Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж буй талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж. Жавхланбатаас тодрууллаа.
-Саяхан намрын мод тарилт боллоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэдэн мод тариад байгаа вэ?
-Эрдэнэт үйлдвэр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байна. Манай хэлтэс, Ногоон хөгжлийн төслийн нэгжтэй хамтран 10-р сарын 7-9-ний өдрүүдэд намрын мод тарих ажлыг зохион байгуулж, Хангал голын голдирол дагуу, Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 7500 мод тарьсан. Энэ оны хавар, намрын мод тарих ажлын хүрээнд нийт 1,2 сая мод тарьж ургуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш Эрдэнэт үйлдвэр нийт 3,3 сая мод тарьж, арчилгаа усалгааг тогтмол хийж байна.
-Манай үйлдвэр бичил уурхайн улмаас эвдэрч орхигдсон талбайг нөхөн сэргээж байгаа. Энэ ажил ямар шатанд яваа вэ?
-Улсын хэмжээнд бичил уурхайн улмаас эвдэрч орхигдсон 8000 га талбай байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч орхигдсон талбайг нөхөн сэргээнэ” гэж тусгагдсан. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас манай үйлдвэрт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын найман байршилд 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүрэг чиглэл өгсөн. Энэ ажлын хүрээнд техникийн нөхөн сэргээлт хийх тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэн тендер зарласан. Тендерт хоёр компани шалгарсан бөгөөд энэ жил нийт 1230 га талбайд нөхөн сэргээлт хийж байна. “Тотал идеал”компани 429,14 га-д нөхөн сэргээлтээ дуусгаж, Жинжий майнинг компани 800,7 га талбайн 90 хувийг нөхөн сэргээсэн. 11-р сарын 30 гэхэд дуусгахаар ажиллаж байна.
-Хүчиллэг ус хуримтлуулах бассейн барина гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Үйлдвэрийн газрын үйл ажиллагаанаас буй болсон үүсмэл орд буюу овоолгуудын ёроолоос олон жилийн хур тунадас, бороо, цасны нөлөөллөөр хүчиллэг ус гардаг. Иймээс үйлдвэрийн газраас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлж хүчиллэг ус хуримтлуулах бассейнуудыг 2011 оноос барьж ашиглалтад оруулсан. Тухайлбал, Ил уурхайн Засварын хэсгийн зүүн доод талд байрлах овоолгын дор 5000, Ил уурхайн 8, 12-р овоолгуудын дор 40000 шоо метрийн багтаамжтай хоёр бассейн хийж ашиглалтад оруулсан. Тус бассейнуудад хуримтлагдсан хүчиллэг усыг “Гал сэнтий”, “Монрос-Эко” компаниуд ашиглан зэс гаргах үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн усыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр саармагжуулж байгаа. Энэ жил бороо их орсны улмаас 10-р сарын эхээр Гал унтраах 58-р ангийн зүүн жалганаас хүчиллэг ус гарсан. Манай хэлтэс холбогдох бүтцийн нэгжтэй хамтран хүчиллэг усыг түр даланд хуримтлуулан, Ил уурхайн Засварын хэсгийн зүүн доод талд байрлах бассейн руу шахаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч байна. Техникийн зөвлөлөөр хэлэлцэн, тухайн газарт болон Ил уурхайн 9-р овоолгын дор хоёр бассейн барихаар шийдвэрлэсэн. Зураг төслийн хүрээлэн зураг төслийг нь хийж байна. Үүнийг дулааны улирлаас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
-Баярлалаа.
2023-12-03
Билгийн тооллын 21