Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг

Эрдэнэт үйлдвэрийн “Шилдэг ажилтан”, Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн Хүнд даацын машины жолооч Батхүрэлийн Энхтүвшинг зочны хоймортоо урьж ярилцлаа.

Үг дуу цөөнтэй энэ эрийн хариулт ердөө, инээх, толгой дохих гэхэд хилсдэхгүй. БелАЗ-ынхаа кабинд олон жил ганцаараа явахаар ийм дуугүй болчихдог юм уу? гэхээр тэр, “Багын л яриа муутай хүүхэд байсан юм” гээд инээх. Харин түүний туулсан зам, тээвэрлэсэн хүдэр, хариуцсан техникээ чадварлаг эзэмшсэний үр дүнд хэмнэсэн мөнгөний хэмжээ хэний ч өмнө чанга дуугарахаар том. Б.Энхтүвшин БелАЗ-75131 загварын 130 тонны даацтай өөрөө буулгагч автомашинаар экипажийн нөхдийн хамт үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт даалгаврыг өнгөрсөн онд 100,6 хувиар биелүүлж, нийт 643181.29 м3 уулын цул тээвэрлэсэн байна. Ингэхдээ 7165041.23 тн.км ачаа эргэлт хийж, дугуйг нормоос 138195 км илүү гүйлгэж, үйлдвэрт 33.3 сая төгрөгийн хэмнэлт гарган ажиллажээ. Тэрээр үндсэн ажлаа чанартай хийхийн зэрэгцээ бүтээмжийн чиглэлээр санаачилгатай ажиллаж, уулын технологийн тээврийн автомашинуудын гараашны дугаарууд шөнийн ээлжийнхэнд харагдахгүй байсныг нэмэлтээр гэрэл хийн, асуудлыг шийдвэрлэсэн, сэтгэлтэй ажилтан юм. Б.Энхтүвшин энэ тухайгаа ярихгүй. Гэсэн ч хийсэн ажил, бүтээсэн бүхэн нь түүний өмнөөс “ярьж”, үнэлэхэд хүргэдэг. 

Ингээд шилдэг ажилтантай цөөн хором хөөрөлдлөө.

-Ээлжээс буугаад амарч байна уу? 
-Ажилдаа орой гарна даа. Ээлжинд 17 жил ажиллалаа. Ажлаас бууж ирээд унтана, ажилдаа гарна гэж унтана. Амьдралын энэ л хэв маягтаа дасчхаж дээ. Бие, сэтгэлээ сайн амраасан байхад анхаарал алдах, зүүрмэглэх асуудал үгүй. 
-Уулын технологийн тээврийн хэсэг хэдэн ажилтантай вэ? 
-260 хүнтэй. Үндсэн, туслах, амраагч нийлээд 50 гаруй жолооч дөрвөн ээлжээр ажиллаж байна. Би 130 тонны БелАЗ-75131 барьдаг. 
-Нэг экипажийн хүмүүс амь сэтгэл нэгтэй байдаг уу? 
-Тэгэлгүй яах вэ. Машин тэргээ нэг хүн шиг гамтай эзэмшиж байж, зогсолтгүй ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө нормоо сайн биелүүлнэ шүү дээ. Миний шилдэг ажилтан болсон маань экипажийн амжилт гэж хэлж болно. Машин хүлээлцэхдээ нэг болохгүй байгаа зүйлийг нуулгүй бие биедээ хэлэх ёстой. Гэмтэл доголдлыг тэр дор нь засварлах нь машинд ч, бидэнд ч хэрэгтэй. 
-Тээвэрт явж байхад машин доголдвол өөрсдөө аргалах уу, заавал засварын баг дуудах уу? 
-Эвдрэлээс шалтгаална. Ойр зуурын, өөрөө аргалчихаар догол байвал засчихна. Болохооргүй юм байвал засварын хэсэг, цахилгаанчин дуудна даа. Ш.Болорсайхан мастертай Засварын хэсгийнхэн засвар үйлчилгээг сайн хийж өгснөөр зогсолт багатай ажилладаг. Мөн бид “тоо” гэж нэрлэдэг, бүтэн найман цагаар зогсоож, үйлчилгээ хийдэг багийнхны маань ажлын үр дүн харагддаг. 
-Сүүлийн үед манайх “Комацу”-гаар парк шинэчлэл хийж байна. Унаж үзэв үү? 
-Үзээгүй ээ. Манай жолооч нарын ярих нь, дуу чимээ багатай, явдал зөөлөн, тав тухтай, илүү даацтай л гэх юм билээ. 
-Хүнд даацын автомашины жолоочийн ур чадвар хаана харагддаг вэ? 
-Техникээ сайн эзэмшсэн байдлаас харагдана. Экскаватортойгоо дохиогоор хэр зэрэг ойлголцон хөдөлж байгаагаас ч мэдрэгдэнэ. Зам дээр чулуу хаана байна, хаагуур нь тойрч гарах вэ. Дайрах юм бол дугуйнд халтай. Жолооч нар богино долгионы станцаараа байнга холбогдож ажилладаг. “..тэд дүгээр экскаватороос тэдэн рейс явна” гээд л хоорондоо ярина. Нэгнийхээ араас явж байгаад харахад дугуйнд нь чулуу хавчуулагдсан, тос гоожсон байвал станцаараа анхааруулж хэлнэ. Засвар үйлчилгээ хэрэгтэй бол дуудаж өгнө. Хүнд даацын автомашины жолоочийн ур чадвар багийн ажиллагаанд ч харагдана. 
-Машиндаа ганцаараа олон цаг ажиллах амаргүй санагдах юм. Анхаарлаа голдуу юунд төвлөрүүлдэг вэ? 
-Гэр бүл, найз нөхдөдөө тохиолдсон голдуу хөгжилтэй зүйлийг бодоод, ганцаараа инээгээд л явж байдаг даа. Заримдаа үр хүүхдүүдийнхээ ирээдүйг сайн сайхнаар мөрөөдөж төсөөлнө. Дотор хүнтэйгээ ярилцана. Ажил, амьдралаа төлөвлөнө. Нэг үгээр хэлбэл өөрийгөө чагнах орон зай, бясалгал болдог гэх юм уу даа. 
-Гэр бүлээ танилцуулж болох уу? 
-Болно оо. Миний эхнэрийг Д.Ундармаа гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Бид арван жилийн сурагч байхаасаа үерхэж, гэр бүл болсон. Манай зэргэлдээ ангийн охин байсан юм. Бид ханилаад 22 жил болж байна. 
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 
-Гурван хүүхэдтэй. Том хүү маань оюутан болсон. Японд “IT” чиглэлээр сурч байгаа. Дараагийнх нь охин. 14-р сургуулийн долдугаар ангид сурдаг. Бага хүү маань 19-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Би сайн аав байхыг үргэлж хичээдэг. Хоол унд, угаалга цэвэрлэгээ, хүүхдүүдийн хичээл гээд гэрийн бүх ажилд эхнэртэйгээ эн тэнцүү үүрэг хүлээж оролцохыг зорьдог. Завгүй гэвэл бүгд л ажилтай шүү дээ. Ер нь хүүхдүүддээ муухай харагдахыг хүсдэггүй гэх үү дээ. Зөв хүн, сайн аав байхын төлөө хичээдэг. 
-Гэр бүлийн уур амьсгал ажлын амжилтад чухал нөлөөтэй гэдэгтэй санал нийлэх үү? 
-100 хувь нийлнэ. Ажилдаа гарахад сайхан үгээр үддэг, ээлжээс буугаад ирэхэд сайхан амрааж чаддаг хань дэргэд байна гэдэг маш чухал. Бие биедээ итгэж, итгэснийх нь хариуд хичээдэг байхад гэр бүлд асуудал үүсэхгүй. Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг. 
-Гэр бүлээс дутуугүй, хамт олныхоо талаар юу хэлэхсэн бол..? 
-Хамт олон гэдэг, хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Ажлын байр бол бидний хоёр дахь гэр шүү дээ. Манайд голдуу эрчүүд ажилладаг болохоор тоглож маазрах нь хүртэл хатуу. Гэхдээ чин үнэн түшиг мэдрэгддэг. Энэ жилээс би багшлах эрхтэй болсон. Олон сайхан залуусыг сурган дадлагажуулж, өөрийн гэсэн шавьтай болно гэж бодож байгаа. 
-Том зургаар харвал Эрдэнэт үйлдвэр танд юу өгсөн бэ? 
-Сайхан амьдрал өгсөн. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
2
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %