Энэ буландаа бид Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Хуулийн хэлтсийн хуульч Дашдоржийн Гансүхийг урилаа. Ажиллах хугацаандаа тэр 58 тэрбум төгрөгийн авлага барагдуулсан байдаг. Аудитын газраас ирсэн шалгалтын хүмүүс “Та ямар шагнал авдаг хүн бэ?” гэж асууна. Хариуд нь тэр, ямар ч шагнал урамшил авдаггүй ээ. Ажлаа хийж, цалингаа аваад явдаг гэх. Тэд, “Эрдэнэт үйлдвэрээр таныг нэг шагнуулчих юм сан” гээд буцах жишээтэй. Авлага барагдуулдаг ажил мэргэжил гэж байхгүй. Харин эрх зүйч Д.Гансүх мэргэжлийн ур чадвар гарган Эрдэнэт үйлдвэрийн авлагыг барагдуулах ажлыг хийж яваа юм. Аливаад чин сэтгэл гарган ажиллавал амжилтад хүрдгийн бодит жишээ болсон түүнтэй уулзаж ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болсон баярт мөчид танд ямар сэтгэгдэл төрж байв? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү.
-Мэдээж, сэтгэл маш хангалуун байсан. Эрдэнэт хэмээх 7000 гаруй ажилчинтай энэ том үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болно гэдэг нэр төрийн хэрэг. Ховор тохиолдол. Энэ үйлдвэрийн авлага хариуцсан хуульчийн амаргүй ажил хөдөлмөрийг минь үнэллээ гэж бодсон. Ер нь Эрдэнэт үйлдвэрээс алдагдсан мөнгийг олж ирж, хохирлыг барагдуулах нь хамт олноос нэлээн хүч хөдөлмөр, ажлын арга туршлага шаарддаг. Энэ ажлыг баг хамт олны хүчээр хийж ирсэн. Биднийг удирдан чиглүүлж ажилласан Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн үе үеийн удирдлагуудын хүч хөдөлмөрийн үр дүн надад “Аварга”-ын алдар хүнд болж ирлээ гэж бодогдсон шүү.
-Та ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлсэн бэ? Таны намтар түүх манай уншигчдад сонин байж болох юм.
-Би улсад 33 жил ажиллаж байна. Говь-Алтай аймагт төрсөн. Нийслэлийн 10 жилийн 45-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын түүхийн ангийг түүхч мэргэжлээр, “Түшээ” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Герман улсын Залуучуудын дээд сургуулийг төрийн удирдлагын эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Анх их сургууль төгсөөд ангиасаа ганцаараа МХЗЭ-ийн Төв хороонд хуваарилагдаж байлаа. Тэгээд эвлэлийн ажилтан болсон. Дараа нь Сэлэнгэ аймгийн ХЗЭ-ийн хороонд анхан шатнаас нь аймгийн үзэл суртлын хэлтсийн дарга, Залуучуудын холбооны дарга хүртэлх албыг хашсан. 1990-ээд оны зах зээлийн шилжилтийн үед олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон учраас “Алтанбулаг” компанийн орлогч даргаар ажилласан. Хувийн аж ахуй эрхэлсэн гэсэн үг. Тэгээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Сэлэнгэ Хөх чоно” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж, тариа тарилаа. Энэ хугацаанд мөнгөтэй болохын тулд ОХУ руу тэжээлийн будаа зөөсөн. Тэндээс сэлбэг материал оруулж ирдэг байлаа. Жаахан мөнгөтэй болонгуутаа зоогийн газар, зочид буудал нээж, жолооны курс ажиллуулж эхэллээ. Газар тариалан эрхэлж найман жил тариа тарьсан. Зургаан жилд нь үр ашигтай ажилласан шүү. Дараа нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлогч даргаар дөрвөн жил ажилласан. Орлогч даргын ажил үүргийн хуваарьт өр авлага барагдуулах ажил байдаг. Нийгмийн даатгалын өр авлагыг аж ахуйн нэгжүүдээр явж авдаг байсан юм. Энэ нь надад бас нэг ажлын туршлага суулгасан санагддаг.
-Миний хань Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророор томилогдож, манайх Эрдэнэтийн айл болсон. Би нэг хэсэг ажилгүй явлаа. Ажил хайлаа. Тэгээд Эрдэнэт үйлдвэрт гэрээт өр авлага барагдуулагчаар ажилд ордог юм. 2012 онд Ч.Ганзориг захирлын үед л дээ. Хурандаа Д.Рэнцэннацаг гуай бид хоёр нэг өрөөнд хоёулаа өр авлага барагдуулагчаар ажиллаж эхэлсэн. Энэ хүнээс чамгүй их юм сурсан шүү. Бид цалин авахгүй. Харин барагдуулсан авлагаасаа хувь авна. Надад, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал 10 компаниас авлага барагдуулах үүрэг өгдөг юм. Энэ ажлыг сайн хийсэн болохоор авлага хариуцсан хуульчийн шинэ орон тоо гаргаж, ажилд авсан түүхтэй.
-Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн авлага хэр байсан бэ?
Их байсан. 12 хүний бүрэлдэхүүнтэй Өр авлага барагдуулах алба байгуулагдсан. Намайг албаны даргаар томилсон юм. Манай үйлдвэрийн хангамжийн хэлтсийн найман менежер хамтран ажиллах болсон. Тэднийг тавьсан өр авлагаа өөрсдөө барагдуул гэсэн үүрэг чиглэл өгөгдсөн л дөө. Ингээд 160 компанид холбогдох 61 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах ажлыг хариуцан ажиллаж эхэлсэн дээ. Манай алба хоёр жилийн хугацаанд 37 тэрбум төгрөгийн авлага барагдуулж 102 компанийн авлагыг бүрэн барагдуулсан. Нийт авлагын 70 хувийг нь хаасан учраас та хуулийн хэлтэстээ шилжин ажиллаж, үлдэгдэл авлагыг хариуцан барагдуул гэлээ. Энэ үеэс өнөөг хүртэл тус хэлтэстээ миний бие авлага барагдуулах хуульчаар ажиллаж байх шив дээ.
-Хүмүүс хоорондын харилцаан дээр ажил, амьдрал өрнөдөг. Мэдээж, хууль сахиулж ажиллах амаргүй. Мэдлэг боловсролтой, арга зальтай олон хүнтэй харьцана. Хөгтэй хөгжилтэй, сургамжтай хэрэг явдал их гарч байв уу?
-Гаралгүй яах вэ. Анх, гэрээ хийсэн компаниуд руу мөнгөө өгөөрэй гээд л утасдана. Ихэнх нь “за”, гээд л алга болчихно. Араас нь мөрдөж мөшгөж явна. Гэр орон, ажлын газраар нь очиж уйгагүй хөөцөлдөнө. Тухайн үед их хариуцлагагүй, гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө өгөхдөө барьцаа хөрөнгө авахгүйгээр бэлэн мөнгө зээлээр өгөөд явуулчихдаг байж л дээ. Ихэнх нь бараа, материалаа цаг хугацаанд нь гэрээний дагуу нийлүүлдэг байсныг үгүйсгэхгүй. Гэвч нэг сая 500 мянган ам.доллар аваад алга болсон хүн байсан гээд бод доо. Энэ хүмүүсийн араас уйгагүй явж уулзана. Тодорхой хугацаанд өрөө барагдуулах шаардлага тавьж, протокол хөтөлж албажуулдаг байлаа.
-Хугацаандаа өрөө барагдуулахгүй бол хуулийн байгууллагад шилжүүлэх талаар танилцуулна. Хэрвээ хуулийн байгууллагад шилжүүлсэн тохиолдолд та заавал биелүүлэх үүрэг хүлээнэ гэдгийг ойлгуулна. Тэр бүү хэл таны нэр хүндэд халдахаас өөр арга зам алга. Хэвлэлээр зарлана. Таныг эрэн сурвалжилна. Шүүхэд өгнө. Ийм байдлаар та өрөө төлөх юм уу. Аль эсвэл цаг хугацаа алдахгүй төлөх юм уу гэх мэтийн шаардлага тавьж ажилладаг байлаа. Зарим нь авсан мөнгөө хувьдаа ашигласан нь таарах. Наймаа хийж яваад шатсан нь ч байх. Үнэхээр шатсанаа хууль эрх зүйн шаардлага хангасан баримтаар тогтоосон хүмүүст арай уян хатан хандана. Манай үйлдвэр танаас заавал мөнгө авахгүй. Та үйлдвэрт хэрэгцээтэй бараа материалаар өрөө төл гэсэн шаардлага тавина. Нэгдүгээрт, бэлэн мөнгөөр өрөө төлөх хүн нэн ховор байсан. Хоёрдугаарт, энэ ажлыг хийхэд учир дутагдалтай нь цаасан дээр хэдэн нэрс, хийсэн гэрээнээс өөр юм байхгүй. Заримынх нь хаяг тодорхойгүй. Бид цаасан дээрх тодорхой бус юмыг амь оруулж, буух эзэн, буцах хаягийг нь тогтоосон.
-Манай хэлтсийнхэн, “та мөн ч олон удаа өрөөндөө өндөр дуугаар хүмүүстэй харьцсан шүү” гэдэг. 2000-2015 оны хоорондох 15 жилийн насжилттай авлагыг барагдуулж ажилласан. 2018 оноос хойш манайх урьдчилгаа мөнгө өгөхөө байсан. Үүнээс хойших өр авлага бол гэрээний үүрэг хариуцлагатай холбоотой. Тендер зарладаг болсон. Торгууль, алданги тооцох болсон гэх мэт ялгаатай. Эрдэнэт үйлдвэр авлага барагдуулах журам гаргаж баталсан. Авлагыг хэрэгжүүлэх цогц арга хэмжээний дагуу ажилласан. Шүүхийн өмнөх шатанд нэг барагдуулна. Шүүхийн шатанд шийдвэр гаргуулж барагдуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн түвшинд барагдуулах гэсэн гурван үе шаттай. Энэ бүхэнд цаг хугацаа их ордог. Олон янзын урт процесс явагддаг. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэлийн албаныхантай хамтран ажиллаж, тухайн хүний гэр орноор нь орох, хөрөнгийг нь битүүмжлэх гээд их ажил хийсэн.
-Тухайн үед дээр, дороос дарамт шахалт их ирнэ. Ерөнхий захирлынхаа өрөөний үүдэнд хүнд боолгуулаад унаж л байлаа. “Эрдэнэт үйлдвэр хэзээ араас ингэж утасддаг байлаа. Энэ нөхөр хэн гэгч, хаанаас гараад ирэв”, гээд л судалдаг шиг байгаа юм. Энэ бүгдийг нэг бүрчлэн яривал цаг их орно. Эрэн сурвалжлах шийдвэр гаргуулсан хүн монголоос олдохгүй. Тухайн хүнийг төмөр замаар, онгоцоор хил дээр ирэхэд нь хууль хүчний байгууллагаар саатуулж барих жишээтэй. Эрдэнэтээс цагдаатай очиж, нөгөө хүнээ авчирч байсан түүх ч бий. Энэ ажлыг хууль хяналтын найдвартай ар талтай тулдаа л хийж байсан шүү. Намайг судалдаг байсан тухай би дээр дурдсан. Энэ нөхөртэй зүй бусаар харьцвал болохгүй гэдгийг мэдсэн л байдаг юм.
-Таны хийж ирсэн ажлыг хөндлөнгөөс харж явсан болохоос нарийн ширийн юмыг нь мэддэггүй байж. Их ажил амжуулсан танд баяр хүргэмээр санагдлаа.
-Баярлалаа.
-Тэгвэл та Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаасаа ярихгүй юу?
-Эрдэнэт үйлдвэртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийн дагуу урьдчилгаа мөнгө авч, гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч, үйлдвэрт авлага үүсгэсэн 5-15 жилийн насжилттай 161 хуулийн этгээдэд холбогдох 60,8 тэрбум төгрөгийн авлага барагдуулах ажлыг хариуцан ажилласнаар 2012-2024 онд 58,3 тэрбум төгрөгийн авлагыг бодитоор барагдуулан, 120 хуулийн этгээдийн авлагыг бүрэн барагдуулж хаасан. 2024 онд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль зөрчсөн 43 компанийн 57 гэрээг цуцалж, Сангийн яамны улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, 28 компанийн гэрээний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх ажлын хэсэгт орж ажилласан. Энэ нь гэрээний үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм л даа.
-Хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллах, авлага барагдуулахад юунд анхаарал тавьж ирэв. Сургамжтай жишээ баримт дурдахгүй юу?
-Нэг компанийн захирал утсаар надад, “өгөх юм байхгүй” гээд томроод болдоггүй. Тэгэнгүүт УБ-т очоод уулзсан чинь бөөн хөрөнгөтэй нөхөр байдаг байгаа. Ланд 200 машин хөлөглөчихсөн. Олон юм яриад байхаар нь машиных нь түлхүүрийг нь авчихлаа. Уг нь шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд ийм үйлдэл хийж болохгүй л дээ. Тэгээд хугацаа заагаад мөнгөө төлөөд машинаа ав гэж шаардлаа. Машиныг нь Төлөөлөгчийн газар унаж аваачаад тавьчихсан. Нөгөө нөхөр гурав хоногийн дараа залгаад машинаа өгөхөөр болдог юм. Тэр дор нь хүсэлтийг нь протокол хөтөлж баталгаажуулаад Эрдэнэт рүүгээ машиныг нь унаад ирсэн дээ. Эрдэнэт үйлдвэрт “Строй инвест” компани 9,8 тэрбумын өртэй байлаа. Тус компаниас үйлдвэрийн хэсэгт байршилтай таван барилгыг нь өрөнд авсан. Хэдий харуул хамгаалалттай боловч энд тэндээс нь юм алга болчих гээд тэр байрыг ашиглалтад ортол би, ажлынхаа хажуугаар эргэж тойрч явлаа. Одоо манай үйлдвэрийн хэд хэдэн бүтцийн нэгж энэ байранд үйл ажиллагаа явуулж байна. Өргөн утгаараа зарим бүтцийн нэгжийн ажлын байрны нөхцөлийг сайжруулж, шийдэж өглөө гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд 87 айлын орон сууцыг авлагад тооцож хурааж авсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил, Дэнж баг, Уурхайчин баг, Эко хороолол, Улаанбаатар хотын Буянт-Ухаа гээд олон байршилд. Эдгээр орон сууцууд ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд тодорхой дэмжлэг болсон. Мөн шинэ болон шинэвтэр 13 машиныг хотын компаниудаас өрөнд нь тооцуулан хурааж авчирсан. Одоо жижиг хар тэргүүд, ажилчдын автобусны цувааг гуперлэж явдаг пикап гээд машин явж л байна. Парк шинэчлэлт хийсэнтэй ялгаагүй.
-Хоёр кэйс ярья. Улсын мөрдөн байцаах газар бидний гомдлын мөрөөр манай үйлдвэрт нэг сая 500 мянган ам.долларын өртэй И.Ж гэдэг хүнийг хорьчихдог юм. Тэр хүн бие муутай. Өмгөөлөгч нь яриад байдаг. Энэ үеэр тэр хүнтэй “Ганц худаг”-т өмгөөлөгчийнх нь хамт очиж уулзлаа. Шилний цаанаас хоёулаа ярилаа. Ганц болзол байна. Өрөө барагдуулчихвал манайх Улсын мөрдөн байцаах газар гаргасан гомдлоо татлаа. Та ял эдлэхгүй болно. Хэрвээ энэ болзлыг биелүүлэхгүй нөхцөлд та хуулиараа ял ч эдэлнэ, өрөө ч барагдуулна гэсэн шаардлага тавьсан. Тэр хүн долоо хоногийн дотор өрөө барагдуулсан. Тухайн үед Улсын мөрдөн байцаах газрын дарга Д.Батсүх гэж хүнд хүсэлт гаргаж, Ц.Даваацэрэн захиралтай ярьж байгаад, гаргасан гомдлоо эргүүлэн татсан. Тэр хүн их баярласан даа.
Нөгөө нь Ж.Ж гэж хүн манай үйлдвэрт 750 мянган ам.долларын өр тавьсан байдаг юм. Байнга архи уудаг нөхөр. Ярихаар нэг компаниас газрын төлбөр нэг сая ам.долларын авлагатай гэдэг. Энэ мөнгө ороод ирвэл өрөө барагдуулах юм ярьсаар байгаад тэр хүн нас барчихсан. Нас барчихсан хүнээс юу олж авах вэ дээ. Гэвч надад нэг совин татаад болдоггүй. Тэгэнгүүт нь гомдлын мөр нөгөө компанийн захиралтай уулзъя гэж бодогддог юм. Ц.Даваацэрэн захирлаас зөвшөөрөл аваад явлаа. Мань хүн юу гэж өгөх вэ дээ гээд үлдлээ. Тэр хүнийг хүлээн байж нэг юм уулзлаа. Учир байдлаа нэг бүрчлэн тайлбарлалаа. Талийгаач танайхаас авлагатай. Тэр мөнгөө авахаар манайд өгье гэдэг байсан гэв. Урдаас, Миний маш сайн найз. Надад газраа зарж маш том тус хүргэсэн хүн гэдэг юм. Та маргааш хүрээд ир. Танай өр авлагыг барагдуулах талаар бид хоорондоо ярилцъя гэдэг байгаа. Маргааш нь очсон чинь танай 750 мянган ам.долларыг төлье. Тэгэхдээ танай авлагыг мөнгөөр төлөхгүй. 500 мянган ам.долларт нь шатах тослох материал өгье. 250 мянган ам.долларт нь шинэ авто машинууд өгье гэдэг юм. Ерөнхий захиралтай яриад Төлөөлөгчийн газраар дамжуулан албан тоот гаргуулан тэр хүнээр цохуулаад гэрээ хийчихлээ. Тэр жил манайх шатах тослох материал авахаар 500 мянган ам.олларын тендер зарлачихсан байсан юм. Ингээд үйлдвэрээс ямар ч мөнгө гаргахгүйгээр тэднийхээс шууд шатах тослох материал авсан. Мөн долоон шинэ автомашиныг тухайн үеийн Эдийн засаг эрхэлсэн захирал Б.Алтанхуяг агсанд хүлээлгэн өгч байлаа.
-Бас нэг компани сая 500 мянган ам.долларын өртэй байсан. Барилгын компани л даа. Араас нь явсаар байгаад 400 сая төгрөг авсандаа жаахан харамсдаг. Учир нь тус компанийн захирал Р.Б гэдэг хүн онгоц өгье гэдэг юм. Чех улсад үйлдвэрлэсэн 17 хүний суудалтай онгоц байхгүй юу. Оюу толгой руу нислэг хийдэг байсан юм билээ. Оюу толгойгоос авлагадаа тэр онгоцны бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчхаж. Үйлдвэрийнхээ удирдлагуудтай зөвшилцөөд авахаар боллоо. Цагт 100 литр бензин зарцуулах, тэр онгоцыг хэн барих, хаана бууж байхыг нь судлах үүрэг өгөгдлөө. Захирал асан Б.Намхайнямуу бид хоёр судалсан л даа. Ингэж байтал 49 хувийнхан ирсэн. Хууль, эрх зүйн бодлогын газрын дарга Д.Цэрэнбадам “юун онгоц авах, тийм юм байхгүй. Зөвхөн мөнгө олж ир” гээд байж байтал тэр хүн нас барчихсан. Д.Цэрэнбадам дарга ч “онгоцыг нь авчихдаггүй..” гээд амаа барьсан л даа.
-Бас нэг компани манай үйлдвэрт 800 мянган ам.долларын өртэй байлаа. Улаанбаатарт хуучин Пионерийн ордны ард германы тоног төхөөрөмжтэй фитнесийн том төвтэй. 300 гаруй хүн хичээллэдэг газар байсан л даа. Эзэн нь бие бялдрын хүмүүжилтэй өсгөлүүн сайхан залуу байлаа. Намайг бол ганц нудраад унагачихаар. Тэр нөхөртэй ярьсан чинь ер мөнгөө өгөх шинжгүй шүү. Тэгэхээр нь залилангийн хэргээр цагдаад өгчихлөө. Нийслэлийн прокурорын газар хэрэгсэхгүй болгочихдог юм. Тэгэхээр нь нөгөө нөхөртэй аятайхан яриад л байлаа. Эрдэнэтээс төв дээр нь байнга очно. Ингэсээр тэр хүний бүх объектыг авсан даа. Сүүлдээ тэр, “би танд контороо өгөх юм уу” гэсэн. Өгнө шүү дээ, үнэлгээгээр мөнгө чинь хүрэхгүй байгаа юм чинь гээд авчихсан. Хожим нь нөгөө нөхөр таараад, “Та их зальтай. Нэг л өдөр би танд түлхүүрээ өгөөд өрөөнөөсөө бүр мөсөн гарсан шүү” гэж билээ. Аан бас нэг хүнийг их өрөвдсөн. Тэр өр авлагад холбогдсон нөхөр Улаанбаатарын гэр хороололд хөгшин ээжтэйгээ ядруухан амьдарч байсан л даа. Түүнийг Эрдэнэтэд дагуулж ирээд протокол үйлдсэн. Одоохон гээд коридорт утсаар хэн нэгэнтэй яриад л байсан. Ар талд нь нэг том эрх мэдэлтэн байсан биз. Тэгээд л өрөө төлж байх жишээтэй. Энэ бүхэн амьдрал дээр болсон үйл явдал.
-Таны ажил амьдрал дээр баримталдаг зарчим юу вэ? Мэргэжлийн арга туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Ажлыг чин сэтгэлээсээ хийх ёстой. Дээр нь сэтгэл зүйн харилцаа хандлага маш чухал байдаг. Бас тухайн хүнтэй хэрхэн яаж харьцах мэдрэмж хэрэгтэй. Өр авлагыг хүнээс ингэж авах ёстой гэсэн технологи байхгүй. Эхлээд тухайн хүнийг бүрэн судалдаг. Төлбөрийн чадвар байгаа эсэх. Үл хөдлөх хөрөнгөтэй, үгүйг нь. Үнэн яриад байна уу. Худлаа яриад байна уу гэдгийг хүртэл судална. Тухайн хүний сэтгэл зүйг уншина. Энэ нь их сургуульд Сурган сэтгэл судлал заалгасантай холбоотой. Дээр нь харьцааны асуудал чухал. Эрдэнэт үйлдвэрийн өрийг төлөхгүй бол болохгүй нь гэтэл нь шахаанд оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл өр төлбөрөө төлөхгүй бол дээлээ нөмрөөд явах нь гэсэн сэтгэгдэл төрүүлэх явдал юм. Яриад байвал олон юм бий. Байгууллагын дотоод асуудалтай холбоотой зүйл ч байгаа. Тэр бүгдийг хэлж ярилтай биш. Тэгэхээр би ганцаараа энэ өр авлагыг барагдуулсан юм биш. Хамт олны хүчээр хийсэн ажил нь ойлгомжтой. Миний хийсэн ажил 40 хувийг нь эзлэх байх. Манай хэлтсийн дарга Х.Болдбаатар бидэнд мэргэжлийн үнэтэй зөвлөгөө өгч, зөв чиглүүлж ажилладаг. Өөрөө үйлдвэрээ нэвтэрхий мэднэ. Хувийн ашиг сонирхолгүй. Жинхэнэ мэргэшсэн хуульч хүн. Үйлдвэрлэлээ мэддэг хүн хуулийн зөв гаргалгаа хийдэг. Миний тухайд зааж, зааварлаж, тэр зүйл дээр анхаараарай гэж мэргэжлийн чиг үүрэг өгч ажилладаг хүн бол манай дарга.
-Монгол Улс хуулийн засаглалтай. Тэгэхээр бидний ажил амьдрал хуулийн хүрээнд явах ёстой. Бид хуульд захирагдаж ажиллана гэсэн үг. Миний тухайд гэрээний эрх зүйн асуудал алдсан хүмүүстэй ажиллаж ирсэн.
-Та өөрийнхөө хөдөлмөрийг хэрхэн үнэлүүлсэн гэж боддог вэ? Гавьяа шагнал юу билээ?
-Тэргүүний уурхайчин. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.
-Сайн яваа хүний ард хүчтэй гэр бүлийн гишүүн бий гэдэг. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Жамъянгийн Мөнхжаргал гэдэг. Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын харьяат. Прокурорын байгууллагад насаараа ажилласан хүн бий. Сэлэнгэ, Орхон аймгийн Ерөнхий прокуророор ажилласан ганц эмэгтэй. Нийслэлд Прокурорын газарт мөрдөн хэлтсийн дарга, Улсын прокурорын газарт хяналтын болон ахлах прокурор, Тээврийн прокурорын газрын орлогч даргын алба хашиж явсан арвин баян намтартай. Миний ар талыг авч явж ирсэн ханиараа бахархдаг. Миний ажилд мэргэжлийн зүгээс хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байнга тусалдаг.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Одоогоор 60 гаруй компанид хууль хяналтын байгууллагын шийдвэр гаргуулаад байна. Үүний 48-ыг нь шүүхэд өгч, эрэн сурвалжлах шийдвэр гаргуулсан. 15-ыг нь цагдаа эрэн сурвалжилж, олж өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн газар 15 компани, хоёр иргэний 186 тэрбум төгрөгийн өр авлагатай холбогдолтой хэрэг байгаа. Мөн гадаадын 10 гаруй компани бий. Дээр нь Ш.Батхүү нарын 137 тэрбум, Хөрөнгө оруулалтын банкны 42 тэрбум, “Шим техноложи” ХХК-ийн 13 тэрбум байна. Ер нь Шийдвэр гүйцэтгэлийн алба зарим өр авлагын асуудал дээр хөдөлж өгөхгүй байх шиг. Тэгэхээр бид Хууль зүй, дотоод хэргийн сайдад, үйлдвэрийн Ерөнхий захирлын гарын үсэгтэй албан тоот явуулсан. Ийм өр авлагын асуудалд анхаарал тавьж өгөөч гэсэн утгатай. Ажлын хэсэг байгуулсан сураг байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.