Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяраас өвөлжилтийн бэлтгэл ажил, нүүрсний чанар, ханган нийлүүлэлтийн талаар тодрууллаа.
-Манай станц өвлийн горимд шилжиж 47-50 кВт эрчим хүч үйлдвэрлэж, 44 МВт-ын горимоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл дөрвөн зуух, дөрвөн машины хүчин чадалтайгаар өвлийн горимд шилжээд ажил хэвийн явна. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 56 ажил хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 99,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёрдугаар зуухны их засварын ажил хийгдээд дуусах шатандаа явж байна. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл 100 хувь биелнэ. Одоогийн байдлаар Дулааны цахилгаан станцын талбайд 68 мянган тн нүүрс байгаа нь 45-50 хоногийн нөөц гэсэн үг. Үндсэн болон бусад тоног төхөөрөмжүүдийн их засварын ажил цаг хугацаандаа хийгдсэн.
-Нүүрсээ хаанаас татаж байна. Чанар, ханган нийлүүлэлт хэр байна вэ?
-Шарын голын уурхайгаас нүүрсээ авч байна. Чанарын хувьд дундаж үзүүлэлттэй. Гэрээгээр 3700 к.калор илчлэгтэй нүүрс авахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 3300-3600 к.калорын илчлэгтэй нүүрс авч ашиглаж байна. Энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалт, худалдан авалтын ажлууд 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. Манай станцын хувьд өвлийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
-Ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Манай станц 330 орчим ажилчинтай. Нийгмийн чиглэлийн тусламж үйлчилгээг хууль, журамд заасны дагуу авч байгаа. Тухайлбал, залуу ажилчдыг дэмжих орон сууцны хөтөлбөрт улирал бүр 5-6 ажилтан хамрагдан хөнгөлөлт эдлээд явж байна. Эрдэнэт үйлдвэрийн 44-р спартакиадын наадамд манай станцын баг хамт олон амжилттай оролцож шагналт 5-р байр эзэллээ. Мөн гар болон сагсан бөмбөгийн төрөлд оролцсон эрэгтэй тамирчид алтан медалиар энгэрээ мялаасан түүхэн үйл явдал боллоо. Тэгэхээр ханиад томуу ихтэй байгаатай холбогдуулан “Эрдэнэт” сувиллын цогцолбороос вакцинжуулах ажлыг зохион байгуулсан. Энэ вакцинжуулалтад Дулааны цахилгаан станцаас 50 гаруй ажилтан өөрсдийн хүсэлтээр хамрагдсан. Түүнчлэн ажиллагсдын дунд ээлжит сургалтууд явагдаж байна.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байна?
-Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд нэлээн ажил хийгдсэн. Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг бүрэн шинэчиллээ. Энэхүү орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлснээр зуухны удирдлагын хамгаалалт, автоматикийн чиглэлээс хамаарч унтардаг, зуух зогсох асуудлуудыг бүрэн шийдсэн. Мөн трубины их засварын ажил хийгдэж байна. Манайх хими ус цэвэрлэгээний хэсгээ автоматжуулах, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх зорилго тавин ажиллаж байна. Ирэх онд үндсэн тоног төхөөрөмжүүдийн их засварын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Үүнээс гадна зуухныхаа шаталтын технологийг өөрчлөх чухал ажил байгаа. Уг ажлын хүрээнд судалгааны ажил хийгдэнэ. Ер нь зуухны шаталтын технологийг өөрчилснөөр Дулааны цахилгаан станцын хувьд эрчим хүчний хэмнэлт гарах, технологийн найдвартай үйл ажиллагааг бүрэн хангах нөхцөл бүрдэх юм.
-Баярлалаа.