“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээнд ажилтнуудын хүүхдийн гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах төлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан байдаг. Энэ заалт хэрхэн хэрэгжиж буй талаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын мэргэжилтэн Л.Ундраагаас тодрууллаа.
-Санхүүгийн энэ дэмжлэгийг хэзээнээс олгож эхэлсэн бэ?
-Бид жил бүрийн өдийд ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийн асуудлаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Эрдэнэт үйлдвэр 2005 оноос хойш Захиргаа, ҮЭ-ийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээний заалтын дагуу Эрдэнэт үйлдвэрт тав ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан ажилтан болон ахмад настан, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтаны нэг хүүхдийн гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрт хоёрдугаар курсээс эхлээд бакалаврын зэрэг эзэмших хүртэл хугацаанд сургалтын төлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлээд даруй 18 жилийн нүүрийг үзэж байна. Хэрвээ эцэг, эх нь хоёулаа ажилладаг бол хоёр хүүхдэд нь дэмжлэг үзүүлдэг.
-Дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутнуудад үзүүлэх дэмжлэгийн хэмжээ ямар байдаг вэ?
-Анх энэ дэмжлэгийг 2005-2006 онд хэрэгжих Хамтын гэрээнд тусган Төрийн сангаас олгож байгаа жижиг дэмжлэгт үндэслэн олгохоор хэмжээг нь тусгасан. 2014 оноос хойш дотоодын их, дээд сургуульд суралцагсдад 500 мянган төгрөг, гадаадын их, дээд сургуульд суралцагсдад 700 мянган төгрөг байхаар журамд тусган олгож ирсэн. Харин энэ жилийн тухайд Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны багц журмууд шинэчлэн батлагдсан. Энэ оноос тус дэмжлэгийн хэмжээг Ерөнхий захирлын тушаалаар батлах болсон. Үүний дагуу энэ жилийн тухайд дэмжлэгийн хэмжээ 20 хувиар буюу дотоодын их, дээд сургуульд 600 мянга, гадаадын их дээд сургуульд 840 мянга байхаар тогтоосон. Ажилчдын хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийн асуудлыг 2020 оноос Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газар хариуцан Эрдэнэт үйлдвэрээс тусламж дэмжлэг үзүүлэх журмын хүрээнд ажилтны хувийн өргөдөл, суралцагчийн сургуулийн тодорхойлолт, голч дүнгийн мэдээлэл, сургалтын төлбөрийн нэхэмжлэл зэргийг үндэслэн олгож байгаа.
-Ажилчид хүсэлт, материал бүрдүүлэхдээ юуг анхаарах вэ?
-Энэ хүүхэд, энэ сургуульд тухайн жил сурч байгааг нотлох баримт хадгалуулдаг. Дараа нь төрийн аудитын шалгалт ороход нотлох баримт, үндэслэл байх ёстой учраас дээрх баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. Энэ жилийн тухайд хэд хэдэн зөрчил гарсан. Тухайлбал, гадаадад хэлний бэлтгэлд явж байгаа хүүхэддээ санхүүгийн дэмжлэг авахаар материал бүрдүүлэн ирүүлсэн байх жишээтэй. Энэ дэмжлэгийг бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж байгаа хүүхдүүдэд олгодог шүү дээ. Түүнээс гадна жилийн чөлөөтэй байх хугацаанд дэмжлэг авахаар материал ирүүлсэн тохиолдол гарсан.
-Гадаадад тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэх үү?
-ОХУ-д Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр суралцаж байгаа хүүхэд олон байдаг. Удирдлагуудын шийдвэрээр дэмжлэг олгогдсон цагаас тэтгэлгээр суралцаж байгаа хүүхдүүдэд мөн олгосоор ирсэн.
-Баярлалаа.
Л.УНДРАА: Ажилчдын хүүхдэд үзүүлэх сургалтын төлбөрийн дэмжлэгийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0