Монгол Улс болон БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар “KTO Улаанбаатар” энэ сарын 26-нд Эрдэнэт хотод Эрүүл мэндийн аялал жуулчлалын өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус байгууллагын суурин төлөөлөгч Ким Ил Жүнтэй энэ талаар ярилцлаа.
-Эрдэнэт хотод энэ удаагийн өдөрлөгийг хийх болсон шалтгаан юу вэ?
-Манай байгууллага Солонгос руу чиглэсэн аялал жуулчлалыг дэмжих, шинэ аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд ажилладаг. Өнгөрсөн жил Улаанбаатар–Дархан чиглэлд Эрүүл мэндийн аяллын өдөрлөг зохион байгуулсан бол энэ жил Улаанбаатар–Эрдэнэт маршрутыг сонгосон. Өдөрлөгийн гол зорилго нь Солонгосын эмнэлгийн үйлчилгээ авах сонирхолтой, эрүүл мэндийн онош нь тогтоогдоогүй эсвэл Монголд эмчлэгдэхгүй өвчтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм. Үүнээс гадна Солонгосын аялал жуулчлал, соёлын хөтөлбөрүүдийг танилцуулна.
-Өдөрлөгт хичнээн байгууллага оролцох вэ?
-Солонгосын эрүүл мэндийн салбарын 30 байгууллага оролцоно. Үүний 23 нь төрөлжсөн эмнэлэг, III шатлалын эмнэлэг, их сургуулийн эмнэлгүүд байна. Харин үлдсэн нь Солонгосын Эрүүл мэндийн яамны тусгай лицензтэй аялал жуулчлалын компаниуд байх юм.
-Үзлэг, оношилгоо хийх үү?
-Үзлэг оношилгоо хийхгүй. Харин зөвлөгөө, мэдээлэл өгнө. Эрдэнэтийн томоохон байгууллагын ажилчид болон тэдний гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөрүүд бид бэлдсэн. Өдөрлөгийн үеэр зөвлөгөө авсан иргэдэд 10–20 хувийн хөнгөлөлттэй бүтээгдэхүүн санал болгоно.
-Иргэд зөвлөгөө авахын тулд ямар бэлтгэл хангах ёстой вэ?
-Урьдчилсан бүртгэл явагдана. Иргэд тусгай линкээр бүртгүүлээд, аль эмнэлгээс зөвлөгөө авахыг хүсэж байгаа болон өвчний түүхийн мэдээллээ илгээх шаардлагатай. Ингэснээр тухайн эмнэлэгт цаг захиалагдана. Цагаа баталгаажуулсан иргэд өдөрлөгийн үеэр өөрийн өвчний түүхээ авчирч зөвлөгөө авах боломжтой. Зөвхөн хүнд өвчтэй хүмүүс гэлтгүй хараа тэглүүлэх, гоо сайхны эмчилгээ сонирхож байгаа хүмүүс ч хамрагдаж болно.
-Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
-Манай төлөөлөгчийн газрын 77449090 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авч болно. Бүртгүүлсэн хүмүүстэй бид эргэн холбогдож цагийг нь баталгаажуулна. Мөн өдөрлөгт ирж амжихгүй бол эмнэлэгтэй нь холбож өгөх боломжтой.
-Өдөрлөгөөр зөвлөгөөнөөс өөр ямар үйл ажиллагаа явагдах вэ?
-Солонгосын соёл, аялал жуулчлалын танилцуулга явагдана. Иргэд үндэсний хувцас өмсөж зургаа авахуулах, гар, нүдний массажид орж алжаал тайлах, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх боломжтой. Өдөрлөгийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.
-Өмнөх үйл ажиллагааны үр дүн ямар байв?
-2023 онд Монголоос Солонгос руу зорчсон жуулчдын тоо 135 мянгад хүрсэн. Тэдний 20 мянга орчим нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан. Харин 2024 онд энэ тоо 25 мянгад хүрсэн. Дархан-Уул аймагт өдөрлөг зохион байгуулахдаа байгууллагуудтай хамтран ажиллаж, ажилчдаа урамшууллын журмаар баг бүрдүүлэн явуулах, аяллаа эрүүл мэндийн үзлэгтэй хослуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн дунд, ахлах сургуулийн сурагчдад зориулсан боловсролын аялал зохион байгуулдаг. Өнгөрсөн жил гэхэд 500 орчим сурагч Солонгосын их, дээд сургуулиудтай танилцаж, хэл сурч, хотхонд нь байрлан үдээс хойш аялах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийг Эрдэнэт хотын сурагчдад ч хэрэгжүүлэх боломжтой.
-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.















