Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно

     Одоогоос 45 жилийн тэртээ илгээлт өвөрлөн, эх орны өнцөг булан бүрээс ирж, Монголын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг цогцлоосон анхдагчид, ахмадууд өнөөдөр чуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргаа, Ахмадын нэгдсэн зөвлөл хамтран үйлдвэрийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулж буй 1000 ахмадын чуулга уулзалтаар ахмадуудад хандсан бодлого, зорилт, халамж үйлчилгээ илүү дэвшилттэй, тодорхой болно гэсэн хүлээлт оролцогчдод бий. Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр, түүний дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөл цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тус зөвлөлийн дарга Д.Байгалтай цөөн хором ярилцлаа. 

-Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойгоор 1000 ахмадын анхдугаар чуулган болсон санагдаж байна. Энэ удаагийн чуулганы онцлог юу вэ? 

-Бид үйлдвэрийнхээ 40 жилийн ойгоор 1000 ахмадын анхдугаар чуулга уулзалтаа хийсэн. Тэр цагаас хойш таван жил өнгөрсөн байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрээс тэтгэвэрт гарсан ахмадын тоо 2900-д хүрлээ. Өнөөдрийн энэхүү чуулган маань Эрдэнэт үйлдвэрийг байгуулах анхны хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа экспортод ачиж, үйл ажиллагаагаа эхэлсний 45 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулсан, өнөөдрийн түвшинд хүргэхэд залуу халуун насаа, хөдөлмөр зүтгэлээ бүрэн зориулсан ахмадуудын талаар баримтлах бодлого, чиглэл ирэх жилүүдэд тодорхой байх ёстой. Бид чуулганы өмнө ахмадуудаасаа санал асуулгын хуудсаар санал хүсэлтийг нь авсан. 

Үүнд нийт ахмадын 74 хувь нь хамрагдсан. Дүгнэлтээ үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан. Өнөөдрийн чуулганаас Эрдэнэт үйлдвэрийн 50 жилийн ой хүртэлх хугацаанд ахмадын талаар баримтлах бодлого тодорхойлогдоно. Ахмадууддаа анхаарал халамж тавьж ирсэн бодлого дахин сэргэж, орчин үеийн менежмент, аргачлалаар оновчтой болж хөгжинө гэдэгт итгэлтэй байна. 

-Санал асуулгын дүгнэлтээр цаашид анхаарах гол асуудлыг ахмадууд юу гэж харж байна? 

-Санал асуулгын дүгнэлтийг чуулганы үеэр би дэлгэрэнгүй танилцуулна. Ахмадууд маань юу бодож, санаж явна. Хэдэн хувь нь ажиллаж, хэдэн хувь нь хүүхэд хараад гэртээ байна. Өнөөдрийн ахмадын үйл ажиллагаа, амьдралын ерөнхий үзүүлэлтүүд гээд нарийн мэдээлэл энд гарна. Нийтлэг санал гэвэл нэмэгдэл тэтгэврийн хэмжээг бололцоогоороо нэмэгдүүлэх, эрүүл мэндийн түвшинг хамгаалах үйлчилгээг чанаржуулах, энэ чиглэлд гол үйлчилгээ үзүүлдэг “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажлыг шинэ түвшинд гаргах, “Эрдэнэт медикал” эмнэлгийн ажиллахгүй байгаа чухал шаардлагатай, нарийн оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах зэрэг саналууд зонхилж байна. 

-Жилээс жилд Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтад гарсан ахмадын эгнээ тэлж байна. Тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа, халамж үйлчилгээ хэр бодитой хэрэгждэг вэ? 

-Эгнээ тэлж байгаа мэт боловч нөгөө талаасаа хорогдож байгааг ойлгоорой. Сүүлийн нэг жилд бид 50-иад ахмад настнаа эгнээнээсээ үдлээ. Маш харамсалтай. /сурв.чимээгүй хэсэг суув/ Ахмад настны тухай Монгол Улсын хуулийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжүүлэх үйл ажиллагааг үйлдвэрийнхээ удирдлагатай хамтран зохион байгуулах эрхэм үүргийг манай Ахмадын нэгдсэн зөвлөл хариуцаж ажилладаг. Энэ хуульд аж ахуйн нэгжийн зүгээс баримтлах бодлого, юу хийх ёстойг тодорхойлсон байдаг. Бид ахмад настнаа аль болох сэтгэл зүй нь тогтвортой байгаасай, санаа зовох асуудал бага байгаасай, идэвхтэй хөдөлгөөнийг илүү эрхэмлээсэй, эмнэлэг сувиллын үйлчилгээ нь зохих түвшинд байгаасай гэж хүсэж, тэр чиглэлд хамтран ажилладаг. Ахмад настанд үйлчилдэг соёл, урлаг, нийгмийн биеийн тамир, спортын байгууллагууд маань ахмадуудад чиглэсэн хандлага нь хэвээр сайхан байх юм бол бидэнд боломж их. Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд Спорт цогцолбортоо долоо хоногийн хэдэн ч өдөр очиж, юугаар ч хичээллэж болно. Соёл, урлагийн цогцолбортоо бид долоо хоног бүр очиж нийтийн бүжгээ хийж байна, сар болгон дуун цэнгүүн зохион байгуулж байна. Дугуйлан, секцэд хамрагдаж, хичээллэх боломж бүрэн дүүрэн байна. Хөгжим огт барьж байгаагүй хүмүүс морин хуураар хичээллээд өнөөдөр тоглолт тавих хэмжээнд хүрсэн байгааг урлагийн наадмаас харлаа. Ятга, морин хуур тоглож сурахын зэрэгцээ гадаад хэл сурч байна. Иог, хийн дасгалаар хичээллэж байна. Ер нь ахмадууд маань өөрийгөө хөгжүүлэх тал дээр санаачилгатай байгаад баяртай байдаг. Түүнээс гадна эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маягийг дийлэнх нь сонгосон байна. Энэ бол зөв давлагаа, том өөрчлөлт. Уул уурхайн салбарт, тэр дундаа Орхон аймагт хандах хүнгүй, харьяалах газаргүй ахмадууд олон бий. Манайхан сайн мэднэ. Эрдэнэт хотод гэхэд 12 000 гаруй ахмад багаас өөр харьяалах байгууллагагүй. Тэдэнтэй харьцуулахад манай ахмадууд бололцооны байгаа. Бид үйлдвэртээ, бор ууландаа баярлаж явдаг. 

-Цар тахлын үеэр үйл ажиллагаа хязгаарлагдсан. Үүний дараа ямар томоохон ажлууд амжуулав? 

-Бид цар тахлын дараа 2022 оны дөрөвдүгээр сард хэвийн үйл ажиллагаандаа орсон. Жил бүр зохион байгуулагддаг спортын долоон төрлийн тэмцээн амжилттай боллоо. Удирдах бүрэлдэхүүнээ Булганы Тэшиг сум руу аялуулж, гишүүдээ явган аялалд хамрууллаа. Долоо хоног болгон зохион байгуулдаг нийтийн бүжиг, дуулах өдөр - дуун цэнгүүнээ Соёл, урлагийн цогцолбортойгоо хамтран тогтмол явуулж байна. Бид энэ онд үйлдвэрийнхээ 45 жилийн ойн хүрээнд 33 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор 50 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. Ерөнхийдөө нийтийг хамарсан уралдаан тэмцээнүүдээ Ахмадын нэгдсэн зөвлөл зохион байгуулж явуулдаг юм. Өмнө нь үйлдвэрийн захиргаанаас 180 орчим сая төгрөгийг ахмадын соёл, спорт, аялал жуулчлалын зардал гэж олгодог байсан. Хэмнэлтийн горимд шилжсэнээр энэ төсвөөс бид бүрэн татгалзсан. Одоо бол цехүүдийн ахмадын анхан шатны зөвлөлийн ахмадууд сар бүр 1000 төгрөг, жилд нэг ахмад 12000 төгрөг хуримтлуулдаг юм. Тэр дотоод хуримтлалаараа үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ жилийн тухайд урлагийн наадмаа өөрсдөө хуримтлалаасаа санхүүжүүлсэн. Юмны үнэ ханш нэмэгдсэн энэ үед хүрэлцээ тааруу л байна. Ахмадын идэвх оролцоог нэмэгдүүлэх шаардлагаар үйл ажиллагаагаа цехийн Ахмадын зөвлөлд төвлөрүүлэх болсон. Хуучин дотоод хуримтлалынхаа 70 хувийг анхан шатны зөвлөлийн үйл ажиллагаанд, 30 хувийг Ахмадын нэгдсэн зөвлөлийн арга хэмжээнд зарцуулдаг байсан бол үндсэн ачаа анхан шатны зөвлөлд шилжиж байгааг харгалзаад 80 хувийг нь анхан шатны зөвлөлүүдэд олгох болсон. Хэвтэрт байгаа ахмадуудаа эргэх, утсаар ярих гээд тэдэнд зардал мундахгүй. Үлдэж байгаа 20 хувийг долоон төрлийн тэмцээн уралдаанд зарцуулдаг. 

-1000 ахмадын анхдугаар чуулганаас ямар үр дүн гарч байсан бэ? 

-Үйлдвэрийн 40 жилийн ой угтсан 1000 ахмадын чуулга уулзалтын үр дүнд Ерөнхий захирлын гаргасан тушаалаар 2005 оноос өмнө улсын тэтгэвэр тогтоолгосон Эрдэнэт үйлдвэрийн ахмадуудынхаа нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 50 хувиар, бусад ахмадынхаа нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж байсан. Мөн үйлдвэрээс Цагаан сарын баяр, Олон улсын ахмадын баяраар олгодог дэмжлэгийг нэмэгдүүлж, Ахмадын нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, иж бүрэн компьютер, даралтат хөгжим бэлэглэж байлаа. Энэ чуулга уулзалтаар Ерөнхий захирал ахмадуудтайгаа уулзаж, мэндчилгээ дэвшүүлнэ. Ерөнхий инженер маань бидний барьж байгуулсан үйлдвэрийн хөгжил дэвшил, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон найдвартай ажиллах ирээдүйн талаар танилцуулга хийнэ. Бид “Ахмаддаа ээлтэй цех”-ийн болзлоо дүгнэж урамшуулна. Энэ ажил нь бусад бүтцийн нэгжүүд ахмаддаа хандах хандлагыг илүү сайжруулах ач холбогдолтой. Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар ойрын ирээдүйд баримтлах бодлогоо тодорхойлоход чуулга уулзалтын ач холбогдол оршиж байгаа юм.

-Баярлалаа. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье! 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %