Эрдэнэт үйлдвэрийн Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээгээс зэсийн баяжмалыг Биржээр арилжаалахын ач холбогдлын талаар тодрууллаа.
-Биржийн тухай хууль гарч нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг Биржээр арилжаалж эхэлсэн. Мөн зарим уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмж Биржээр зарах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ талаар...?
-Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 2-р сарын 28-ны өдрийн 73-р тогтоолын дагуу зэсийн болон молибденийн баяжмалыг Биржээр нэмж зарах болсон. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Ажлын хэсэг байгуулж, зэс молибдений баяжмалыг хэрхэн яаж борлуулах талаар хэлэлцэн, түр журам боловсруулан анхны дуудлага худалдааг Монголын хөрөнгийн биржээр энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд явууллаа. Энэ дуудлага худалдаанд АНУ-ын “Өүшн Партнэрс” хэмээх компани оролцож, бидний дуудсан үнээр эхний 3000 тонныг авсан. Засгийн газрын түвшинд Уул уурхайн яамнаас өгсөн чиглэлийн дагуу зэсийн баяжмалын нийт бүтээгдэхүүнийхээ таван хувь буюу 30 мянган тонныг энэ жил зарахаар ажиллаж байна. Тэгэхдээ төмөр замын зохион байгуулалт, тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу 45 хоногийн дотор Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа Эрээнд хүргэхээр байгаа. Тухайн компанитай гэрээ байгуулж, Хөрөнгийн биржид бүртгүүлсэн. Ирэх 6-р сарын нэгнээс 45 хоногийн хугацаандаа зэсийн баяжмалаа нийлүүлэх бэлтгэл хангаад байна. Бид сар бүр зэсийн баяжмалынхаа дуудлага худалдааг явуулна. Дараачийн дуудлага худалдааг энэ сарын 28-нд явуулах захиалга өгнө.
-Зэсийн баяжмалыг Биржээр худалдаалахад хүндрэл бэрхшээл гарах уу? Ер нь зэсийн баяжмалыг Биржээр арилжаалахын ач холбогдол юу вэ?
-Зэсийн баяжмалыг Биржээр худалдаалах нь нэлээн шалгуур өндөртэй. Лабратори болон ачилтын ашиглалтын талбай, жин тодорхойлох хяналтын байгууллагууд итгэмжлэгдсэн байх ёстой гэх мэт өндөр шалгуур үзүүлэлттэй. Ер нь зэсийн баяжмалыг Биржээр зарахын ач холбогдол нь арилжааны үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох явдал юм. Ингэснээр хичнээн тонныг хэнд, ямар үнээр арилжаалсан нь нийтэд ил тод болно. Эхний арилжаагаар тодорхой хэмжээний ашиг гарсан. Биржээр зарахад нэг удаагийн худалдаа явагддаг. Эрдэнэт үйлдвэр нийт бүтээгдэхүүнээ борлуулах баталгаатай худалдан авагчтай байхын тулд урт хугацааны гэрээ байгуулдаг. Эхний борлуулсан гурван мянган тонноос нэг тонн баяжмалыг Эрдэнэтийн гэрээнээс 200 гаруй долларын нэмэлт үнээр өгсөн. Энэ нь зах зээлийн нөхцлөөс хамааралтай. Өнөөдөр Хятадын зах зээл дээр зэсийн баяжмал эрэлттэй байна. Мөн зах зээл дээр цэвэр зэсийн үнэ өсөж байгаа, нэг удаагийн худалдааны хайлуулах, цэвэршүүлэх зардал нь урт хугацааныхаа зардлаас доош буучихсан гэх мэт хүчин зүйлээс хамаарч боломжийн үнээр зарж байна гэсэн үг. Нөгөө талаар зах зээлийн нөхцөл өөрчлөгдөн үнэ унах, илүүдэл зэсийн баяжмал зарагдах тохиолдолд эрсдэл хүлээнэ. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтайгаа хамтран зохицуулалт хийж ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн тухайд түр журмын дагуу бүх ачилтын асуудлыг зохион байгуулж байна. Биржийн журамтай тохируулан түр журам гаргасан. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд зэсийн баяжмалын арилжааны сайн жишээ болж үлдлээ. Бид Биржээр зэсийн баяжмалаа арилжаалсан талаараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн. Мөн Ерөнхий захирал ярилцлага өгсөн. Гэтэл зарим сайтууд дээр ташаа мэдээлэл гарсан. Тухайн сайтууд руу нь ярьж, ташаа мэдээлэлд нь залруулга хийлээ. Нэг сайт дээр бүр 2,7 дахин илүү үнээр зэсийн баяжмалаа зарснаар бичсэн байх жишээтэй. Эхний ээлжинд 200 ам.доллараар илүү борлуулсан. Энэ мэдээллийг олон нийтэд үнэн зөв хүргэхийн тулд тэр сайтын материалд залруулга хийлгэсэн байгаа. Яагаад гэвэл гурав дахин илүү үнээр Эрдэнэт үйлдвэр бүтэгдэхүүнээ зарсан бол их хэмжээний орлогоо нуун дарагдуулсан мэт сэтгэгдэлийг олон нийтэд төрүүлнэ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндэд халтай ийм ташаа мэдээлэл дахин нийтлэхгүй байхыг хүсье.
-Баярлалаа.
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0