Хаврын улирал ирж, хайгуул судалгааны ажил эрчимжих энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич, дэд профессор, доктор (Ph.D) Д.Алтанхуягтай уулзаж, эрдэс баялгийн нөөц өсгөх бодлогын хүрээнд ямар ажлууд хийгдэж буй талаар тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэр геологи хайгуулын бодлогоо ямар түвшинд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Гурван түвшинд геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт, Эрдэнэтийн-Овоо орд дээрээ буюу өнөөдрийн ашиглаж буй уурхай дээр. Үйлдвэрлэлийн нөөцийг тодотгож, Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулаад үндсэндээ дууссан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас томилогдсон шинжээчид хараат бус дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Энэ ТЭЗҮ-ийг боловсруулах явцад 2021 онд тогтоогдсон нөөцийн хэмжээнд шинэчлэн, олон улсын стандарт, кодексийн дагуу дахин тооцоолсон байгаа. Сүүлд өрөмдсөн дата, өгөгдөл тус бүрд шинээр судалгаа, хэмжилт хийсний үндсэн дээр уурхайгаас ачилт хийж байгаа хэсэгт ямар эзлэхүүнд ногдох жинтэй хүдэр байна гэдгийг орон зайн тархалтаар оруулж ирж байгаагаараа дэвшилтэт ажил болсон. Үүгээрээ эзлэхүүний жинг илүү бодитой гаргах боломж бүрдсэн. Ингээд үзэхээр нийт хүдрийн нөөц маань гурван тэрбум тоннд хүрч, дахиад нэмэгдсэн тооцоо бий.
-Эндээс олборлож чадах нөөц нь хэд вэ?
-Энэ бол геологийн нөөцийн хэмжээ. Ил уурхай байх эсэхээс үл хамаараад хэвлийд байгаа нийт тоо хэмжээ гэсэн үг. Тэр дундаасаа олборлож, яг авч чадах баттай, бодитой тогтоогдсон үйлдвэрлэлийн нөөц нь хоёр тэрбум орчим гэж үзсэн. Энэ нь уурхайн хүрээ, хил хязгаартаа багтаад, 40 сая тонноор олборлох тооцооллоор 50 гаруй жил гэж ойлгогдоно.
-Ер нь манай Ил уурхай хүрээгээ хэр хэмжээнд тэлэх, хэр зэрэг гүнзгийрэх боломжтой вэ?
-Өмнөх ТЭЗҮ-ээр 905 метрийн түвшин хүртэл гүнд төлөвлөгдсөн байдаг. Харин 2021 онд нөөцийн шинэчилсэн тооцооны үед урьдчилсан үнэлгээгээр 710 метр хүртэл оновчлол хийгдсэн. Өнөөдрийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын судалгаагаар нөөцийг шинэчлэн тооцсонтой холбоотойгоор өнөөгийн ашиглаж байгаа 1160 метр түвшний уурхайн ёроол маань 650 метр хүртэл буюу 500 орчим метр гүнээр доошлох, ингэснээр 5 км урт, 2.2 км өргөнтэй уурхай болохоор харагдаж байгаа. Гэхдээ шинэ ТЭЗҮ батлагдахаар тодорхой болно. Төвийн орд бол үргэлжлээд, зүүн урагш судлагдаад, Завсар хэсэг рүү улам ойртож байна.
-Сүүлийн жилүүдэд Оюутын ордын нарийвчилсан хайгуул, судалгаанд гол анхаарлаа хандуулан, хүчээ төвлөрүүлэн ажиллаж байна. Энэ жилийн хувьд энд ямар ажлууд хийгдэх вэ?
-Бид 2023-2025 онд гүйцэтгэх нарийвчилсан хайгуулын төлөвлөгөөг Ерөнхий инженерээр батлуулахдаа Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэхээр тооцож ажлаа эхэлсэн. Хэдийгээр энэ онд сүүлийн жилийн ажил хийгдэхээр харагдаж байгаа ч хайгаад бүр дуусна гэж ойлгож болохгүй. Хайгуул гэдэг бол юмаа нээж, хайж байгаа учраас явцын дунд төлөвлөгөө өөрчлөгдөх, шинэ шинэ нөхцөлүүд гарч ирдэг. Жишээ нь, гүндээ илэрц гараад байвал 500 метр өрөмдөөд зогсох уу, илүү цааш судлах уу гэдгийг тухайн үед нь шийдвэрлэдэг. Бас хажуу тийшээгээ хүдэр гараад байвал, мөн л төлөвлөөгүй ажлуудыг нэмж хийх шаардлага үүсдэг. Тийм учраас хайгуулыг тогтсон тоогоор урьдчилан төлөвлөж, харах боломжгүй. Энэ жил бид Оюут дээр 10 мянган тууш метр өрөмдлөг хийнэ. Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд дээд талын гүн нь 900 орчим метр байх болов уу. Геологийн даалгавраар ордыг эхний ээлжинд ашиглах хайгуулаа 500 метр орчим гүнтэйгээр судална гэсэн байгаа. Оюутын урьдчилан хүлээгдэж буй үр дүн нь бодитой буюу боломжтой зэрэглэл. Харин зүүн, зүүн урд хэсэгт байгаа биет, илрэлд ирэх оноос бага хэмжээний өрөмдлөгөөр ирээдүйг нь тодруулаад явна.
-Хайгуулын судалгааны явцад археологийн олдворууд нэлээд хэд олдсон. Энэ ямар ач холбогдолтой вэ?
-Өнгөрсөн жил ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 10-аад булш, хиргисүүр тогтоогдсон. Зарим нь хайгуулын шугамын яг голд, хүдрийн дээр байгаа учраас эдгээр зүйлсийг авран хамгаалах, малтлага судалгаа хийж, шилжүүлэн зайлуулах ёстой. Бид МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнд урьдчилсан байдлаар мэдээллээ хүргүүлээд ажиллаж байна. Ер нь археологийн судалгаа, түүхийн, соёлын судалгааг зөвхөн эрх бүхий төрийн өмчийн судалгааны байгууллагууд хийдэг. Энэ их сонирхолтой ажил болно. Учир нь Оюут гэдэг нэртэй холбоотой эртний уурхайн нэг малталт бий. Хар шороон хөрс зузаан үүсэж тогтсоноос үзэхэд 100-аас ч дээш жилийн өмнө малтаж байсан байх магадлалтай, нил ногоон өнгөтэй ухаш байгаа юм. Археологийн судалгаагаар цаг үеийг тогтоох, хүдрийг хаана, яаж боловсруулж байсан юм гэдэг түүхийн баримт эндээс гарах болов уу. Хэрэв булш, малтлагаас түүхэн, өвөрмөц, онцлог зүйл гарч ирвэл улс, аймгийн, бас үйлдвэрийнхээ музейд “Оюутын хайгуул хийх явцад судлагдсан соёлын өв, дурсгалт зүйлүүд” гээд хадгалах учиртай.
-Оюутын орчим өөр сонирхол татахаар юу байна?
-Оюутын талбайн гадна, баруун урд талд элсний жижигхэн карьер байдаг. Оюутын залгаа талбай дотор хуримтлал хэд хэдэн жалгын эрэгт ажиглагдаад байгаа юм. Тийм учраас хайгуулын талбайн үнэлгээ, бусад ашигт малтмал гэдэг үүднээс элсний нөөц тогтоох судалгааг давхар хийнэ. Ирээдүйд тэнд үйлдвэр бий болоход хэрэгцээтэй түүхий эд өөр юу байна гэдэг талаас нь судалгаа хийж байгаа гэсэн үг. Мөн өнгөрсөн жилээс үргэлжлээд хийж байгаа ажлууд нэлээд хэд бий. Жишээ нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ байна. Ургамал, амьтан, ус, хөрс гээд бүгдийг жилийн дөрвөн улиралд судалж байгаа. Намар цаг агаар хүйтрэхэд байгаль орчин, экологийн нөхцөл нь ямар байна, өвөл цасны дээж, агаарын чанарын судалгаа, амьтны мөр гээд судалсан. Одоо хавар ичигсэд хөдлөх, ногоо ургах үеийн судалгаа бас хийгдэнэ. Тэгээд хөрс, ус, цэцэг жимс, нисдэг, мөлхөгчид гээд бүгдийг судлах ёстой. Ерөнхийдөө ордыг ашиглахаас өмнө байгаль орчин ямар байсан бэ гэдэг дээр дүгнэлт гаргуулах ажил явагдаж байна.
-Өнгөрсөн жил Оюутын орд дээр далд нэвтрэлтийн томоохон бүтээн байгуулалт хийгдсэн. Энэ жил нүсэр гэмээр ийм ажил хийгдэх үү?
-Оюутын ордын хамгийн том ажил үндсэндээ 2024 онд хийгдсэн. Манайд зөвлөх компани хоёр жилийн хугацаатай ажиллаж байгаа. Эднийх олон улсын стандартаар хайгуул, нөөцийн хөндлөнгийн хяналт хийх ажлыг гүйцэтгэж байгаа. Мөн хүдрийн төрөл, баяжигдах шинж чанарыг үргэлжлүүлэн судалж байна. Эрдэслэг бүрэлдэхүүн дээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Японы Тохокү, Хонконгийн болон Германы Гётингений бас Подсдамын их сургуулийн хамтарсан баг ажиллаж байгаа. Хамгийн орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хийгдсэн чанартай судалгаанууд эндээс гарна. Харин ноднингийн далд нэвтрэлтээр гаргасан 36 овоолго дээр манай Судалгаа, шинжилгээний хүрээлэн хагас үйлдвэрлэлийн технологийн туршилт хийнэ. Түүнээс гадна 10-аад км хол зайд авто тээвэр явбал өндөр зардалтай байх учраас конвейерын тээвэр төлөвлөж байгаа. Тэгвэл хүдрийг бутлах хэрэг гарах учраас бутлахад нь ангилан ялгах боломжтой эсэхийг давхар судална. Өөрөөр хэлбэл хүдэр дотор хүдэргүй чулуу ороод ирвэл ялгана гэсэн үг. Ийм технологи олон улсад нэвтэрснийг малталтаас гаргасан хүдэртэй овоолгууд дээрээ илүү үр ашигтай байх талаас нь эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил хийх бодит талбар бий болсон.
Түүнээс гадна өмнө нь олон геологичдын судалсан Цагаанчулуут, Зөөхийн гол, Могойн гол, Хужрын гол гээд хэтийн төлөвтэй хэд хэдэн талбай бий. Энэ талбайнууд руу гарч ажиллах шаардлага үүснэ. Ялангуяа Цагаанчулуутын даралт, температур, чулуулгийн хувирал зэргийг хараад барууны судлаач нар гүндээ байх магадлалтай гэж таамагладаг. Энийг батлах, гүний өрөмдлөг хийж үзэх шаардлагатай.
-Монголын геологичдын чуулган саяхан боллоо. Энд хайгуулын ажилд хиймэл оюун ухаан ашиглах талаар хөндсөн. Энэ боломжтой юу?
-Дэлхий нийтийн чиг хандлага бүх салбарт хиймэл оюуныг ашигласаар байна. Хүн төрөлхтөн маш том дата баазтай болсон. Маш их өгөгдөл бидэнд хуримтлагдсан ч бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэтийн талбай дээр хиймэл оюун ухаан ашиглаж, зардал хэмнэсэн, дэвшилтэт технологиор хайгуул хийх тухай тусгагдсан. Үүнийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Эрдэнэт үйлдвэр шинэ технологид онцгой ач холбогдол өгч, түүчээлдэг шүү дээ. “Монголын геологи хайгуул 2025” чуулган дээр “Минерал-Х” компанийг үүсгэн байгуулагч, Стэнфордын их сургуулийн профессор Жеф Каэрс хайгуулд хиймэл оюун ухаан ашиглах талаар илтгэл тавьсан. Тодорхой ордуудыг хиймэл оюунаар бодитой нээхэд оролцсон хүн л дээ. Эрдэнэтийн талбайд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн, урьдчилсан байдлаар уулзалтууд хийсэн. Бид энэ чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргасан байгаа.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

1

0

0

0

0