Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц энэ сарын 7, 8-ны өдрүүдэд ээлжит “их зогсолт” хийж, тоног төхөөрөмжөө засварлалаа. Үүний үр дүн хийгээд намар, өвлийн бэлтгэл ажил хэр хангагдаж буй талаар тус станцын дарга Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Дулааны цахилгаан станц намар, өвлийн бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Дулааны цахилгаан станц жил бүр техник, технологио шинэчлэх, их засвар, өвлийн бэлтгэл ажлаа тогтмол хийж ирсэн уламжлалтай. 2018 онд ашиглалтад орсон хоёр турбинд өнгөрсөн жил их засвар хийсэн бол энэ жил тавдугаар турбинд их засвар хийж, ашиглалтад хүлээн авч, ажиллаж байна. Мөн зургадугаар зууханд их засвар хийсэн. Одоо хоёрдугаар зуухандаа их засвар хийж байна. Түүнчлэн, шугам хоолой, насос зэргийг сольж, засварлаж байна. Тухайлбал, эдэлгээ муудаж, даралт нь хүрэхгүй байсан угаах, шүрших шугам хоолойг 100 хувь солилоо. 1976 оноос хойш ашигласан дулаацуулгын болон уурын шугамуудыг шинэчлэх ажлыг бүрэн хийж дуусгалаа. Ингээд өвлийн бэлтгэлээ амжилттай базааж байна.
-Станц “их зогсолт”-оор ямар ажил амжуулав?
-Манай станц энэ сарын 7, 8-нд “их зогсолт”-оо хийлээ. Жилийн туршид тоног төхөөрөмжид гарсан, гарч болзошгүй доголдлыг урин дулаан цагт нэг удаа зогсоож, засварладаг. Энэ жилийн их зогсолтын үеэр 114 ажил төлөвлөсөн. Эдгээрийн ихэнх нь засварын ажил. Цахилгааны ажил дээр засвараас гадна тоног төхөөрөмжид хэмжилт, туршилт, чангалгаа хийдэг. Мөн тасралтгүй ажиллагааг хангах үүднээс цэвэрлэгээ үйлчилгээний ажлууд ч багтдаг. Эдгээр ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, төлөвлөгөөнөөсөө хоёр цагийн өмнө дуусгасан. Манай их зогсолтын ажилд Эрчим хүчний хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс болон Үйлдвэрлэлийн хэлтсийн удирдлага, зохион байгуулалт дор Цахилгаан цех, Засвар, механикийн завод хамтран ажиллалаа. Ингээд 9-р сарын 10-наас дөрвөн зуух, дөрвөн турбинаар 46 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх горимтой ажиллаж байна. Энэ горимоор ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл ажиллах байх.
-Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ачаалал нэлээд өндөр байх нь ээ, нүүрсний нөөцөө хэрхэн бүрдүүлэх вэ?
-Монгол Улсын Эрчим хүчний системд хэрэглээ жил бүр нэмэгддэг. Эх үүсвэр тэр бүр ашиглалтад орохгүй байгаа болохоор зөвхөн манайх бус бүх цахилгаан станц нэлээн өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Хэрэглээ өссөнөөс шалтгаалан Эрчим хүчний яам төлөвлөгөөнөөс илүү эрчим хүч үйлдвэрлэх даалгавар өгч байгаа. Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төвөөс бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээг чанартай хийх, тасалдалгүй ажиллах, өвлийн улиралд дор хаяж 21 хоногийн нүүрсний нөөцтэй байхыг анхааруулдаг. Ер нь нүүрсний нөөцийг хангалттай сайн байлгаж байж, нэмэлт ачаалал авна. Өнөөдрийн хувьд манайх 42 мянган тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь зуны горимоор 40, хавар, намрын горимоор 35 хоногийн нөөцтэй гэсэн үг. Ноднин, уржнангийн хувьд нүүрсний нөөц арай багахан байсан. Нөөц бага байх нь найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг л дөө. Тиймээс тооцоо судалгаа хийж, энэ жил нөөц ахиу байлгахаар зорьж байгаа. Бид өвлийн улиралд 40 хоногийн нөөцтэй байхаар Шарын голын уурхайгаас нүүрсний таталтаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.
-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд айл өрх, албан байгууллагын дулааныг хэзээнээс өгөх вэ?
-Хотын бүсэд 9-р сарын 15-наас өгнө. Үүнийг Эрдэнэтийн ДЦС-аас хангадаг. Манай станц үйлдвэрийн дүүрэг дэх 18 цех, нэгж, гаднын 15 байгууллагыг дулаанаар хангадаг. Эдгээрт дулааныг 10-р сарын 01-нээс өгнө. Манайх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дээрх цех, нэгж, байгууллагуудад үзлэг шалгалт хийдэг. Их зогсолтын үеэр шугам хоолой, арматурыг сольж, турших ажлыг хийсэн. Түүнчлэн, даралт турших, ханын зузааныг үзэж шалгаж, дулаан алдагдлыг тодруулах, улмаар энэ чиглэлээр хийх, сайжруулах ажлыг хэрэглэгчдэд зөвлөх зэргийг хамтран зохион байгуулан ажиллаж байна. Ингээд 10-р сарын 01-нээс өвлийн горимдоо бүрэн орж, дараа жилийн тавдугаар сарын нэгэн хүртэл дулаан түгээнэ.
-Эрчим хүчний үнэ ханшийг чөлөөлөх асуудлыг ихээхэн ярих боллоо. Энэ талаар эрчим хүч үйлдвэрлэгчийн зүгээс ямар үзэл бодолтой явна вэ?
-Эрчим хүчгүйгээр хүний амьдрал, байгууллагын үйл ажиллагаа явагдана гэж үгүй. Манай станц Монгол Улсдаа хамгийн залуу нь. 2018 оноос эхлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний системд нийлүүлэн, эрчим хүчний хэрэглээг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Эрчим хүч бол их олон хүний хөдөлмөр, нарийн технологиор бүтдэг онцгой үйлс. Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж буй өртгөөсөө бага үнээр хэрэглэгчдэд түгээж байгаа. Иймээс Төр засгийн хэмжээнд эрчим хүчний үнэ чөлөөлөх тухай яригдаж байгааг зүйтэй гэж бодож явдаг.
-Ярилцсанд баярлалаа.