Орчин үеийн үйлдвэрийн газрын хөгжил дэвшлийн үндэс нь зөвхөн техник технологи, эдийн засгийн хүчин зүйлсээр хязгаарлагдахгүй, хүний нөөцийн бодлого, менежментийн үр дүнд илүүтэй тулгуурлах болсон. Энэ чиг хандлагыг даган Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн менежментийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ISO 30400 багц стандартыг таван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү стандартыг нутагшуулах, тогтолцоог бүрдүүлэх, сайжруулах Ажлын хэсгийн гишүүд саяхан уулзаж, 2025 онд хийх тасралтгүй сайжруулалтын төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Тэд хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл, сорилтуудыг хэрхэн даван туулах, туршлага солилцох боломж, давуу талуудаа бүтцийн нэгжүүдэд хэрхэн түгээх талаар чөлөөтэй санал солилцсон юм. Уулзалтын дараа Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяртай уулзаж, тус стандартын хэрэгжилтийн явц, үр дүн, үнэ цэнийн талаар ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэр ISO 30400 багц стандартыг тав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд ямар үр дүн гарсан хийгээд, одоо ямар шатанд яваа талаар мэдээлэл өгнө үү?
-Бид хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 олон улсын багц стандартыг нэвтрүүлээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Эхний ээлжинд баталгаажуулалтын аудитад хамрагдаж гэрчилгээжсэн. Түүнээс хойш Магадлан-1, Магадлан-2 аудитаар орж, Францын “Афнор” групп болон Монгол дахь итгэмжлэгдсэн байгууллага “Монсертф” группийн хамтарсан аудитаар үйл ажиллагаагаа үнэлүүлсэн. Сүүлийн Магадлан-2 аудитын дүнгээр Эрдэнэт үйлдвэр 80 оноотой үнэлэгдсэн нь олон улсын дундаж үзүүлэлт болох 60 онооноос 20 оноогоор илүү гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 28 давуу талтай ажиллаж байна. Энэ бол маш чухал үзүүлэлт.
-Хүний нөөцийн мэргэжилтнүүд багц стандартын хэрэгжилтийн явцад ямар бүтэц, зохион байгуулалтаар ажилладаг вэ?
-Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 стандарт нь дотроо ISO 30401, 30405, 30406, 30408 гэх мэт долоон дэд стандартыг багтаасан багц стандарт юм. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд бид жил бүр сайжруулалтын төлөвлөгөө гаргаж, стандарт тус бүрд салбар сайжруулалтын баг байгуулан нарийн зохион байгуулалттай ажилладаг. Өнөөдөр бид Сайжруулалтын багийн уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Стандарт тус бүрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрт ямар шинэчлэлт, сайжруулалт, анхаарах шаардлагатай талууд байгааг судалж, төлөвлөгөө боловсруулан Ажлын хэсгээр удирдан зохион байгуулж ажилладгаараа онцлог. Энэ жилийн хувьд бид нийт 70 ажлыг төлөвлөж, Ерөнхий захирлын тушаалаар батлуулсан. Төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг Сайжруулалтын дөрвөн баг үйл ажиллагааны төлөвлөгөө болгон задалж, гүйцэтгэлийг ханган ажиллаж байна. Ер нь стандарт нэвтрүүлнэ гэдэг нэг удаагийн ажил биш. Байгууллага жил бүр тасралтгүй сайжирч, стандартын хүрээнд хөгжиж явах ёстой. Тиймээс бид төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийг тогтмол хянаж, дүн шинжилгээ хийж, дараагийн шатны сайжруулалт руу шилждэг.
-Энэ удаагийн уулзалтаар Сайжруулалтын багийнхан, аудиторууд ямар асуудлуудыг онцлон хэлэлцэв? Ямар ур чадвар, чадамж дутагдаж байна гэж үзсэн бэ?
-Уулзалтын гол зорилго бидний хэрэгжүүлж буй ISO 30400 стандартын төлөвлөгөөний хэрэгжилт болон цаашдын ажлын чиглэлийг тодорхойлох явдал байлаа. Энэ хүрээнд бид Сайжруулалтын баг бүрээр тухайн стандартын ойлголт, мэдлэгийн түвшнийг сонирхолтой асуулт, хариултаар шалгаж, нэг талаар сургалт, нөгөө талаар дүн шинжилгээ хийсэн гэж хэлж болно. Үүний дараа төлөвлөсөн бүх ажлынхаа гүйцэтгэлийг дүгнэж ярилцлаа. 1-р улирлын байдлаар сайжруулалтын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл 56 хувийн биелэлттэй явж байна. Үлдсэн ажлуудыг хэрхэн уялдуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг дээр тодорхой хүндрэл, сорилтууд байгааг мөн ярилцсан. Үүнд багуудын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах, мэдээллийн урсгалыг хэрхэн оновчтой болгох талаар санал солилцлоо.
-Ажилтнуудын оролцоо, дуу хоолойг хэрхэн тусгаж байна вэ?
-Бид ISO 30400 стандартын хүрээнд жил бүр 2000 гаруй ажилтныг хамарсан сэтгэл ханамж, байгууллагын соёлын судалгааг зохион байгуулдаг. Судалгааг Нийгмийн харилцааны хэлтсийн социологич Д.Даваажаргалтай хамтарч хийдэг юм. Энэ нь ажилчдын санал, хүсэлтэд тулгуурласан бодитой шийдвэр гаргах үндэс болдог. Ойрын хугацаанд энэ судалгааг бүтцийн нэгжүүд дээр нарийвчилсан байдлаар хийхээр төлөвлөсөн. Ингэснээр бид байгууллагын соёлын түвшин, ажилтнуудын сэтгэл ханамжийн индекс, хөгжлийн зүг чигийг илүү тодорхой харж чадна гэж үзэж байна. Мөн хүний нөөцийн ERP систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор бид стандартын бүх дата мэдээллүүд, дата баазуудыг ERP руу шилжүүлэх, боловсруулалт хийх томоохон төслийн ажлууд ид явагдаж байгаа. Энэ ажлуудынхаа явцыг дүгнэж ярилцлаа. Үүний зэрэгцээ мэдлэгийн кодчилол, дүрэм журам, баримт бичгийн боловсруулалт гээд хэрэгжилтийн шатанд яваа ажлууд дээр шийдэл гаргасан үр дүнтэй уулзалт боллоо гэж бодож байна.
-Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн олон улсын багц стандарт хэрэгжүүлж байгаа анхны байгууллага. Энэ утгаараа бусад аж ахуйн нэгжүүдийг түүчээлж, үлгэр жишээ болох тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр бол ISO 30400 буюу хүний нөөцийн менежментийн олон улсын багц стандартыг Монгол Улсад баталгаажуулан, гэрчилгээжүүлж, бодитоор хэрэгжүүлсэн анхны төрийн өмчит уул уурхайн байгууллага. Бид энэ стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсний үр дүнд өнгөрсөн жил хүний нөөцийн салбарын хоёр томоохон шагнал хүртсэн. Энэ нь зөвхөн манай байгууллагын дотоод үр дүнгээс гадна салбарын хэмжээнд эерэг нөлөө үзүүлж, жишиг болохуйц сайн туршлагыг бий болгосон гэж бодож байна. Бид өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, сайн туршлагаа олон байгууллагад энэ хугацаанд харамгүй хуваалцсан байдаг. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Тавантолгой” ХК ISO 30400 стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлээд, манайхаас зөвлөх үйлчилгээ авч байна. Тэд тавдугаар сарын 02-нд Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, хүний нөөцийн багууд харилцан туршлага солилцох ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Монголын томоохон байгууллагууд, тэр дундаа Худалдаа хөгжлийн банк болон “Улаанбаатар төмөр зам” ХНН үйл ажиллагаандаа хүний нөөцийн олон улсын ISO 30400 стандартыг хэрэгжүүлж, ажилтнуудынхаа хөгжил, байгууллагынхаа тогтвортой өсөлтөд анхаарал хандуулж байгааг бид сайшаан дэмжиж байгаа.
-“Алсын хараа 2050”, “Стандарттай Монгол” зэрэг хөтөлбөрийн зорилтыг хангахад Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа томоохон түлхэц үзүүлж байгаа. Харин Эрдэнэт үйлдвэрт ISO 30400 стандарт хэрэгжүүлснээр ямар соёл, тогтолцоо бүрэлдэж, тогтвортой хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн үндсэн хөдөлгөгч хүч нь ажилтан хүн, уурхайчин хамт олон. Харин ISO 30400 стандарт бол хүний нөөцийн менежментэд чиглэсэн стандарт учраас хамгийн үнэ цэнтэй баялаг болох ажилтнуудаа хэрхэн зөв удирдаж, хөгжүүлж, тогтвортой үр ашиг бүтээх вэ гэдэгт төвлөрдөг. Энэхүү стандарт нь байгууллагын хүний нөөцийн тогтолцоог сайжруулах зорилготой. Зөвхөн нэг удаагийн үйл ажиллагаа биш, харин менежментийн цогц системийг төлөвлөлт, бүрдүүлэлт, гүйцэтгэл, сайжруулалт гээд бизнесийн бүх шатанд нэвтрүүлэхийг зорьдог. Товчхондоо, бид бизнесийн үйл ажиллагааны мөчлөг бүрд энэ стандартыг ашигласнаар, илүү тогтвортой, бүтээмж өндөртэй, зардал, үр ашгаа тооцдог, хэмждэг, тайлагнадаг тогтолцоог бүрдүүлж байгаа юм. Эцсийн дүнд үйлдвэрийн бүтээмж, үр ашиг, өрсөлдөх чадвар, ажилтны сэтгэл ханамж зэрэг бүх үзүүлэлтэд эергээр нөлөөлж, тогтвортой хөгжлийг дэмжих учиртай.
-Энэ стандарт ажилтан хүн бүрд хүрч мэдрэгдэх ёстой, гэж та ярилаа. Ярилцлагынхаа төгсгөлд ажилтнууддаа хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Ер нь үйл ажиллагааны өөрчлөлт хийх, стандарт хэрэгжүүлэх нь чиг үүргийг хэрэгжүүлж байгаа зөвхөн нэг хэлтсийн ажил биш. Нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл. Эрдэнэт үйлдвэрээ олон улсын түвшинд хөгжөөсэй, гэж хүсэж байгаа л бол хүн бүрийн оролцоо шаардлагатай. Бид хүний нөөцөөс гадна хоол үйлдвэрлэл, хууль эрх зүй, авлигын эрсдэл, байгаль орчин, эрчим хүч гээд бүхий л чиглэлд олон улсын стандарт нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Ингэснээр байгууллагын тогтолцоо улс төр, хувь хүний үзэмжээс хамаарахгүй, тодорхой, ойлгомжтой, нээлттэй зарчмаар урагшлах болно. Бид ажилтны санал, хүсэлтийг тогтмол авч, эргээд тэр мэдээлэлд үндэслэн сайжруулалт хийдэг. Ингэхдээ дотоод аудитын тогтолцоогоо ашигладаг. Өөрөөр хэлбэл, байгууллагын аль түвшинд ямар дутуу, сул тал байгааг тогтоож, сайжруулалтын ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг гэсэн үг. Энэ бол стандарт хэрэгжилтийн бодит хэлбэр. Хүмүүсийн хэлдгээр “жижиг, жижиг ахиц том өөрчлөлтөд хүргэдэг” гэдэг шүү дээ. Бид энэ зарчмаар урагшилж байна. Иймээс санал асуулга авах, аудиторууд ярилцлага хийх үед ажилтнууд маань битгий төвөгшөөгөөрэй, илүү нээлттэй, чин сэтгэлээсээ, үнэн зөв хариулт өгч, хамтран ажиллаарай гэж хэлмээр байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.