Монгол түмэндээ “Хангайн багш” хэмээн хүндлэгдсэн Улаанбаатар хотын “Үржинбадмаалин” хийдийн Хамба лам Дамдинсүрэнгийн Доржцэвээн багштантай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Эхлээд та манай уншигчдад хийд орныхоо талаар товч танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Олон түмний тус, буяны мөрөөр би “Үржинбадмаалин” хийдийг бүтээн босгосон. Энэ хийдэд таван янзын бурхан бүтээх учиртай юм. Одоогоор Ногоон дарь эх, Цагаан дарь эх тус бүр мянгыг бүтээгээд байна. Хамаг амьтны тусын тулд бүтээхүйн тухайтад ном сургаалын авшгаа багш нар маань надад өгчээ гэж боддог. Одоо Ловон Бадамжунай, Доржсэмбэ бурхадыг мянга, мянгыг бүтээхээр ажиллаж байна. Мөн хот мандал буюу жанхарыг нь зурж байна л даа. Их сайхан бэлгэ дэмбэрэлтэй үйлс юм.
-Танай хийд ямар хурал ном хурдаг вэ?
-Манай “Үржинбадмаалин” хийдийн үйл ажиллагаа өдөр тутмын чогчин уншлага дамжлагаар явдаг. Буддын сургаал номлолыг баримталдаг бусад хийдүүдийн үйл ажиллагаа ч ийм байгаа. Сар бүрийн 29-нд сахиуснуудаа тахидаг. Дарь эхүүдээ хурдаг. Орой болгон бага сахиусаар Лүйжин уншдаг. Өдөр ном уншуулсан хүмүүсийг орой нь ахиж, сахиусанд даатгадаг юм. Мөн лүйжингийн жүд дамжлагатай хийд гэж ойлгож болно.
-Богдын адууны тамга танд байдаг юм уу?
-Та нар хаанаас ийм юм сонсчхов? Одоогоор Богдын адууны тамгыг авсан хүн байхгүй. Тэр ийм учиртай юм аа. Есдүгээр Богд надад Хажидын талын номын жүд дамжлага өвлүүлсэн. Тэгэхдээ шоогоо хаяад та адуутай юу. Адуугаа 108 болгоорой. Зээрд азарга тавиарай гэдэг юм. Тэр үед манайх 11 адуутай л байлаа. (Инээв.) Зээрд адууны сүүл зэлэндээ хийгээд энүүгээр тамгал гээд Богд дөрвөн арвай зурж өгсөн. Одоо манайх арвай тамгатай. Богд, монголд очихоороо эхлээд танайд очно шүү гэсэн. Цаг хугацаа улирч 12 жилийн дараа Богд лам Монголд морилсон. Их сонин учралаар манайд ирсэн л дээ. Богдыг очиход манай гадаа ямар ч адуу байсангүй. Улаанчулуу, Хужрын гол, Баянголынхны адууг хужирласан хүмүүс буцахдаа манайд цайлахаар ирсэн. Долоон зуугаад адуу манай гадаа цугласан гээд бод доо. Энэ үеэр баримтат кино хийсэн нь гарч байна билээ. Бид бэсрэг наадам зохион байгуулсан. Аливаа юм учир утгатай. Шашин ном дэлгэрүүлэхэд та бие сэтгэлээ зориулаарай гэж захисан л даа. Энэ бүхнийг би гүйцэлдүүлж явна.
-Энэ цаг үед хүмүүс хэрхэн яаж зөв амьдрах ёстой вэ?
-Хүмүүсийн санаа сэтгэл хямарснаас ухамсар их доройтож байна. Тэгэхээр хүн дотоод амар амгалан, эрх чөлөөгөө олж авах нь хамгаас чухал юм. Бие, хэл, сэтгэлээ ариун байлгах ёстой. Энэ бүхнийг зөв дадуулж, сайхан сэтгэлээр амьтан, хүнд туслах хэрэгтэй. Юмыг алагчлан үзэж болохгүй. Бид мөн чанараараа нэг. Билиг билгүүний мөн чанартай. Одоо эв түнжин хамгаас чухал байна. Сайн юм руу тэмүүлж байгаа хүний цагийг алдагдуулж болохгүй. Тиймээс цаг барьж сурах хэрэгтэй. Цагийн юмыг, цагт нь бүтээх учиртай. Энэ нь сайн үйл бүтэхийн дэмбэрэл байдаг юм шүү. Уур хилэн, мунхаг, хүсэл шуналаас шалтгаалан муу юм үүсдэг. Хүний дон гэж нэг аюултай юм байна. Гэнэтийн 18 үхэл, нисваанис, муу хорлол үйлүүд байна. Тэгэхээр хүн гэгээн гэрлийнхээ увдисыг гаргаж чадвал эрдэмгүй хүн гэж байхгүй. Бурхан болохгүй хүн гэж байхгүй. Үйлс хийморь нь дээшлэхгүй хүн гэж байхгүй юм аа. Иймээс хүмүүс өвөг дээдэс, эцэг эх, орон газрынхаа ачлалыг хариулах ёстой. Тэгэхээр газрын эзэд, лус савдгийг аргадахын тухайтад хүмүүс амгалан жаргалтай, өвчин зовлонгүй амьдрах юм.
-Энэ сарын 22-нд та Эрдэнэтчүүдэд нэгэн сайхан номын авшиг хүртээх гэж байна. Ямар утга учиртай ном айлдах вэ?
-Аравдугаар сарын 22-ны бэлгэт сайн өдөр Соёл, урлагийн цогцолборт 14:00 цагаас лам хуврагуудын хамт ном айлдана. Лусын тамга арилгах ном уншиж, шашны зан үйл хийнэ. Цагаан лусыг тахина. Лүмбэнгарав, Доржнамжимын живтүү гэдэг ном уншина. Жанлавцогзол айлдаж, Эрдэнэхоролын даллага авна. Төгсгөлд нь лүйжин тавина. Эдгээр зан үйл, номыг Эрдэнэтчүүд амар амгалан, зовлон зүдгүүргүй амьдрах, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд айлдаж байгаа юм. Лус хүний гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй. Аливаа хүмүүсийн буруу үйлдлээс гэм гардаг. Үүнийг лусын хорлол гэдэг. Лус дотроо гурван янз байдаг. Хар, цагаан, алаг лус гэж. Энэ гурван янзын лус юмыг тамгалдаг. Тэр тамганых нь шинжүүд бас өөр. Энэ талаар их юм ярьж болно. Тиймээс чин сэтгэлээсээ газар орноо сайхан баясгаж, тахиж харьцах хэрэгтэй. Зарим нь лусад харьяалагдах юм хийгээгүй. Ан гөрөө хийдэггүй. Газар ухдаггүй. Яахаараа лусын хорлол болдог юм гэдэг. Үгүй юм. Энэ газар лустай бид байнга харьцаж амьдардаг. Бидний гол суурь чинь энэ газар орон. Тэгэхээр далд орныхоо эзэдтэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Хэрэглээгээ хэтрүүлж болохгүй.
-Тэгвэл сүсэгтэн олон юу бэлтгэж очих ёстой вэ?
-Сүү, жимс авч очиж болно. Байгаль, дэлхийдээ өргөнө гэсэн үг. Бусад рашаан, утлага, зай, салфетикийг нь хүртэл бид бэлдсэн байгаа. Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлаад явна. Энэ ном нь багш нараас надад жүд дамжлагаар уламжлагдан ирсэн ном юм. Иймээс би түмэн олонд буян хуруулах үүднээс энэ номыг айлдах гэж байна.
-Баярлалаа. Таны буян номын ажил арвин байг ээ.















