Эрдэнэт үйлдвэрийн сар хаалтын хурал өчигдөр болж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэлээ. Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзийтэй уулзаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт техник, технологийн шинэчлэл болон улирлын чанартай технологийн хүндрэлүүдийг даван туулах арга хэмжээний талаар ярилцлаа.
-Оны эхний таван сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд хэрхэн биелж явна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон он гарсаар амжилттай сайн ажиллалаа. 2026 оны эхний таван сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл хэрхэн биелсэн талаар тоон үзүүлэлт танилцуулъя. Уулын цул гаргалт 396,000 м3-ээр давж, биелэлт нь 102,8 хувьтай явж байна. Хөрс хуулалт 209,000 м3-ээр давсан, биелэлт 102,9 хувьтай. Нийт хүдэр олборлолт 496,000 тонноор давсан, биелэлт нь 102,7 хувьтай байна. Баяжуулах үйлдвэр төлөвлөгөөнөөс 452,000 тонн хүдэр илүү өгсөн. Исэлдсэн хүдрийн олборлолт 44,000 тонноор давж, биелэлт нь 102,6 хувьтай. Ачаа эргэлт 6,173,000 тонн километрээр давсан, биелэлт нь 104,2 хувьтай гарлаа. Оны эхний таван сарын гүйцэтгэлээр төлөвлөгөөнөөс 392,000 тонн хүдэр илүү боловсруулж, биелэлт 102,4 хувьтай гарсан. Хүдэр дэх зэсийн агуулга химийн анализаар 0372, молибдены агуулга 0,0151 хувь, үндсэндээ хүдэр дэх зэс болон молибдены агуулгууд мөн төлөвлөгөөнөөс давсан үзүүлэлттэй явж байна.
-Металл авалтын хувьд..?
-Металл авалтын хувьд зэсээр 86,66 буюу 100,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Молибдены металл авалт 46,92, биелэлт 104,8 хувьтай. Энэ хугацаанд нийт 243,853 тонн зэсийн баяжмал, 2436 тонн молибдены баяжмал хуурай жингээр үйлдвэрлэн гаргалаа. Энэ нь төлөвлөгөөнөөс илүү 10,479 тонн зэсийн баяжмал, 84 тонн молибдены баяжмалыг илүү үйлдвэрлэн гаргасан үзүүлэлттэй. Зэсийн баяжмалын ачилт хангалттай сайн явж байгаа. Ер нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш өндөр байна. Иймээс бид аль болох борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх зорилгоор зэсийн баяжмалын ачилтыг төлөвлөгөөнөөс давуулан ачиж байгаа. Тухайлбал, оны эхний таван сарын байдлаар бид төлөвлөгөөнөөс 11,333 тонн зэсийн баяжмалыг илүү ачсан. Харамсалтай нь, молибдены баяжмал ачилт одоогоор төдийлөн сайн явагдахгүй байгаа.
-Юунаас шалтгаалж байна?
-Бид өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Хамгийн гол нь төр засгийн байгууллагуудаас молибдены ачилтын талаар тодорхой шийдвэр гарахгүй байна. Улсын Их Хурлын тогтоолоор уул уурхайн зарим нэгэн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах шийдвэр гарсантай холбоотой. Одоогоор молибдены баяжмалыг Хөрөнгийн биржээр арилжаалах журам хараахан эцэслэгдээгүй байгаатай холбоотойгоор энэ асуудал хойшлогдож байна.
-Молибдены баяжмал хэр их хуримтлагдсан бэ?
-Одоогоор 1200 тонн молибдены баяжмал бэлэн бүтээгдэхүүний агуулахад хадгалагдаж байна. Энэ нь ойролцоогоор хоёр сарын борлуулалтын нөөц хуримтлагдсан гэж ойлгож болно. Молибден ачилтаас бусад үйлдвэрлэлийн үндсэн бүх үзүүлэлт сайн биелсэн. Ийм амжилттайгаар манай хамт олон 6-р сар руу шилжиж байна даа.
-Үйлдвэрлэлийн цехүүд дээр техник, технологийн шинэчлэлийн ямар ажлууд хийгдэж байна?
-Одоо бид жилд нэг удаа зохион байгуулдаг “их зогсолт”-доо бэлдэж байна. Штабын зохион байгуулалтад ороод, Ерөнхий механик ерөнхийд нь удирдаад ажиллаж байгаа. Техник, технологийн шинэчлэлийн хувьд Ил уурхай дээр шинэ “Liebherr” экскаватор угсраад ажилд гаргалаа. Баяжуулах үйлдвэрт ОХУ-д үйлдвэрлэсэн КМД-14 бутлуурыг MP800 бутлуураар шинэчлэн сольсон. Яг одоо Шүүн хатаах хэсэг дээр ачилтын хоёр краныг шинэчлэх ажил явагдаж байна. Үүнээс шалтгаалж ачилт саатахгүй байхаар ажлыг зохион байгуулсан. Энэ мэт шинэчлэлийн ажлууд хуваарийн дагуу явагдаж байна.
-Үйлдвэрлэлтэй холбоотой тулгамдаж буй асуудал..?
-Зэс болон молибдены баяжмал салгах үйлдвэрлэлийн процесст жил болгон улирлын чанартай хүндрэл учирдаг. Технологийн процесст хэрэглэдэг усны физик, химийн шинж чанар огцом өөрчлөгддөгтэй холбоотой энэ хүндрэл эхлээд явж байна. Үүнийг бид урьдчилан мэдэж байсан учраас өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж, энэ хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэн шинэ урвалжуудыг туршиж байна.
-Баярлалаа.
















