Үйлдвэрийн газрын тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа нь сайн засаглалын тогтолцоо, үр ашигтай хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, өндөр ур чадвартай хүний нөөц төдийгүй дотоод аудит, дотоод хяналтын үр нөлөө, эрсдэлийн удирдлагын оновчтой тогтолцоогоор дамжин хэрэгждэг. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжинтэй ярилцлаа.
-Үр дүнтэй хяналт, шалгалт хийхэд юуг чухалчилдаг вэ? Ач холбогдол нь юу вэ?
-Олон улсын болон үндэсний хэмжээнд дагаж мөрдөх жишиг баримт бичиг, стандарт, үйлдвэрийн газрын бодлого, чиг хандлагад нийцсэн дотоод хяналтын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хяналт шалгалтын тогтолцоог системтэй хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг 2023 оны гуравдугаар сард, Дотоод хяналт шалгалтын стандартыг 2023 оны 12 дугаар сард Ерөнхий захирлын тушаалаар батлуулж, мөрдлөг болгон үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглаж байна. Аливаа тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, зорилт, эрх зүйн орчин тодорхой байх нь нэн чухал. Хяналт гэдэг ойлголт нь өнөө үед зөрчил илрүүлэх бус, харин процесст тавих хяналтын тогтолцоог сайжруулах, удирдлагыг үнэн, бодит мэдээллээр хангахад чиглэсэн үйл ажиллагааг дотоод хяналт шалгалтаар дамжуулан хэрэгжүүлэх юм. Сүүлийн жилүүдэд хяналт шалгалтын үйл ажиллагаа улам боловсронгуй болж, ажиглалт, илрүүлэлтэд төвлөрсөн уламжлалт хандлагаас эрсдэл, үр дүнд суурилсан дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж, түүний мөрөөр зөвлөмж боловсруулан ажиллаж байна. Бидний хэрэгжүүлж буй дотоод хяналт, зөвлөмж, үнэлгээ бүрийн цаана үйлдвэрийн газрын нэр хүнд, ажилтнуудын эрх ашиг, ирээдүйн тогтвортой хөгжил баталгааждаг. Үүнээс гадна манай хэлтсийн ажилтнууд мэргэжлийн ёс зүйн зарчмыг чанд баримтлан, нууцын баталгаа гарган ажилладаг нь хэлтсийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг улам нэмэгдүүлнэ гэдэгт итгэдэг.
-Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн газрын хэмжээнд эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрдүүлэх, эрсдэлийн соёл төлөвшүүлэх чиглэлээр нэлээд ажил хийгдэж байна. Энэ талаар..?
-Эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжих, сайн засаглалыг хөгжүүлэх, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо сайжрах, тогтвортой ажлын байр бий болох, учирч болзошгүй хохирлоос зайлсхийх, хохирлын хэмжээг бууруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын ажил гүйцэтгэх зэрэг чухал ач холбогдолтой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрсдэлийн удирдлагын журам, эрсдэлийн үнэлгээ хийх зааврыг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны журамд дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж буй бүтцийн нэгжтэй хамтран ажиллах, Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон эрсдэл хариуцсан 241 ажилтны ажлын байрны тодорхойлолтод эрсдэлийн удирдлагын холбогдох эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүргийг нэмж тусган, хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн. Түүнчлэн, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Ерөнхий захирлаар батлуулж, түүний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрсдэлийн хариу арга хэмжээний 2024, 2025 оны төлөвлөгөөг үйлдвэрийн газрын хэмжээнд нэгтгэн боловсруулж, батлуулан, хэрэгжилтэд тухай бүр хяналт тавин ажиллаж байна. Мөн эрсдэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, дижитал шилжилтийн хүрээнд “E-control” цахим системийг үйлдвэрийн газрын Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ цахим системийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2025 оны хоёрдугаар сард зохион байгуулсан “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын өнөөгийн байдал” хэлэлцүүлгийн үеэр танилцуулж, тэргүүн туршлагаа хуваалцсан. Үйлдвэрийн газрын нийт ажилтнуудыг эрсдэлийн удирдлагын талаар нэгдсэн ойлголттой болгох, хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлж, чадавхжуулах чиглэлийн хүрээнд үе шаттай үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Үйлдвэрийн газарт эрсдэлийн удирдлагын тогтолцоог оновчтой хэрэгжүүлэхэд удирдлагын манлайлал, ажилтан бүрийн оролцоо чухал үүрэгтэй.
-Танай хэлтэст менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-2025 оны нэгдүгээр сард манай хэлтэст менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг нэмэгдсэн. 21-р зуунд дэлхий нийтэд чанар, хариуцлага, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн үйлдвэрлэл давамгайлж, олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх нь улс орнуудын эдийн засгийн өсөлт, байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болж байна. Олон Улсын Стандартчиллын Байгууллагаас боловсруулсан стандартууд нь байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын шилдэг туршлага, чанар, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцүүлэхэд чиглэдэг. Монгол Улс ч энэхүү чиг хандлагыг баримтлан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, “Чанарын дэд бүтэц” хөгжүүлэх бодлогоор дамжуулан хууль, эрх зүйн орчноо шинэчилж, олон улсын стандартыг дотооддоо нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ISO 9001, ISO/IEC 17025, ISO/IEC 17020, ISO 45001, ISO 30400 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн. Цаашид ISO 14001, ISO 50001, ISO 22000, ISO 27001, ISO 37001, ISO 37301, ISO 31000, ISO 26000 зэрэг стандартуудын уялдаа бүхий Нэгдсэн менежментийн тогтолцоо (IMS)-г хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үйлдвэрийн газрын туршлагаас харахад олон улсын стандартуудыг хэрэгжүүлснээр ил тод засаглал, үйлдвэрлэлийн үр ашиг, экспортын чадавх, ажилтнуудын аюулгүй байдал, байгаль орчны хариуцлага зэрэг олон талт үр өгөөжийг зэрэг хүртэх боломжтой.
-Цаашдын зорилго, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар товчхон танилцуулна уу?
-Бид үйлдвэрийн газрын дотоод хяналт шалгалт, стандарт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааг цаашид улам бүр боловсронгуй болгох зорилгоор хэд хэдэн ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Дотоод хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагын ач холбогдол, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэх. Эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлж, эрсдэлийн удирдлагын соёлыг төлөвшүүлэх. Үйлдвэрийн газарт дотоод хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагын эрх зүйн орчин, арга аргачлалыг боловсронгуй болгох. Үйлдвэрийн газрын хэмжээнд олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг, дүрэм журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах. Дотоод хяналт шалгалт болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхэд дата мэдээлэл чухал үүрэгтэй бөгөөд бид үйл ажиллагаандаа “E-control” цахим системийг бүрэн нэвтрүүлж, мэдээллийн сан бүрдүүлэх, ажилтнуудыг мэргэшүүлж, чадавхжуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь ажиллаж буй хүний нөөцийн чадавх, мэргэжлийн үнэлэмжтэй шууд холбоотой. Иймээс хэлтсийн ажилтнуудыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд холбогч гүүр нь байж, салбарын чиг хандлага, тэргүүн туршлагаас суралцах, мэргэших боломжийг бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.
-Цаг зав гаргасан танд баярлалаа.