Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой

Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Соёл, урлагийн цогцолборын Зураач-чимэглэгч Х.Батбаяртай ярилцлаа. “Театрын зураач зураг, баримал, сийлбэр гэх мэт шаардлагатай бүхнийг тайзан дээр хийдгээрээ давуу талтай. Хувцасны загвар гаргана. Баримал, сийлбэр хийнэ. Компьютер графикийн арга ашиглана гээд дүрслэх урлагийн бүх чиглэлээр ажилладаг” хэмээн тэр ярьсан. Эзэмшсэн мэргэжлээрээ сэтгэл хангалуун ажиллаж яваа түүний ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Таалал хотлоор оршиг.

-Мэргэжлээ хэрхэн эзэмшсэн талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Би бага, дунд сургуулиа төгсөөд “Сэтгэмж” дээд сургуулийн дизайны ангид нэг жил суралцсан. Дараа нь СУИС-ийн Театрын зураачийн ангид элсэж орсон юм. Энэ анги манай сургуульд шинээр нээгдэж байлаа. Тэгээд 2000-2004 онд суралцан тайз дэлгэцийн зураач-дизайнер мэргэжил эзэмшсэн. 

-Тэгвэл таны мэргэжлийн онцлог юу вэ?

-Уран зураач, барималч бол зөвхөн тэр чиглэлээрээ ажиллана. Урсгал чиглэлээ дагаад явна гэсэн үг. Харин театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдгаараа онцлогтой. Хуучин тайзны чимэглэлийг дан гараар зурж хийдэг байлаа. Театрын зураачаас урлагийн төрлүүдэд хөрвөж ажиллах чадварыг шаарддаг. Иймээс онол, практик хослуулан ажилладаг. Манай мэргэжлийг “хүмүүсийн нүдийг хамгийн сайн хуурагч” гэж хошигнодог. Энэ үнэн л дээ. Тухайлбал, урдаас нь харахад бүтэн юмны, ар нь тал байх жишээтэй. 1206 оны хааны өргөөг тайзан дээр илэрхийлье гэж бодоход л толгой ажиллаж эхэлнэ шүү дээ. Тухайн жүжиг, концерт тоглох ая тухтай орчныг бүрдүүлнэ гэсэн үг. Би олон хүнтэй ажилладаг. Найруулагч нэг зохиол бариад ирлээ гэхэд соёл олон нийт хариуцсан ажилтан нэг өөр санал хэлэх жишээтэй. Шоу тоглолт гэхэд арай өөр өнгө төрхтэй тайз засалт шаардана. Тэгэхээр олон төрлийн ажлын арга барилтай хүмүүстэй тулж ажилладаг нь сонирхолтой. Хүмүүсийн үзэж харах юм их болсон. Иймээс бид тайзан дээр үзүүлэх юмаа тэр түвшинд хийх ёстой. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн ажиллахын тулд байнга суралцаж байна.

-Уран бүтээлч хүн нэг том зорилго тээж яваа даа. Энэ талаар..? 

-Би импрессионизмын чиглэлийг сонирхдог. Ийм чиглэлийн арга барилтай гэх юм уу даа. Гэвч миний хийдэг тайзны ажлын эсрэг урсгал. Тайзны зураач бол бодит юман дээр ажилладаг. “Учиртай гурван толгой” дуурийг тавилаа гэхэд монгол зургийн аргаар ажиллана биз дээ. Тийм нөхцөлийг зураачаас шаардана. Тэгэхээр би хамтын том бүтээл дээр ажиллах юмсан гэж бодож байна. Сүүлийн хэдэн жил бүтээл хийсэнгүй. Тухайлбал, нэг том түүхэн жүжгийн тайзны зураг, засал чимэглэлийг хийх сонирхол байна. 

-Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон үеэ дурсахгүй юу?

-Анх тавдугаар 10 жилийн сургуульд багш авна гэсэн зарын дагуу очиж уулзсан. Залуу хүн ажилд авчихмаар байна. Даанч танд багшлах эрх алга гэдэг юм. Тэгээд “Уурхайчин” соёлын ордонд зургийн дугуйлангийн багш авна гэсний дагуу ирж ажилласан. Тухайн үед найруулагч Д.Одончимэг, С.Должинсүрэн эгч хоёртой үүдэнд уулздаг юм. Найруулагчийн зөвлөснөөр сургууль төгссөн бичиг баримтаа үйлдвэрийн боловсон хүчинд өгсөн. Маргааш нь дуудсанаар Т.Дашцэрэн даргатай уулзаад л энэ ажилд орчихсон. Хүний хувь заяа сонин шүү. Тэр цагаас хойш тасралтгүй 19 дэх жилдээ энд ажиллаж байна. 

-Та хэнээс юу сурч мэдсэн бэ?

-Би тайзны зураач С.Ариунболд багшийн гарын шавь. Энэ багшаасаа их юм сурсан. Оюутан байхад манай багш онол, дадлага хослуулж явсан болохоор боломжийн юм сураад авсан санагддаг. Нэгдүгээр курсийн эхний хичээлийн дараа багшийгаа дагаад шууд тайзны ажилд оролцоод л явсан. Энэ суурь мэдлэг, дадлага ажил амьдрал дээр их хэрэг болсон доо. Төрийн соёрхолт, МУГЖ Б.Сосорбарам, МУГЖ, дуучин Х.Үнэнхүү, “Х” ТҮЦ-ийн тоглолтын тайзны дэглэлт, засал чимэглэл дээр ажиллаж байлаа. Мөн Пентатоник наадам, цэнгэлдэх хүрээлэнд болсон “Галбингаа” шашны цэнгүүний тайз заслын ажилд багшийгаа дагаж оролцсон. Энэ бүхэн бидэнд том сургууль болсон. Тодорхой ажлын арга барил суусан. Иймээс ажилчин болоод уран бүтээл хийхэд нэг их асуудал гараагүй. 

-Та хэзээнээс зурж эхэлсэн бэ? Таны удамд зураач бий юу?

-Би хар багаасаа зурах сонирхолтой хүүхэд байсан. Дөрвөлжин шугамтай дэвтрийн ар дээр их юм зурсан даа. Хүүхдүүдийн дурсамжийн дэвтэрт зураг зурж өгнө. Ангийнхантайгаа ханын сонин гаргана. Би өөрийнхөө сонирхлоор л зураач болсон. Ер нь манай аавын тал гарын ур дүйтэй. Миний авга ах МУСГЗ, шог зураач Ц.Байды. Энэ ах надад хандан юмыг сайн ажиглаж зурж сур. Дараа нь дуртай юмаа зур гэсэн юм. Би ийм арга барилаар суралцсан. Одоо шавь нараа ийм аргаар сургаж байна. Би Дундговьд төрсөн. Манай Дундговь дуучид, зураач олонтой. Авьяастнуудын өлгий нутаг. Монголын анхны театрын зураач Ц.Доржпалам, нэрт зураач Ц.Цэгмид, шог зураач С.Цогтбаяр гээд нэрлэвэл олон бий.

-Та сайхан дуулах уу. Спорт хэр сонирхдог вэ?

-Хүмүүс Дундговийнх болохоор дуулдаг гэж боддог. Миний ганц чаддаггүй юм дуулах. Харин надад сонирхоогүй спорт байхгүй. Өөрийнхөө хэмжээнд төрөл бүрийн спортоор хичээллэсэн. Нэг хэсэгтээ спорт хөөсөн нөхөр явлаа. Телевизээр хөл бөмбөг гарна. Гудамжинд гараад л хөл бөмбөг тоглох жишээтэй. А.Сүхбат аваргын фен. Аваргыг зодог тайлснаас хойш бөх шимтэж үзээгүй. Зураач болоогүй бол биеийн тамирын багш явах байсан болов уу. (Инээв.)

-Авьяастай хүмүүсийн удам юм байна даа?

-Тэгж ойлгож болно. Авьяас өвлөгддөг байх.

-Та мэргэжлийн ямар ном, сэтгүүл уншдаг вэ?

-“Искусство”, “Художник” зэрэг сэтгүүлийг их уншдаг байсан. Ингэж л мэргэжлээ илүү сонирхож эхэлсэн. Одоо интернетээс л мэдээлэл авч байна. Би мэргэжилдээ их хайртай, дуртай. Ажлаа сэтгэл ханамжтай хийдэг. 

-Та хэдэн цагийг ажлын байрандаа өнгөрүүлдэг вэ? Ажлын ачаалал хэр байна?

-Эхэн үедээ ажил дээрээ хонож ажиллах тохиолдол бишгүй байсан. Тоглолтын сургуулилт дууссаны дараа тайзаа засна. Хүний хөл татрахаар даавуунуудаа хоёр, гурван газар зэрэг дэлгэчхээд л шөнө ажлаа хийх жишээтэй. Миний ажил цаг их шаарддаг. Одоо компьютер, графикийн арга ашиглах болсон. Харьцангуй хөдөлмөр хөнгөвчлөгдсөн. Мэргэжилдээ дуртай болохоор энэ ажлаа төдийгөөс өдий хүртэл хийж ирлээ.

-Гэр бүлээ танилцуулна уу? Таны авьяасыг өвлөсөн хүн бий юу?

-Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэрийг Ж.Цэрэндулам гэдэг. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд Номын санчаар  ажилладаг. Том охин маань энэ жил 12-р ангиа төгсөж байна, Архитектур мэргэжлийг судалж, суралцах сонирхолтой байгаа. Хүүхдүүд бүгд зурдаг. Хамгийн бага маань бусдаасаа арай илүү авьяастай байж болох юм. Юмыг их тоочиж зурдаг. Хүүхдүүдийнхээ нүдэн дээр тайзны эскизээ гаргаад сууж байхыг бишгүй харж өссөн болохоор тэр юм уу, өөрсдөө л зураад байх юм. Орчин тэдэнд нөлөөлсөн байх.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Эрдэнэтийн караоке” дууны уралдааны урилга, билетийн загварыг гаргаад сууж байна. Шинэ бөхийн өргөөний ажил руу орсон. Тус өргөөний дотор засал чимэглэл, өнгө дизайны талаар судалгаа хийж байна. 

-Таны гаргасан эскиз зургаар тайз дэлгэцийг засдаг. Энэ үед танд юу бодогддог вэ?

-Аливаа концерт, жүжиг тавигдсаны төгсгөлд уран бүтээлчдийг зарлахад сэтгэл их хөдөлдөг. Бусад салбарт зураач тийм ч өндөр рейтинг байхгүй. Харин тайз дэлгэцийн зураач бол нэр хүндтэй. Ер нь тайзны зураач, найруулагчийн дараа эрэмбэлэгддэг. Үзэгчдийн нүдэнд харагдах бүх зүйл зураачийн ажлын гүйцэтгэлээр амилдаг. Тайзан дээр нэг аяга байлаа гэж бодъё. Тэр нь ямар хэлбэр хийцтэй байхыг зураач шийднэ. 

-Хамт олныхоо талаар ямар бодолтой явдаг вэ?

-Намайг маш сайхан хамт олон хүлээж авсан. Хуучин ажиллаж байсан зураач маань хүндээр өвчилчихсөн. Түүнийг орлож байсан Сайнбилэг ах маань жаахан зааж сургасан. Би дөнгөж сургууль төгсөөд ирсэн болохоор ажлын туршлагагүй байсан. Ер нь өөрийнхөө бор зүрхээр л хөдөлмөрлөж эхэлсэн дээ. Найруулагч, зураач, гэрлийн техникч, тайзны ажилтан бүгд гар бие оролцож сайн бүтээл тоглох орчин бүрддэг. Тэгээд дуучин, бүжигчин, жүжигчид уран бүтээлээ амилуулна. Нэг ёсондоо олон хүний хүч хөдөлмөр юм. Иймээс би хамт олноороо бахархдаг. Миний олон жил уйгагүй ажилласныг хамт олон маань үнэлж Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аваргаар 100 хувийн саналаар тодорхойлсон. Энэ том үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргын нэгээр шалгарсандаа баяртай явдаг. 

-Тантай хамт дээд сургууль төгссөн хүмүүсийн хэд нь мэргэжлээрээ ажиллаж байна?

-Анх 16-уулаа дээд сургуульд элсэн орж байлаа. Сургуулиа бид наймуулаа төгссөн. Дархан хотын Театрын зураач Хашцэцэг, “Гэгээн муза” шагналт Баярмагнай, түүний туслах зураачаар манай ангийн гурван хүүхэд ажилладаг. Бид нэг ангийнхан. Надаас гадна Баянхонгорын театрт нэг хүү ажиллаж байгаад гадаад гарсан. Ер нь манай ангийнхан мэргэжлийн ажлаа хийцгээж байна даа.

-Та шавь олонтой юу? Шавь нар чинь ямар амжилт үзүүлээд байна? 

-Би хүүхдүүдэд зургийн дугуйлан хичээллүүлдэг. Дугуйланд хамрагдсан хүүхдүүдэд зурах аргачлалын анхны суурийг нь тавьж өгдөг. Зураач мэргэжил сонгох гэж буй хүүхдүүд дугуйланд хамрагдах их сонирхолтой байдаг. “Энэрэл” төвийн таван хүүхдэд үнэ төлбөргүй хичээл ордог. 2017 оноос энэ дугуйланг ажиллуулсан. 12-р анги төгсөх хүүхдүүд аймгийн олимпиадад оролцдог. Аймгийн олимпиадад гурван хүүхэд дэд байр эзэлж, мөнгөн медаль авсан. Миний бэлдсэн шавь нараас эхний хүүхдүүд зураач мэргэжлээр дээд сургуулиа төгсөх гэж байна. СУИС-ийн театрын зураачийн ангид нэг охин сурдаг. Нэг хүү хувийн сургуульд сурч байгаа. Эдгээр хүүхдүүд миний гарын шавь нар. 

-Орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлд ямар урсгал чиглэл давамгайлж байна гэж та хардаг вэ?

-Ер нь авангард, хийсвэр тал руугаа явж байгаа. Хувь уран бүтээлчийн хувьд би энэ чиглэл рүү хүүхдүүдийг хурдан ор гэж хэлдэггүй. Бодит юмаа хийж сурчхаад хийсвэрлэл, гэж шавь нартаа захидаг. Уг нь суурийг нь зөв сайн тавьж өгөх ёстой юм л даа. Тэгэхээр юун түрүүнд бодит юмыг сайн харж зурж сурах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ямар ч онол, дадлагагүй хийсвэр аргаар зүгээр будаг энэ тэнд нь нялчхаад урлаг гэж үзвэл өрөөсгөл. Дүрслэх урлагийг өнгөц ойлгон хялбар үнэлэмж тогтоож болохгүй. Уран зураг гэхэд өгүүлэмж, өнгөний зохилдлогоо гэх мэт нарийн юм бий. Сүүлийн үед хүүхдүүд дүрслэх урлагийг хийсвэрлэж амархан зурдаг мэтээр арай хялбар аргаар хараад байна. Тийм биш. Бодит байдал дээр зурах бүх техникээ эзэмшчихсэн нөхцөлд өөр арга хэлбэрээр зурж болно. 

-Та ажиллах хугацаандаа юу хийж бүтээсэн байна вэ?

-Соёл, урлагийн цогцолборын үе үеийн тайзны уран бүтээл, хүндэтгэлийн тоглолт, баяр наадмын нээлтийн тайз засал, чимэглэлийн загвар гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн түүхт ой, соёлын өдрүүд, баярын хурлын тайз, “Хайрлан жаргах эх орон” хүндэтгэлийн концерт, “Ану хатан” дуурийн ерөнхий болон туслах зураачаар тус тус ажилласан. 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Эрдэнэт хотын 45, 46 жилийн ойн баяр наадмын ерөнхий зураач, Уул уурхайн 100 жилийн ойд зориулсан концертын зураач, Мэргэжлийн чуулгуудын улсын уралдаанд Гранпри шагнал хүртсэн. ДБЭЧ-ын “Эрдэнэт академик” концертын зураач зэрэг улс, аймгийн чанартай томоохон арга хэмжээнүүдийн зураачаар ажилласан. 2022 онд хэвлэлийн ажлаар 134 шинэ эх бэлтгэл зохиож, 26614 хэвлэлтийн ажил хийсэн. Ингэхдээ 1,5 сая төгрөгийн материалын зардал ашигласан нь гаднын хэвлэлийн газруудын дундаж үнэлгээгээр 16 сая гаруй төгрөгийн зардал гарах байсныг хэмнэсэн. Мөн соёл, урлагийн 302, цахим 24 үйл ажиллагааны эх бэлтгэл, тайз засал чимэглэл, дизайны эскиз зураглал хийгээд байна.

-Баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %