Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна

     Бид хобби буландаа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмад багш, Монгол, Оросын найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мажинбууг урьсан юм. Б.Мажинбуу багш адал явдалт аяллын спортоор хичээллэж, гэрэл зураг, уран зураг, мөнгөн тэмдэгт, зоос, шуудангийн марк, дугтуй цуглуулдаг. Бид түүний маркийн цуглуулгыг онцолж байна. Зориулалтын хэд хэдэн том альбомд нямбай хадгалсан, ховор нандин, үнэ цэнтэй, маш олон марктай юм. Түүнийгээ агуулгаар нь сэдэвчлэн ангилж, цуглуулжээ. 

-Та хэзээнээс марк цуглуулж эхлэв?

-Ер би багадаа элдэв зүйл цуглуулдаг хүүхэд байсан. Бага ангиасаа чихрийн цаас цуглууллаа. Миний хүүхэд байх 1960-аад оны үед чихэр ховор болохоор цуглуулга маань төдийлөн өргөжихгүй байв. Тэгэхээр нь чүдэнзний хайрцаг цуглуулсан ч бас л явцгүй. Ингээд л марк цуглуулсан. Марк харин боломжийн, олдсон болгоноо дэвтэр дээр наагаад байв. Туршлагажаад цэвэрхэн ч хадгалдаг боллоо. Ингэж маркаа цуглуулсаар л. Зөвлөлтөд оюутан байх үед орос хэл дээр “Монголия” сэтгүүл гардаг. Түүн дээр Зөвлөлтийн болон социалист орнуудын марк сонирхогчдын хаяг, захидал хэвлэгддэг байв. Би үүнээс Зөвлөлтийн хэд хэдэн цуглуулагчийн хаяг авч, байнгын харилцаатай байж марк цуглуулав. Дээд сургуулиа төгсөх жилээ Зөвлөлтийн марк цуглуулагчдын нийгэмлэгийн гишүүн ч боллоо. Сард 6 копейкны татвар төлнө. Долоо хоног бүр Иркутск хотын ордонд цугларалтад очиж, тэндээс марк солилцож, мэдээлэл хуваалцдаг болов. 

-Монголд ирээд цуглуулгаа үргэлжлүүлэв үү?

-Дээд сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Ингээд 1981 оноос Эрдэнэт хотын Холбооны газрын дэргэдэх Марк цуглуулагчдын клубийн гишүүн болж, 1983-1985 он, 1987-1990 он хүртэл даргаар нь ажилласан. Тэр үед Марк цуглуулга нь Холбооны газрын чухал ажил байсан юм. Марк цуглуулагчдын нийгэмлэгээс гишүүн элсүүлэх төлөвлөгөө өгдөг. Түүнийгээ биелүүлэхгүй бол зэмлэл, шүүмжлэлд өртдөг байв. Харин манай хотын хувьд их сайн байсан. Гишүүдийн тоо 80 гаруйд хүрч, төвөөс маркаа борлуулахаар бүхэл бүтэн баг ирж, ялангуяа Зөвлөлтийн мэргэжилтнүүд, орос сургуулийн хүүхдүүдэд борлуулдаг байв шүү. 1990 он гараад л энэ ажил зогсож, үндсэндээ манай холбоо 2010 он хүртэл ажиллаагүй. Марк цуглуулагчид маань ч больсон доо.

-Тэр үед та яасан бэ?

-Би цуглуулгаа орхиогүй ээ. Зоос, цаасан мөнгө, тэмдэг, одон медаль, эртний эдлэл элдэв зүйл цуглуулдаг бидний хэдэн нөхөд цуглуулагч Ц.Бөхбатын санаачилгаар 2015 онд “Зоос судлалын холбоо”, “Марк цуглуулагчдын холбоо”-г сэргээн бий болгож, “Эрдэнэт өв” ТББ байгуулж, тэргүүнээр нь намайг сонгосны дагуу үйл ажиллагаагаа одоо ч идэвхтэй явуулж байна. Одоо манай холбоо 25 гишүүнтэй. Бид түүх соёлын өв, үнэт зүйлсийг зөвхөн цуглуулах бус, Улсын хил давуулахаас сэргийлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, үүгээр дамжуулан, эх орныхоо түүх соёлыг сурталчлан таниулахыг зорьдог. Чухам энэ зорилгын үүднээс би “Марканд мөнхөрсөн Монгол мину” Маркны явуулын гэр музей байгуулахаар 2020 оноос эхлэн ажиллаж байна. 

-Танд хэчнээн марк байгаа вэ? Маркуудаа хэрхэн сэдэвчилдэг вэ? 

-Монголд гарсан 4300 гаруй нэрийн маркны 3000 гаруй нь надад байна. Маркуудаа сэдэвчлэн дөрөв ангилж, 300 гаруй үзмэр бий болгоод байна. Нэгд, “Мөнх тэнгэрийн хүчин дор Мандан бадарсан Монгол мину”. Энэ сэдэвт Хүннү, Их Монгол улс, Эзэнт гүрэн, Чингис хаан, түүний залгамжлагчдын тухай маркууд орсон. Зургаан дэд сэдвээр 70-аад үзмэрт 700 гаруй марк бий. Хоёрт, “Мөнх тэнгэрийн хүчин дор Мөнхөд орших тусгаар тогтнол мину”. Энэ нь 6 дэд сэдэв, 60 орчим үзмэртэй, 500 орчим маркаас бүрдэж байна. Гуравт, “Дэлхийн тавцанд дэвшин хөгжиж буй Монгол минь” сэдвийн дор Монгол орны гадаад бодлого, олон улсын түвшинд улс төр, нийгэм, эдийн засаг, дипломат үйл ажиллагаа, энх тайван, найрамдалт харилцаа, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг харуулсан 6 дэд сэдэвт 80 үзмэртэй, 800 гаруй маркаас бүрдэж байна. Дөрөвт, “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон мину” хамгийн өргөн сэдвийг хамарсан хамгийн олон тооны марк бүхий хэсэг. 

-Хамгийн анхаарал татсан, гоёмсог маркууд эх орны сэдэвтэй юм аа?

-Тиймээ. Монголын үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтан, ургамал, байгалийн баялаг, урлаг соёл, өв уламжлал, түүх зэрэг төрлөөр 10-аад дэд сэдэвт, 150 үзмэртэй, 1000 шахам маркаас бүрдэж байна. Энэ нь гадаад, дотоодын марк цуглуулагчдын хамгийн хошуурдаг сэдэв. Үүнд манай орны онцлогийг харуулахаас гадна маркны өнгө, үзэмж, урлаг хийц талаасаа их сонирхол татдаг. Энэ нь манай марк зохиогчид, маркны зураачдын ур чадвар, сэтгэлгээний өндөр чадвартай холбоотой. Ер нь тэд үндэснийхээ түүх, соёл, өв уламжлалын маш чадварлаг мэргэжилтнүүд байдаг. Маркны зургийн цэг, зураас болгон утга учиртай, түүх өгүүлдэг. 

-Марк цуглуулахын ач холбогдол юу вэ?

-Нэгд, танин мэдэхүйн маш том хэрэгсэл. Тухайн марканд тусгагдсан зүйлийн түүх, үүсэл гарвал, учир утга хүмүүст их өргөн мэдлэг олгодог. Тийм учраас би дунд сургуулийн түүх, нийгмийн багш нар, нийгмийн ажилтнуудад маркаар дамжуулан сургалт явуулахыг зөвлөдөг. Маркан дахь зургийг тайлбарлавал бараг тухайн сэдвээр лекц ч болох талтай. Ингэснээр сурагчийн төдийгүй багшийн мэдлэгийг өргөжүүлдэг. Мөн урлагийн бүтээл учир, урлаг, гоо зүйн хүмүүжил, мэдрэмжийг ч хөгжүүлдэг. Хоёрт, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлдөг. Багаасаа марк цуглуулсан хүүхэд аливаад нухацтай ханддаг, тэвчээртэй, танин мэдэхүйн хүсэл тэмүүлэлтэй, мэдээлэл солилцох, цуглуулгаа өргөжүүлэх үүднээс олон найз нөхөд хүрээлэлтэй болдог. Ингэснээрээ урлагийн бүтээл, түүх соёлын үнэт өв тээгч болдог. Гуравт, маркаар дамжуулан номд дурлах, цуглуулгын бусад төрлийг сонирхох, баяжуулан төрөлжүүлэх сонирхолтой болдог. Эндээс судлаач болох зам нээгдэх боломжтой. Дөрөвт, Соёл, түүхийн өв тээгч болдог. Хойч үедээ уламжлан үлдээх өв хөрөнгө бий болгодог. 

-Та маркны олон үзэсгэлэн зохион байгуулж байсан. Энэ тухайгаа яривал?

-2020 оноос хойш, “Найрамдал хамтын ажиллагаа”, “Сансар судлал”, “Боловсролын хөгжил”, “Тусгаар тогтнол”, “Монголын сайхан орон”, “Халх гол дахь дайны ялалт” зэрэг сэдвээр 10 гаруй удаа үзэсгэлэн гаргасан. 

-Маркийг хэрхэн хадгалж, арчилдаг вэ? Цагийн эрхээр марк чанараа алдах, хуучрах тохиолдол гарах байх?

-Тусгай зориулалтын альбомд хадгалдаг. Үзэсгэлэн гаргах үеэр марк бүрийг зориулалтын бүрхэвчтэйгээр дэлгэдэг. 

-Танд байгаа хамгийн эртний марк?

-Ер нь Тусгаар тогтносон улсын марк л Дэлхийн маркийн бүртгэлд ордог. Монголын анхны марк 1924 онд гарч, бүртгүүлсэн. Миний цуглуулгад 1926 оны “Соёмбо” нэртэй марк бий. Дэлхийн бүртгэлд ороогүй Номхон далайн сүүлчийн арал улсын марк надад бий. Миний цуглуулганы бас нэгэн сонирхолтой марк нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан гаргасан алтан марк юм. 

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Энэхүү үнэт зүйлээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахаар зорьж явна. Энэ талаар албан ёсны зөвшөөрөл авч, статустай болохоор холбогдох газруудаар хөөцөлдөж байна. Монголын соёлын өвийн газарт бүртгүүлэхээр материалаа өгсөн. Ингээд Маркны музейгээ чадвал 12-р сард тэмдэглэдэг Эрдэнэт хотынхоо өдрөөр, амжихгүй бол ирэх жил болох Монгол маркны 100 жилийн ойгоор нээх төлөвлөгөөтэй байна. Үүнээс өмнө тэмдэглэлт өдөр бүрээр үзэсгэлэнгээ гаргасаар байх болно. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны зорьсон үйлс сэтгэлчлэн бүтэг.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %