Геологи, маркшейдерийн хэлтсийн Маркшейдер, геотехникийн албаны дарга Т.Самданшийравтай ярилцлаа. Шударга, дайчин чанар түүний нэрийн хуудас. Тэрбээр аварга болсныхоо дараахан албаны даргаар дэвшсэн нь хэр чадварлаг мэргэжилтэн болохыг илтгэнэ.
-Хоёулаа ярилцлагаа таны уугуул нутаг, аав ээжийн тань тухай яриагаар эхэлье?
-Би 1983 онд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд зургаан хүүхэдтэй айлын гуравдахь нь болон мэндэлсэн. Ах, эгч, гурван дүүтэй. Манайх 1990 онд Завхан аймгийн Сонгино суманд шилжин суурьшиж, би тэнд дунд сургуулиа дүүргэсэн юм. Бидний Завхан нутаг уулс нь өндөр, ус нь тунгалаг, говь, хангай, хээр хосолсон, хүн зон, мал амьтдын жаргалын диваажин болсон орон. Миний аав П.Түмэнжаргал Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаантуг нэгдлийн эдийн засагч, Сонгино сумын Энхтайван нэгдлийн дарга, Энхтайван компанийн захирал, Сонгино сумын Төрийн сангийн мэргэжилтэн, Засаг даргын орлогч зэрэг хариуцлагатай алба хашиж байгаад 2011 онд гавьяаны амралтдаа гарсан. Миний ээж А.Хорлоо Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаантуг нэгдлийн бичээч, Сонгино сумын 10 жилийн дунд сургуулийн номын санч, байрын багшаар ажиллаж байсан. Аав ээж минь “улсын” ажлын зэрэгцээ зургаан хүүхдээ өсгөж сайн хүмүүжүүлэн, бүгдийг нь их, дээд сургуульд суралцуулан төгсгөсөн хөдөлмөрч хүмүүс дээ. Одоо Улаанбаатар хотод амьдарч байна.
-Аав, ээж нь юу гэж сургадаг байв?
-Би, тэднийхээ “Эзэн хичээвэл заяа хичээнэ, Хөдөлмөр хүнийг голохоос хүн хөдөлмөрийг голдоггүй, Хүнтэй зөв сайхан харьцаж бай” гэж үргэлж сургаж ирснийг нь амьдралдаа мөрдлөг болгохыг хичээдэг.
-Хүүхэд насны мөрөөдлөөсөө хуучилна уу? Ямаршуу сурагч байв?
-Хүүхэд байхдаа улирлын амралтаар хүргэн ах, авга ахындаа очиж мал малладаг байлаа. Малд, тэр дундаа адуунд их дуртай байж билээ. Хичээлдээ нэлээн сайн, жаахан сахилгагүй сурагч байлаа. Наймдугаар анги хүртлээ малчин болохыг мөрөөддөг байв. Харин ахлах ангид ороод л инженер болно гэж боддог болсон доо.
-Хөдөөх буйд нутгийн хүүд Маркшейдер хэмээх өвөрмөц мэргэжлийг сонгоход хэн нөлөөлсөн бэ?
-Би Уул уурхайн маркшейдер мэргэжлийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Намайг дунд сургуулиа төгсдөг жил буюу 2000 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгаас Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсан дэвшсэн бөгөөд уул уурхайн маркшейдер хүн байсан. Ямартаа ч энэ том хүний мэргэжлийг сонгоход буруудах зүйлгүй гэж би бодсон. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, энэ мэргэжлийг сонгон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн сургуулийн Уул уурхайн маркшейдерийн ангид орж суралцаж 2005 онд төгссөн.
-Эрдэнэт үйлдвэртэйгээ ажил амьдралаа хэзээ холбов?
-Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн дадлага хийхээр 2004 оны зургадугаар сарын хоёрны өдөр анх Орхон аймагт хөл тавьж байлаа. Дадлага хийх үед азтай тохиолдол болов. Геологи, маркшейдерийн хэлтсийн Орос мэргэжилтэн нутаг буцаж, би дагалдан суралцагчаар ажиллаж эхэлсэн. Дагалдангаар ажиллах хугацаандаа дипломоо хамгаалж, 2005 оны 2-р сараас жинхлэн ажилласан юм.
-Таны мэргэжлийн онцлог юу вэ? Энэ мэргэжлээр амжилттай ажиллахын тулд ямар чадвар шаардлагатай вэ?
-Орд газрыг ил болон далд аргаар ашиглах явцад төлөвлөлтөөс эхлээд олборлож дуусах хүртэлх бүхий л үе шатанд мэдээллийг боловсруулах, баримтжуулах, хэмжих, тооцоолох, зураглах зэрэг ажлыг маркшейдер хийдэг. Маркшейдерийг уул уурхайн прокурор, уурхайн нүд ч гэж нэрлэдэг. Уулын үйлдвэрлэлийн чухал салбар нь яалт ч үгүй Маркшейдерийн алба. Уулын болон бүтээн байгуулалтын ажлын тоо, хэмжээ маркшейдерийн хэмжилтээр гардаг болохоор өндөр хариуцлагатай хандах хэрэгтэй гэж үздэг.
Дэлхий дахинд техник, технологи асар өндөр хурдацтай хөгжиж байгаатай адил манай салбарын техник, технологи, багаж тоног төхөөрөмж, программ хангамжууд шинэчлэгдэж байгаа. Иймд бид үргэлж шинийг эрэлхийлж, судалж, хөгжих шаардлагатай. Мөн гадаад хэлний мэдлэг их чухал.
-Та Эрдэнэт үйлдвэрийн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж явна вэ? Өнгөрсөн жил хийсэн томоохон ажлуудаасаа нэрлэвэл?
-Анх ажилд орсон 2004 оноос Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн уулын ажил, хамгаалалтын далангуудын тогтвортой байдлын хяналт, үйлдвэрийн газарт нэвтэрч байгаа төсөл хөтөлбөрүүдийн маркшейдерийн хяналт, Уулын болон геологи, маркшейдерийн ажлын хяналт, үйлдвэрийн цех хэсгүүд болон гаднын байгууллагуудын гүйцэтгэж байгаа ажлын геодези маркшейдерийн ажлыг гүйцэтгэх, хүдэр, баяжмал, ган бөмбөлөг, шохой, нүүрсний үлдэгдлийг 10 хоног тутамд тогтоох, үйлдвэрийн газарт ашиглагддаг 200 гаруй өргөх машин механизмын замын геометр хяналт, тоног төхөөрөмж суурилуулах, засварлах үеийн нарийвчилсан хэмжилтүүд зэрэг ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. ХАА-д булинга тээвэрлэх өвлийн шугамыг шинээр тавих, хамгаалалтын №11, 12, 13, 14, 15, 16, М1, М2, М3, М4 далангуудыг барих далайцтай ажилд маркшейдерийн чиглэлээр байнгын хяналт тавин ажилласан.
Өнгөрсөн жил Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн хүрээнд Өөрөө нунтаглах хэсгийн ММС-1 тээрмийн хөдөлгүүр солих үеийн, Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ-1А тээрмийг солих үеийн, Хаягдлын аж ахуйн 16-р даланг барих үеийн маркшейдерийн хяналтууд болон Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд хяналт тавин ажилласан.
-Та хэзээнээс албаны даргаар дэвшсэн бэ? Цаашдын зорилго, зорилтоосоо товчхон яривал?
-Энэ оны гуравдугаар сард миний багш, 20 жил хамт ажилласан, эрхэм ах П.Даваабаяр гавьяаныхаа амралтад гарч, би дөрөвдүгээр сарын 26-наас Маркшейдер, геотехникийн албаны даргын ажилд томилогдон ажиллаж байна. Өөрийгөө болон албаны мэргэжилтнүүдийг сүүлийн үеийн дэвшилтэт технологи, гадаад хэлний мэдлэг, ажлын дадлага туршлагын хувьд уул уурхайн бусад компаниудын мэргэжилтнүүдээс илүү чадвартай байх тал даар анхааран ажиллаж байна.
-Таны бахархал юу вэ? Хамгийн дурсамжтай сайхан цаг үеэ хуваалцана уу?
-Дэлхийн жишиг, Монголын бахархал Эрдэнэт үйлдвэрийнхээ 7000 гаруй ажилтантай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа үнэхээр их бахархдаг. Энэ том үйлдвэрийн Ерөнхий захирлаар Ш.Отгонбилэг, Х.Бадамсүрэн, Г.Ёндон хэмээх маркшейдер мэргэжилтэй хүмүүс ажилласан. Ийм болохоор би мэргэжлээрээ бахархдаг.
Эрдэнэт үйлдвэрийнхээ 2023 оны Усан туулай жилийн Хөдөлмөрийн аварга болчхоод Соёл, урлагийн цогцолборын үүднээс ёслол хүндэтгэл дүүрэн угтуулан, тайз хүртэл алдаршуулан дуудахыг сонсон алхах үеийн сэтгэгдэл мартагдашгүй юм даа. Мөн үйлдвэрийн газрын бүхий л өргөтгөл шинэчлэлийн ажилд гар бие оролцож бүтээн босголцож яваагаараа бахархдаг.
-Төгсгөлийн хариултыг танд нээлттэй үлдээе?
-Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийнхээ баялаг бүтээгч ажилчид, тэр дундаа Геологи, маркшейдерийн хэлтсийн хамт олон, тэдний гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сэтгэлийн баялгийг өөртөө бүтээж чадвал гаднах баялаг өөрөө бүтдэг гэдэг сайхан үгийг хэлье.
-Баярлалаа.
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0