Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын том төсөл хөтөлбөрийн нэг Хүдэр бэлтгэлийн I шугамыг шинэчлэх ажил Баяжуулах үйлдвэрт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн явцын талаар Баяжуулах үйлдвэрийн Шинэ техник технологийн инженер Э.Оюунболдоос тодруулав.
-Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг өргөтгөж шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ төсөл хэзээ эхэлсэн бэ?
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн ТЭЗҮ-ийг 2023 онд боловсруулан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Дараа нь 2024 онд ажлын зураг төслийг боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулснаар төсөл хэрэгжиж эхлээд байна. Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн төсөл нь 2 үндсэн хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажил, Өндөр даралтын булт нунтаглагчийн технологийг /HPGR/ Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлууд төслийн хүрээнд хийгдэх юм.
-Өнөөдрийн байдлаар нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн явц ямар байна вэ? Тоног төхөөрөмжийн инженерчлэл, үйлдвэрлэл нийлүүлэлт, Барилга угсралтын ажил гэх мэтчилэн..?
Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх ажлын гүйцэтгэгчээр “ОремТрейд” ХХК шалгаран, 2023 оны 12 дугаар сараас ажлаа эхлүүлсэн. Харин нэгдүгээр шатны бутлуурын цогц инженерчлэлийн ажлыг Metso компани гүйцэтгэсэн бөгөөд тоног төхөөрөмжүүд бүрэн үйлдвэрлэгдэж дуусаад байна. Үндсэн үйлдвэрлэгч Финлянд улсын Metso, Франц улсын Tecman, Хятад улсын Juzhao, Швед улсын Konecranes, Герман улсын Deichman, АНУ-ын Eriez, цахилгаан тоног төхөөрөмжийг ABB, Hitachi, EH, Schenk, Allgrand компаниуд үйлдвэрлэснээр нийт тоног төхөөрөмжийн 95 хувь нь төслийн талбайд буусан гэж ойлгож болно.
Барилга угсралтын ажлын тухайд гэвэл, гүйцэтгэгчээр нь “Эрдэнэтлайт” ХХК шалгарч, энэ оны 6-р сараас ажлаа эхэлсэн. Нэгдүгээр шатны бутлуурыг шинэчлэх төсөл нь үндсэн зургаан барилга байгууламжтай. Эдгээр байгууламжаас өндөр төвөгшил бүхий том бутлалтын хэсгийн барилга нь газар доор 6 давхар буюу 32 метр, газар дээр 20 метр өндөр байхаар төлөвлөгдсөн байгаа. Өнөөдрийн байдлаар, тус барилгын газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, бетон суурийн цутгалтын ажлыг эхлүүлээд байна.
Барилгын суурийн бетон цутгалтыг технологийн картын дагуу ухаалаг усан хөргөлтийн систем ашиглахаар төлөвлөн, холбогдох бэлтгэлийг ханган, цутгалтын ажлыг 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Тус ажлын хүрээнд БНХАУ-ын мэргэжилтнүүд төслийн талбайд бетоны хөргөлтийг хариуцан ажилласан бөгөөд суурийн ажилд 4130 м3 бетоныг 56 цагт тасралтгүй горимоор цутгасан. Мөн энэ онд багтаан, том бутлалтын барилгын эхний 3 давхрын цутгалтыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
-Гадна цахилгаан хангамжийн тухайд..?
Гадна цахилгаан хангамжийн гүйцэтгэгчээр “Катодгал” компани шалгарсан. Энэ сарын 15-наас ажлаа эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
-Дараагийн төсөл нь Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх технологи. Энэ ажил ямар түвшинд өрнөж байна вэ?
Өндөр даралтын булт нунтаглагч тоног төхөөрөмж нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажлын гүйцэтгэгч “ФЛСмидт Монголиа” ХХК өнгөрсөн оны 1 дүгээр сараас ажлаа эхэлсэн. Мөн дөрөвдүгээр шатны булт нунтаглагчийн цогц инженерчлэлийн ажлыг FLSmidth компани гүйцэтгэж, тоног төхөөрөмжүүд бүрэн үйлдвэрлэгдэж дууссан. Ингэснээр нийт тоног төхөөрөмжийн 60 хувь нь бэлэн болоод байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг үндсэн үйлдвэрлэгчээс гадна АНУ-ын Eriez, Allen-Bradley, Camfil компаниуд гүйцэтгэсэн бол цахилгаан тоног төхөөрөмжийг ABB, Hitachi компаниуд үйлдвэрлэн нийлүүлж байна.
-Барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр “Бридж констракшн” компани ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд хэдэн барилга байгууламж баригдах вэ?
Барилгын ажил өнгөрсөн 8 дугаар сараас эхэлсэн. Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх төсөл нь үндсэн таван барилга байгууламжтай. Өндөр төвөгшил бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийн хэсгийн барилга нь газар доор 2 давхар буюу 6 метр, газар дээр 36.5 метр өндөр байхаар төлөвлөгдсөн. Одоогоор барилгын газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, бетон суурийн цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн барилгын суурийн бетон цутгалтыг технологийн картын дагуу холбогдох бэлтгэлийг ханган, энэ сарын нэгний өдөр эхлүүлж 1177 м3 бетоныг 34 цагт тасралтгүй цутгасан. Түүнчлэн, дөрөвдүгээр улиралд Өндөр даралтын булт нунтаглагчийн хэсгийн барилгын эхний 2 давхрын цутгалтыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Гадна цахилгаан хангамжийн ажлыг “Катодгал” компани гүйцэтгэх юм. Төслийн явц, хэрэгжилтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/105 тушаалаар байгуулагдсан Төслийн баг захиалагчийн хяналт тавин, нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.















