Монголын циркчийн холбооны тэргүүн, МУУГЗ Ч.Хатанбаатараас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотноо тоглох Браво циркийн тоглолтынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын циркийн өнөөгийн байдал ямар түвшинд явна. Та “Браво” циркийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Баярлалаа. Эрдэнэтчүүддээ, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсний 100 жилийн ой, Циркийн байгууллагын 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ том ойнууд давхацсан жил манай “Браво” циркийн уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэй Эх үрсийн баяраар Эрдэнэтийн хүүхэд багачуудад тоглохоор ирээд байна. Олон төрлийн үзүүлбэрийг Эрдэнэтийн хүүхэд, багачуудад зориулан авчирлаа. Манай циркийг Хангарьд паласт тоглоход дэмжлэг үзүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийлье. Монголын циркийн урлаг 85 жилийн хугацаанд дэлхийн жишигт хүрсэн уран бүтээлтэй болж хөгжсөн. Монгол улсын нэрийг өргөн, олон улсын хэмжээнд тоглогдох, өөрийн дүр төрхтэй болсон. Одоо 50 орчим компани циркийн урлагийн үйл ажилагааг явуулж байна. Аялал жуучлалын улиралд гадаадын олон компанид манай циркчид амжилттай ажиллан тоглож байгаа. Ер нь 600 орчим циркчид гадаадад ажилладаг. Үүнээс гадна орон нутагтаа тоглодог. Түүний нэг нь Браво цирк. Эрдэнэтэд анх удаагаа ирж байна.
-Энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?
-Манай цирк олон улсын тоглолтын зарчимтай. Энэ удаа Казакстан, Монгол Улсын циркийн хамтарсан тоглолт болж байгаагаараа онцлог юм. Казакстаны жүжигчин, өөрийн амьтадтайгаа хүрэлцэн ирсэн. Тухайлбал, гурван метр урт аварга могой байна. Могой жилд, аварга могойтой цирк үзэх нь үзэгчдэд нэгэн аз завшаан юм. Мөн 1001-н гөлөг дээр гардаг нохой тоглоно. Дээр нь урт хошуутай илбэнх, гурван төрлийн муужгайнууд ирсэн. Бид Дархан, Зүүнхараа, Сайншанд, Булганд тоглосон. Одоо Эрдэнэтэд хаалтын тоглолтоо хийх гэж байна. Цирк бол амьд урлаг. Дахин давтагдашгүй, нэг л удаа үзүүлдэг урлаг юм. Агаарын гимнастикийн үзүүлбэрүүдийг тоглох зорилгоор тоног төхөөрөмжөө суурилуулаад байна. Мөн хөгжилтэй алиалагч, жонглёр, хүч тамирын болон галаар наадах үзүүлбэрийг тоглоно. Орон нутагт циркийн урлаг их хөгжиж байгаа. Түүний нэг жишээ нь Эрдэнэт хот. Энэ хотод 30-аад жилийн түүхтэй, циркийн анги хичээллэж байна. Дэлгэрцэцэг багшийн удирдлага дор сайн нугараачид Эрдэнэтээс төрөн гарсан. Мөн Дархан, Дорнод, Дорноговь, Өмнөговьд циркийн бүлгэм хичээллэж байна. Тэгэхээр орон нутгаас циркчид төрөн гарах магадлал өндөр гэсэн үг.
МОНГОЛЫН ЦИРКЧИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МУУГЗ Ж.СУВДАА: ЦИРК ҮЗЭХ НЬ ГЭР БҮЛИЙН НЭГ ТОМ БАЯР БАЙДАГ
-Би 1970-аад оны Москва хотын Циркийн сургуулийн бүтээгдэхүүн. Энэ цаг үеэс циркийн урлагтай амьдралаа холбосон хүн. Энэ утгаараа цирк гэр бүлээрээ наадан баясах талбар болохыг анзаарсан. Өөрөөр хэлбэл, цирк үзэх нь гэр бүлийн нэг том баяр байдаг. Цирк хөгжиж байна. Тухайлбал, Хөтөлд циркийн багшаар Түмэнжаргал гэж залуу ажиллаж байна. Энд циркээр амьсгалж байгаа нь мэдрэгдсэн. Монголчууд бидний цирк дэлхийд тавд эрэмбэлэгдсэн. Эрдэнэтчүүд та бүхнийг циркийнхээ тоглолтыг үзэж сонирхохыг урьж байна.
КАЗАКСТАН УЛСЫН АМЬТАН СУРГАГЧ С.КАМШАТ: МОГОЙТОЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ ТОГЛОНО
-Могойтой хэрхэн харьцаж сургадаг вэ? Та могойныхоо талаар ярина уу?
-Миний энэ могой гурван метр хагастай, зургаан настай. Эелдэг, зөөлөн ааштай питон төрлийн могой юм. Аливаа могойг хоёр, гурван настайд нь авч сургадаг. Амьтан сургагчийн баримтлах гол зарчим нь юун түрүүнд амьтныг хайрладаг байх ёстой.
-Улс орны цаг агаарын нөхцөл байдал танай амьтанд нөлөөлөх үү? Орчин нөхцөлтэй нь дасан зохицуулахын тулд амьтан сургагчаас ямар ур чадвар шаарддаг вэ?
Энэ могой шинэ Зеланд гаралтай. Сард дөрвөн удаа хоол иддэг. Мэдээж, дөрвөн удаа биеэ хөнгөлж засна. Тав тухтай, гэрэлтэй, дулаан орчинд байхыг хүсдэг. Энэ орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Циркийн бүх амьтад орчинтойгоо зохицно шүү дээ.
-Аварга могойтой ямар үзүүлбэр үзүүлэх вэ?
-Аварга могойноос гадна таван төрлийн амьтан ирсэн. Могойтой хамт бүжиглэнэ. Янз бүрийн хөдөлгөөнөөр могойны ур чадварыг харуулах юм.