Эрдэнэтийн стратегийн ордын талбайд явуулсан геологи хайгуулын ажил, түүний үр дүн хийгээд 2023 оны эрдэс баялгийн нөөц өсгөх төлөвлөлтийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуягтай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд гол анхаарлаа хандуулж ажилласан геологи хайгуулын судалгааны талаар мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн жилүүдэд Эрдэнэтийн-Овоо орд, уурхайн хэмжээнд хайгуулын ажил хийхээс гадна стратегийн ордын талбайд геологийн тойм судалгаа хийсэн. Тойм судалгаа гэхээр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу газрын хэвлийг гүнд нь хөндөхгүйгээр, зөвхөн газрын гадаргуу талаас нь хөрс, усны дээж авах, сансрын зураг ашиглах, чулуу хэлтэлж үзэх, физик орон талаас нь судлах ажлуудыг нэлээн хийсэн байгаа. Үүний үр дүнд хуучин болон шинээр хэд хэдэн газруудад хэтийн төлөвтэй бүс, цэгийг тогтоосон. Энэ ажлын хүрээнд Эрдэнэтийн стратегийн ордын талбай гэж нэрлээд байгаа 240 орчим мянган га талбайгаас 99.5 мянган га-г нь онцгойлж тусад нь ялгаад, хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл авахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газартай зөвшилцөөд өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын хуралдаанд оруулсан. Засгийн газраас ашигт малтмал хайх солбицлыг 379 дүгээр тогтоолоор баталсны дагуу Ашигт малтмалын газраас Эрдэнэт үйлдвэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Мөн тогтоолд дурдахдаа манай хайгуулын ажилд шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас гадна Орхон, Булган аймгийн засаг дарга нарт даалгасан. Өнгөрсөн оны нэг чухал үр дүн бол энэ. Өөрөөр хэлбэл дараа дараагийн томоохон ажил явуулах эрх зүйн суурь асуудлыг эцэслэн шийдсэн гэсэн үг.
-99.5 мянган га гэдэг нэлээд том талбай. Үүний нэг болох Оюутын ордын судлагдсан байдал хэр байдаг бол..?
-Оюутын хувьд 1990 он гэхэд Эрдэнэтийнхэн, монгол геологичид маань Оросуудтай хамтраад, урьдчилсан хайгуулын түвшинд судалгаа хийгээд нөөцийг нь “урьдчилсан” байдлаар үнэлчихсэн объект. Өөрөөр хэлбэл ашиглалтад хараахан бэлтгэгдээгүй гэсэн үг.
Дараагийн шатны судалгаа буюу нарийвчилсан хайгуул хийсний үндсэн дээр ашиглах боломжтой эсэхийг тодорхойлоод ашиглалтад бэлтгэх ёстой. Сүүлийн 30 гаран жилд энэ талбай орхигдоод өнөөдрийг хүрсэн байна. Шалтгаан нь янз бүр. Газрын гүнд хайгуул хийх эрх нь бидэнд байгаагүй. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр өмнө нь хайгуулын лицензтэй байсан ч Оюут дээр хайгуул хийх зөвшөөрөлгүй байсан. Саяхан бид хайгуулын эрхийг нь өөрийн үйлдвэр дээрээ авлаа. Тиймээс 2023 онд нарийвчилсан хайгуул эхлүүлнэ гээд байгаа нь энэ л дээ. Урьдчилсан байдлаар, энэ жилдээ 10000-15000 тууш метр өрөмдөнө. Гадаргуугийн хэлбэр дүрсийг тодорхойлохын тулд 1х500 хүртэл нарийвчлалтай машстабтайгаар байр зүйн зураг хийнэ. Өрөмдөж үзэхээс гадна илүү гүнд байгаа биетийг урьдчилан илрүүлэх үүднээс соронзон-теллурийн аргаар судалгаа явагдана гэх зэргээр ямар төрлийн ажлыг хэрхэн, хэр хэмжээтэй, ямар цаг хугацаа, зардлаар явуулахыг харуулсан “нарийвчилсан хайгуулын төсөл” боловсруулан батлуулж байж ажил эхлэх учиртай. Бид эхлээд гадаргуугийн бусад судалгааны ажлаа үндсэндээ хийчихсэн. Хайгуул гэдэг бол эрлээс ялгаатай нь гүнд нь судалгаа хийхийг хэлдэг.
-Гадаргуу дээр өмнө нь хийгдсэн судалгааг ашиглах боломжтой юу?
-Эхний шатны ажлууд энэ районд маш их хийгдсэн. Сансрын зургийн тайлал, геофизикийн цахилгаан, соронзон орны судалгааны үр дүнгүүд, геологийн төрөл бүрийн зураг, чулуулгийн геохимийн судалгаа гээд мэдээж өмнөх тайлан материалууд бүгд ашиглагдана. Оюутын ордын гадаргуу дээр 1990-ээд он хүртэл хийсэн хуучин сувгууд байгааг цэвэрлээд дахин дээжлэлт хийж, өмнөх ажилтай нь харьцуулна, шинэ сэргэг мэдээлэл авна. Орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжүүд бол илүү нарийвчлал өндөртэй, олон элементээр тодорхойлдог болсон. Тийм учраас 30 гаруй жилийн дараах түвшинд нь дахиж хянах, баталгаажуулах, шинэчлэх ажлыг эхэлнэ. Геологи, хайгуулын экспедицийнхэнтэйгээ Оюутын ордын нарийвчилсан хайгуулын төслийг хэлэлцэх үед илүү тодорхой болно доо. Хүн хүчний, хээрийн анги-кемпийн гээд олон асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлага бий. Шат дараалсан арга хэмжээ авч, цөөн жилд хэрэгжүүлнэ гэж харж байгаа.
-УИХ, Засгийн газрын түвшинд Эрдэнэт үйлдвэрийн исэлдсэн хүдрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал байнга хөндөгддөг. Энийг илүү тодорхой болгох ажил өнгөрсөн жил хийгдсэн. Энэ талаар?
-Эрдэнэтийн исэлдсэн хүдрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрт, төрд орох орлогыг нэмэгдүүлэх, байгалийн баялаг хаягдал багатай, иж бүрэн ашиглах том зорилт бий. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд жилд 10 000 тонн катодын зэс боловсруулах үйлдвэр барих төсөл тусгагдсан. Иймээс маш эрчимтэй судлагдаж, төлөвлөгдөж байна. Овоолгын хэмжээнд 2021 оноос бид өрөмдлөг явуулж, хүдрийн шинж чанарын өөрчлөлт явагдсан эсийг шинжилж, овоолгуудыг дахин судлах ажил хийлээ. 2022 оны долдугаар сард исэлдсэн хүдрийн 8А, 12, 2Б овоолгын нөөцийг шинэчлэн тогтоогоод, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн. Харин одоо исэлдсэн хүдрийг нуруулдан уусган, катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г тодотгох ажлын хэсэг ажилласаар байна.
-Нөөц нь хэр хэмжээнд батлагдсан бэ?
-50 гаруй сая тонн хүдэр, гэхдээ овоолгын хүдрийг уурхайгаас гаргаж тавьснаас хойш хүдэр дэх агуулга буурч, бидний анх тооцож байсан зэсийн хэмжээ өөрчлөгдсөн, исэлдсэн хүдрийн үүсмэл ордын хувьд ойролцоогоор 240 гаран мянган тонн зэс гэж тооцоолсон. Гадаргууд гаргаад тавьсан овоолгын шинж чанар нь цаг уур, хур тунадас, орчны нөлөөллөөс шалтгаалаад зэс нь тодорхой хэмжээгээр өөр химийн нэгдэл, хэлбэрт шилжиж хөдөлдөг. Устай холбоотойгоор уусна, хөдөлнө. Усанд уусаж, шингэн хэлбэрт шилжиж, хөдөлж байгаа учраас овоолго дахь металлын хэмжээ үл ялиг буурсан. Овоолгуудын орон зайн байршил, үүсгэсэн цаг хугацааны хувьд исэлдсэн хүдрийн буюу үүсмэл ордууд өөр хоорондоо ялгаатай. Манай үйлдвэр катодын зэс үйлдвэрлэх судалгаагаа ил уурхайгаас гарах исэлдсэн хүдрээс гадна, үүсмэл ордоосоо хангахаар хослуулан ашиглах ТЭЗҮ боловсруулаад явж байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажилладаг “Эрдмин”, “Ачит ихт”, “Зэс Эрдэнийн хувь” зэрэг компаниуд үйлдвэрлэл, туршилт судалгааны ажил амжилттай яваа. Тэгэхээр үүсмэл ордуудын нөөцийг тогтоох, баталгаажуулах ажил нь цаашдаа ганц Эрдэнэт үйлдвэрийн биш, тодорхой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй.
-Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, тэндээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг фосфоритын хүдэр ашиглан бордоо үйлдвэрлэх замаар саармагжуулах арга замыг судалж байна. Энэ ажлын үр дүн хэр нааштай байгаа вэ?
-Завханы фосфоритын хувьд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд бордоо үйлдвэрлэх туршилтыг амжилттай хийлгэсэн байгаа. Хамгийн сүүлийн мэдээ гэвэл оны зааг дээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Уул уурхайн хүрээлэн, фосфоритын хүдрийн ордыг ашиглах, баяжуулах чиглэлээр урьдчилсан техник, эдийн засгийн үнэлгээ, үндэслэлийг хийснийг Техникийн зөвлөлөөр хэлэлцэн, хүлээж аваад байгаа. Фосфоритыг металлургийн үйлдвэртэй уялдуулах боломжийн талаарх судалгааг 1980-аад оны үед хийж байсан. Өмнөх үеийн материалд үндэслэж өнөө цагийн байдлаар урьдчилсан үнэлгээ хийгдсэн. Ер нь жинхэнэ ТЭЗҮ хийхийн тулд ашигт малтмалын албан ёсны тусгай зөвшөөрөл нь эрх зүйн хувьд шийдэгдсэн байх шаардлагатай. Өнөөгийн цаг үед нэмэлт судалгааны ажил зайлшгүй шаардагдах учир тодорхой цаг хугацаа авах ажлууд бий. Тухайлбал дээрх судалгааг хөгжүүлэхэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж, цаашилбал эцсийн шийдвэр Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж, Эрдэнэт үйлдвэрт тодорхой эрх олгосон тохиолдолд фосфоритыг ашиглаж цэвэр зэс, зэрэгцээд фосфорын бордоо үйлдвэрлэснээр, түүнийг газар тариаланд ашиглах зэргээр төслийг иж бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Төслийн эцсийн үр дүнд хүрэх зам нь толгойд бууж байх тохиолдолд уг төсөл амжилттай хэрэгжихийн үндэс гэж би хардаг. Оюут бол яг тийм.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.