овоолгын хэмжээ жил тутамд нэмэгдэхийн хажуугаар өвөл, зуны бороонд нэвчих бүрд улам исэлдэн, чанар нь өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл, овоолгын зарим хүдэр нь 15-аас олон, зарим нь дөнгөж нэг жил болж байгаа тул тус бүрд нь судалгаа хийж үзсэн юм. “Эрдэнэтийн -Овоо” ордын исэлдсэн хүдрийн овоолгын хэмжээнд 2021 онд Геологи хайгуулын экспедицээс 35 цооног бүхий өрөмдлөгийн ажил явуулж, Судалгаа, шинжилгээний хүрээлэнд томоохон хэмжээний туршилт судалгааны ажлыг өнгөрсөн онд хийсэн. Харин бид нөөцийг тооцоолох, бүртгэлжүүлэх ажлыг энэ онд хийхээр Үйлдвэрийн бодлогын газраас анхаарал тавин ажиллаж байна. Нөөц баталгаатай болж, овоолгыг үүсмэл орд болгосноор түүнийг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, бусад асуудал шийдвэрлэгдэх ёстой.

-Наадах чинь жирийн хүний энгийн ухаарлаар ойлгоход  нарийн асуудал байна. Үүсмэл ордыг ашиглах үед хүхрийн хүчлийг хэрхэн саармагжуулах ёстой вэ? Фосфорын бордоо үйлдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүс ярьдаг.

-Ер нь Засгийн газраас дэвшүүлж буй, Зэсийн баяжмалыг хайлуулах, боловсруулах үйлдвэр барих зорилтын хүрээнд түүнээс ялгарах хүхрийн хүчлийг саармагжуулах нэг арга зам нь фосфорын бордоо үйлдвэрлэх асуудал юм. Хэдийгээр хүхрийн асуудлыг шийдвэрлэх өөр арга, технологи байдаг ч фосфорит бол дэлхийн практикт өргөн хэрэглэгддэг, тэгээд ч Монгол оронд тогтоогдсон ашигт малтмалын төрөл. Иймээс хэдэн арван жил орхигдсон фосфоритын судалгааг улс орны хэмжээнд сэргээн явуулах зайлшгүй шаардлагатай. Энэ талаар манай үйлдвэр санаачлан УУХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, зарим орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна. Тодруулбал, Монгол орны фосфат хуримтлалын тархалт, зүй тогтол, фосфоритын ордын эрэл чиглэлээр сэдэвчилсэн судалгааг хэрэгжүүлэх, мөн Завхан, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгийн нутагт 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийг фосфоритод чиглүүлэн улсын төсвийн хөрөнгөөр ирэх онуудад төлөвлөх талаар саяхан УУХҮЯ-нд саналаа хүргүүлээд ажил эхлээд явж байна. Харин энэ онд фосфоритын сав газрын геологийн тогтцыг нэг мөр ойлгох, чиг баримжаа тогтоох зорилгоор мэргэжилтэн, судлаачдыг хамруулан үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний хээрийн бага хурал, арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллана. Тэгэхээр аж үйлдвэржилт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай яригдахад л шууд геологи хайгуулын ажил анхдагч суурь судалгаа нь болдог онцлогтой. Монгол улс, Эрдэнэт үйлдвэр  хөдөө аж ахуйн хэрэгцээт бордооны эх үүсвэр, фосфоритын судалгааг хэзээ ч орхихгүй  болов уу. Ер нь хөгжил дэвшил ярихад, барилга байгууламж, автомашин, гар утас, цахилгааны утас гээд бүгд л байгалийн баялагтай холбоотой. Харамсалтай нь иргэдийн танин мэдэхүй, ойлголт, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн хоорондын үл ойлголцол хэтэрхий саад тотгор учруулж байна. Тэгэхээр геологич бид улс орон, дэлхийн хөгжлийн үндэс болсон түүхий эдийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтмол эрж хайх болно, өөр арга байхгүй.

-Эрдэнэтчүүдийн урт хугацааны амьдралын баталгаа нь “Эрдэнэтийн -Овоо” ордын хүдрийн нөөц баялаг. Энэ талаарх мэдээллийг хүн бүр  анхаарч сонсдог.

-Тэгэлгүй яах вэ. Таны санаа хүдрийн нөөцөд чиглэж байна. Дэлхийн зэсийн хэрэгцээ өссөөр байгаатай уялдан зэсийн эрэлт, үнэ өссөн үе таарч байгаа нь сайхан. Иймээс газрын хэвлийн баялгийг хаягдал багатай, иж бүрэн, тодруулбал ядуу хүдрийг ашиглах үүднээс хүдрийн захын агуулгыг бууруулахад анхаарлаа хандуулаад байна. Ингэснээр үйлдвэрлэлийн нөөц нэмэгдэн, үйлдвэрийн нийт ажиллах хугацаа уртсах нь тодорхой. Нөгөө талаар бүтээгдэхүүний үнэ өсөх, буурахад олборлолтыг үр ашигтай төлөвлөх үүднээс хүдрийн захын агуулгыг богино хугацаанд оновчлох уян хатан бодлого шаардлагатай. Энэ чиглэлээр Үйлдвэрийн бодлогын газрын Үйлдвэрлэлийн төлөвлөлт, мониторнгийн албаны ерөнхий мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Орд цор ганцаараа үүсэж, бий болдоггүй гэсэн утгатай үг байдаг. Геологийн шинжлэх ухааны талаас ч үүнийг зөвшөөрөх боломжтой. Бид ордынхоо ойр орчимд шинэ талбайг ялгах, эзэмших эрхийг авах талаар төрийн байгууллагуудтай хамтран ажилласаар байгаа. “Эрдэнэтийн -Овоо” ордын орчимд, геологи структурт шинээр нөөц тогтоогдох бүрэн боломжтой. 2022 онд Шандын ордын нөөцийг тооцоолох, тайланг боловсруулахаас гадна, тусгай зөвшөөрлийн асуудал шийдэгдвэл ордоос хэдхэн км-т тогтоогдсон Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлнэ. Энэ ажил ойрын хэдэн жилдээ үргэлжлэх болов уу.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %