Оюут ордын судалгааны түүх, геологи, хайгуулын ажлын үр дүнгийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич, доктор (Ph.D) Д.Алтанхуягтай ярилцлаа.
-Эхлээд та манай уншигчдад мэргэжилтний хувьд Оюут ордын талаар ойлголт өгөхгүй юу? Энэ ордыг хэзээнээс судалж эхэлсэн бэ?
-Эрдэнэтийн-Овоо ордын геологийн судалгаа 1960-аад оноос эрчимжихтэй зэрэгцэн судлагдаж эхэлсэн нэг сонирхолтой объект бол Оюут. Тухайн үеийн Чехословакийн геологичид буцсаны дараа, ЗХУ-ын геологичид хараахан ирээгүй, өнөөгийн Баруун хойд уурхайн хэсэгт нарийвчилсан хайгуул явуулахаас өмнөхөн буюу 1969-1970 оны үед Л.Мягмар нар Оюутын талбайд эрлийн судалгаа хийсэн түүх байдаг. Энэ болон өмнөх цаг үеийн геологийн судалгааны ажлуудад үндэслэн эрэл үнэлгээний ажлыг 1983-1985 онд хийхдээ 34 цооног өрөмдсөнөөс 13 цооногт нь хүдэржилт ямар нэгэн байдлаар илэрсэн тухай В.Н.Гончаров нар тайландаа дурдсан байгаа. Гэвч хүдэржилтийн хил заагийг бүрэн тогтоогоогүй, цаашид урьдчилсан хайгуул явуулах нь зүйтэй гэж үзсэн. Иймд “Зарубежгеология” нэгдлээс баталсан геологийн даалгаврын дагуу 1986 оноос урьдчилсан хайгуул явуулж, 1988-1989 онд нийт 39 цооног өрөмдсөн. Өрөмдлөгийн чөмөг (керн)-ийн гарц нь 84.4 хувь, түүний 35.5 мм буюу жижиг диаметртэй үед бүхлээр нь, харин 76 мм диаметртэй үед дээжийг таллан хувааж, дунджаар 3.5 м урттай дээж авч гэрэл (спектр), хими, пробирын шинжилгээ хийсэн байдаг. Энэ ажлаар хүдрийн биетийн хэлбэр, хэмжээг ерөнхийд нь тогтоож, 125х62.5 м (C1), зарим газарт 250х125 м (C2) хүртэл торлолоор өрөмдөж судалсан. Тухайн үеийн Хүнд үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 1990 оны 25 дугаар протоколоор Оюутын ордын зэсийн захын агуулгыг 0.25 хувиар тооцоход +920 м түвшин хүртэл дунджаар 0.32 хувийн агуулгатай нөөц баялгийг тогтоосон ба нарийвчилсан хайгуул явуулах шаардлагагүй гэж үзсэн нь Геологийн мэдээллийн төвийн орд, илрэлийн паспортод тэмдэглэгджээ. Харин ордыг илүү гүний түвшинд судлах, ингэснээр нөөцийг хоёр дахин өсгөх боломжтойг дурдсанаас гадна “Эрдэнэтийн-Овоо”-ны Зүүн Өмнөд буюу Оюут ордын инженер-геологи, уул-геологи, уул-техникийн нөхцөл, мөн хүдрийн технологийн туршилт зэрэг олон судалгаа хийгдээгүй тул ашиглалтад бэлтгэгдээгүй объект гэж үзсэн.
-Оюут, Зүүн өмнөд гээд байгаа шалтгааныг, бас энэ орд яагаад өнөөдөр хайгдах болсныг тодруулна уу?
-Орд, тухайн газар орон бол Оюут гэж нэртэй, харин орос, гаднын судлаачид “Эрдэнэтийн-Овоо”-ны ордыг Баруун хойд, Төв, Завсар, Зүүн өмнөд гэж байршлаар нь ялгасан. Үүний Зүүн өмнөд гэдэг нь тэнд эртний уурхайн 50х50 м орчим амсартай ухмал газарт нийтээрээ ногоон, хөх өнгөтэй малахит, азурит зэрэг зэсийн эрдэс өргөн тархалттайгаас Оюут гэж нэрийдсэн гэж судлаачид үздэг. Нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэн 1990-ээд онд томоохон хөрөнгө оруулалт шаардагдах зэс, төмөр зэрэг металл ашигт малтмалын үндсэн ордын хайгуул орхигдож, тухайн үед хялбар олборлож, баяжуулж, борлуулж болох алт зэргийн ашигт малтмалд хайгуул, олборлолтод илүү чиглэсэн цаг үе бий. Мөн тухайн үед Ашигт малтмалын тухай хууль батлагдан, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэнд үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо бий болсон. Өнгөрсөн 30 гаруй жилд Оюут орд Эрдэнэт үйлдвэрийн эзэмшилд байсангүй, бүр хувь хүний мэдэлд байсан ч үе бий. Энэ үед геологийн тойм ажил хийснээс өөр дорвитой, өөрөөр хэлбэл нарийвчилсан хайгуул буюу гүний хэсэгт нь системтэй судалгааг огт явуулаагүй. Тэгээд ч 1990 онд зэсийн үнэ бага, манай уурхайн хүдрийн дундаж агуулга нь Cu 0.83 хувь, захын агуулгаа 0.40 хувь гэж тооцож байсан. Оюутын 0.40 хувь гэдэг нь хангалтгүй үзүүлэлт, тухайн үед орд эдийн засгийн ач холбогдолгүй байжээ. Харин 2025 онд зэсийн үнэ тонн тутамдаа 9000 ам.доллараас давж, Эрдэнэт үйлдвэрийн боловсруулж буй хүдрийн дундаж агуулга 0.36 хувь болсноос гадна, анхны хөрөнгө оруулалтаа аль эрт нөхсөн тул түүний дэргэд буй Оюутыг ашиглалтад бэлтгэх цаг нь болсон гэж үзсэн. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 онд батлагдсанаас хойш Эрдэнэтийн стратегийн ордын талбайн солбицлыг 2018 онд эцэслэн Засгийн газраас тогтоон, түүнд хамрагдсан Оюутын талбайд хэн нэгэн хайгуул, олборлолт явуулах нь хязгаарлагдмал болсон байдаг. Харин энэ эрх нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2022 оны эцэст бүрэн олгогдсон, бид ч нэлээд хөөцөлдсөн, төрийн дэмжлэг ч сайн байсан. Ингэснээр 30 гаруй жил орхигдсон Оюут ордыг судлах боломж нээгдэж, нарийвчилсан хайгуул явуулах төсөл боловсруулж, Геологийн даалгавар батлагдан, үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын Албан даалгавар, олон арван тушаал, шийдвэрээр 2023-2025 онд нарийвчилсан хайгуулыг Хөгжлийн хэлтсээс удирдан, Геологи, хайгуулын экспедици, бусад цех, хэлтсийн геологичид, өрөмдөгчид, бусад дотоод гадаадын мэргэжилтэн, ажилчдынхаа хүчээр явуулсан. Дашрамд Оюут ордод хамтран ажилласан эдгээр хүмүүст баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.

-Нарийвчилсан хайгуул гэж ер нь ямар цар хүрээтэй ажил байдаг вэ?
-Сайн асуулт байна. Миний хувьд “нарийвчилсан хайгуул” гэх, түүнээс илүү Оюут ордыг ашиглалтад бэлтгэх гэдгийг онцлоод байгаа. Бид, ихэнх хайгуулчид ордын геологийн нөөцийг судалж, баттай, бодитой, боломжтой зэрэглэлд зөвхөн цооног хоорондын зайгаар ангилан тогтоодог гэж ойлгодог. Гэтэл “баттай” зэрэглэл гэдэгт 60х60 м орчим зайтай өрөмдөж судлахаас гадна нэгдүгээрт, тухайн хэсэгт хамаарах хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцөлийг нарийвчлан тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийн зүй тогтлыг тогтоосон, хүдрийн биет дэх хоосон чулуулаг болон жишгийн бус хүдэржилттэй хэсгүүдийг ялгаж хүрээлсэн, атираашилд орсон байдал, хагарлуудын байрлал, тэдгээрийн шилжилтийн чиглэл ба далайц нь тогтоогдсон байх ёстой. Хоёрдугаарт, ашигт бүрдвэрийн агуулга, ашигт малтмалын биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл байдлыг илэрхийлэгч гол үзүүлэлтийг орон зайн өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг маш найдвартай түвшинд тогтоох хэрэгтэй. Гуравдугаарт, ашигт малтмалын байгалийн төрлүүд нь тогтоогдсон, технологийн төрөл ба сортууд нь ялгагдаж хүрээлэгдсэн, ашигт малтмалын чанар ба хүдрийн бодисын найрлагыг тогтоосон байх. Дөрөвдүгээрт, үндсэн ба дагалдах ашигт малтмал, түүнийг олборлох, боловсруулах үйлдвэрийн зураг төслийг зохиох нөхцөлийг бүрэн хангах түвшинд ашигт малтмалын хүдэр боловсруулах технологийг нарийвчлан судалж анхдагч баримтыг бүрдүүлэх. Тавдугаарт, ашигт малтмал, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна. Түүнчлэн, хүдрийн нөөцийн хил заагийг сорьцлолтын үр дүнд тулгуурлан, техник-эдийн засгийн тооцоонд үндэслэн тогтоосон байх гэх мэт шаардлага тавьдаг. Мөн гидрогеологийн ирээдүйн уурхайн усжилт, эзлэхүүний жин, чийгшилт, сийрэгжилт, геотехник гэх зэргийн судалгааг маш нарийвчлалтай тогтоох шаардлагатай. Энэ бүгдийг аль болох бодитой судалж, хийх шаардлагатай, дээрх бүгдийг л Оюутын судалгааны явцад хийхээр зорьж, ажиллаж ирлээ. Үр дүнг зүйрлэвэл Цагаансуваргын ордын хэмжээтэй ойролцоо, гэхдээ зэсийн агуулгын хувьд ядуувтар боловч хэмжээ нь тийм ч бага биш байгаа.
-Нэг ерөнхий асуулт тавья. Ер нь ордыг яаж эрж хайж олдог юм бэ?
-Хээрийн ажлын явцад аливаа ашигт малтмалын орд шууд таарч, олдох тухай ойлголт өнөө үед боломж багатай, нэлээд тойм, өнгөрсөн үеийн ойлголт болж байна. Учир нь хүн төрөлхтөн геологийн судалгааг хөгжүүлээд олон зуун жил, магадгүй түүх, археологийн судалгаанаас үзэхэд хэдэн мянган жилийн хүдэр, чулууг хайж, ашиглаж ирсэн туршлага бий. Өөрөөр хэлбэл газрын гадаргад ил таарах онцгой биет буюу ордыг шууд олж илрүүлсээр үндсэндээ дууслаа. Харин геологи хайгуулын судалгаа нь гүнд орших ордуудад чиглээд багагүй хугацаа ч өнгөрлөө. Гэвч Эрдэнэтийн дүүрэг 60 гаруй жилийн геологийн эрэл хайгуулын судалгааны түүхтэйгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, энэ дүүргийн геологийн тогтцын хувьд хүдэржилтийн эрлийн шалгуур, шинж тэмдгийн хувьд багцаа, таамаг нэлээд бий. Барууны хэллэгээр уурхай, үйлдвэр хөгжсөн буюу “хүрэн талбай” (brownfield)-д ордыг эрж хайх нь арай өөр тактик шаардлагатай гэсэн үг. Тодруулбал, хамгийн эхний ээлжинд Эрдэнэтийн хүдэржилтийн коридорт нэгэнт олдсон Эрдэнэтийн-Овоо ордоо өөрийг нь үнэлж, векторын аргачлалаар хайх шаардлагатай. Өөрөөр хэлбэл байгаа нь тодорхой орд, биетээс эхлүүлэн тодорхой чиглэлд системтэй судална гэсэн үг. Яг энэ л зарчмаар Оюут орд тэр л чиглэлийн дагуу сууж байршсан, уг коридортоо л байгаа зүйл тул амархан судлагдаж байгаа. Ер нь дараагийн шатанд Оюут болон Төв ордын завсар хэсгийг “мөлжиж” судлах нь зайлшгүй, туйлын чухал. Үүнийг олон дахин, бас дахин дахин хэлсээр л байгаа, үүнд хайгуулын тусгай зөвшөөрөл ч хэрэгтэй байна. Орд нээх дараагийн өөр нэг стратеги гэвэл дүүргийн ашигт малтмалын тархалт, байршлын зүй тогтолд үндэслэн металлогенийн шалгуурт тулгуурласан судалгаа болно. Ер нь олон жилийн судалгаатай дүүрэгт цоо шинэ газар мэт сэтгэж, ажил төлөвлөх нь цаг алдсан, мөнгө үрсэн ажил болно. Зарим нэг төлөвлөлт хийдэг улсууд үүнийг анхаарах ёстой.
-Тэгэхлээр ордыг олж нээх олон арга, технологи байдаг байх нь. Тийм үү?
-Орчин үед цаг хугацаа, магадгүй хөрөнгө мөнгө хэмнэсэн аргачлал нь хайгуулын өндөр буюу дэвшилтэт технологи гарснаар хиймэл оюуныг ашиглах, хөгжүүлэх асуудал гэж харж байгаа. Тийм ч туршлагууд олон улсад ил, тод хэрэгжиж эхэллээ. Угаасаа олон зуун жилийн түүхтэй ихээхэн өгөгдлийг хиймэл оюунаар боловсруулж, үнэлэх хэрэгтэй болсон. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн зэс, молибденын ордын талбайн хил заагийн хүрээнд багтаж буй Оюут болон бусад хэсгүүдэд эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэх ажлыг эхлүүлж, эрэл, хайгуулын ажилд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ гэж заасныг мэдрэмжтэй төлөвлөлт гэж харж байна. Бас хэрэгжүүлэгч агентлаг болох Үндэсний геологийн алба 2025 онд Канад Улсын байгалийн нөөцийн яамтай байгуулсан санамж бичигт “Ашигт малтмалын гарал үүсэл, хүдэржилтийн судалгаа, идэвхтэй ашиглаж буй ордын зэргэлдээ орших хэтийн төлөв бүхий талбайн хайгуулын эрсдэлийг бүх төрлийн өгөгдөл ашиглан бууруулах, шинээр орд олоход өндөр технологи, хиймэл оюун ухаан ашиглан загвар боловсруулах” гэж тусгажээ. Үүнийг Эрдэнэтийн стратегийн ордын хэдэн мянган км гектар талбайд бодитой хэрэгжүүлэх бодит боломж, чухал алхам гэж харж байгаа юм.
-Та геологи, хайгуулын ажлыг байгаль орчин талаас нь хэрхэн харж, хэрэгжүүлж байна вэ? Төвөгтэй асуудлуудын нэг гэж харагддаг.
-Эрдэс баялгийн салбарт геологичид анхдагч нь учир орон нутагт хамгийн түрүүнд очиж, бүх төрлийн үүргийг гүйцэтгэж явдаг. Хийж байгаа ажлаа, өөрөөр хэлбэл геологийн шинжлэх ухааны тухай, ашигт малтмалын тухай ойлголт, түүний ач холбогдол, бусад орон нутагтай харилцах харилцаа, байгаль орчны зохицуулалтыг хариуцаж хөөцөлдөх гээд бүхий л ажилд геологич маань мэргэжлийн хүн шиг оролцоод явдаг. Нэг талаасаа хайгуулын шатанд өөр хүнээр хийлгэх боломж муутай тул өөрсдөө хийхээс аргагүй нь давуу тал ч, сул тал ч болдог. Эрдэнэт газарзүйн байршлаараа хангай, ой ус бүхий газарт байршдаг тул “хариуцлагатай хайгуул” гэдгийг манлайлан хэрэгжүүлэх боломжтой. Нэг талаас Төр засаг нь дараагийн Эрдэнэтийг олох чиглэл, даалгавар өгдөг, нөгөө талдаа тэр чигээрээ ой мод бүхий нутагт хэрхэн зохицуулалт хийж хайгуулыг эрчимтэй өрнүүлэх вэ? гэсэн асуултыг шийдэх ёстой. Өнөө үед ой мод огтолж тайрах тухай асуудал, тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулах гаргалгааг хайж, бид хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай харилцан зөвлөмж авч ажиллаж байгаа. Хайгуулын талбайд буй модыг хэрэгцээт газарт нь шилжүүлэн ургуулах, түүнийг арчлан хамгаалах, ингэснээр ордоо ч олдог, байгаль орчноо ч хайрладаг, суурьшил, орон нутгаа ч ойжуулан цэцэрлэгжүүлнэ. Ингэхийн тулд ойн мэргэжлийн байгууллагууд хайгуулчидтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага үүсээд байна.
-Баярлалаа.















