“Эрдэнэс Монгол” өвөлд бэлэн үү?

Энэ асуултад хариулахаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниуд Эрдэнэт үйлдвэрт цуглаж, нэг өдөр зөвлөлдөв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, Хөтөл “Цемент шохой” ТӨХК зэрэг долоон компанийн удирдлага, удирдах ажилтнууд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцаа мэдээлж, тэдгээрт учирч буй хүндрэл бэрхшээл, хүлээлт, шийдэл эрсэн асуудлуудаа танилцууллаа. Улс орноороо ирэх өвлийг хэрхэн даван туулж, урин хавартай золгох эсэх нь уул уурхай, хүнд үйлдвэрийн тэргүүлэх компаниудтай салшгүй холбоотой тул цагийн эрт, өвсний сөлтэйд бэлтгэлээ базааж, асуудлаа эмхлэхээр ярилцсан нь энэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниуд үйл ажиллагаагаа дагаад өвөлжилтийн бэлтгэл ажлууд нь ч өөр өөрийн онцлогтой. Өвөл угтсан ажлын төлөвлөгөөнд нь ч энэ тод дурдагдсан. 


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ л гэхэд эргэх дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй, бэлэн байдалд ажилладаг. Энэ нь үйлдвэрлэлийн тасралтгүй горимтой нь холбоотой. Тиймээс жилийн дөрвөн улирлыг хавар зун, намар өвөл гэж хувааж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлдгээ Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулсан. Хавар зуны бэлтгэлээ хэрхэн хангаснаас намар өвлийн суурь бэлтгэл хамаардаг гэсэн үг. Энэ жил тус үйлдвэрийнхэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн технологийн тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай байдал, эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийн бэлэн байдал, аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, түүхий эд материалын хангамж гэсэн дөрвөн чиглэлээр нийт 298 ажил гүйцэтгэнэ. Үүн дотроос Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд шинэ далан барьж байгуулах бүтээн байгуулалтаа Ерөнхий инженер онцолж, гурван үе шаттай, 3.3 км-ийн урт, 5 метрийн өндөр даланг барихад зардал, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн байнгын ажиллагаа шаардагддаг учир оны эхнээс төлөвлөж хийдэг гэж тодотгов. Одоогийн байдлаар, төлөвлөгдсөн ажлууд ямар нэг хүндрэлгүйгээр үргэлжилж, өвлийн бэлтгэл 33.3 хувийн гүйцэтгэлтэй байна гэв. 
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өвлийн бэлтгэлийг тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга танилцуулсан. Олон улсын Жорк стандартаар баталгаажуулснаар 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй тус компани харьяандаа “Тавантолгой түлш”-ийн 51 хувь, “Тавантолгой төмөр зам”-ын 66 хувь, “Гашуунсухайт авто зам”-ын 40 хувь, “Тавантолгой ДЦС”-ын 30 хувийг эзэмшдэг учраас энэ бүх охин болон хараат компаниудынхаа өвлийн бэлтгэлийг давхар хариуцдаг гэнэ. Өнөөдрийн дүнгээр өвөлжилтийн бэлтгэл 50 гаруй хувьтай. Гүйцэтгэлд нь бараа материалын хангалт нийлүүлэлтийн хүлээгдэл нөлөөлж байгаа ч төлөвлөсөн хугацаандаа амжуулах боломжтой юм байна. 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхний хувьд 2023-2024 оны өвөл 9 төрлийн 116 багц ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. 2014 оноос хойш хийгдээгүй их засварыг Гангийн үйлдвэртээ хийхээр төлөвлөсөн нь энэ жилийн өвөлд бэлтгэх гол ажил болж байна. Төмөртэйн болон Төмөртолгойн уурхай, барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, машин тоног төхөөрөмж, усны шугам, цахилгаан дулаан хангамж, технологийн материалын нөөц бүрдүүлэлт, зам талбайн ажлуудаа ирэх 10 дугаар сарын 20 гэхэд базааж дуусгана гэж тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав танилцуулав. Түүнчлэн, төвийн шугамын төвлөрсөн халаалтгүй тул цехийн дулааны температур, усан хөргөлтийн систем, барилгын битүүмж, нэмэлт хаалга дулаалга зэрэг үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах чиглэлийн ажлуудаа өөрсдийн хүчээр шийдвэрлэж ажиллаж байна. 
Монгол орны 6 аймаг, 13 суманд үйл ажиллагаа явуулдаг өргөн тархацтай “Монголросцветмет” ТӨҮГ-ын өвөлжилтийн бэлтгэлийн хамрах хүрээ нь ч өргөн. Ажлуудаа хоёр шатлалаар төлөвлөж, хавар 5 сард ирэх өвлийн бэлтгэл, судалгааг тодорхойлдог аж. Энэ жил өвөлжилтөд зориулж, нийт 38 нэр төрлийн багц ажлыг 4.4 тэрбум төгрөгийн төсвөөр хийх юм байна. Эдгээр ажлууд нь “Монголросцветмет” ТӨҮГ болон “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр, “Шижир-Алт” алтны үйлдвэрүүдэд төлөвлөгөөний дагуу хийгдэх бөгөөд нийт гүйцэтгэл нь 55.3 хувьтай байна. Тус компанийн хувьд нүүрс, төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний өөрийн өртгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан зөрүү алдагдал хүлээж байгаа нь ихээхэн хүндрэл учруулдаг. Зөвлөгөөний үеэр Сангийн яамны удирдлага, холбогдох хүмүүст асуудлаа танилцуулж, шийдэл ярилцах боломж гарсанд таатай байна гэж Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат онцлов. 
Монгол Улсын Эрчим хүчний салбарын 60 хувийг дангаараа түлшээр хангаж буй “Багануур” ХК-ийн өвлийн бэлтгэлд энэ жил хил гааль, түлш шатахуун, нийлүүлэлт зэрэгт гардаг хүндрэлүүд харьцангуй бага байгаа нь эергээр нөлөөлж байгааг Гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал мэдээлсэн. Эднийх өвлийг угтаж, гурван бүлэгт 28 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөж, харьцангуй эрт эхэлжээ. Хавар 5 сард өөрийн хөрөнгөөр Комацу фирмийн нүүрс, хөрс тээврийн дөрвөн ширхэг технологийн авто машин авч, парк шинэчлэл хийсэн нь өвөлжилтийн бэлтгэлээ эрт нугалахад ач тусаа өгч, төлөвлөгөөний биелэлт 58.7 хувьд хүргэхэд нөлөөлсөн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хоёр хүсэлтийг уламжилсан. Эхнийх нь, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт “Багануур” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, чиглэл тусгагдсантай холбогдуулан үүнийг хэрэгжүүлэхэд толгой компанийн хувьд дэмжих гэсэн бол удаах нь, Засгийн газар болон “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн зөвшөөрсний дагуу байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдлийг ойрын хугацаанд шийдвэрлэхийг хүслээ. Дараа нь улсын дотоодын эрчим хүчний нүүрсний зах зээлийн 30 хувийн хэрэгцээг хангаж ажилладаг “Шивээ-Овоо” ХК-ийн өвлийн бэлтгэлийн талаар Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин мэдээлэл хийв. 2023-2024 оны өвөл тус компани төвийн эрчим хүч, дулааны системд 1 сая 800 мянган тонн нүүрс нийлүүлэх зорилттой ажиллаж, үүнийг биелүүлэхийн тулд өвлийн бэлтгэл ажилд онцгойлон анхаарч байгаа аж. Одоогоор төлөвлөгөөний гүйцэтгэл 69 хувийн биелэлттэй. Төлөвлөгөөндөө ирэх 11 сард багтаан төмөр замд 540 метрийн урттай нүүрс ачилтын шинэ салбар зам барихаар оруулжээ. “Шивээ-Овоо” ХК-д нүүрс олборлолтын өртөг, худалдах үнийн зөрүүнээс үүссэн алдагдал, санхүүгийн хомсдол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас үзүүлэх зээлийн дэмжлэгийн үлдэгдэл, төмөр замын тээвэр вагоны дутагдал, ачилтын терминалын хүчин чадал зэрэг хүндрэлтэй, хүлээлттэй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгаа аж.
Хөтөл “Цемент шохой” ТӨХК, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дулааны станцын найдвартай үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж их засвар хийсний үр дүнд одоо 3 зуухны бэлэн байдал хангагдаад байна. Өвлийн бэлтгэл хангах ажлын 62.3 хувь биелсэн гэж Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар танилцууллаа. Одоогоор тус компанид шинээр барих Шохойн үйлдвэрийн ажил тулгамдаж байна. Шохойн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, Засгийн газрын холбогдох байгууллагаар батлуулсан ч шийдвэр, дүгнэлт нь хүлээгдэж байгааг шуурхай шийдвэрлүүлж өгөх дэмжлэгийг нэгдлийн удирдлагуудаас хүсэв. Стратегийн өндөр ач холбогдол бүхий Шохойн үйлдвэрийн газар шорооны ажлаа даруй эхлүүлж чадвал ирэх онд ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэсэн. Мөн зөвлөгөөний үеэр өвөлжилтийн олон асуудлуудаа шийдэж, “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай нүүр тулан уулзаж, гэрээ байгууллаа. Багануураас энэ сард багтааж 12 мянган тонн нүүрс татан авахаар болсон бол Шивээ-Овоо компаниас 5000 тонн нүүрс татахаар гэрээ хэлцлээ хийж байна. Шинээр барих Шохойн үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, цаг алдалгүй бэлтгэл хангахад Эрдэнэт үйлдвэртэй санхүүжилтийн асуудлыг урьдчилсан байдлаар ярилцлаа хэмээн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар зөвлөгөөний ач холбогдлыг онцоллоо.  

Өвөлжилтийн бэлтгэлд тусалж, шийдэл хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэнэ

“Өвөлжилтийн бэлтгэл- Эрдэнэс Монгол нэгдэл” зөвлөгөөнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлагийн төлөөлөл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөл, удирдах бүрэлдэхүүн болон харьяа компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм. Нэгдлийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд төрийн өмчит 40 орчим компани, үйлдвэрийн газрыг нэгтгэж, Төлөөлөн Удирдах зөвлөл болон компанийн бүтэц бүрэлдэхүүний хувьд нэлээд өөрчлөлт хийснээр шийдвэр гаргах түвшинд шинэлэг алхам болсныг онцолсон бол ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Монгол Улсын Засгийн газрын 340-р тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр нэгдлийн харьяа компаниуд илүү санаачилга, манлайлалтай ажиллахыг зөвлөв. 
Түүнчлэн, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, өвөлжилтийн бэлтгэлд “дүн” тавилаа. Өвөлжилтийн ажлаа бүгдээрээ сууж хэлэлцсэн нь сайшаалтай, бас бидэнд цаашид анхаарах зүйл олон байгааг олж харлаа гэж С.Наранцогт захирал онцлоод, “Эрдэнэс Монгол” нэгдэл охин болон хараат компаниудаа бүхий л талаар дэмжиж ажиллана гэж мэдэгдэв. Компани бүр үйл ажиллагааны хувьд өөр өөр горим, онцлогтой тул өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл өөр үзүүлэлттэй байгаа ч худалдан авалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор төсөвт оруулах тодотголоо даруй ирүүлэх, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдал гэх зэрэг хүн рүүгээ чиглэсэн арга хэмжээ болон бусад бэлтгэл ажлаа 10 дугаар сарын нэгний дотор бүрэн хангаж, дуусгах үүрэг даалгаврыг бүгдэд өгсөн. Мөн танилцуулгад дурдагдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэгдлийн зүгээс бүрэн дүүрэн дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн юм. Тухайлбал, төмөр замын тээврийн асуудлыг Дэд бүтэц, ложистикийн групп хариуцна. Хөтөл “Цемент шохой” үйлдвэрт баригдах Шохойн үйлдвэрийн төслийг шуурхай хэрэгжүүлж, “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдалтай ажиллаж байгаа асуудлыг Засгийн газарт тавьсан бөгөөд нэн даруй шийдэл гаргаж ажиллана гэж мэдэгдлээ. 

“Хөндлөн түвшний хамтын ажиллагаа” буюу хоорондын нягт уялдаа холбоотой ажиллахыг уриаллаа 


“Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн үзүүлэлтийг сайжруулахад шаардлагатай асуудлыг шийдвэрлэж, бүрэн дүүрэн дэмжин ажиллана гэдгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын Зөвлөх Ү.Амарбат онцолсон. Тэрээр тус зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэх тэргүүлэх зорилтыг танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хөндөгдсөн асуудлуудад хариулт өглөө. 
Тэдгээрээс тоймловол, Засгийн газрын зүгээс “Багануур”, “Шивээ овоо” ХК-уудын олон жилийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дээрх компаниуд алдагдалгүй ажиллах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа. Өөрөө хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнийг тодорхой тогтоосон нөхцөлд орлого нэмэгдэх бололцоо байхгүй. Харин үйлдвэрлэлийн өртөг зардлыг хэрхэн бууруулах талаар механик биш шинжлэх ухааны үндэстэйгээр бууруулж болох гарц гаргалгааг олох ёстой. Орлого, зарлага тэнцсэн тохиолдолд дээрх хоёр компанийн өр төлбөрийг шийдвэрлэх алхам хийнэ. Энэ чиглэлээр ЗГХЭГ-ын даргын тушаалаар өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, тал талаас нь дүн шинжилгээ, судалгаа хийж, шийдлийн төлөө нээлттэй ажиллана. 
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Гангийн үйлдвэрийн үйл ажиллагаанд анхаарч, уг үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах чиглэлтэй ажиллаж байна. Харин ойрын үед Эрдэнэтийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хамгийн богино хугацаанд цаг алдалгүй, бүрэн дүүрэн амилуулах том зорилт дэвшүүлсэн. 
“Монголросцветмет” ТӨҮГ-ын хувьд бизнес загвар дахин гаргаж, шинэ түвшинд гаргах, потенциалыг бүрэн ашиглах хэрэгцээ шаардлага байна гэж харж байна. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагдаж байгаа компаниудын хооронд үүсдэг төмөр замын тээврийн асуудлыг олон удаа ярьж хэлэлцсэн. Тээврийн асуудлыг нэгдсэн менежментээр зохион байгуулахаар шийдэж, нэгдлийн дэргэд Дэд бүтэц, ложистикийн групп байгуулсан. 
Харьяа компаниудад учирч байгаа хүндрэл бэрхшээл болон удаашралтай байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар болон “Эрдэнэс Монгол”-ын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас хөнгөн шуурхай, хурдасгуурын үүрэг гүйцэтгэж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Нөгөө талаас, компаниудын захирлууд “Хөндлөн түвшний хамтын ажиллагаа” буюу хоорондын уялдаа холбоогоо бэхжүүлж, бие биеэ дэмжиж ажиллахыг уриалъя. Энэ бүх яригдсан ажлуудыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна. Төгсгөлд нь, ахиц дэвшилтэй компаниудаа нэрлэх нь зүйтэй байх. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн ажил маш сайн байна. Эрдэнэс Тавантолгойн энэ жилийн зорилт төлөвлөгөө маш амжилттай, өндөр үзүүлэлттэй биелсэн. Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр өнгөрсөн онд түүхэн дээд үзүүлэлттэй ажилласныг дурдах хэрэгтэй. Хамгийн гол нь бүх түвшиндээ нягт ойлголцол, хамтралыг чухалчлах ёстой. Та бүхний өдөр тутмын ажилд үйлчилгээ үзүүлж, бүрэн дүүрэн нээлттэй ажиллах, ярьж байгаа асуудал бүрийг шийдэж ажиллахын төлөө зорьж байгаа гэж “Эрдэнэс Монгол” нэгдлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын зөвлөгөөний төгсгөлд онцлон хэлсэн юм.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %