“Тэртээ хагас жарны өмнө айлын бэр болоод удаагүй, 21 настай турьхан бүсгүй Эрдэнэт үйлдвэрийн босгоор алхаж байв. Хадам аав маань намайг энэ үйлдвэрт ажилд оруулж байлаа” хэмээн даруухан өгүүлж, гуч гаруй жилийн түүхээ хуваалцах энэ эмэгтэй бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн албан тасалгааны цэвэрлэгч, үйлчлэгч Дэлэгмаагийн Байгалмаа.
1994 оны аравдугаар сарын гурван. Навчис шаргалтан, хөл дор хөглөрөх урлагийн бүтээл лугаа намар цаг. Тэр нэгэн өдөр түүний амьдралд тодоос тод дурайн үлдсэн. Хадам аав Д.Гомбо нь одоогийн Аж ахуй, үйлчилгээний цехийн анхдагч, тэргүүний ажилтнуудын нэгэн. Бэр охиноо гараас нь хөтлөн, Эрдэнэт үйлдвэрийн бүх л өнгө үзэмж, үүд хоймрыг бүтэн дүүрэн байлгах эрхэм үүрэгтэй Аж ахуй, үйлчилгээний цех хэмээх том айлын хаалгаар алхаж байсан нь үйлчлэгч Д.Байгалмаагийн ажил хөдөлмөрийн гараа байсан юм. Энэ өдрөөс хойш тэр эндээс хаашаа ч холдоогүй, үйлдвэртээ, цехдээ, хамт олондоо ээнэгшин дасаж, сэтгэл зүтгэлээ зориулсаар 31 дэх намартайгаа золгож буй нь энэ. Ажил амьдралынх нь замд өөрөө хөтөлж, хүүгийнхээ дүүрэн амьдралыг ерөөн тэгшилж өгсөн аавдаа насан туршид талархан хайрлаж явдаг тухайгаа Д.Байгалмаа түүхийнхээ хамгийн эхэнд сэтгэл нь уясан, догдлон ярилаа.
Ажилд орсон эхний өдөр. Аж ахуй, үйлчилгээний цехийн ах эгч нар, үе тэнгийнхэн нь цаанаа л нэг элэгсэг дулаахан хүмүүс тосон авч, зааж зөвлөн, ажилдаа хурдан зүгширч дадахад бүгд санаа тавина. Элгэмсүү, найрсаг хандлага өнөө ч энэ цехийнхний үнэт зүйлийн нэг байсаар байдаг билээ. Д.Байгалмаагийн анхны зөвлөгч, халамжлан хүмүүжүүлэгч нь ахмад ажилтан Ш.Нямжав. Түүний охин ч бас энэ цехийн нэгэн “эд, эс”. Ажлаа эндээс эхэлж, ийм дарааллаар хийнэ, гэх мэтчилэн бүхий л нарийн ширийн зүйлийг эхний долоо хоногт Ш.Нямжав эгч нь хэлж өгсөн бол цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг мэргэжлийн түвшинд эзэмших эрдмийг Ж.Энхтайван багш нь гардан заасан юм. Ажилласан нийт хугацааныхаа тэн хагас гаруйд нь Ж.Энхтайван багштайгаа мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хандлага, зарчим, туршлагаас нь тасралтгүй суралцсанаа тэрээр том завшаан, бахархал гэсэн. “Архаг” хуучин үйлчлэгч болтлоо багшийнхаа нөмөр нөөлөг дор хамт ажиллажээ. Анх уурхайчдын нэрлэж заншсанаар АБК буюу Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1-р байрны үүдний хэсгийг цэвэрлэж, цэвэр цэмцгэр байлгах үүргээ хүлээж авч байв. Орос, монгол мастерууд үүрэг даалгавар өгч, үйлчилгээ цэвэрлэгээний өдрийн ажлын горим тэдний заавраар эхэлнэ. Харин хэрхэн сэтгэлээ шингээж, ямар гүйцэтгэлтэй хийхийг үйлчлэгчийн чин зүтгэл мэднэ. Энэ л миний ажлын хамгийн гол үзүүлэлт, зарчим юм даа, хэмээсэн.
Үйлчлэгч Д.Байгалмаа-гийн ажил өглөө бүрийн 06:40 цагаас эхэлдэг. Уурхайчдаа тээсэн уртын урт автобусны цуваагаар ажилдаа ирж, хувцсаа сольж өмсөөд, өдрийн ажлын даалгавартайгаа танилцана. Түүний хариуцдаг хэсэг нь хурлын заал танхим, удирдлагуудын албан өрөөнүүд. Хүмүүс ажилдаа ирэхэд нь хаалга үүднээс эхлээд ажлын байр хүртэлх урт хонгилууд өчүүхэн ч тоос шороогүй, саруулхан, цэвэр угтаасай гэж ажил эхлэх цагтай уралдан цэвэрлэнэ. Бэлэн болгоно. Түүний тэрхүү хичээл зүтгэлээр тав тухтай цэвэр цэмцгэр өрөөнд ажиллах боломж бүрддэг болохоор илүү чанартай гүйцэтгэх хүсэл төрнө.
Д.Байгалмаагийн хариуцан цэвэрлэсэн нийт талбайг тоон хэлээр тооцвол 635 м2-аар хэмжигдсэн байдаг. Үүдний хүлээх танхим, нийтийн эзэмшлийн талбай, коридор, өрөө тасалгаануудын цэвэрлэгээ үйлчилгээг технологийн горимын дагуу тогтмол, цэвэр нямбай, өөриймсөг хийхийн зэрэгцээ цэвэрлэгээний чанар үйлчилгээг сайжруулах, үйлчлүүлэгчдийн зүгээс гомдол гаргахгүйн төлөө хөнгөн шуурхай, идэвх санаачилгатай, бусдад үлгэр дуурайлалтай ажилтан болон төлөвшжээ. Энэ хүртэл өсөн дэвжих замд ахмадуудаасаа төдийгүй залуу үеийнхнээсээ ч суралцсан нь түүнд том хүч дэм өгсөн гэдэг.
“Ажил хүнийг голно, гэхээс ажлыг хүн голохгүй гэж үг бий. Энгийн сонсогддог ч утга учир нь маш гүн гүнзгий, үнэн энэ үгийг байнга бодож явдаг. Магадгүй, үйлчлэгч гэхээр хэн бүхэн хийчихээр амархан мэт санагдаж болох ч миний ажил маш нарийн горим дэгтэй, сэтгэл зүтгэл нь ил харагддаг онцгой хөдөлмөр. Би тэгж хийсэн гэж хэлэх биш, албан тасалгааны цэвэрхэн шал, тоосгүй ширээ, тунгалаг цонх, шинэхэн дэлбээлж буй нахиа өмнөөс минь “ярьж” байдаг ажил. Аргацааж биш үнэнчээр, нэг мөсөн сайн хийх ёстой байдаг учраас ажлаараа үргэлж бахархаж явдаг. Нөгөө талаас, энэ бол бидний ажлын стандарт. Тийм ч учраас бид 2020 оноос эхлэн MNS 66033 2020 олон улсын стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Стандартын үр дүнд ажил чанаржиж, ажилтнууд бид өсөж хөгжиж байна. Улс бүсийн ажил мэргэжлийн олон удаагийн уралдаанд манай цехийн үйлчлэгч нар түрүүлж, манлайлсан” гэж Д.Байгалмаа өөрийн эзэмшсэн мэргэжлээр бахархлаа.
Аж ахуй, үйлчилгээний албан тасалгааны цэвэрлэгч Д.Байгалмаа 2023 онд Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-аар тодорсон нь түүний амьдралд мартагдахгүй сайхан дурсамж, баярт үйл явдал авчирсан юм. Тэр жилийн Хөдөлмөрийн аваргуудаа алдаршуулах ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын гаднаас улаан хивсний ёслолоор эхэлж, цех бүрийн хамт олон нь гадна талбайд аваргуудаа угтаж байлаа. Үйлдвэрийн 33 аваргын дарааллаар сүүлд нь гарч ирэхэд, өвлийн тэр хүйтэн жавартай үдэш манайхан бүгдээрээ намайг хүлээгээд, даарч жиндсэн ч ажралгүй зогсож баяр хүргэж байсан нь одоо ч сэтгэлд тод үлдсэн, гэж ярихдаа түүний нүдэнд нулимс мэлтэрч байв. Ийм халуун сэтгэлтэй хамт олны дунд хагас жарны турш ажиллаж, хөдөлмөрлөж яваа нь амьдралынх нь нэгэн утга төгс учрал гэлтэй.
Эдүгээ хагас зуун жилийн ой нь тохиож буй Аж ахуй, үйлчилгээний цехийн үүссэн “голомт” нь АБК буюу Ерөнхий захиргааны нэгдүгээр байр. Чухамхүү энд л албан тасалгааны цэвэрлэгч, үйлчлэгчээр тасралтгүй ажиллахдаа Д.Байгалмаа цехийн үе үеийн дарга, удирдлагууд, хамт олныхоо дэмжлэг урам, хамтын зүтгэлээр байгууллагынхаа “Шилдэг эмэгтэй”, олон нийт, бүтээмжийн идэвх зүтгэлтэй, шинийг эрэлхийлэн санаачлагч, хүмүүнлэгийн үйлстэн гэх зэрэг бүхий л амжилтуудаа бүтээсэн юм. Мөн Ж.Энхтайван, Б.Тунгалаг, Д.Хандааноров, Ш.Түмэннаст, Б.Нина гэх зэрэг эгч, ах нараасаа ажлын арга барил туршлагыг нь өвлөж, Х.Дэлгэрбаяр, Б.Бадамхорлоо, О.Анхбаяр, О.Ундармаа, Н.Болор-Эрдэнэ, Ц.Наранцэцэг, Г.Солонго гээд олон шавь нараа бэлдэж сургасан гавьяатай.
Арын сайхан хангай нутгийн охин, Эрдэнэтэд 10 дугаар ангиа дүүргэсний дараа Холбооны газар богинохон хугацаанд ажиллаж байхдаа нэг насны амьдралын хань Г.Ууганбаатартай танилцан учирч, залуусын хотдоо өрх бүлийн тоог нэмж байв. Тэдний хоёр охин, нэг хүү нь хэдийнээ ажил амьдралаа төвхнүүлж, найман ач, зээтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Д.Байгалмаа аав ээжээсээ зургуулаа. Дөрвөн эгч, нэг ахтай, айлын бага охин. Аав нь бурхны оронд эрт одож, ээж нь зургаан хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ багаас нь бие даалгаж сургасан. Энэ ухаан нь амьдралд минь их тус болсон хэмээн тэрээр ээжийгээ дурслаа.
“Миний амьдралын бүхий л өнгө гэрэл Эрдэнэтэд асаж, хувь заяа минь Аж ахуй, үйлчилгээний цехтэй салшгүйгээр холбогдсон. Намайг өдий зэрэгт хүргэж, үргэлж дэмжиж дэмнэж байдаг хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэндээ талархаад баршгүй...”
Сэтгэлийнхээ гэрлээр бүхнээ бүтээсэн түүний чин зүрхнээс ундарсан баяр талархлын үг энэ билээ.















