Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Холбоо, дохиолол хяналтын хэсгийн дарга М.Мөнхбаяраас радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэх талаар тодрууллаа.
-Манай Холбоо, дохиолол хяналтын хэсэг таван групптэй үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр группийн нэг нь Радио холбооны групп байдаг. Энэ групп Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн технологийн удирдлагын радио холбоо, Дотоодын цэргийн харуул хамгаалалт, Ус хангамжийн цех гэх мэт алслагдсан объектуудын радио холбоо, дахин дамжуулах станцуудыг хариуцан ажилладаг. Мөн Ил уурхайн Өрмийн машин, бульдозерь, Белаз зэрэг хүнд даацын машин механизмын радио холбоог хариуцан, холбооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг нь хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгж, хэсгүүдэд ашиглагдаж буй радио станцуудад давтамж сувгийг зөвшөөрөлтэй долгион дээр зохион байгуулах, техник үзүүлэлт дээр тогтмол хяналт тавих, тохиргоо суурилуулалт хийх зэрэг ажил гүйцэтгэдэг. Өнгөрсөн онд манай Холбоо, дохиолол хяналтын хэсэг, радио холбооны тоон системийг хэсэгчлэн нэвтрүүлэх ажлын хүрээнд техникийн даалгавар боловсруулсан. Энэ онд эхний хэсгийн төхөөрөмжүүдийг үндсэн хөрөнгөөр худалдан авахаар цехийн захиалгад оруулснаар оны эхний улиралд “ТЕТРА” тоон радио системийн “MTS4” бааз станц нийлүүлэгдээд байна. Одоогоор ханган нийлүүлэгч компани Тоон радио системийн тоног төхөөрөмжийг Тээвэр, ложистикийн төвд буулгаад байна. “Ньютелеком” болон “Моторола Сольюшн” компанийн дөрвөн мэргэжилтэн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх, Нунтаглан баяжуулах, Өөрөө нунтаглах хэсгүүдэд нэг сарын хугацаанд суурилуулалтын ажил хийхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ Тоон радио холбооны систем нэвтрэхтэй холбогдуулан Тоон радио холбооны радио давтамж ашиглах эрхийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авахаар Мэдээллийн технологийн хэлтэстэй хамтран бичиг баримтыг боловсруулан хүсэлтээ өгөөд байна.
-Тоон систем нэвтрүүлсний ач холбогдол юу вэ?
-Манайд одоо ашиглаж буй радио холбооны аналоги систем нь хамгийн сүүлд 1996 онд техникийн шинэчлэлт хийгдсэн. Тухайн үеийн дэлхийд тэргүүлэгч “Motorola”, “Kenwood”, “Yaesu”, “Senao” фирмийн богино долгионы станцуудаар үйлдвэрийн радио холбоог сайжруулж байсан юм. Сүүлийн үед радио долгион ашигладаг төхөөрөмжүүд ихэссэн, мөн уурхайн гүн нэмэгдсэн зэргээс аналоги станцуудын ажиллагаа доголдож гаднын нөлөөлөлд автах, шуугих, холбоо барих боломжгүй болох зэрэг саатал ихээр тохиолдох болсон. Аналоги систем нь шуугианы түвшин их, нууцлал муу, хэрэглэгчийг хянах боломжгүй тул радио станцууд алдагдсан тохиолдолд дурын хэрэглэгч интернэт дэх үнэгүй программ ашиглан тухайн сувагт тохируулж технологийн ярианд хандах, чагнах магадлалтай, мөн гаднын нөлөөлөлд амархан өртдөг. Нэгдсэн нэг системгүй олон салангид сүлжээ үүсгэн ашиглаж байгаа учир хэрэглэгчийг хянах боломжгүй, аль нэг хэрэглэгчийн радио станцын гэмтлийн улмаас сүлжээнд өгсөн нөлөөлөл нь бусад хэрэглэгчдэд холбоо барих боломжгүй нөхцөл байдалд хүргэдэг. Энэ мэт дутагдалтай талыг тоочоод баршгүй. Иймээс технологийн холбоог сайжруулж шинэчлэх шаардлагатай болсон. Дэлхийн холбооны хөгжлийн чиг хандлага тоон системд шилжиж аналоги систем үйлдвэрлэлээс шахагдан гарч байгаа тул ихэнх үйлдвэрлэгчид шинээр үйлдвэрлэхээ больсон. Тиймээс капитал засвар хийгдсэн, эсвэл дуураймал, чанаргүй радио станцууд нийлүүлэгдэх болсноор сүүлийн жилүүдэд ашиглалт даалгүй амархан эвдэрч, радио холбооны шуурхай үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл гарч байна. Өнөө үед техник, технологи өндөр хөгжиж, дэлхий нийтээр тоон радио холбооны системд 2005 оноос эхлэн шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл хөгжлөө дагаад Тоон радио холбооны системд шилжиж байгаа юм. Бид 2026 оноос эхлэн тоон радио холбооны “Тетра” системийг хэсэгчлэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд Баяжуулах үйлдвэрийг Тоон радио холбооны системд шилжүүлнэ. Дараагийн ээлжинд Ил уурхай болон шаардлагатай цех, нэгжүүдэд суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тоон радио систем нэвтрүүлснээр:
-Нийт радио станц хэрэглэгчид диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангагдана.
-Хэрэглэгчдийг цех хэсгийн хүсэлтийн дагуу группүүдэд хуваарилах, хянах боломжтой.
-Ярианы чанар, нууцлал өндөр түвшинд хангагдана. Үйлдвэрлэлийн процессын дагуу ярианы бичлэг хийх, бичлэгийн архив үүсгэх боломжтой.
-GPS-ээр хэрэглэгчийн байршил тогтоох, ослын дуудлагын функц, хэрэглэгчийн дугаарлалт, групп хэрэглэгчдэд өгөгдөл дамжуулах, үйлдвэрийн дотоод холбооны дугааруудтай холбогдох зэрэг олон функциональ боломжууд бий болно.
-Үйлдвэрийн осол аваар, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой осол гэмтэл дээр ажиллаж байгаа албан хаагчдын байршил, хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцыг хянах боломж бүрдэнэ.
-Гамшгийн үед бүх хэрэглэгчдэд нэгдсэн мэдээлэл шуурхай хүргэх, гэх мэтчилэн маш олон боломжууд нээгдэх юм.
-Ямар тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх вэ?
-Бид радио холбооны 3-4 тоон системийг харьцуулаад “Тетра” систем манайд тохиромжтой гэж сонгосон. Одоогоор бид “Motorola” фирмийн “Тетра” системийн “MTS4” бааз станцыг эхний ээлжинд үйлдвэрлэлийн орчинд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Учир нь транкинг систем тул олон хэрэглэгч группүүд болгоны яриа нь аль сул чөлөөтэй гарцаараа дамжих боломжтой юм. Радио станцууд нь орчин үеийн төхөөрөмжүүдэд хэрэглэгдэж байгаа “LION” төрлийн батарейтай учир цэнэг хурдан авдаг, овор багатай, дутуу цэнэглэх, цэнэг алдалтад тэсвэртэй. Одоо ашиглаж буй аналоги станц нь “NIMH”, “NICD” төрлийн батарейтай болохоор дутуу цэнэглэх , цэнэг алдалтад мэдрэг, буруу ашиглалтаас шалтгаалж удаан цэнэглээд байхад л хэсэгхэн ажиллаад батарей нь цэнэг шавхагддаг тул ажлын шаардлага хангахгүй байгаа. Тэгэхээр тоон системд шилжсэнээр батарей ашиглалтын хугацаа уртасна. Аюулгүй ажиллагааны хувьд ахиц гарна. Өөрөөр хэлбэл хэн гэгч хүн хаанаас ямар мэдээлэл өгч байгаа нь тодорхой харагдана. Оператор хүмүүсийн үйлдлийг хянах боломжтой. Мөн тэр хүн хаанаас ярьж байгааг харах боломж бүрдэнэ гэсэн үг. Шатамхай, тэсэрч дэлбэрэх бодистой орчинд ашиглах зориулалт бүхий радио станц бас энэ системд байдаг. Иймээс “Тетра моторола” гэдэг системийг сонгож, суурилуулалтын ажил эхлээд байна.
-МТS4 “Тетра моторола” системийг суурилуулж ажиллуулах мэргэжилтнүүд сургалтад хамрагдсан гэсэн. Энэ талаар..?
-Манай үйлдвэрт нэвтрүүлж буй шинэ систем учраас радио холбооны группийн ажилчдыг сургалтад хамруулах шаардлагатай байсан. Үүний дагуу техникийн бичиг баримтыг боловсруулахдаа гадаадад, үйлдвэрлэгч оронд радио холбооны тоон системийг суурилуулахтай танилцах талаар техникийн даалгаварт нь оруулж өгсөн. Иймээс тухайн компанийн зардлаар БНХАУ-ын Бээжин хотын “Моторола сольюшн” компанид манай хэсгийн дөрвөн ажилтан, Мэдээллийн технологийн хэлтсийн мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан хоёр мэргэжилтэн сургалтад хамрагдсан. Энэ хүмүүс таван өдрийн сургалтад хамрагдаад ирлээ.
-Уг системийн давуу тал юу вэ?
-Тоон радио холбооны МТS4 “Тетра моторола” систем нь хамгийн том багтаамжтай. Нэг зэрэг олон хүн ярих боломжтой. Саатал гацалтгүй. Интернэт сүлжээний орчинд Үндсэн сервер станцтай холбогдож ашиглах өргөн боломжтой. Суурин утастай ч холбогдон ажил үйлчилгээ явуулж болно гэсэн үг.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Ирэх оноос үйлдвэрийн хэмжээнд Галын автоматын нэгдсэн системийг шинэчилнэ. Хяналтын камерын хяналттай нэгдсэн системийг судалж байна. Уг системийг нэвтрүүлснээр гал гарахаас урьдчилан сэргийлэх хяналт сайжирна. Өөрөөр хэлбэл, Галын автоматын тоон системд шилжсэнээр яг хаанаас, аль өрөөнөөс галын эх үүсвэр гарах гэж буйг урьдчилан хянаж, харах боломж бүрдэх юм.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.