“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч, ярилцлаа. Тэд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад банкнуудаас олгож буй цалингийн болон хэрэглээний зээл, “Уурхайчин-3” хорооллын амины орон сууцанд орох ажилтнуудад зориулан олгох зээл, түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээний хөрөнгө оруулалтын болон ногоон зээлийн асуудлаар санал солилцлоо. Бид энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та арилжааны банкнуудын удирдлагуудтай зөвшилцсөн эхний асуудлынхаа талаар тодруулж ярина уу?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон аймаг, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй арилжааны найман банктай хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн уулзалтад арилжааны зургаан банкны төлөөлөл оролцож, гурван асуудал хэлэлцлээ. Хоёр тал харилцан ашигтай байх ёстой. Бид 2023 оны 4-р сард арилжааны банкнуудын удирдлагуудыг мөн урьж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажилтанд цалингийн болон хэрэглээний зээлд сарын нэг, жилийн 12 хувийн хүүтэй зээл олгох асуудлыг тавьсан. Банкнууд бидний саналыг хүлээж авснаар манай ажилтнууд одоо нэг хувийн хүүтэй зээл авч байгаа. Судалгаагаар, маш олон хүн энэ зээлд хамрагдсан. Нэг хувь гэдэг харьцангуй боломжийн хүү. Үүнийг үргэлжлүүлэх асуудлыг бид өнөөдөр ярилцлаа. Ажилтнуудынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд бага хүүтэй, боломжийн урт хугацааны зээлийг олгох асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
-“Уурхайчин-3” амины орон сууц захиалсан ажилтнуудыг зээлд хамруулах талаар ямар нэгэн шийдэлд хүрэв үү?
-“Уурхайчин-3” төслийг амжилттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд амины орон сууцанд захиалга өгсөн болон цаашид өгөх Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудаа дэмжих зорилготой урт хугацааны бага хүүтэй зээлийн асуудлаар зөвшилцлөө. Банкнууд 10-р сарын нэгний дотор саналаа манайд ирүүлнэ. Энэ төслийг урагшлуулахын тулд хамгийн боломжийн санал өгсөн арилжааны банктай санамж бичигт гарын үсэг зурна. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлэн, банкнуудтай хамтран ажиллана.
-Эрдэнэт үйлдвэр арилжааны банкнуудаас Хөрөнгө оруулалтын болон ногоон зээл авах тухай яригдлаа?
-Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дотоод нөөц бололцоо, санхүүжилтээ ашиглахаас гадна олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, дотоод, гадаадын арилжааны банкнуудтай хамтарч ажиллах зорилго тавьдаг. 2025 оны бизнес төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын шинж чанартай хэд хэдэн төслүүд тусгагдсан. Энэ хүрээнд бид хөрөнгө оруулалтын урт хугацаатай, бага хүүтэй зээлийн саналуудыг ярилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл В байсан бол В+ болж нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан арилжааны банкнуудын чадамж тодорхой хэмжээгээр сайжирсан. Зээлийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зээлийн хүү буурч буй энэ үед урт хугацаанд хамтарч ажиллахаар ялангуяа ногоон зээлийг нэлээн сонирхлоо. Бид ногоон зээлийг зориулалтынх нь дагуу зарцуулах саналаа тавилаа. Манай үйлдвэрт ногоон зээлээр санхүүжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөр байдаг. Энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар урьдчилан ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо. Банкнууд маань саналаа ирүүлж, Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Төлөвлөлт эдийн засаг, шинжилгээний хэлтэс дээр судалгаа хийж, цаашид энэ асуудлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захирлуудын зөвлөлийн хуралд оруулж, танилцуулна. Түүнчлэн, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, зохих шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна.
-Тухайлбал, ногоон зээлээр ямар төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ногоон зээл энгийн хөрөнгө оруулалтын зээлээс бага хүүтэй. Бид аль болох ногоон зээл авч, үр ашигтай ажиллах “амбиц”-тай ажиллана даа. Ногоон хөгжил төслийн нэгжид 100 орчим тэрбум төгрөгийн үнэтэй автомат хүлэмжийг ашиглалтад оруулахаар Төрийн худалдан авах ажиллагааны газраар дамжуулан тендер нь явж байгаа. Тендер амжилттай болбол тодорхой хэмжээний санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээр, заримыг нь бага хүүтэй, ногоон зээлд хамруулж, санхүүжилт шийдвэрлэхээр судалж байна.
-Цаг зав гарган, ярилцсанд баярлалаа.