Эрдэнэт үйлдвэр, жилд нэг удаа нөөцгүй тоног төхөөрөмждөө их засвар, үйлчилгээ хийж, дараа оны үйлдвэрлэлийн аюулгүй, найдвартай байдлыг бүрэн хангадаг. Энэ жилийн “Их зогсолт” өнөөдөр буюу 6 дугаар сарын 26-ны 18:00 цагт эхлэх бөгөөд бэлтгэл ажлын төлөвлөгөө 100 хувиар биелсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр 2026 оны “Их зогсолт”-ын ажилд бэлэн болжээ. Их зогсолтын ажлын бэлтгэлийг хэрхэн хангасан тухай, энэ удаагийн онцлогийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Механикийн хэлтсийн дарга, Ажлын хэсгийн дэд дарга Б.Чинзориг хариулж байна.
-Их зогсолт эхлэхэд бэлэн болжээ. Энэ жилийн бэлтгэл ажлыг хангахын тулд хэрхэн төлөвлөж, ажиллав?
-Бид өнгөрсөн оны 12 дугаар сараас Технологийн тоног төхөөрөмжийн засвар, “Их зогсолт”-ын ажлын төлөвлөгөөг боловсруулан, үйлдвэрийн удирдлагуудын тушаал, шийдвэрийг үндэслэн хангаж ажиллалаа. Тухайлбал, Үйлдвэрийн газрын Ерөнхий инженерийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 170 тоот шийдвэр гарч, их засвар, тэдгээрт шаардлагатай бараа материалын захиалга, худалдан авалтын тендер зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталсан. Үүнтэй уялдуулан 2026 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/461 тоот тушаалаар “Их зогсолт”-ыг хэзээ, хэрхэн зохион байгуулах, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг байгуулах зэргийг тодорхой тусгаж, хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Мөн Диспетчерийн Үндэсний төвтэй “Их зогсолт”-ын хугацааг товлох талаар зөвшилцөн баталж, төлөвлөлөө. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн “Их зогсолт”-ын дараа нь Дулааны цахилгаан станцын зогсолт хийгддэг учраас хугацааг хооронд нь уялдуулж тохируулахаар ярилцсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Үүний дараа бэлтгэл хангах ажлын хэсэг Үйлдвэрийн газрын Ерөнхий инженерийн шийдвэрийн дагуу байгуулагдсанаар “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн гэж болно. Миний бие энэ ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байна. Манай ажлын хэсэг энэ хугацаанд нийт 18 удаа, ээлжит бусаар 4 удаа тус тус хуралдаж, цаг үеийн болоод хангамжтай холбоотой асуудлаар шуурхай хуралдаж, шийдвэрлэж байлаа. Шуурхай хуралдааныг Худалдан авах ажиллагааны газар, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс зэрэг холбогдох бүтцийн удирдлага, мэргэжилтнүүдийн хүрээнд өргөн хүрээнд асуудлуудыг хэлэлцэж ажилласан. Жил бүрийн “Их зогсолт”-ын ажлын бэлтгэл хангахад бараа материал, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлттэй холбоотой асуудал, хүндрэл бэрхшээлүүд гардаг. Харин энэ жилийн хувьд эдгээр асуудлууд тал талаас онцгой анхаарч ажилласны үр дүнд харьцангуй шуурхай шийдвэрлэгдлээ.
-Ажлын хэсгийн сүүлийн хурал хуралдсан. Бэлтгэл ажлын биелэлтийг дүгнэхдээ гол онцолсон асуудал юу байв?
-“Их зогсолт” эхлэхэд бэлтгэл ямар түвшинд байгааг эцсийн байдлаар ярилцаж, мэдээлэл солилцсон. Энэ ажилд оролцох бүх бүтцийн цех нэгжүүд бүгд 100 хувиар бэлтгэл хангаснаа мэдээллээ. Онцлог гэвэл, “Их зогсолт”-ын хүрээнд цахилгаан эрчим хүчний засвар буюу 110 кВт-ын шугамыг засварлах ажил хийгдэнэ. Энэ үеэр Хялганат, Хаягдлын аж ахуйн чиглэлийн цахилгаан шугамууд эрчим хүчний хангамж салгагдах учир үүнд үйлдвэрт байгаа цахилгааны эх үүсвэрийг хэрхэн хуваарилах, зөөврийн эрчим хүчийг бэлэн байлгах зэрэг бэлтгэлийг Эрчим хүчний хэлтэс зохицуулан ажиллаж байна. Ингэснээр, өнөөдөр 18:00 цагаас зургаадугаар сарын 28-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх Эрдэнэт үйлдвэрийн “Их зогсолт”-ын их засварын ажил хийгдэхэд бэлэн боллоо. Их зогсолтын ажлын явц, мэдээлэл солилцох шуурхай хуралдааныг өнөөдөр 22:00 цаг, 27, 28-ны өдрүүдэд 14:00, 18:00 цагуудад хийхээр төлөвлөсөн байгаа.
- Энэ удаа нийт хэчнээн төрлийн ажил хийгдэх вэ? Хамгийн том засвар хаана хийхээр төлөвлөсөн бэ?
-Нийт 555 ажил гүйцэтгэхээр төлөвлөж, баталсан. Үүн дээр 3-4 ажил нэмэгдэж байна. “Их зогсолт”-ын ажиллах хүн хүч, шаардлагатай багаж хэрэгсэл, тусгай зориулалтын машин техникүүд бүгд бэлэн болоод байна. Хангамж нийлүүлэлт хугацаандаа хийгдэж, бэлэн болсныг онцлоход таатай байна. Засвар үйлчилгээний хувьд, олон хүн хүч техник ашиглах ажлууд Баяжуулах үйлдвэрт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн хаягдал хураах сав гэж нэрлэдэг дамжлага дээр томоохон засвар хийнэ. Мөн “Энх өглөө”, “Цагаан хорол” гэсэн гаднын байгууллагуудын гүйцэтгэх цахилгаан шугам дагуулах ажлууд багтаж байна. “Их зогсолт”-ын ажил бол Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой, ирэх жилий өдий хүртэл нөөцгүй тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэгддэг учраас чанар, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажиллахыг Үйлдвэрийн газрын Ерөнхий инженер чиглэл болгосон. Тиймээс их засварын ажил хэдий чинээ чанартай, үр дүнтэй хийнэ, төдий чинээ Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явц жигд найдвартай, тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэх юм. Тиймээс “Их зогсолт”-ын ажилд оролцож буй бүх цех нэгж, хамт олон, ажилтнуудад амжилт хүсье.















