Үнийн өсөлт, зах зээлийн хэлбэлзэл, импортын хамаарал. Эдгээр нь Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтад өдөр бүр нөлөөлдөг бодит хүчин зүйлс. Харин энэ бүхнийг урьдчилан судалж, худалдан авах бараа бүтээгдэхүүнд оновчтой үнэ тогтооход ямар аргачлал ашигладаг вэ?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зах зээлийн судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдоржтой уулзаж, үнийн судалгаа, мэдээллийн эх сурвалж, шинэ технологийн хэрэглээ, мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын нөлөөллийн талаар ярилцлаа.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зах зээлийн судалгаа, маркетингийн хэлтсийн үндсэн чиг үүргийн талаар эхлээд мэдээлэл өгөх үү?
-Манай хэлтэс олон улсын болон Монгол Улсын зах зээлийн нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ хийж, цаашдын чиг хандлага, төсөөллийг тодорхойлох, үйлдвэрийн газрын худалдан авах бараа, үйлчилгээний зах зээлийн үнийг оновчтой төлөвлөх, тогтоох чиг үүрэг хүлээн ажилладаг. Мөн худалдан борлуулах бараа, ажил, үйлчилгээний маркетингийн бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах үндсэн зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын судалгаа хийх замаар үйлдвэрийн газрын бизнес төлөвлөгөө, урт, дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахад оролцдог.
-Үнийн судалгаа, зах зээлийн дүн шинжилгээг ямар давтамжтай, хэр хэмжээний цар хүрээнд хийдэг вэ?
-Зах зээлийн үнийн судалгааг хэд хэдэн үндэслэлээр хийж байна. Тухайлбал, үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний тодотголд тусгагдаж буй бараа, материалын жагсаалт, техникийн тодорхойлолтын дагуу, мөн бүтцийн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зах зээлийн үнийн судалгаа хийдэг. Түүнээс гадна үйлдвэрлэлийн нормчлогдсон түүхий эд материал болох технологийн гол нэрийн бараануудын олон улсын болон Монгол Улсын зах зээлийн нөхцөл байдлын судалгаа, шинжилгээг сар бүр тогтмол хийж, цаашдын чиг хандлага, төсөөллийг тодорхойлж байна.
-Судалгаа хийхдээ мэдээллийн ямар эх сурвалж, программ, аргачлал ашигладаг вэ?
-Хамгийн түрүүнд найдвартай, баталгаатай эх үүсвэрүүд ашиглахыг чухалчилдаг. Судалгааны үр дүн бодитой, зах зээлийн нөхцөлтэй нийцсэн байх нь манай ажлын гол зарчим. Тухайлбал, үйлдвэрийн газарт ашиглагдаж буй технологийн материал, түүхий эдийн үнийг судлахдаа www.asianmetal.com, www.ferroalloynet.com зэрэг олон улсын зах зээлийн мэдээллийн сайтуудыг ашиглахаас гадна, БНХАУ болон ОХУ-ын нийлүүлэгч байгууллагуудаас үнийн санал авч, зах зээлийн харьцуулалт, эдийн засгийн шинжилгээ хийж, дундаж үнийг тооцоолон гаргадаг. Дээрх сайтууд бол металл, хайлш болон түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн мэдээлэл, нийлүүлэлт, эрэлт, чиг хандлага зэрэг мэдээллийг өдөр бүр шинэчилж хүргэдэг, салбартаа хамгийн өргөн хэрэглэгддэг платформуудын нэг. Эдгээр сайтыг олон улсын уул уурхай, металлургийн томоохон компаниуд, худалдааны байгууллагууд, хөрөнгө оруулагчид, шинжээчид өргөнөөр ашиглаж байна. Хэдэн арван мянган идэвхтэй хэрэглэгчтэй, салбартаа өндөр нэр хүндтэй, найдвартай эх сурвалжид тооцогддог. Мөн бид эдийн засгийн чиг хандлага, дэлхийн зах зээлийн төлөв байдлыг судлахдаа www.tradingeconomics.com, www.worldbank.org, www.imf.org зэрэг олон улсын байгууллагын статистик мэдээлэл, шинжилгээний тайлангууд, Монгол банк, Сангийн яамнаас гаргадаг дүн шинжилгээг тогтмол ашиглан, сар бүр судалгааны үр дүнг товхимол байдлаар танилцуулж байна. Үйлдвэрийн газрын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн өртөг, хөрөнгө оруулалтын тооцоо зэрэг нарийвчилсан судалгаа хийхдээ олон улсын мэргэжлийн мэдээллийн сангуудыг ашигладаг. Уул уурхайн салбарт 40 гаруй жилийн туршлагатай, тоног төхөөрөмжийн өртөг, хөдөлмөрийн зардал, олборлолт, хөрөнгө оруулалтын тооцоог инженерийн үндэслэлтэйгээр гаргадаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн платформ болох www.costmine.com -ыг мөн ашигладаг. Бид дотоод, гадаадын найдвартай эх сурвалжуудтай уялдуулан ашигласнаар бодит мэдээлэлд тулгуурласан, зах зээлийн нөхцөл байдлыг бүрэн тусгасан, бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхүйц түвшинд судалгаа гаргахыг зорьдог.

-Үнийн бодит байдалд хэрхэн хяналт тавьдаг вэ? Өөрөөр хэлбэл танай тогтоосон үнийг хэрхэн баталгаажуулдаг вэ гэсэн үг.
-Захиалгын нэгдсэн систем дотроо бид үнийн судалгааны эх үүсвэрийг хадгалдаг. Манай судалгааг үндэслэн “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр бизнес төлөвлөгөө батлагддаг юм. Хяналтын шатанд бусад уул уурхайн компанийн үнийн түвшинтэй харьцуулж, шаардлагатай бол тодруулга авдаг. Харин манай хэлтэс худалдан авалтын үйл ажиллагаанд ямар хяналтаар орж байна гэхээр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахад бидний тавьсан төсвөөс хэтрүүлэн худалдан авалт хийж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.
-Үнийн өсөлт, ханшийн хэлбэлзэл танай судалгаанд хэрхэн нөлөөлж байна?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байна. Орос, Украины дайн, Хятад, Америкийн худалдааны зөрчил, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг нь шууд нөлөөлж байгаа. Ялангуяа дизелийн түлш, нефтийн бүтээгдэхүүн, тэсрэх бодисын гол түүхий эдүүд үнийн хэлбэлзэлд мэдрэг байна. Гэсэн ч бид эдгээр нөхцөл байдлыг олон улсын болон дотоод судалгаанд уялдуулан, бодит мэдээлэлд тулгуурласан үнэ тогтоохыг зорьдог.
-Дижитал маркетинг, хиймэл оюун ашиглах чиглэлд ямар алхмууд хийгдэж байгаа вэ?
-Үйлдвэрийн газрын хэмжээнд бараа бүтээгдэхүүний судалгаа ERP системд шилжсэнээр цахим каталог буюу дижитал сан үүссэн. Мөн дотоод ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санг автоматжуулсан. Цаашид хиймэл оюун ашиглах боломжийг судалж байна. Энэ нь судалгааны хурд, нарийвчлалыг нэмэгдүүлэх давуу талтай. Манай хэлтэс жилд 20 000 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд үнийн судалгаа хийж ажилладаг шүү дээ.
-“Эрдэнэт үйлдвэр” гэсэн нэр өөрөө том брэнд. Үүнийг хэрхэн хамгаалж, үнэ цэнийг нь өсгөж байна?
-Брэндийн үнэ цэнийг зөвхөн хэрэглэгч ойлгох биш, байгууллага өөрөө тэр үнэ цэнийг таниулж, мэдрүүлж, хоногшуулах үүрэгтэй. Эрдэнэт үйлдвэр түүхээрээ, өнөөдрийн хариуцлагатай үйл ажиллагаа, маргаашийн хөгжлийн зорилгоороо үнэ цэнээ өсгөж буй брэнд. Манай зүгээс үйлдвэрийн газрын алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, үнэт зүйлс, тогтвортой хөгжлийн бодлого, стратегийн зорилго, зорилтыг хангах, маркетингийн бүхий л үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулахад чиглэсэн “Маркетингийн бодлогын баримт бичиг”-ийг 2023 онд боловсруулан батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
Зах зээлийн судалгаа, маркетингийн хэлтсийн нэг гол үүрэг нь дэлхийн түүхий эдийн зах зээлд өрнөж буй өөрчлөлт, эрсдэлийг иж бүрнээр дүгнэж, үйлдвэрийн газрын удирдлагад бодит мэдээлэлд тулгуурласан стратегийн шийдвэр гаргахад тусалдаг.
















