Гавьяатын ажлын өдөр

     Зүрхэн хэлбэртэй шаргал навч зүүгдэх төдий сэрчигнэх намрын улирал алсарч уул, толгод мөнгөн дуулгаа өмсөв. Энэ цаг дор Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын автобус засмал замаар усны урсгал лугаа адил ар араасаа хөвөрсөөр үйлдвэрийн захиргааны нэгдүгээр байрны зогсоолд ирлээ. Эхний автобуснаас хижээл насны эр буун шалмагхан алхсаар 39 дэх жилийнхээ ажлын нэг өдрийг угтах авай. Энэ эрхэм Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, хөвүүлэн баяжуулагч Р.Баяр болой. Миний бие түүнтэй мэнд мэдэлцэн бидний хэлж заншсанаар АБК-ийн галерейн хоолойгоор ойр зуурын яриа өрнүүлэн алхав. Тэрбээр тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийнхээ ээлжийг хүлээн авахаар яваа нь энэ. Улмаар цехийн гүнд орж, бүх хөвүүлэн баяжуулах машины хэвийн жигд ажиллаж буй эсэхийг шалгана. Чингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг чухалчилна. Тоног төхөөрөмжийн газардуулгаас авхуулаад л харж ажиглаж, заавар зөвлөгөө өгнө. Өчигдрийн ажлаа дүгнэнэ. Өнөөдөр хийх ажлаа хуваарилна. Ингэж ээлж хүлээлцэн өдрийн ажлынхаа даалгаврыг хэрхэн гүйцэтгэх талаар ярилцан гарын үсэг зурснаар түүний ахалсан ээлжийнхний ажил эхлэлээ. Үйлдвэрлэлийн технологийн явцын мэдээлэлтэй хором бүр танилцан хяналт тавьж ажиллах нь түүний ажлын гол үүрэг хариуцлага. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн баяжуулалтын процесст доголдол гарах энүүхэнд. Наад зах нь баяжуулах процесс шүлтлэг орчинд явдаг болохоор шохой элс уух, бөглөрөл үүсгэж ч болзошгүй. Иймээс шохойн зарцуулалтын нормыг хянах, урвалжийн горимоо өөрчлөх тохиолдол ч гарч магад. Түүний ажил шохой цэвэрлэхээс эхлэх агаад одоо явагдаж буй ажлын хүрээнд ямар ямар арга хэмжээ авах, хүн хүчээ хэрхэн хуваарилах гээд ажил ундрах аж. Үйлдвэрлэлийн процессыг та 39 жил жигд ажиллуулж ирлээ. Ажлынхаа талбар дээр  ямар сэтгэл тээн ирдэг бэ, гэсэн асуултад, “Өчигдрийн ажлынхаа гүйцэтгэл, шинээр хийх ажлынхаа талаар л бодсоор ирдэг дээ” гэсэн. Үүнийгээ тэр, “Баяжуулалтынхаа хэдэн тоон дотор л амьдарч ирсэн хүн дээ” хэмээн тодотгов. Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа тогтвортой амжилттай явж байвал баяжуулалтын чанарын үзүүлэлтийг тэр түвшинд барихыг эрхэмлэнэ. Аливаа хөгжил дэвшин дээшлэх хөдөлгөөнөөр явдаг. Түүний удирдсан ээлжийнхэн ч өчигдрөөс өнөөдөр илүү бүтээмжтэй ажиллахыг гол үүрэг зорилгоо болгоно. Уул геологийн нөхцөл хүндэрснээс үйлдвэрлэлийн технологийн процесст шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч буй. Хүдрийн агуулга буурч, исэлдэлт өсөж, анхдагч хүдрийн хэмжээ ихсэх нь технологийн процесст сөргөөр нөлөөлөх болсон. Энэ бүхнийг зохистой шийдэхийн тулд хөгжингүй орны орчин үеийн шинэ тоног төхөөрөмж суурилуулж тавих ажил үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн. Сүүлийн 5-10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрт техник технологийн шинэчлэл байнга хийгдэж ирсэн байдаг. Хамгийн сүүлд гэхэд хам баяжуулалтын тавдугаар секц, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг дурдаж болно. Манай үйлдвэрийн үндсэн гол зорилго нь барууны өндөр хөгжилтэй орны дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж байна. Үүний тод жишээ нь МШЦ маркийн есөн тээрмийг сольж эхэлсэн. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн хүрээнд  МПС хэмээх өндөр хүчин чадалтай тээрмүүд тавигдсанд Р.Баяр гавьяат сэтгэл өег яваа юм билээ. Техник технологийн шинэчлэлийн бодлогын талаар гавьяатаас тодруулахад, “Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэг алсдаа Хөвүүлэн баяжуулах цех болон өргөжих зураг төсөл нь гарчихсан. Энэ тавдугаар шугамын шинэчлэл энэ зорилтын хүрээнд хийгдсэн ажил. Манай жижиг МШЦ тээрэм цагт 280 тонны ачаалалтай ажилладаг. 

Гэтэл МПС тээрэм цагт 800 тонны ачаалалтай ажиллаж байх жишээтэй. Энэ тээрмүүд уул геологийн нөхцөл хүндэрсэн ийм цаг үед эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллана гэсэн үг. Уул геологийн нөхцөл хүндрэхээр хүдрийн агуулга багасдаг. Ачааллаа нэмж байж төлөвлөгөөгөө биелүүлнэ” шүү дээ хэмээн ярилаа. Хоногт 1800-2000 тн зэсийн баяжмал гаргахад 500 орчим тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Баяжуулагчид энэ үндсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажилладаг. Нунтаглан баяжуулах хэсгийн ажлын талбай 300 метр квадрат. 400 метрийн биеийн тамирын талбайн 4-ний 3 хувийг эзэлнэ гэсэн үг. Тэгвэл Р.Баяр гавьяат хөвүүлэн баяжуулалтын нэгээс, тавдугаар секц хооронд байнга явж ажиллана. Урсан өнгөрч буй хүдрийн баяжуулалтын процессыг дэлгэцэд нүд салгахгүй хянах тэрбээр тухайн талбайг ажлын цагт хэдэн удаа тойрдог бол гэсэн сониуч бодол надад төрж байв. Хаягдал руу металл алдахгүйн төлөө ажиллаж явахад технологийн янз бүрийн доголдол гарч болзошгүй. Энэ бүхэнд тэр цаг алдалгүй арга хэмжээ авна. Технологийн доголдлын алдаанаас олон сая төгрөгийн хохирол учирвал түүнийг нөхөх боломжгүй. Иймээс баяжуулагч хүний гол хүчин зүйл нь гарч болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан харж ажлаа тооцож явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл яг ийм зүйл болох нь гэдгийг урьдчилан тооцож ажиллах чадварыг олон жилийн ажлын туршлагатай ажилчдын үйлдлээс харж болохоор. Энэ талаар гавьяат, “Хүн ажлын эвийг олж, засаж сэлбэж, харж ажиглаж, хийж бүтээж ирсний үр дүнд ажлын туршлага суудаг. Түүнээс хүн сурахгүй зүйл яав ч биш. Миний хувьд энэ бүхнийг амьдралын туршлагаараа олж мэдсэн” гэв. Хөвүүлэн баяжуулагчийн гол баримтлан ажиллах зарчим бол хаягдал бага гаргаж, чанарыг стандартын түвшинд барьж ажиллах эрхэм үүрэгтэй. Дээр нь металл авалт, баяжмалын гарцаар ажлын бүтээмж тодорхойлогдоно. Баяжуулалтын процесст нөлөөлдөг 10 хүчин зүйл буй. Тодруулбал, булингын орчин, хатуулаг, температур, урвалжийн горим, тоног төхөөрөмжийн схем гэх мэт технологийн процесст хамаарах хүчин зүйл олон. Эдгээр стандартыг ямар нэг хэмжээгээр жаахан зөрчвөл алдаа болно. Баяжуулалтын процесс бүхэл бүтэн шинжлэх ухаан болтлоо хөгжсөн зүй тогтолтой. Хөвүүлэн баяжуулагчийн ээлжийн ахлагч баяжуулалтын тогтсон горимыг чанд мөрдөж ажилладаг. Ажлынх нь завсар чөлөөгөөр гавьяатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Таны он удаан жил өвдөхгүй, бусдыг манлайлж ажиллаж ирсний нууц юунд байна вэ?

-Нууцлах юм юу байх вэ дээ. Миний хувьд зөв хооллож,ажил амралтаа зөв зохицуулах маш чухал санагддаг. Би ээлжийнхээ амралтаар аялах дуртай. Аливаа хүн байгалиас их эрчим хүч авдаг. Монгол орноороо хөндлөн гулд аялж үзсэн. Энэ нь миний эрүүл мэндэд их тус дэм болдог. Ажилчин хүн өөрийгөө сайн амрааж чаддаг байх ёстой.

-Таны бахархал юу вэ? 

-2015 оны Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлтэд зохих хувь нэмэр оруулсан хэмээн онцолж Р.Дэлгэр дарга бид хоёрт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээснийг та бүхэн мэднэ. Төрдөө үнэлүүлж, түмэнд хүндлэгдэхэд надтай хамтран ажиллаж, дэмжиж тусалсан бүх хүмүүст баярлаж явдаг. Эрдэнэт үйлдвэрээрээ, хамтран ажилладаг баг хамт олноороо бахархдаг. Энэ амжилт зөвхөн минийх биш. Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хамт олны минь хүч хөдөлмөр. Тэдний хөдөлмөрийн амжилтыг үнэлж надад шагналыг нь олгосон. Баяжуулагч хүнд хувь хүний амжилт гээд онцлох юм байхгүй. Үнэн нь ийм юм. 

-Та залгамж хойч үеийнхний талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манай залуусын ирээдүй их сайхан харагдаж байна. Бид ажлын дадлага туршлагаа тэдэнтэй хуваалцдаг. Нөгөө талаар залуусаас сурах юм их байна. Манай үйлдвэрт багш, шавийн гэрээтэй ажиллаж ирсэн сайхан уламжлалт арга барил байдаг. Залуучууд олон гадаад хэлтэй, өндөр боловсролтэй болсон. Сүүлийн үед ШУТИС, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль чанартай боловсон хүчин бэлтгэж байна. Залуучуудаас шинэ мэдээлэл авдаг. Ер нь нийгмийн хөгжил, технологийн дэвшлийг дагаад олон юм өөрчлөгдлөө. Тэгэхээр багш, шавь хоёр хэн хэнээсээ суралцах цаг үе ирсэн байна. 

-Та залууст хандаж юу хэлэх вэ?

-Сүүлийн үед харилцаа, хандлага гэж ярих болсон. Тэгэхээр хандлага зөв зарчимтай байх ёстой. Хаана ажлын эмх цэгц, дэг журам байна, тэнд хүмүүс хоорондын харилцаа, хандлага зөв байдаг. Хүний ёс суртахуун болсон харилцаа хандлага зөв болохоор хамт олон эвсэг байдаг. Эвсэг хамт олон амжилтад хүрдэг. Эвт шаазгай буг барина гэгчээр. Эвтэй, нийтэч байхыг юун түрүүнд залуустаа захих байна. Ялангуяа миний насны хүмүүс асуудалд зөв хандлагатай хандах ёстой юм. Яагаад гэвэл бид өөрсдийнхөө үр хүүхэд шиг хүмүүстээ харьцаж ажиллаж байна шүү дээ. Илүү дутуу хэл үг гаргамгүй байна. Юм болгон дээр уурлаж уцаарлаад явамгүй байгаа юм. 

-Тэгвэл та хүнтэй ямар арга барилаар харьцаж байна? 

 -Аливаа хүнд уурлаж, албан шахалтаар захиргаадан ажил хийлгэдэг цаг үе өнгөрсөн. Нийгэм ийм харилцаа, хандлагыг хүлээн авахаа больсон байна л даа. Удирдагч хүн ажилчидтайгаа нөхөр ёсны дотно байж,биеэр үлгэрлэн ажиллахыг орчин үе хүнээс шаардаж байна гэж ойлгодог. Хоёр нийгэмд ажиллаж амьдарч ирсэн хүний хувьд ийм зүйл бодогдох юм.

-“Ковид”-оос шалтгаалан ажиллагсдын дунд явагддаг ажил мэргэжлийн уралдаан хоёр жил завсарласан.Саяхнаас таны нэрэмжит болгон зохион байгуулж эхэллээ. Энэ уралдааны ач холбогдол юу вэ?

-Баяжуулах үйлдвэрийн шинэчлэлийн хүрээнд дэлхийн шилдэг технологи шингээсэн тоног төхөөрөмж суурилуулж байгаа. Эдгээр төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнээс илүү их мэргэжлийн ур чадвар, өндөр мэдлэг, ажлын туршлага шаардах болсон. Энэ бүхэнтэй уялдуулан ажил мэргэжлийн уралдааныг миний нэрэмжит болгон зохион байгуулж явуулах болсонд баяртай байна. Тэгэхээр залуучууд шинээр сэтгэж, шинэ санаачилга гаргаж ажиллах ёстой. Иймээс ажилчин хүнд ажил мэргэжлийн уралдаан их зүйл өгдөг. Би мэргэжлийн ур чадвараараа аль түвшинд явж байна. Надад юу дутагдаад байна гэдгээ уралдаанд оролцогчид олж хардаг. Хамтран зүтгэгч маань надаас илүү юу сурсан байна гэдгийг харах, хугацаанаасаа өмнө мэргэжлийн зэргээ ахиулах боломж олгодог. Үйлдвэрийн технологи удирдан ажиллаж буй хүмүүсээс суралцах, онолын мэдлэгээ сэргээх сургалтад хамрагдах боломж олгодгоороо онцлог ач холбогдолтой. Хүн ажлыг хийж чаддаг байж болно. Өндөр ур чадвартай байж болно. Тухайн хүний ажилд хандах хандлага, хамт олонд үзүүлж буй эерэг нөлөө ажлын амжилтад чухал гэдгийг дахин хэлье. Миний нэрэмжит уралдаанд оролцогч залуустаа шилдэг мэргэжилтэн болохыг хүсэн ерөөе. 

Ийнхүү Р.Баяр гавьяатын ажлын нэг өдөртэй танилцаж явахдаа нэгэн дүгнэлтэд хүрсэн юм. Юу, гэж үү. Аливаа тулгамдсан асуудлын гарцыг олж зөв шийдвэр гарган ажилладаг нь түүний үнэт чанар санагдсан. Өөрийн удирдсан бригад хамт олныг зөв зохион байгуулж, технологийн процессыг шуурхай удирдан ажилласны үр дүнд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг амжилттай биелүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр их. Р.Баярын удирдсан баг хамт олон үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт болох зэс, молибдены металл авалт, чанарын төлөвлөгөөг 100-аас дээш хувиар тогтмол давуулан биелүүлж ажиллажээ. Тэр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах эрхэм зорилгоо ийн биелүүлж явна. Ахмад, дунд, залуу үеийнхэнтэй гар сэтгэл нийлэн ажиллаж буй гавьяатын ажил үргэлжилсээр...
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %