Эрдэнэтчүүд Орос сургууль хэмээн нэрлэж заншсан Эрдэнэт үйлдвэрийн харьяа Ерөнхий боловсролын 19-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Тус сургуульд энэ жил 880 хүүхэд суралцахаас, 120 нь нэгдүгээр ангид элсэж буй багачууд байна.
Тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны дарга Д.Өнөбат болон тус сургуулийн удирдлага, багш хамт олон, эцэг эхчүүд, суралцагчид оролцож, эрдмийн аяныг эхлүүллээ. Энэ үеэр сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн онцлох үйл явдал, ололт амжилтаас танилцуулж, авьяаслаг суралцагчид урлагийн үзүүлбэрээр бэлэг барьж, мөнгөн хонхны жингэнээ хичээлийн шинэ жил эхлэснийг зарлав.
Орос 19 дүгээр сургууль энэ жил ОХУ-аас ирсэн найман багшаар бүл нэмжээ. Тус сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна Эрдэнэтчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд өнгөрсөн хавар таван суралцагч алтан медальтай төгсөж, дийлэнх суралцагчид ОХУ, Швейцарь, Беларусь, Австраль, Франци улсын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад тэнцэж, тэтгэлэгт хамрагдсаныг баяртайгаар дуулгалаа.
Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 50 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд тус хамт олон ойн баяраа академик боловсролын хөгжлөөр угтахаар шамдаж байна.