Эрдэнэтийн-Овоо ордын зүүн өмнөд хэсэгт байрлах Оюутын ордод нарийвчилсан хайгуулын ажлыг Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хавар эхлүүлсэн. Энэ ажлын явц, үр дүнгийн талаар Ерөнхий геологич Д.Алтанхуягтай ярилцлаа.
-Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт урт хугацаандаа нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг дагаад улс орнууд, бид ч зэсийн хайгуулыг эрчимжүүлэх шаардлагатай. Эрдэнэт үйлдвэрийн авсан зургаан хайгуулын тусгай зөвшөөрлийн 99,5 мянган га талбайд оруулж буй хөрөнгө оруулалт нь бодитой, дэлхийн чиг хандлага, улсын бодлоготой яв цав нийцсэн, цаг үеэ олсон ажил. Бид өнгөрсөн тавдугаар сарын эхээр өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ оны өрөмдлөг нийтдээ 16500 гаруй тууш метрт хүрч зогсоосон. Саяхан хэд хэдэн компанийн холимог металл, жонш, нүүрс гээд янз бүрийн ордуудад явуулсан хайгуулын ажлын материалуудыг сонирхлоо. Тэд 7000, 10000 тууш метр өрөмдсөн байдал харагдаж байна. Тэгэхэд бидний зөвхөн энэ жилийн өрөмдлөг хэмжээний хувьд хангалттай сайн үзүүлэлт юм.
-Төлөвлөснөөсөө илүү гүйцэтгэсэн үү?
-Тэгсэн. Бид 14 мянган тууш метр өрөмдөхөөр төлөвлөж байсан бол 2500 орчим метрээр илүү өрөмдсөн. Бид аливаа ажлыг эхлэхдээ баримжаа, цар хүрээг тогтоодог. Геологийн даалгавраар газрын гадаргуугаас доош 450 метр гүн хүртэл үндсэн, гол хайгуулаа оновчлохоор төлөвлөсөн. Эрдэнэтийн-Овоо орд анх 1970-аад оны үед ашиглаж эхэлснээс өнөөдөр 400 гаруй метр доошилчхоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид 450 метрийн гүн хайгуул хийчихсэн байхад эхний ээлжинд олборлолт хийх, ашиглалтад бэлтгэх боломжтой гүн гэж үзсэн. Гэхдээ хайгуулын ажлын явцын дунд, тухайлбал Ерөнхий захирлаас “Хүдэртэй үед нь өрмийг хамаагүй зогсоож болж байгаа юм уу. Ер нь гүнд нь хэтийн төлөв юу байна гэдэгт үнэлгээ өгөх хэрэгтэй” гэсэн санал гарсан. Бид 31 цооног өрөмдсөн байгаа. Таван цооногийг гадаргуугаас нь 880 метр гүн хүртэл өрөмдсөн.
-Цооногуудын шинжилгээний хариу гарч байна уу?
-Одоогийн байдлаар бид 21 цооногийн шинжилгээний хариуг бүрэн авсан. Бусад хариу ээлж дараалаад ирсээр байгаа. Урьдчилсан байдлаар 21 цооногийн хариунд анализ хийж үзсэн. Тодруулж хэлэхүйц гайхалтай нөхцөлүүд бий. Бас ганц нэг цооног дээр “урам хугарна” гэхэд хаашаа юм, алаг цоог хүдэржилттэй болох нь ажиглагдсан. Гэхдээ огт хүдэргүй цооног бол байхгүй. Бүх цооног ямар нэгэн байдлаар хүдэртэй байгаа нь олзуурхууштай. Гэхдээ хүдрийн, зэсийн агуулгыг бид урьдчилж мэдэхгүй шүү дээ. Гүнд баян гарах уу, ядуу гарах уу гэдгийг дээжийн бичиглэл, баримтжуулалт хийх явцад тойм харагддаг. Тэр утгаараа зарим цооног хүдэр лүү орж, гараад явж байгаа. Ер нь хүдэргүй цооног бол гарах л ёстой. Тэгж байж бид хүдэргүй, хүдэртэй хилийн заагийг тогтооно. Тийм учраас хүдэргүй гарвал бас сайн, үр дүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл үүнээс цааш байхгүй гэдэг хязгаараа тогтоож авах юм.
-Өрөмдлөг ямар тактикаар явагдсан бэ?
-Хэд хэдэн тактик барьсан л даа. Жишээ нь, хуучин хийж байсан ажлуудыг нягтруулаад, өндөр магадлалтай, баталгаатай зэрэглэлийн нөөцүүдийг гаргаж ирэх. Нөгөө нь ордын хил хүрээ, заагийг тогтоох захын цооногуудыг төлөвлөх. Гурав дахь нь бүр гүнд нь хүдэр ямар хандлагатай байна вэ? гэдэг тактикийн цооногуудыг төлөвлөж өрөм тавьсан гэсэн үг. Жишээлбэл, 800 гаруй метрийн гүнтэй цооног үндсэндээ тэр чигээрээ хүдэр яваад дуусаагүй хаагдсан тохиолдол байна. Агуулгын хувьд тийм өндөр биш. Одоо манай олборлож буй хүдрийн зэсийн дундаж агуулга 0.4 хувьтай байгаа. Тэр хэмжээний агуулга бий гэж харж байна. Гоц өндөр агуулга буюу 2, 3 бүхэл буюу дээрхээс долоо дахин илүү агуулгатай үеүд ч гарч ирж байгаа юм.
-Учир зүйг нь судалсан уу?
-Үзсэн. Газрын гадаргуу дээр бороо ороод, хүчилтөрөгчтэй гүний устай орчинд дээд талын 40-50 метр хэсэг бол бүрэн угаагдсан харагдаж байгаа. Төмөр нь задраад зэв маягтай улаан хүрэн болоод өөрчлөгдчихсөн байдаг.
Гэтэл тэрний доод талд нь исэлдсэн хүдэр гарч ирсэн. Бас л 50, 60 метр орчим зузаантай гэж ойлгогдож байгаа. Исэлдсэн хүдэр хэнд хэрэгтэй вэ гэхээр Эрдэнэт үйлдвэр өөрөө барих гэж байгаа катодын зэсийн үйлдвэрт, зэргэлдээх “Эрдмин”, “Ачит-Ихт”, “Зэс эрдэнийн хувь” зэрэг үйлдвэрийг хүдрээр хангах тооцогдоогүй, шинэ нөөц байршлын хувьд урд талаасаа гарах магадлалтай байна.
Үүний доод талд онцлог шинж чанартай, зэс ихээр агуулсан үе байдаг. Энэ нь газрын гүний усны түвшингээс доошоо орчихоороо хүчилтөрөгч хаагдаад, эргээд өөр төрлийн, төмөргүй зэсийн эрдэс үүсдэг. Тэр нь өндөр агуулгатай байдаг ба хоёрдогч баяжилтын бүс гэж нэрлэдэг. 2-3 проценттой зэсийн ийм нимгэн хучаас гарч ирж байна. Энийг схемчлээд, урьдчилсан байдлаар ордынхоо загварыг зураг дээр гаргачихсан байгаа.
-Одоо Оюутын орд дээрх ажил бүрэн зогссон уу?
-Өрмийн ажил буусан ч хээрийн хоёр ажил хийгдэж байгаа. Нэг нь гадаргуугийн суваг малталт. Зарим цооног гадаргуугаасаа шууд хүдэртэй гарч ирж байгаа. Зарим нь хүдэргүй явж байгаад хүдэр лүү ороод байгаа юм. Тийм учраас хүдэртэй явж байгаад хүдэргүй рүү шилжиж байгааг гадаргуу дээр нь судлахын тулд суваг малтаад, тасралтгүй дээж аваад, хаанаас эхэлж, хаана дуусаж байна гэдгээр нөөцөд орохуйц хэмжээний сорьцлолт хийж байна.
Нөгөө ажил нь энэ жил өрөмдөж хөндөөгүй газар буюу зүүн урагшаа, бараг “Оюут” гэж нэрлэсэн байж болзошгүй эртний малталт бүхий газар байдаг юм. Тэндээс хөрсний дээж авч байгаа. Гүн ногоон өнгөтэй, уурхайлсан малталт бий. Тэр хавийг нь өмнөх судлаачид нэг их хөндөөгүй юм билээ. Тэнд нь 60х60 метрээр хөрсний цэгэн дээжүүд аваад, шинжилгээний хариугаар нь геохимийн элементийн тархалтын зүй тогтлын зураг гаргаж байгаад, ирэх жил өрөмдөх төлөвлөгөөгөө гаргах юм. Дараа жил 20 мянган тууш метр өрөмдөнө.
-Ингэхэд Эрдэнэтийн-Овоо орд хэдий хэмжээнд доошлох боломжтой вэ?
-Хамгийн сүүлд 2021 онд нөөцийн тайланг албажуулсан. Гүн өрөмдсөн цооног 1000 гаруй метр байхад тодорхой хэмжээний хүдэртэй байгаа. Гэхдээ цөөхөн цооног дээр хүдэр гарснаар орд бүтнээрээ доошоо байна гэж ойлгож бас болохгүй. Тодорхой талбайн хэмжээний өрөмдлөг хийж байж массаараа хэр хэмжээнд доошилж байгааг харах ёстой. Хоёрдугаарт, ил уурхайгаар авч чадах нь аль юм. Ил уурхайгаар авч чадахгүй бол гүний хүдрийг яаж авах юм гэдэг асуудал бий. Манай орд 60, 70 жилийн нөөцтэй мэт харагддаг боловч яг авч чадах хүдэр нь хэд юм, чадахгүй нь хэд юм бэ гэдгийг ТЭЗҮ-ээр тодорхойлдог. Тийм учраас Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хөндлөнгийн, мэргэжлийн компаниар хийлгэх ажил эхэлчихсэн яваа.
-Эрдэс баялгийн нөөц өсгөх чиглэлд өөр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Эрдэнэтийн-Овоо ордынхоо ашиглалтын хайгуулыг хэзээ ч орхиж болохгүй. Уурхайнхаа нөөцийн зэрэглэлийг тогтмол өсгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл баталгаатай нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Хол, сийрэг судалснаа нарийвчилж судлах, олборлолттойгоо уялдуулах ёстой.
Манайхан Шандын ордынхоо нөөцийн тайланг шинэчлэн боловсруулж байна. Мөн нөгөө таван лиценз дээр системтэй ажлууд эхлүүлчихсэн яваа. Стратегийн ордын талбай дотор анхаарал татахуйц объект нь яах аргагүй Цагаанчулуут. Геологийн зүй тогтол, порфирын гэгддэг ордын системийн орой нь харагддаг. Өөрөөр хэлбэл байх ёстой зүйлүүд нь, цахиурлаг оройвч гэж геологийнхон нэрлэдэг чулуулаг тогтоогдоод байгаа юм. Ийм зүйл бас хоосон байдаг зүй тогтол түгээмэл. Соронзон орон Эрдэнэтийн-Овоо ордод маш бага байдаг бол тийм үргэлжлэл Цагаанчулуутад илэрдэг болохоор ирэх жил 1500 метр гүнтэй хоёр цооногийг өрөмдөж үзэхээр, нэлээн бодолтой юм “ноороглоод” байгаа.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.