Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвд 48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулах өргөтгөлийн ажил 95,1 хувийн гүйцэтгэлтэй байгааг Төслийн зөвлөх Д.Батчулуун мэдээлэв. Харин туршилт, тохируулгын ажил 45 хувийн явцтай байна. Өнгөрсөн 7 хоногт гуравдугаар турбингенераторыг туршиж, эргэлтэнд оруулсан нь амжилттай болжээ.
Дөрөвдүгээр турбингенераторын тос цэвэрлэгээний ажил дуусч, энэ сарын 30-ны өдөр туршиж үзэх юм. Тав, зургаадугаар турбингенераторын хувьд угсралт эрчимтэй хийгдэж, наймдугаар сарын дундуур сүүлийн турбингенераторыг үйлдвэрлэлд туршихаар төлөвлөж буйг төслийн ажилтнууд онцолж байна. Ингэснээр өргөтгөлийн ажлын хүрээнд суурилуулах дөрвөн турбингенераторууд бүрэн суурилуулагдаж, цахилгаан, дулаан түгээх үйлдвэрлэлийн туршилтанд бэлэн болно гэсэн үг юм. Одоогийн байдлаар, төслийн ажлын хэсгийнхэн эргэлтийн усны системийг бүрэн туршаад байна. Удахгүй одоо ажиллаж байгаа хоёр турбингенераторын эргэлтийн усны төв болон буцах шугамыг шинэ усны системтэй холбох ажил эхлэх юм. Ингэснээр эргэлтийн усны шинэ системийг ашиглалтанд бүрэн хүлээж авах боломж бүрдэх ажээ.
Энэ сарын 28-нд Эрдэнэт үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт тэргүүтэй үйлдвэрийн удирдлага, холбогдох цех хэлтсийн мэргэжилтнүүд Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажлын явцтай танилцав. Тэд энэ үеэр төслийн ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээлэл болон хүлээгдэж буй зарим асуудлын талаар санал солилцож, өргөтгөлийн ажлыг саадгүй үргэлжлүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.