Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 12-р цэцэрлэгийн эрхлэгч Ивченкова Елена Владимировна-гаас тус цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Эхлээд та цэцэрлэгийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
-Манай цэцэрлэг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулагдаад 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Анх ОХУ-ын мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан түүхтэй. Явцын дунд уурхайчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тэдний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх зорилготой үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл амжилттай явуулж ирлээ. Нийт 60 ажилтан ажиллаж байгаагаас 50 хувь нь Монгол, 50 хувь нь гадаад мэргэжилтнүүд. Манай цэцэрлэгийн 11 бүлэгт 280 хүүхэд сурч хүмүүжиж байна.
-Танай цэцэрлэгийн давуу тал юу вэ?
-Гадаад хэл сургадаг, аюулгүй, ая тухтай орчинтой учраас эцэг, эхчүүд манайд үр хүүхдээ өгөх хүсэлтэй байдаг. Гэвч 280 хүүхэд сурч, хүмүүжих л хүчин чадалтай учраас манайд орохыг хүссэн бүх хүүхдийг авч чаддаггүй. Бид уурхайчид, ажилчдадаа зориулан уртасгасан цагаар буюу 12 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс хүүхдийг ядраахгүйн тулд зөв зохистой хооллоход анхаарч ажилладаг. Эрүүл, таатай орчинд хүмүүжихийн тухайд хамгийн түрүүнд хоол, хүнсний хэрэглээ орно шүү дээ.
-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?
-Манай цэцэрлэгийн хоол илчлэг маш өндөртэй. Эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн, хоолны цэсийг баталж, хүүхэд багачууддаа үйлчилж байна. Өмнө нь дөрвөн удаагийн хоолоор үйлчилж байсан бол одоо хүүхдүүддээ өдөрт таван удаагийн хоолоор үйлчлэх болсон. 2022 онд манай цэцэрлэг гал тогоондоо өргөтгөл хийсэн. Энэ нь хоолоор дамжуулан хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг дэмжиж ирсний нэг хэлбэр юм. Мөн хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Үйлдвэрийн газраас хоол зүйчийн орон тоо баталж өгсөн. Манай хоол зүйч хүүхдэд юу өгч болох, тэдний дархлаажуулалтыг дэмжихийн тулд ямар хоолыг, хэдэн удаа өгөх талаар маш сайн анхаарч ажилладаг.
-Үйлдвэрийн газраас хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Хэрэгцээтэй бараа, материалаа ямар журмаар худалдан авдаг вэ?
-Манайх хэдий боловсролын байгууллага ч Үйлдвэрийн газрын дэргэд байгуулагдсан учраас бусад бүтцийн нэгжүүд шиг үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл Үйлдвэрийн газрын хэмжээнд гарсан тушаал шийдвэр, дүрэм журмыг мөрдөн ажилладаг. Нөгөө талаар Эрдэнэт үйлдвэрийн нэгж гэдэг утгаараа бүх бараа материалын хангамж, хүнсний бүтээгдэхүүний захиалга, эрүүл ахуйн цэвэрлэгээний бодис гэх мэт хэрэгцээтэй зүйлсээ Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын нэгдсэн захиалгад оруулж авдаг. Манай үйлдвэрийн удирдлагууд хүүхдийн эрүүл мэндийн төлөөх үйл ажиллагааг маань дэмжиж ажилладагт маш их баяртай байдаг. Уурхайчдынхаа дэмжлэгтэйгээр бид Монгол Улсын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах иргэдийг эрүүл хоол хүнсээр хангаж, аюулгүй орчинд, зөв сурган хүмүүжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
-2024 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарсан. Энэ талаар..?
-Орхон аймгийн Эрүүл мэндийн газраар цэцэрлэгийнхээ хичээлийн жилийн үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн юм. Энэ үнэлгээгээр 2024 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын нэгдүгээр зэргийн болзлыг ханган ажиллалаа. Бидний энэ амжилт бусад байгууллагуудад үлгэр дуурайлал болохуйц, туршлага хуваалцахуйц ач холбогдолтой үзүүлэлт юм. Манай цэцэрлэг хүүхдүүдээ эрүүл байлгах үүднээс гэртээ харихад нь амттанаас илүү, амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өгч явуулдаг. Ингэж маргааш нь цэцэрлэгтээ ирэх дуртай болгож хүүхдүүдээ урамшуулдаг. Нэг хүүхдийн нэг өдрийн хоолны зардал дунджаар 7500-8500 төгрөгт багтдаг. Аймгийн Эрүүл мэндийн газраас Орос цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ хариад, дахин хоол идэхгүй байх хэмжээний илчлэг, уургаа авч чаддаг гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
-Цаг зав гаргаж, ярилцсанд баярлалаа.