Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангахад эрчим хүчний салбар онцгой чухал үүрэгтэй. Тус үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболдтой ярилцаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын зорилгын талаар тодрууллаа.

 -Сүүлийн үед үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүдээс онцолбол?

-Өнөөдрийн байдлаар эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй гол ажлуудын нэг нь Үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн ажил юм. Энэхүү ажлын хүрээнд:

-220/110/35/6 кВ-ын 2×200 МВА чадалтай “Эрдэнэт” дэд станцын өргөтгөл

-2.4 км урттай 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам

-220/110/35 кВ-ын 2×200 МВА чадалтай “Оюут” дэд станц

-110/35/6 кВ-ын 2×63 МВА чадалтай “ҮТП” дэд станц

-22.9 км урттай 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь барьж байгуулж байна.

-Эдгээр төслүүдийн гол зорилго, үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?

-Үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн хүрээнд хэрэгжиж буй дэд станц, цахилгаан дамжуулах шугамууд ашиглалтад орсноор ҮТП-д баригдах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Мөн үйлдвэрийн хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчим хүчээр хангах чухал суурь дэд бүтэц болж байна.Тухайлбал, шинээр баригдах Хаягдлын аж ахуй болон Оюутын ордыг ашиглах үед шаардлагатай цахилгаан хангамжийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн “Оюут” дэд станцыг ашиглалтад оруулснаар “Эрдэнэт” дэд станцын ачааллыг хөнгөлж, үйлдвэрийн бүсийн төслүүдийг “Эрдэнэт” дэд станцаас хангах боломж бүрдэнэ.

 -Ирээдүйд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх үед найдвартай байдлыг хэрхэн хангах вэ?

-Үйлдвэрийг жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүргэх, мөн ҮТП-ын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрүүдийг бүрэн ашиглалтад оруулах зорилготойгоор дээрх төслүүдийг хэрэгжүүлж байна. Ингэснээр цахилгаан хангамжийн шугам сүлжээ, дэд бүтцийн найдвартай байдал бүрэн хангагдана. Харин эрчим хүчний эх үүсвэрийн хувьд салбарын бодлогын хүрээнд 2027-2030 онд 2600 МВт-ийн хүчин чадалтай эх үүсвэр шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. Ингэснээр 2028 оноос эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал арилна гэж үзэж байна.

-Эрчим хүчний системээс манай үйлдвэр хэдий хэмжээний эрчим хүч хэрэглэж, мөн хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байна вэ?

-Манай үйлдвэр 135-145 МВт-ийн ачаалалтай ажилладаг бөгөөд технологийн тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт зогсолтоос хамааран хэлбэлздэг. Өнгөрсөн онд 1.2 тэрбум кВт.цаг эрчим хүч хэрэглэсэн. Энэ онд 1.3 тэрбум кВт.цаг хэрэглэх төлөвтэйбайгаа. Энэ нь Төвийн бүсийн эрчим хүчний системийн нийт хэрэглээний 13–14 хувийг эзэлж байна. Эрчим хүч үйлдвэрлэлийн хувьд манай ДЦС нь 53 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, жилд 340-350 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнээс 270-280 сая кВт.цаг эрчим хүчийг Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлдэг.

-Танай хэлтсийн 50 жилийн ой тохиож байна. Ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Ойн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.Үүнд:

  •  ISO 50001 стандартын хэрэгжилтийг сайжруулах эрчим зүйчдийн зөвлөгөөн
  •  Төсөл, шинэ технологи танилцуулах, туршлага солилцох арга хэмжээ
  •  Спортын цуврал тэмцээнүүд
  •  Эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр илтгэл, бүтээлийн уралдаан гэх мэт.

-Хэлтсийнхээ ойгоор дамжуулан ямар үнэт зүйлсийг түгээхийг зорьж байна?

-Эрчим зүйчид, цахилгаан механикуудын уялдаа холбоог сайжруулах, инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна. Товчхондоо, үйлдвэрийн газрын хамгийн үнэт зүйл болох ажилтнууддаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахыг зорьж байна.

-Эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар шинэ технологи, шийдлүүд нэвтрүүлж байна вэ?

-Үйлдвэрийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 гаруй хувийг Баяжуулах үйлдвэрийн тээрмүүд эзэлдэг тул энэ чиглэлд онцгой анхаарч байна. Их чадлын хөдөлгүүрүүдийг усан хөргөлттэй, эрчим хүчний хэмнэлттэй, өндөр хүчдэлийн давтамж хувиргагчтай цахилгаан хөдөлгүүрүүдээр шинэчилснээр эрчим хүчийг илүү үр ашигтай ашиглах боломж бүрдсэн. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 4-р секц, хам баяжуулалтын 2, 3-р секцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлуудад эрчим хүчний хэмнэлттэй хөдөлгүүрүүдийг суурилуулж, бодит хэмнэлт гаргаж байна.

Түүнчлэн тээрмүүдийн их чадлын хөдөлгүүрүүдийн асаалтын системийг шинэчилж, ABB компанийн LCI зөөлөн асаалтын төхөөрөмж, Innomotics компанийн GH-180 давтамж хувиргагчийг нэвтрүүлснээр найдвартай, асаалтыг богино хугацаанд найдвартай хийж гүйцэтгэх боломж бүрдсэн. Үүнээс гадна ISO 50001 эрчим хүчний удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж байгаа нь эрчим хүчний удирдлагын тогтолцоог тогтмол сайжруулах, эрчим хүчийг үр ашигтай ашиглахад чухал ач холбогдолтой.

-Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж манайд хэр байна вэ?

-Эрчим хүчний бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зорилтыг тусгасан. Одоогоор сэргээгдэх эрчим хүчний нөөцийн суурь судалгааг хийж байгаа бөгөөд цаашид ТЭЗҮ боловсруулж, ашиглах боломжийг тодорхойлох юм. Урьдчилсан байдлаар нар, салхины эрчим хүч ашиглах боломж харагдаж байгаа ч бодит хэмжилт, нарийвчилсан судалгаанд тулгуурлан шийдвэр гаргана.

-Эрчим хүчний системийн найдвартай ажиллагаанд тулгарч буй сорилтууд юу вэ?

-Төвийн бүсийн эрчим хүчний системийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний насжилт өндөр байгаа нь тасалдал үүсэх гол шалтгаан болж байна. Ийм тасалдлын үед хүчдлийн хэлбэлзэл үүсэж, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд төлөвлөгөөт бусаар зогсох эрсдэл бий болдог. Хэдийгээр хамгаалалтын системүүд тоног төхөөрөмжийг хамгаалж байгаа ч үйлдвэрлэлийн тасалдал үүсэх эрсдэл дагуулж байна.

-Онцгой нөхцөл, аваарын үед танай баг хэрхэн ажилладаг вэ?

-Манай баг байнгын бэлэн байдалд ажилладаг. Аваар, тасалдал гарсан тохиолдолд шөнө орой, баяр амралтын өдөр хамаарахгүйгээр шуурхай ажиллаж, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэдэг.

-Залуу инженерүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ?

-Мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, суралцах хэрэгтэй. Туршлагатай инженерүүдээс суралцах нь маш том боломж. Мөн ШУТИС болон ЭЦДС-тай хамтарсан модуль сургалтад хамрагдаж, ажлын хажуугаар хөгжих боломжийг ашиглахыг зөвлөж байна.

-Цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах нь үйлдвэрийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрчим хүчний зардал нь нийт зардлын 11-12 хувийг эзэлдэг тул ашигт ажиллагаанд шууд нөлөөтэй. Иймээс энэ зардлыг бууруулах нь чухал зорилт юм.

-Та өөрийн ажлын хамгийн бахархалтай мөчөөс хуваалцвал?

-Үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн томоохон төслүүдэд чадварлаг инженерүүдтэй хамтран гар бие оролцон ажиллаж байгаа нь миний хувьд хамгийн бахархалтай. Ялангуяа “Оюут” дэд станцын бүтээн байгуулалт нь Монгол Улсад 50 жилийн дараа хэрэгжиж буй томоохон төсөл гэдгээрээ онцлог юм.

 -Цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчийг үр ашигтай ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд анхаарч байна.Ус хангамжийн хувьд цэвэр усны эх үүсвэрийн боломжит нөөцийг өсгөх, ус хангамжийн дамжуулах системийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Дулаан хангамжийн хувьд ДЦС-ын шаталтын технологийг шинэчлэх замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн эрчим хүчний салбар нь зөвхөн өнөөдрийн найдвартай ажиллагааг хангахаас гадна ирээдүйн хөгжил, дэвшлийг тодорхойлох бодлого, шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
2
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %