“Залгамж” хөтөлбөрийнхний өгөөжтэй аялал

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсээс хүний хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь туршлагатай ажилтны “Залгамж” хөтөлбөр. Өнөө жил энэ хөтөлбөрийн хүрээнд “Залгамж үеэ бэлтгэн, өөрийгөө хөгжүүлье” сэдэвт цуврал сургалт, идэвхжүүлэлт явуулж буй. Өнгөрсөн баасан гарагт ээлжит сургалтыг Хүлэмжийн аж ахуй, малчны хотонд зохион байгууллаа. 
Аж ахуй эрхлэх арга зүйг газар дээр нь үзэж судлах зорилготой энэхүү сонирхолтой аялалд Эрдэнэт үйлдвэрийн 19 цехийн 86 ажилтан оролцов. Гурван автобус хөлөглөсөн тэд эхлээд “Сэлэнгэ” амралт аялал, жуулчлалын цогцолборын Хүлэмжийн аж ахуйг зорилоо. Орос шилэн хүлэмжид халуун орны ногоон усан үзэм багцаараа бөнжийж, болц гүйцэж амжаагүй ч үзэсгэлэнтэй харагдах мандарин, грейфрут, гүзээлзгэнээс авхуулаад, гаднаас зөөж худалдаалдаг баглааны гоёмсог цэцгүүд өнгө алаглан ургах нь нүд баясгаж, сэтгэл сэргээнэ. Түүнчлэн өөр гурван ч хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, хулуу, хаш зэрэг нарийн ногоо тариалсан агаад, гадна талбайд брокли, яншуй, юуцай, бууцай, салатны навч тэргүүтэн навчит ургамлууд сагсайна. Бас гудамж талбайг чимэглэгч, өнгө өнгийн хамбархуу навчит ганган цэцэгсийг бортогонд суулгасан харагдана. Байгалийн зарим ховор ургамал болох цагаан цээнэ, төмсний улаан зэргийг ч мөн тарималжуулж, судалгаа шинжилгээ хийж байгаа аж. Жижгэвтэр хашаа, багахан талбайд ямархан ихийг химийн бордоо хэрэглэлгүй ургуулж болдгийг энд үлгэрлэжээ. 

Хүлэмжийн ажилтан, хүнсний болон жимсний ургамлын сургагч багш-магистр Х.Хишигт хүлэмжийн аж ахуйн бүтэц зохион байгуулалт хийгээд, хүлэмжийн аж ахуйг эрхэлснээр эдийн засгийн ямар ач холбогдолтой юм, амьдрал ахуйд ямар ахиц гарах талаар дэлгэрэнгүй ярьж таниулав. Оролцогчид түүний яриаг анхааралтай сонсож, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Төрөл бүрийн жимс ногооны ургах нөхцөл, боломж, арчилгааны талаар олон зүйлийг тэд мэдэж авлаа. Оролцогчид монгол хөрсөнд ямар ч химийн бордоогүй ургуулсан эко жимсийг модноос нь авч, амтлав. Мөн тэдэнд бортоготой цэцэг бэлэглэв. 

Ийнхүү гайхалтай гоёхон орчноос Булган аймгийн Хангал сумын зүг хөдөллөө. Давхисаар “Уртын гол”-ын малчин бөгөөд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн оосорлогч Б.Батмөнхийнд очив. Тэд зочдыг хүлээн авахаар хашаандаа томоос том хоёр шар асар барьчихсан угтав. Хашаанд өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, хаш, гааны навч, чинжүү зэргийг ургуулсан хүлэмж байх. Тахиа, шувууд үүрнээсээ гарч, газраас юм тоншин гүйлдэх. Гэрийн эзэд сүлэрсэн сайхан цай, шинэхэн өрөм, ааруул, бяслаг, айраг цагаа, халуун хайлмаг, нарийн ногоо тэргүүтэн өөрийн аж ахуйгаасаа бэлтгэсэн идээ цагаагаа дэлгэж, хотноосоо тарган хонь гарган шөл, хорхгоор зочдоо дайлав. 

Гоёмсог угалзтай Монгол гэрийн хойморт залсан уран нарийн шаглаа бүхий, өнгөний зохицол төгс дөрвөн бурхны дүр шууд л нүдэнд тусав. Монголдоо ховорхон урлал болох зээгт наамал, зүү ороох, зоосон ширээний сүлжмэл зэргээр урласан аж. Энэ бол гэрийн эзэгтэй Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол Улсын уран хатгамалч С.Саранцэцэгийн бүтээл. Нөхөр нь Мөсөн шагайн аймгийн мэргэн, Улсын шүүгч. Хүнд үйлдвэрт ажиллахын зэрэгцээ үндэсний өв, соёлоо түгээн дэлгэрүүлж, уламжлалт мал аж ахуй эрхэлж яваа тэдний ажил үйлс зочдыг гайхшируулсан. Үйлдвэрийн хүнд ажилтай, хөдөөгийн ажлыг хэрхэн зэрэгцүүлэв гэх асуултад, хожуухан төрсөн ихэр үрсээ агаар салхинд гаргаж, торниулах үүднээс хөдөө гарч, эндээсээ ажилдаа явж эхэлсэн. Нэгэнт хөдөө, хотыг хослуулан амьдарсных цөөн хэдэн мал авсан. Үүн дээр ах дүүс нэмэрлэж, мал маань өссөөр өдгөө бараг мянгат болох нь ээ гэж эзэгтэй цоглог гээч инээв. Малтай болмогцоо сүү, цагаан идээгээ боловсруулах, ногоон тэжээлээ тарих ажил ундарчээ. Энэ их ажлаа амжуулах, үйлээ мэтгэхийн тулд ихэр үрсээ “Baby TV”-ээр саатуулсаар тэд нь англиар хэлд оржээ. Үрсээ Монгол хэл, ахуйд ойртуулах, дэлгэцээс холдуулах, эрүүл хүнс хэрэглүүлэх үүднээс мал аж ахуйгаас гадна хүлэмжийн аж ахуй эрхэлж, тахиа шувуу тэжээж эхэлсэн гэж гэрийн эзэгтэй хуучилсан юм. Одоо эднийх хоёр малчинтай. Өдөртөө үнээнээсээ 150 л сүү сааж, боловсруулан Эрдэнэтийн зах зээлд борлуулж байна. Эдний цагаан идээ аль хэдийнээ байнгын хэрэглэгчтэй болжээ. Эрдэнэт үйлдвэртээ хоёул 20-25 жилийн хөдөлмөрөө шингээж, ажилласны хүчинд цалингаасаа энэ бүхний эх үүсвэрийг бий болгосон гэсэн юм. Мэдээж ээлжээс бууж ирчхээд л шууд хөдөөний ажилдаа орох амар байгаагүй ч, тэд угаас зүгээр сууж чаддаггүй зантай. Ямартаа л С.Саранцэцэг “Үсээ будуулчхаад угаахаа хүлээж суух 45 минут оёх зүйлээ зөндөө ахиулах сайхан боломж” гэхэв. Тэд зочдодоо аж ахуй эрхлэх туршлагаасаа харамгүй хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэв. Мөн хөтөлбөрийн зохион байгуулагчид АХА тэмцээн, үндэсний уламжлалт шагайн тэмцээн зэргийг зохион байгуулж, хөгжилдлөө. Энэ үеэр хөтөлбөрийн оролцогч Баяжуулах үйлдвэрийн Эрчим хүчний хэмнэлтийн инженер Ч.Батжаргал хөдөөгийн айлд нэн тустай нарны энергийн системийг нь засаж, ажилд оруулж өгье гэв. 


 

Энэхүү сургалтын үеэр Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хөтөлбөрт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ:
“Та бид Эрдэнэтийн-Овоо уулынхаа буяныг олон жил хүртэж яваа. Цаашдаа ч амьдралын чанараа муутгахгүйгээр авч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ боломж бололцоог Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхдаа бий болгоё гэх нь хөтөлбөрийн бас нэгэн зорилго юм. Үйлдвэрийн ажиллагчдын дунд аж ахуйг амжилттай эрхэлж буй хүмүүс олон. Тэдний нэг болох Б.Батмөнхийнх хөтөлбөрт оролцогчдыг хүндэтгэн хүлээн авч, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж буйд баяртай байна. Өнөөдрийн энэ аялал та бидний амьдралд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болоосой гэж хүсэж байна. Эрдэнэт үйлдвэрт ажиллах тодорхой хугацаа та бүхэнд маань үлдэж байгаа. Тэгэхээр та бүхэн ажилтнуудын 70 гаруй хувийг эзэлж буй залуустаа зааж сургаж, туршлагаа хуваалцахад сэтгэл харамгүй тусалж, бидэнд дэмжлэг үзүүлээрэй. Бид ахмад, залуу үеийнхний ур чадварын, харилцааны ялгааг ойртуулж, бие биеэ нөхөх хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Бидний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр Улсын хэмжээнд хэрэгжих боломжтой болж буй. Саяхан “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 36 компанийн уулзалтын үеэр ТУЗ-ийн дарга Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг бусад компаниудад тэргүүн туршлага болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэж хэлсэн. Энэ бол хөтөлбөрийг зохион байгуулж байгаа манай ажлын хэсгийнхний ажлын үр дүн гэж харж байна” гэж онцолсон юм. 


“Залгамж” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир хэлсэн үгэндээ: “Хөтөлбөр анх 2019 оноос эхэлсэн. Энэ үед бид 45-аас дээш насны эмэгтэй, 50-иас дээш насны эрэгтэй ажилтнуудын дунд сэтгэл зүйн судалгаа явуулсан. Тухайн үед судалгаанд оролцогчдын 68 хувь нь гавьяаны амралтад гараад юу хийхээ мэдэхгүй. Ерөнхийдөө ач зээгээ л харах болов уу гэсэн дүр зурагтай байсан. Эрчүүдийн хувьд бүр ч итгэл муутай. Энэ судалгаагаар сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй байгаа нь харагдсан. Сэтгэл зүйн сургалтууд явуулсан. Мөн гавьяаны амралтдаа гараад хийх ажлын зорилгоо тодорхойлж, амьдралын дараагийн шатандаа урам зоригтой бэлтгэхэд туслах чиглэл бидний хөтөлбөрийн нэгэн хэсэг болсон. Дийлэнх хүмүүсийн хувьд хүлэмжийн аж ахуй, мал аж ахуй эрхэлбэл боломж, сонирхол байгаа нь судалгаагаар харагдсан. Мөн цэцэг, ургамал тарих, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд эрчүүдийн стресс 80-90 хувь буурдаг гэсэн судалгааны дүн ч байдаг юм билээ. Иймээс бид гавьяаны амралтдаа гараад хийж болох зүйлсэд санаа өгөх, сэдэлжүүлэх зорилгоор хөтөлбөрийнхөө хүрээнд ийм аялал зохион байгуулдаг юм. Өнөөдрийн аялал, сургалт амжилттай сайхан болж байна. Биднийг гэртээ урьж, аж ахуйгаа танилцуулж, туршлагаасаа хуваалцаж буй Б.Батмөнхийн гэр бүлдээ талархсанаа илэрхийлье” гэв. 
Энэ үеэр хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.


“Эрдэнэт” сувиллын цогцолборын сувилагч Д.Энхтуяа: Би сувилагчаар 40 дэх жилдээ, үүнээс 33 жил Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Энэ сайхан хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байна. Тэтгэвэртээ гараад хэдэн малтай болъё оо гэж нөхрийгөө хэлэхэд, би чадахгүй байхаа гэдэг байлаа. Хөдөө ирээд энэ залуусын хийж бүтээж, бий болгож буй, мал маллаж, ашиг шимийг нь хүртэж буйг хараад урамшиж байна. Жил бүр зуслан дээрээ сүү худалдаж аваад тараг, өрөм авч, ач зээ нарынхаа гэдсийг цайлгадаг байснаа арай өргөжүүлж, өвөлжин идэх цагаан идээгээ бэлтгэх сэдэл төрж байна. Гэр бүлийн хэрэгцээний цагаан идээгээ бэлтгэх боломж байна гэж харлаа. Ийм сайхан эрч хүч, зориг нэмсэн өгөөжтэй сургалт зохион байгуулж буй Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн хамт олон, “Залгамж” хөтөлбөрийн ажлын хэсгийнхэнд баярлалаа. Арга туршлагаасаа хуваалцсан дүү нартаа талархлаа. 

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн бригадын дарга Д.Ганзориг:
Би Эрдэнэт үйлдвэрт 21 дэх жилдээ ажиллаж байна. Залгамж хөтөлбөр надад өгөөжтэй санагдаж байна. Хүлэмжийн аж ахуй миний сонирхлыг их татлаа. Гавьяаны амралтдаа гараад хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэл төрлөө. Мөн өнөөдөр энд ирж, уулзаж ярилцаж байхад мал аж ахуй эрхлэх ч бас боломжтой мэт санагдаж байна шүү. Миний хувьд үйлдвэрт насосны машинч, баяжуулагчаар 20 гаруй жил ажиллаж байгаа болохоор 16 шавьтай. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил аавынхаа оронд ажилд орсон залуу ажилтантай багш шавийн гэрээ байгуулан, сургаж байна. Аав, ээжийнхээ оронд орсон залуус үйлдвэрийг хар багаасаа мэддэг, аав нь ямар ажил хийдгийг ойлгодог болохоор ажилдаа сэтгэлээсээ ханддаг, ажилдаа дуртай байдаг. Ийм болохоор богино хугацаанд дадлагатай болж байна. Аль ч талаасаа ач холбогдолтой сайхан төсөлд хамрагдсандаа баяртай байна.

Ил уурхайн Засварын хэсгийн гагнуурчин А.Гансэлэм:
Би Эрдэнэт үйлдвэрт 23 дахь жилдээ ажиллаж байна. Залгамж хөтөлбөрийн хүрээнд багш шавийн гэрээ байгуулан шинэ шавьтай болж, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ сургаж байна. Бас сэтгэл зүйн сургалтад суралцаж байна. Өнөөдрийн сургалт бүр ч илүү, хүлэмжийн аж ахуйг хэрхэн эрхэлж, юу тарьж ургуулах, ямар орчин бүрдүүлэх гээд мэргэжлийн хүний сайхан зөвлөгөө сонсож, хүлэмжийн жимс, ногоог харж, амталлаа. Монгол хөрсөнд ургасан жимс сайхан амттай байлаа. Үйлдвэрт ажиллахын зэрэгцээ аж ахуй эрхэлж, орлогоо нэмэгдүүлэн, сайхан амьдарч буй залуусын туршлагыг гэрт нь ирж судаллаа. Тун сайхан байлаа. Гавьяаны амралтдаа гараад ямар нэгэн өгөөжтэй зүйл хийх хэрэгтэй юм гэдгийг ойлгож авлаа. Сайхан сургалт, аялал зохион байгуулсан “Залгамж” хөтөлбөрийн ажлын хэсгийнхэнд талархсанаа илэрхийлье. 
 

Ийнхүү оролцогчдод амьдралын нэгэн шинэ үеэ эхлэхэд итгэл урам төрүүлсэн, сайхан сургалт-аялал болж өндөрлөлөө. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %