Энэ буландаа гэрэл зураг сонирхогч, төрөл бүрийн спортоор хичээллэдэг Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаанчин Нямсүрэнгийн Эрдэнэтулгыг урьж ярилцлаа.
-Эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Би Эрдэнэт хотод 1993 онд төрсөн. Сэрүүлэг дээд сургуулийг цахилгаанчин мэргэжлээр төгссөн. Мөн график дизайнер мэргэжилтэй. Аавыгаа залгамжлан Эрдэнэт үйлдвэртээ гурав дахь жилдээ ажиллаж байна. Миний аав Ц.Нямсүрэн Баяжуулах үйлдвэрт Өргөн тээвэрлэх машин механизмын лифтчнээр 30 гаруй жил ажиллаад, одоо гавьяаны амралтдаа суугаа. Би аавынхаа олон жилийн хөдөлмөрөө шингээсэн үйлдвэрт ажиллаж байгаадаа баяртай явдаг.
-Таныг олон хоббитой гэх юм. Спортын ямар төрлөөр хичээллэдэг вэ?
-Би багаасаа л юм юм оролдож сонирхдог, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Цанын бааз ашиглалтад орох үеэс ээж маань тэнд ажилласан юм. Тэр үед би 12-той л байсан. Ээжийнхээ ажил дээр очингоо, уулын цанаар гулгаж сурсан. Түүндээ жигтэйхэн дуртай. Тухайн үед лифт байгаагүй. Цанаа үүрээд л уул өөд алхчихна. Тэгсээр оройд нь очоод, дорхноо гулгаад бууна. Уул өөд зөндөө алхаж байж оройд нь гарах ч би огт төвөгшөөдөггүй байлаа. Рагчаа багшийнхаа удирдлага дор цанаар хичээллэж эхэлсэн. Дараа нь Энхтөр багшийн шавь болсон. Үеийн найз нараа дагаж, жудо бөх сонирхож, “Хангарьд” спорт клубийн Бат-Орших багшийн секцэнд явдаг байлаа. Улаанбаатарт оюутан болоод “Сүлд” спорт хорооны Чинзориг багшийн шавь болсон. Бас сагсан бөмбөг тоглож, гүйлтээр хичээллэж, ханан хаданд авирч үзсэн. Ер нь л усан спортоос бусдаар хичээллэсэн гэвэл хилсдэхгүй. Сүүлийн үед өвлийн спорт, сагсан бөмбөг, явган алхалтаа л орхихгүй байна. Саяхан Эрдэнэтийн Уулчдын холбооны хэсэг нөхдийн хамт Улаанбаатар хотод болсон Уулчдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоод ирсэн.
-Энэ олон спортоор хичээллэхэд танд юу нөлөөлөв? Ямар амжилт үзүүлэв?
-Би их сониуч хүн. Юм, юм сонирхоно, түүнийгээ туршина. Ер нь шинэ зүйлд суралцах, туршихаас ер айдаггүй. Энэ чанар л олон зүйл сонирхоход нөлөөлсөн байх. Хүүхэд байхдаа Архангайн Эрдэнэмандал суманд өвөөгийндөө очиж амардаг байлаа. Энд адуу малтай ноцолдож байсан нь Монгол ахуйн ажил хөдөлмөрт суралцаж, бие бялдрын хөгжил сайжирч, бас бие даах чадвар, тэсвэр хатуужил суулгасан юм болов уу гэж боддог. Сонирхсон зүйлээрээ амжилт гаргана гэхээсээ илүү юм юмны захтай, аливаад дөртэй байхыг хичээдэг. Тэгээд ч спортоор хичээллэх нь хувь хүний эрүүл мэнд, төлөвшил, хүмүүжилд ч сайн. Тиймээс би хүүхдүүдээ одооноос цанын спортоор хичээллүүлж байгаа. Тэднийгээ эрдэм боловсролтой, бие бялдар сайтай, эр зоригтой, зөв хүн болоосой гэж хүсдэг. Миний спортын амжилт гэвэл хүүхэд байхдаа уулын цанын тэмцээнд аймагтаа дөрвөн ч удаа түрүүлж байсан. Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн. Уулын спортын нэгдүгээр зэрэгтэй л байх шив дээ.
-Гэрэл зургийг хэзээнээс, яагаад сонирхох болов?
-Улаанбаатар хотод оюутан болсны дараа манай найзууд ууланд явж, гоё гоё зураг авахуулсан нь сонирхлыг минь их татсан. Тэгээд л тэднийхээ зөвлөснөөр “Улаанбаатар” аялагч клубийн гишүүн болсон. Ууланд алхах ч, зураг авах ч үнэхээр сайхан. Энэ клубт би өнөө цагийн байгалийн нэртэй гэрэл зурагчин Эрдэнэбулгантай дотно нөхөрлөсөн. Дараа нь Женко нэрээр алдаршсан Батсүхтэй холбогдож, тэднээсээ ихийг сурсан. Цаашлаад Улаанбаатар хотын “Тусгал” нийгэмлэгийн гэрэл зурагчидтай танилцсанаар хобби минь улам өргөжсөн.
-Мартагдашгүй сайхан аялал, авсан зургийнхаа талаар ярина уу?
-“Улаанбаатар аялагч” клубийн 20 гаруй хүн, зургаан сарын хугацаатай Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, зураг авсан минь мартагдашгүй дурсамж үлдээсэн. Мөнх цастай сарьдаг өндөр уулсыг зориход бартаатай зам туулна, бороотой, шороотой үе таарна. 2017 онд зам тийм ч сайн байсангүй. Машин эвдэрнэ, хүмүүс айна, сандарна. Тэр бүхэнд сэтгэл санааг нь дэмжинэ. Бид нэгийн цуваагаар уул өгсөнө. Өндөр оргилууд руу авирахад хад чулуу, халтиргаа ихтэй тэсвэр тэвчээр шаардсан бартаат замаар өгсөнө. Гэлээ ч орчинтойгоо танилцаж, газар нутаг үзээд л хэрийн хүний хүрч чадахгүй өндөрт гарах нь үнэхээр сайхан гээч. Уулын оргилоос алсын барааг харах хичнээн сайхан. Тэндээс авсан зураг ч янзтай. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүс нэгдэж, баг болон аялах гайхамшигтай сайхан. Мөнх цас, мөсөн гол бүхий Мөнххайрхан, Монголын хамгийн өндөр оргил Алтай таван богд, алдарт Хяргас нуур гээд л дуу, шүлгэнд гардаг үзэсгэлэнт нутгаар аялсан минь мартагдашгүй сайхан. Бас бид Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан, Чингис хааны өлгий “Бурхан халдун”, Хэнтийн нурууны долоо дахь ноён оргил Алтан-Өлгий, үзэсгэлэнт Хар зүрхний Хөх нуур, Дундговийн Цагаан суварга гээд Монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялж, тэдгээр сайхан байгалийг гэрэл зургийн хальснаа буулгасандаа баяртай, бахдалтай байдаг.
-Одоо та гэрэл зургаа ямар чиглэлээр авч байна?
-Эрдэнэт хотын “Мэлмий” бүлгэмийн гишүүн болж, хүсэл сонирхлоороо нэгдсэн олон сайхан ах, эгч, найз нөхөдтэй болсон. Олон жил Баяжуулах үйлдвэрийн “зурагчин” хийсэн Урвалжийн хэсгийн Эрдэнэбат ахынхаа халааг авсан. Манай цех 1100 гаруй хүнтэй. Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын урлаг, уран сайхан, спорт, баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлын сонин сайхан агшныг гэрэл зурагт мөнхөлж яваадаа би баяртай байдаг. Ер нь гэрэл зураг авах их сайхан л даа. Баяртай, догдлолтой, түүх өгүүлсэн гоё агшныг гэрэл зурагт үлдээдэг болохоор хүн баярлуулна, өөрөө ч түүндээ баярладаг. Саяхан л гэхэд Үйлдвэрийн 45 жилийн ой, Хүүхдээ сонсъё аян, Залуусын хавар, Хүүхдийн баярын зурагнууд авсан. Гэрэл зураг түүх өгүүлдэг болохоор цаг хугацаа өнгөрөх тутам үнэ цэнтэй болно.
-Олон төрлийн хоббитой байхын ач тусыг та юу гэж үздэг вэ? Таны хоббиг гэр бүлийнхэн нь дэмждэг үү?
-Ер нь хоббитой хүн стрессгүй, хөдөлмөрч байдаг. Ямар ч зүйлийг сонирхон хичээллэхэд өөрт их кайфтай. Би амралтын өдрүүдэд ер нь гэртээ байна гэж үгүй. Гэрлэсний дараа эхнэр маань жаахан дургүй байсан. Мэдээж гэртээ тогтохгүй “тэнээд” явчихаар хэн ч тэгнэ л дээ. Гэхдээ одоо бол их сайн ойлгодог, бас дэмждэг. Би аяллын болон гэрэл зургийн хэрэгслээ байнга бэлэн байлгадаг. Яаралтай явах болоход, гэрээрээ ороод шууд үүрээд л гардаг даа.
-Байгалийн зураг авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Хэзээ, хаашаа явж, ямар зураг авахаа товлоно. Өглөө эрт эсвэл үдэш ч юмуу ийм ийм зураг авна гэж төсөөлнө. Ер нь нар мандах, жаргах, бороотойд авсан зураг гоё гардаг. Солонгын тусгалыг хаанаас авах вэ гэх мэтээр бодож, төлөвлөсөн зураг сайхан болно доо.
-Цаашдаа хоббигоо хэрхэн хөгжүүлэх вэ?
-Дэлгэр сайхан орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудын зургийг ч нэмж авах төлөвлөгөө бий. Гэрэл зургийн хальснаа буулгасан төрөл бүрийн зургуудаа олон түмний хүртээл болгож, мэлмийг нь баясгах мөрөөдөлтэй. Цаашдаа илүү экстрим спорт болох бартаат замын мотоциклоор хичээллэх, машинаар дрифт хийж үзэх хүсэл ч бий.
-Цаг зав гаргаж, ярилцсанд баярлалаа.