“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Х.Оюунтунгалагтай уулзаж, чиг үүргийн хүрээнд хийгдэж буй ажил, уурхайчин эмэгтэйчүүдийн манлайлал нөлөөлөл, тогтвортой хөгжлийн талаар ярилцлаа.
-Судалгаа, шинжилгээний хүрээлэнд сүүлийн үед ямар ажлууд өрнөж байна вэ?
-Манай хүрээлэн нийт 55 ажилтан, гурван хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эрдэс боловсруулалтын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хэрэгцээ, үр ашгийн судалгааг гүйцэтгэх, Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийн иж бүрэн ашиглалтыг сайжруулах, олборлох, баяжуулах, гүйцээн боловсруулах боломжийг тодорхойлох, Улсын болон бизнесийн байгууллагын захиалгат төсөл, гэрээт ажил, эрдэм шинжилгээний судалгаа гүйцэтгэх, мэргэшүүлэх сургалт явуулах, инновац, технологи дамжуулалтыг хөгжүүлэх зорилготой ажилладаг. Мөн үйлдвэрийн газрын томоохон бүтээн байгуулалтын ажлууд, хайгуулын шинэ лицензүүд олгогдсонтой холбоотойгоор Оюут зэрэг ордуудын нөөц тогтоох туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Эрдэнэтийн-Овоо ордын агуулга буурч, хүдрийн шинж чанар өөрчлөгдсөнтэй холбоотой технологийг зөвөөр удирдах, тохирох урвалжуудыг олох, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх судалгаануудыг хийж байдаг. Түүнээс гадна үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд хийж байгаа шинэ секцүүдийн технологийн горимын тохируулга, том тоног төхөөрөмжүүдийг суурилуулалт, жигдрүүлэлтийн үеийн хяналт, сорьцлолт туршилтыг тогтмол хийж ажилладаг.
-Гаднын байгууллагаар өндөр үнэтэй хийлгэдэг судалгааны ажлуудыг манай инженерүүд сүүлийн жилүүдэд амжилттай хийж байгаа. Энэ талаар..?
-Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн өнөөдөр 48 дахь жилдээ ажиллаж байна. Бидэнд үйлдвэр анх ашиглалтад орсон цагаас эхлээд гадаад, дотоодын орос, монгол инженерүүдийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон оюуны бүтээлийн “дата бааз” (өгөгдлийн сан)¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬, мэдээлэл, “ноү хау” (аргачлал)-нууд байна. Инженерүүд маань дан туршилт, хэмжилтүүд хийх биш сүүлийн үеийн программ хангамжуудын тусламжтайгаар их тоон өгөгдөл, мэдээллүүдээ боловсруулан хүдрийн баяжигдах чанар, хүдрийн хатуулаг, шаварлаг эрдсийн тоо чанарын төрөл бүрийн загвар моделиудыг гарган, үйлдвэрлэлээ удирдах бүрэн боломжтой болж байна. Хүрээлэн дээр сурч боловсрон, туршлагажсан инженер, мэргэжилтнүүд маань бусад хэлтэс, цех, технологийн парк зэрэг шаардлагатай бүтцийн нэгжүүд дээр шилжин ажиллах тохиолдол их байдаг. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн брэнд, мэргэшсэн үндэсний боловсон хүчнийг бэлтгэж байгаа нэг чухал ажил гэж боддог. Шинжлэх ухааны үндэслэлтэй өгөгдөл, арга аргачлалыг үйлдвэрт нэвтрүүлэх, энэ бүх ажлыг хийх суурь нь хангалттай бүрдсэн. Манай хүрээлэн Ж.Баатархүү, Ц.Туяа, Л.Мөнхбаяр, Ц.Цэнд-Аюуш гэсэн маш чадварлаг дарга, захирлуудтай байсан. Тухайлбал Ц.Цэнд-Аюуш дарга, АНУ-д зэс порфирын баяжуулалтын технологи чиглэлээр доктор хамгаалсан, том хүрээлэн, институтүүдэд ажиллаж байсан дэлхийд үнэлэгдэх Монголын цорын ганц мэргэжилтэн. Өөрөөр хэлбэл сүүлийн үеийн Баяжуулах үйлдвэрийн бүх технологи дээр ажиллаад, урвалжуудыг судлаад ирсэн, соёлын өв тээгч гэдэг шиг технологийг өөрөө тээгч хүн. Ийм боловсорсон хүмүүс удирдлагаар ажиллах нь судлаач инженер, мэргэжилтнүүдэд их өгөөжтэй.
-Та сэтгэл, оюунаа чилээж, том үр дүн хүлээж байгаа ямар ажил байна?
-Эрдэнэт үйлдвэр төвийн ордоо ашиглаад явж байна. Нөөцийн үнэлгээ дахин хийгээд, 60 жил ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсныг бүгд мэдэж байгаа. Эрдэнэт үйлдвэр хэдий чинээ тогтвортой, урт удаан хугацаанд ажиллана, улс оронд төдий чинээ хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол улс, Эрдэнэт хотын, цаашлаад хойд бүс нутгийн хөгжлийн чиг хандлага үйлдвэрээс хамааралтай. Тиймээс бид үйлдвэрийнхээ насжилтыг уртасгах, эко хот байх тал дээр ажиллах ёстой. Гэтэл үйлдвэр өргөжихийн зэрэгцээ цагаан тоос гэх мэт хаягдлын асуудал их яригддаг. Үйлдвэр дагасан хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийгээсэй гэж хүсдэг. Суурьшлын бүс үргэлжлээд, хот тэллээ гэхэд нөлөөлөлд өртөөгүй хэсэг рүү өргөжүүлэх ямар боломж байна. Эрдэнэт хотынхоо иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Үйлдвэрийн үндсэн технологийн хувьд бид шинэ урвалжуудыг бий болгох, нэмүү өртөг шингэсэн, хаягдал багатай үйлдвэрлэл явуулах боломжуудыг эрж хайхад анхаарлаа хандуулж байна.
-Та усны асуудалд мөн анхаарал хандуулдаг. Энэ чиглэлд алдаа, оноо юу байна?
-ШУТИС дээр 2008 онд Техникийн ухааны докторын зэргийг ус цэвэрлэгээний технологи сэдвээр хамгаалсан. Тэр үед цэвэрлэгээний шинэ технологи хэрэглэе гэхэд нэлээн эсэргүүцэлтэй тулгардаг байсан. Одоо бол Хаягдлын аж ахуйн эргэлтийн усны чанарыг сайжруулах ёстой гэдэг дээр хаа, хаанаа анхаарал хандуулдаг болсон. Дэлхий нийтийн чиг хандлага, инновац гэдэг бол тогтвортой хөгжил гэж харж байгаа. Өмнө нь бид шинэ юм нээхийг инновац гэж үздэг байсан. Одоо бол эсрэгээрээ, хамгийн тогтвортой хөгжил бол инновац. Яагаад гэвэл тогтвортой, удаан ажиллахын тулд сөрөг нөлөө багатай ямар шинжлэх ухаан, технологи ашиглах вэ, үйлдвэрлэлийн үр ашиг нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулахад ямар ухаалаг ногоон технологийг хэрэглэж байна вэ, гэдгээр хэмжигддэг болсон. Усны асуудал дээр мэргэжлийн баг ажиллах ёстой гэдэг байр сууриа би одоо ч илэрхийлдэг. Манай Эрдэнэт хот 60 км-ын алсаас усаа өндөр зардлаар татаж, хэрэглэдэг. Маш үнэтэй ус хэрэглэж байгаагаа тэр бүр хүн мэддэггүй. Усны хэмнэлттэй, ухаалаг технологиудыг айл өрхүүд ч гэсэн хэрэглээсэй гэж боддог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн сайн явж байна. Зөв санаачилга. Гэхдээ Эрдэнэтчүүд бид 60 км-ын алсаас авчирсан үнэтэй усаараа тарьсан модоо услаад байх уу, эсвэл Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг стандартад таарсан хэмжээнд нь хүртэл цэвэршүүлээд ашиглах уу, гэдгийг шийдэх хэрэгтэй. Ухаалаг технологи руу шилжих цаг үе ирсэн.
-Энэ дашрамд асуухад Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүний хувьд уурхайчин бүсгүйчүүд рүүгээ чиглэсэн ямар бодлого чиглэл барьж ажиллаж байна?
-Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо 11 тэргүүлэгч гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын 34 хувь буюу 2400 нь эмэгтэйчүүд. Өнгөрсөн хавар Өмнөговь аймагт болсон “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” Үндэсний IV чуулган дээр уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд тулгамдаж буй асуудлуудаа ярьсан. Бусад уул уурхайн компаниудын эмэгтэйчүүдийн ярьж буй нийгмийн асуудал, цэцэрлэг сургууль, уурхайчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар тэдний хөндөж байгаа асуудлууд бидний хувьд хэдийнээ шийдэгдсэн байгаа нь талархууштай. Гэхдээ бид одоо байгаадаа сэтгэл амар суух биш, харин хөдөлмөрийн хамт олныхоо уур амьсгалыг эерэг, эрүүл болгоход төвлөрөх ёстой санагдсан. Эмэгтэйчүүд манлайллаа үзүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд мөрийтэй тоглоом, цахим донтолт зэрэг сөрөг үр дагавартай зүйлс нийгэмд ихээхэн “газар авч” байна. Энд анхаарлаа хандуулж, хамт ажилладаг хүмүүсээ хамгаалдаг, цахим гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлд бодлого хэрэгжүүлж ажиллана. Зарим хүмүүс Эмэгтэйчүүдийн холбоог янз бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулдаг байгууллага гэж ойлгодог. Гэтэл эмэгтэйчүүд нэгдээд, тодорхой бодлого хэрэгжүүлээд ажиллах юм бол маш их хүч, эв нэгдэл байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ хүчийг зөв зүйлд зориулах нөлөөллийн ажлууд хийх чиглэл гаргаад ажиллаж байна.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
Х.ОЮУНТУНГАЛАГ: Хаягдал багатай үйлдвэрлэл явуулах боломжийг хайхад анхаарал хандуулж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0