П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны Шилдгийн шилдэг ажилтан, Баяжуулах үйлдвэрийн Тээрмийн машинч Пүрэвжавын Эрдэнэ-Очиртой ээлжээс буусан үед нь уулзаж ярилцлаа. Баатар үйлдвэрийн бахархалт ажилтан тэрээр дэндүү даруу юм. Түүний амжилт, ололт бүхэн хэн нэгний, эсвэл хамт олных нь хичээл зүтгэл, гавьяа гэх. 
Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төслүүд болох Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 3, 4 дүгээр шугамын өргөтгөлийн ажилд тэр мэдлэг, чадвараа бүрэн зориулсан. Ганцхан жишээ дурдахад, 2024 онд Өөрөө нунтаглах хэсгийн 3 дугаар шугамыг төслийн хүчин чадалд нь хүргэх ажлын хүрээнд МЩЦ №6 дугаар тээрэмд соронзон ялгагч суурилуулж, насос №24, 25-ын ашиглалтын хугацааг 100-200 цагаар нэмэгдүүлснээр 2.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах нөхцөлийг бүрдүүлсэн Тэргүүний ажилтан юм.

-Эрдэнэт үйлдвэрийн Шилдгийн шилдэг ажилтнаар шалгарсанд баяр хүргэе. Таны энэ амжилтад юу нөлөөлсөн бэ? 
-Баярлалаа. Сүүлийн жилүүдэд манай Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд их хийгдсэн. Манай хүчин чадлыг сүүлд 6 сая тонноор нэмэгдүүлснээр Баяжуулах үйлдвэрийн жилд боловсруулах хүдрийн хэмжээ 40 сая тоннд хүрч байгаа. Би хамт олныхоо хөдөлмөр зүтгэл, хүндлэлээр Шилдгийн шилдэг ажилтан болсондоо туйлын баяртай байна. 
-Та аль нутгийн хүн бэ? 
-Увс аймгийн Хяргас сумаас гаралтай. Би найман хүүхэдтэй айлын гурав дахь нь. Аав маань Увс аймгийн Баруунтуруун сумын сургуулийн хичээлийн эрхлэгч байсан. Ээж маань нийтийн хоолны салбарт насаараа ажилласан. Намайг гурван настай байхад аав Улаанбаатарын сургуульд багшлахаар болж, манайх нийслэл рүү нүүсэн юм билээ. 
-Нийслэлд Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн үү? 
-Тэгсэн. Хүүхэд байхдаа нийгмийн чиглэлийн хичээлд дөнгүүр, бүрэг, томоотой сурагч байлаа. Аав, ээж ажилдаа өглөө гараад, орой ирнэ. Томууд нь дүү нараа асардаг, өсгөдөг байлаа шүү дээ. Таван дүү өсгөсөн нь надад чухал хүмүүжил, төлөвшил олгосон гэж боддог. Аливаад тууштай байх, өөрт оногдсон ажлаа хариуцлагатай хийх үзэл бүр багаас суусан. Цагийн юмыг цагт нь амжуулаад сурчихсан. Энэ бүхэн өнөөдөр миний шилдэг ажилтан болоход нөлөөлсөн байх талтай. 
-Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байв? 
-Тээврийн тэрэгний жолооч. Хамаатны ах маань “Тээвэр хийж явна” гээд хааяа манайд ирдэг байсан юм. Хоёр, гурван чиргүүлтэй, ЗИЛ-130 машинтай, кабины хаалган дээрээ дүүрэн таван хошуутай саятан жолооч. Тэрийг харахаар гоё санагдаж, “ийм жолооч болно доо” гэж мөрөөддөг байлаа.  
-Тэгсэн, анхны мэргэжил нь юу байв? 
-Би наймдугаар анги төгсөөд, хуучнаар Техник мэргэжлийн сургуульд суралцаж Барилгын мужаан мэргэжил эзэмшсэн. Гэхдээ тэр мэргэжлээрээ ажиллаагүй ээ. 1992 онд анхны “нэг жил”-ийн цэрэгт татагдаж, Дорноговь аймгийн Улаан-Уул суманд Хилийн цэрэгт алба хаасан. Тэнд хүнээс үг сонсож, үг дааж сурсан даа. 
-Эрдэнэттэй ямар сэжмээр холбогдсон бэ? 
-Манай авга эгч, Эрдэнэтийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад, хүргэн ах Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байсан. Хүүхдийн зуны амралтаар хүргэн ахындаа ирдэг байсан болохоор Эрдэнэт үйлдвэрийн талаар бага боловч ойлголттой. Тэгээд л цэргээс халагдаад, том сайхан үйлдвэрт боломж байвал ажиллая гэсэн бодол тээж, зорьж ирсэн дээ. 1993 оны намар, 20 настай, Баяжуулах үйлдвэрт тэжээгүүрийн машинчаар ажилд орж байлаа. Одоо 32 дахь жилдээ ажиллаж байна. 
-Тэр үеийн Баяжуулах үйлдвэрийн дүр төрхийг өнөөдрийнхтэй харьцуулбал..? 
-Техникийн шинэчлэл сайн хийгдээгүй, тоног төхөөрөмж эвдрэл гэмтэл ихтэй, сул зогсолт их гардаг, гар ажиллагаа ихтэй, үйлдвэрийн эдийн засаг ч тааруухан. Ажил нь хүнд болохоор хүмүүс ажлаасаа гарч, ганзагын наймаа, хувийн хэвшил рүү их орж байсан үе. Зарим нь Солонгос руу ажил хийхээр явсан. Харин одоо бол техник, технологийн шинэчлэл хийгдсэн, орчин үеийн сайхан үйлдвэр болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал сайн хангагдсан, гар ажиллагаа багассан, ажлын байрны орчин нөхцөл ч сайжирсан. 
-Тэжээгүүрийн машинчаар хэр удаан ажилласан бэ? 
-Тээрмийг хүдрээр жигд хангах үүрэгтэй, нэг жил гаран ажилласан. Тэгээд л тээрмийн машинч болсон доо. 
-Тээрмийн машинчийн ажлын онцлог..? 
-Баяжуулах үйлдвэрийн гол мэргэжлийн нэг. Эрдсийг хоосон чулуулгаас нь салгаад ялгаж авахад бэлтгэдэг гэх үү дээ. Манай ээлжинд 30-аад хүн ажилладаг. Хамт олонтойгоо нийлээд цагт 1000 тонн хүдэр боловсруулж байна. Намайг 30 гаруй жилийн өмнө ажилд орж байхад, манай хэсэгт тухайн үед хамгийн орчин үеийн, бүтээмж өндөртэй тээрэм тавигдсан гээд цагт 300 тонн хүдэр боловсруулдаг байсан. 
-Ээлжинд ажиллах амаргүй биз? 
-Ер нь ээлжийн ажил хүнд л дээ. Гэхдээ 30 гаруй жил ажиллалаа. Одоо бүр дасчихсан. Манай эхнэр бас Баяжуулах үйлдвэрт краны машинч, конвейерын машинчаар ээлжинд 28 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан Д.Урантогоо гэж эмэгтэй бий. Бид нэг ээлжинд олон жил ажилласаан. Хоёр охин мэндэлж, амьдралын шаардлагаар ээлжээ сольж, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийн ажил асуудлыг зохицуулдаг байсан. 
-Охид одоо том болцгоосон уу? 
-Тэгэлгүй яах вэ. Том нь их сургуулиа төгсөөд хотод ажиллаж байна. Бага нь МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан. Манай хоёр нэг бол аавтайгаа, нэг бол ээжтэйгээ л байдаг байлаа. Энэ бол ээлжийн ажилтай уурхайчны амьдрал. 
-Ингэхэд та сул зогсолт гаргаж үзсэн үү? 
-Өнгөрсөн 31 жилийн хугацаанд юу эс тохиолдох вэ. Хэдхэн жилийн өмнө шинэ өргөтгөл дээр тээрмийн 72 цагийн туршилтын залгалтын хугацаанд тээрэм зогсоогоод баларсан. /сурв.нүүрээ дарав/ Дүүрч байсныг нь анзааралгүй хэсэг явуулчхаж. 72 цагийн туршилт цуцлагдаад, сул зогсолт гарчхаж байгаа юм. Төдийгөөс өдий хүртэл ажиллачхаад ингэж алдах гэж дээ, гэж бодохоос сэтгэл гонсойгоод хачин болсон. Хүн өөртөө хэзээ ч эрдэж болдоггүй юм байна, гэдэг том сургамж авсан даа. Би чаддаг, мэддэг гэж бардаж болдоггүй юм билээ. Олон хүний хөдөлмөр талаар болж, аваарын байдлаас гаргахын тулд хэдэн өдрийн их ажил ундарч байгааг хараад “би ийм алдаа гаргаж байхад бусад нь яахын...” гэж өөрийгөө зүхэж, их зэмлэсэн дээ. 
-Арга хэмжээ авхуулсан уу? 
-Тэр мэдээж.
-Хүний амьдралд алдаа оноо ээлжлэх нь жам юм даа. Өнөөдөр Та Шилдгийн шилдэг ажилтан болчихсон, дараагийн үеийн залуустаа мэдлэг, туршлагаа өвлүүлэхээр ярьж сууна? 
-Тийм шүү. Шагнал авах мөчид баялаг бүтээсэн он жилүүдийн дурсамж яг л зураг шиг сэтгэлд тодордог юм билээ. Тэр өдрийн дурсамж хамгийн тод бодогдсон. 
-Танд сайн сайхныг хүсье. Цаг зав гаргасанд баярлалаа. 


Би түүнээс, “Таны хувьд сэтгэлийн таашаал хүртдэг, жаргал юу вэ?” гэж асуусан. Эрдэнэт үйлдвэрийн Шилдгийн шилдэг ажилтан “Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа” гэж хариулсан. Ажлаа амьдралынхаа гол утга учир болгосон хүн шилдэг байхаас аргагүй. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %