“Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” гэх ишлэлийн бодит дүрийг би Х.Хулан эмчээс хардаг. Тэр чимээгүй хэрнээ чамбай, хичээнгүй ажиллаж, өвчтөндөө чин сэтгэлээсээ ханддаг онцлогоороо олонд танигдах болсон. Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед Эрдэнэт үйлдвэрийн “Шилдэг эмэгтэй”, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Дотоод шүүрэл судлалын их эмч Х.Хулантай уулзаж, хоол боловсруулах замын өвчлөл, бодисын солилцооны эмгэгт хүргэж буй асуудлын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс дотоод шүүрлийн асуудал их ярих болсон. Энэ юунаас үүдэлтэй вэ?
-Ерөнхийдөө бол бодисын солилцоо, дааврын асуудал байдаг. Дааврын тэнцвэрт байдал алдагдах, бодисын солилцоо өөрчлөгдөх гол шалтгаан хоолны буруу хэрэглээ. Таргалалт, чихрийн шижин, цусан дахь холестрин ихсэх, шээсний хүчлийн өсөлт зэрэг нь бодисын солилцооны өөрчлөлт. Үүнээс улбаалаад дараагийн өвчлөлүүд болох зүрх судасны өвчин, тархи мэдрэлийн тэнэгрэл зэрэг нь бодисын солилцоотой холбоотой. Ер нь хоол бүх өвчний суурь болоод байна шүү дээ.
-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтээр ямар өвчлөл зонхилж байна?
-Хоол боловсруулах замын өвчлөл тэргүүлдэг. Дотоод шүүрлийн, бодисын солилцооны өвчлөлүүд, олон улсын ангиллаар Е бүлгийн онош жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой бодисын солилцоонд өөрчлөлт орж байна.
-Дотоод шүүрэл гэж яг юу вэ?
-Дотоод шүүрэл гэдэг нь даавар ялгаруулж бодисын солилцоог удирддаг хэдэн булчирхай шүү дээ. Тархинд гэхэд өнчин тархи буюу хаан булчирхай. Бусад булчирхайгаа удирддаг дотоод шүүрлийн булчирхай байна. Хоолойн урд хэсэгт байрладаг бамбай булчирхай. Тэгээд нойр булчирхай. Бөөрний дээд булчирхай, эр бэлгийн булчирхай төмсөг. Эм бэлгийн булчирхай өндгөвч. Жишээ нь бамбай булчирхайн даавар өөрчлөгдөж, ихсэх юм бол бамбай булчирхайн хордлого. Даавар нь багасвал бамбайн дутагдал. Сүүлийн үед дархлааны үрэвслүүд их нэмэгдэж байгаа. Нийгмийн хөгжил, стресс, хоолны шалтгаан зэргээс болоод өрөвслүүд үүсч, түүнээс улбаалсан бамбайн дутагдлууд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, бамбай булчирхайн эдийн эсрэг биет үүсээд, өөрийн бамбай булчирхайн эдийг гэмтээсээр байгаад аажимдаа бамбайн дутагдалд орчихдог. Хүний бодисын солилцоонд хамгийн их хэрэгтэй нь бамбайн даавар байдаг. Бүх бодисын солилцоог түргэсгэдэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Хүнийг эрч хүчтэй, энергитэй байлгадаг даавар маань багасаад ирэхээр асуудал үүсч эхэлдэг.
-Тухайлбал...?
-Таргалаад, жингээ хасч чадахгүй. Арьс нь хуурайшиж, өтгөн нь хатна. Хоолны дэглэм сайн барьж, хичээсэн ч таргалаад л, хавагнаад л байвал бамбайн даавраа шалгуулах хэрэгтэй. Бамбайн дутагдал байхыг үгүйсгэхгүй. Хүмүүс гурван сар хоолны дэглэм бариад, дасгал хөдөлгөөн хийж турчхаад, хэсэг хугацааны дараа эргээд хэвэндээ орчихдог. Тэгэхээр жин хасахаас илүү амьдралын буруу хэв маягаа өөрчилж, зөв дадлыг бий болгох л чухал. Хүн байнга илчлэгээ хязгаарлаад байж чадахгүй шүү дээ. Илчлэгээ хангалттай авахдаа зөв хүнсээ зөв цагт нь идэх дадалтай байхад болно. Хөдөлгөөн ч ялгаагүй. Долоо хоногт гурван удаа, эсвэл амралтын өдрүүдээр хөдөлгөөн хийх дадалтай болчих юм бол нэг долоо хоногт хөдөлгөөн хийгээгүй бол гэмших сэтгэл төрдөг. Хөдөлгөөн хийхээр эрч хүч ороод, бие хөнгөрөх жишээтэй. Хөдөлгөөн хийхэд ялгардаг даавар нь сэтгэл санааг өргөж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг.
-Бид жимс л бол эрүүл мэндэд сайн гэж боддог. Ер нь жимс эрүүл мэндэд үнэхээр сайн уу?
-Бид эслэг сайн идэх ёстой. Жимс бол фруктоз байдаг. Сүүлийн үед фруктоз бодисын солилцооны гол тоглогч болчхоод байна л даа. Фруктозоос болоод шээсний хүчил өсөж байна. Ганц төмс идлээ гэхэд глюкоз болж задарна. Глюкозыг биеийн бүх эд эс энергийн эх үүсвэр болгож хэрэглэдэг. Тархины, булчингийн, зүрхний гээд бүх эс хэрэглэдэг. Харин фруктоз зөвхөн элгэнд очиж, элгийг өөхлүүлдэг. Тийм учраас жимсийг хэт ихээр, хоосон ходоодон дээр идэж болохгүй. Дан жимсний дэглэм барьдаг хүмүүс байдаг шүү дээ. Элэгний өөхлөлт л нэмэгдэнэ. Харин монгол хөрсөнд ургасан жимсгэнүүд болох гүзээлзгэнэ, нэрс, аньс, үхрийн нүд зэрэг нь бидний ашигтай бактерт хэрэгтэй. Эдгээр жимсийг намар аваад хөлдөөж, хэрэглэх нь зүйтэй. Алим, жүрж, банана маш их глюкозтой. Сахарыг ихэсгэнэ, элгийг өөхлүүлнэ. Бодисын солилцоонд эсрэгээр нөлөөлдөг.
-Эслэг юунд хэрэгтэй вэ?
-Гэдэсний ашигтай бактерын хоол. Бид бодисын солилцоо гээд яриад л байна. Энэ нь угтаа бидний гэдэс байхгүй юу. Гэдэсний нэвчимтгий чанар хэр байна, бүдүүн гэдсэнд байгаа ашигтай бактер хэр олон тоотой, хэдэн янзын төрөл зүйлтэй байхаас шалтгаалж бидний бодисын солилцоо, таргалалт зэрэгт нөлөөлж байгаа. Тийм учраас ашигтай бактерт сайн анхаарах хэрэгтэй. Ашигтай бактерыг хамгийн их устгадаг зүйл бол антибиотек. Хоёрдугаарт, эслэг дутагдах. Эслэг хүнсэнд байцаа, өргөст хэмх, улаан лооль, брокли, мөөг, ногоон ногоонууд орно. Мөн үр тарианууд, овьёос, арвай багтана. Сонгино, сармис сайн уусдаг эслэг. Эдгээр эслэг нарийн гэдсэнд задардаггүй. Нарийн гэдэсний ханыг хучиж өгөөд, шимэгдэлтийг багасгах үүрэг гүйцэтгэхээс гадна бүдүүн гэдсэнд очихоороо ашигтай бактерын хоол болдог. Тэгэхээр ашигтай бактер маань олон төрөл болж үржээд, хоол өгөөд байхаар бидэнд бэлэг болгон богино гинжит тосны хүчил ялгаруулж өгдөг. Энэ нь үрэвслийн эсрэг, тархины тэнэгрэлийн эсрэг, судасны хатуурлын эсрэг сайн нөлөөтэй. Ашигтай бактерын гол үүрэг энэ.
-Хүмүүс амралт, зугаалгаар явахдаа шорлог, боодог, хорхог хийж иддэг. Энэ үед юуг анхаарах вэ?
-Нойр булчирхайг цочроох хоол хүнс шүү дээ. Нэг номерын дайсан нь архи. Архийг янз бүрийн хүйтэн юмтай хүнстэй, эсвэл тостой, өөхтэй, хурц хоолтой хольж хэрэглэхээр нойр булчирхайг маш их үрэвсүүлдэг. Мах их идэх гэж байгаа бол эхлээд ногоо дэвсэж өгөх хэрэгтэй. Араас нь мах, өөх иднэ. Идсэн ногоо маань нарийн гэдэсний ханыг хучиж хамгаалж өгнө. Өөх тосны шимэгдэлт нь багасна. Араас нь архи уухгүй байхыг хичээх хэрэгтэй.
-Цаг зав гаргасан Танд баярлалаа.