Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторингийн албаны дарга С.Эрдэнэтуяатай уулзаж, намрын мод тариалалт, нөхөн сэргээлт, хог хаягдлын чиглэлээр хийгдэж буй ажлын үр дүнгийн талаар тодрууллаа.
-Танай хэлтэс сүүлийн үед ямар ажлууд дээр гол анхаарал хандуулан ажиллаж байна?
-Манай хэлтэс Сэлэнгэ аймагт хийгдэж буй техникийн нөхөн сэргээлт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хог хаягдлын асуудалд гол анхаарал хандуулан ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрийн бүсэд хүрээлэн буй орчны хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Энэ жил хур бороо их орсны улмаас овоолгуудаас гарах хүчиллэг усны хэмжээ нэмэгдсэн. Үүнээс үүдэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
-Тухайлбал..?
-Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн зүүн урд жалганд 12 метрийн урттай, зургаан метрийн өргөн, дөрвөн метрийн өндөртэй ус хуримтлуулах бетонон худаг барьсан. Овоолго №9-өөс хүчиллэг ус гарч эхэлсэнтэй холбогдуулан тус бүр 10000 м3 багтаамжтай, геомембран доторлогоотой хоёр цөөрөм байгууллаа. Мөн гэрээт компаниудтай хамтран хүчиллэг ус соруулах, суллах ажлыг хийж байна.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ намар хэчнээн мод тарьсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Энэхүү хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төвийг байгуулсан. Мөн бүрэн автомат мод үржүүлгийн газрыг байгуулахаар “Эрдэнэт 100 сая мод” хөтөлбөр батлуулан ажиллаж байна. Саяхан, намрын мод тариалалтаар Хангал голын эрэгт үйлдвэрийн газрын бүтцийн 35 нэгжийн 880 орчим ажилтан 3,4 га газарт хоёр төрлийн, нийт 6125 мод тарьж, усалгаа арчилгаа хийлээ. “Тэрбум мод” аяны хүрээнд Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар 3,5 сая гаруй мод тариад байна.
-Тарих нэг хэрэг. Арчилж, ургуулна гэдэг хамгийн чухал ажил. Үүнийг ямар алба хариуцаж байгаа вэ?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэрт Ногоон хөгжлийн төслийн нэгж байгуулагдаад гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нэгжийн ажилтнууд модны усалгаа, арчилгааг хариуцдаг юм. Үр байхаас нь эхлээд маш нарийн төлөвлөлт, судалгаатай ажилладаг.
-Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийгдэж буй техникийн нөхөн сэргээлтийн ажлын явц хэр байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэж тусгагдсан. Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүрэг даалгавар өгсөн. Бид 2022-2023 онд нийт 1229,8 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Энэ онд үлдсэн 777,6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 548 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн нь 70.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
-Энэ ажил ирэх жил үргэлжлэх үү?
-Үгүй. Энэ жил 2000 га газарт бүрэн, чанартай нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгнө.
-Эрдэнэт үйлдвэр хог хаягдлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Эрдэнэт үйлдвэр хог хаягдлын менежмент хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хог хаягдлыг энгийн болон аюултай гэж ангилж байгаа. Энгийн хог хаягдлыг Хот тохижуулах газартай гэрээ байгуулан шилжүүлж байна. Аюултай хог хаягдлыг тендер зарлан сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан эрх бүхий байгууллагад гэрээний дагуу шилжүүлдэг. Энэ жилийн хувьд аюултай хог хаягдлыг шилжүүлэх тендерт шалгарсан “Түмэн эгшиг”, “Элемент”, “Об ойл индастриал”, “Электрокем монгол” ХХК-д шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Устгах шаардлагатай химийн сав, баглаа, боодлуудыг мөн гэрээний дагуу шилжүүлж байгаа. Одоогийн байдлаар нийт 240.3 тонн аюултай хог хаягдал шилжүүлээд байна.
-Ирэх онд хийхээр төлөвлөсөн онцлох ажлууд юу байна?
-Үйлдвэрийн газрын Байгаль орчны хяналтыг сайжруулах зорилгоор Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001 стандарт нэвтрүүлсэн. 2025 онд баталгаажуулалтын аудит хийхээс гадна үйлдвэрийн газрын нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах ажил, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй төслүүдийг үргэлжлүүлэхээр зорилт дэвшүүлэн төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Баярлалаа.