Бид энэ удаагийн зочноор Ил уурхайн Маркшейдерийн товчооны маркшейдер Цогтсайханы Аннаг урьсан юм. Тэрээр чөлөөт цагаараа төрөл бүрийн амттан хийж, хувцас урлаж, зураг зурдаг хоббитой бүсгүй. Түүнтэй уулзаж, бага нас, ажил үйлс, хобби сонирхлынх нь талаар ярилцсанаа толилуулъя.
-Та Эрдэнэт үйлдвэрийн удам дамжсан ажилтан. Аав, ээж, төрсөн нутаг, бага насныхаа хөгжөөнт үеэ дурсаж, ярилцлагаа эхлэх үү?
-Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Миний аав Д.Цогтсайхан Эрдэнэт үйлдвэртээ 30 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан хүн. Түүний 20 гаруй жилийг Тэсрэх бодисын үйлдвэрт ажилласан. Ээж Бузина Наталья Григорьевна ОХУ-ын иргэн. Ээж маань багшилж байгаад, сүүлийн 20 шахам жил Тэсрэх бодисын үйлдвэрт оператор, диспетчерээр ажилласан. Одоо тэд маань гавьяаны амралтаа эдэлж байна. Намайг бага байхад манайх үйлдвэрийн дүүргээс цаахна, ой модтой, хажуугаар нь жижиг горхи урсдаг, цэцэг, жимс алагласан байгалийн үзэсгэлэнтэй газар зусдаг байлаа. Горхины зөөлөн амттай тунгалаг ус, сэрүү татам цэнгэг агаар одоо ч мэдрэгдэх шиг. Найзуудтайгаа өдөржин гадаа тоглодог байсан сайхан үеэ дурсахад таатай байна. Манайх тэндээ зуслангийн байшинтай. Ногооны талбайдаа төмс, нарийн ногоо тарьж ургуулдаг. Манайхан нэг намар 70 шуудай төмс хурааж билээ.
-Мэргэжлээ хэрхэн сонгов?
-Би Орос 19-р сургуулийг төгссөн. Биднийг төгсөх үед Москвагийн Уул уурхайн их сургуулийн маркшейдер, тэсэлгээ, эдийн засагч гэсэн мэргэжлийн хуваарь ирлээ. Би оффист сууж ажиллах цаанаасаа дургүй учраас эдийн засагч болохыг хүсээгүй. Аавынхаа зөвлөснөөр Маркшейдерийн хуваарь авсан. Ингээд л юу хийдгийг нь ч мэдэхгүйгээр мэргэжлээ сонгосон хэрэг. Москвагийн уул уурхайн сургуульд суралцах үеэсээ л мэргэжилдээ дурласан. Тэгээд ч сургуулиа улаан дипломтой дүүргэсэн дээ.
-Эрдэнэт үйлдвэрт шууд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн үү?
-Үгүй ээ. Ээжийнхээ оронд Тэсрэх бодисын үйлдвэрт 2013 онд операторчоор анх ажилд орж, 2018 оноос маркшейдерийн туслахаар, өнгөрсөн жилээс маркшейдерээр ажиллаж байна. Уурхайн нүд, чих гэгддэг маркшейдер мэргэжил эзэмшиж, ажиллаж байгаагаараа бахархдаг. Уурхайн төлөвлөлт, үр дүн маркшейдерийн ажлаас ихээхэн хамааралтай тул алдах эрхгүй хариуцлагатай ажил. Тэсэлгээний дараа тэсэрсэн уулын цулд хүдрийн контур тавьж, чиглэлийг нь тодорхойлох, өдөр бүр экскаваторын ахилтыг хэмжиж, план зурагт буулгаж, үр дүнг боловсруулан уулын цулын гарцын хэмжээг тооцоолдог. Ингэхдээ өдөр бүр уурхайн карьерт олон км алхдаг. Үүнийг бүсгүй хүнд ахадсан хүнд ажил гэдэг ч, надад бол өвлийн тэсгим хүйтэнд ч цэвэр цэнгэг агаар амьсгалан ууландаа алхах нь жаргалтай сайхан санагддаг.
-Та чөлөөт цагаараа олон зүйл сонирхдог бүтээлч хүн юм. Түүн дундаас амттай, үзэмжтэй бялуу, нарийн боов хийдэг гэх юм. Эдгээрийг хаанаас сурав?
-Би төрөл бүрийн нарийн боов, бялуу, тарт, кекс, аяган бялуу, мусс, эклер хийх сонирхолтой. Интернэтээс жор хараад л хийдэг дээ. Бялууг зөвхөн кекс, крем төдийгөөр хязгаарлахгүй. Хэнд зориулж байгаагаасаа хамааран төрөл бүрээр чимэглэж, зурж, зөвхөн ганц л хувь хийдэг. Хүүхдийн төрсөн өдрийн бялуунд гэхэд л дуртай үлгэрийн баатрыг нь хүнсний будгаар зурна. Энэ бүхэнд ур, сэтгэлээ шингээдэг учраас утга учиртай, сайхан байдаг. Бас, аль болох хамгийн чанартай, байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ашиглахыг хичээдэг.
-Таны бүтээгдэхүүнд “хэрэглэгч” олон уу?
-Хамгийн их хүсэж хүлээдэг нь хоёр хүүхэд маань. Тэднийгээ баярлуулахын тулд амралтын өдрөөрөө заавал амттан хийдэг. Хүүхдээ харах чөлөөтэй байх үедээ найз нөхөд, ажлын газрынхан, байрныхаа хүмүүсийн захиалгаар амттан хийдэг байлаа. Ойр дотнынхондоо төрсөн өдрөөр нь бас бэлэглэнэ. Тэд маань “Анягийн торт цаанаа л тансаг амттай, идэнгэтэй бас гоёмсог шүү” гээд л магтдаг юм.
-Танай гэр бяцхан үйлдвэр юм байна?
-Тиймээ. Манай гал тогоо бол миний цех. Би бүтээгдэхүүнээ хийхийн өмнө гараа, сав суулгаа угааж ариутгаж, орчин тойрноо цэвэрлэн цэгцэлж, үсээ боож, хормогч зүүнэ. Хэзээ ч хумсаа ургуулдаггүй. Ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд бүтээгдэхүүнээ хийдэг. Ер нь би ажлынхаа хажуугаар бялууны цехтэй болох том мөрөөдөлтэй. Амт чанар, дизайн шийдлийн хувьд ч өмнө нь Монголд байгаагүй амттан хийхийг хүсдэг.
-Танай баярын ширээ тун өвөрмөц гоёмсог байдаг байх даа?
-Би ер нь хоол, амттан хийх дуртай бас авьяастай. Хоол, салат, дессерт гээд бүгдийг өөрөө хийнэ дээ. Баярын ширээний чихэр, жимсийг л худалдаж авдаг. Бууз, хуушуур, цуйван гээд монгол хоол ч хийх дуртай. Гурван ой өнгөрч буй охин минь “хамт хийе, би блинчикний гурил хутгая” гээд л дагаж хийдэг юм. Гоё хоол, амттан бэлтгээд, хайртай хүмүүстэйгээ ширээ тойрч суух нь амьдралын нэгэн сайхан мөч гэж боддог.
-Мөрөөдөл тань биелж, нэрийн амттанаа дэлгэрүүлэх болтугай. Танайхан таныг бас чамгүй уран бүсгүй гэх юм билээ. Таны урлал хэзээнээс эхтэй вэ?
-Баярлалаа. Ээж маань сайхан оёдог, амттай хоол хийдэг, төрөл бүрийн ногоо тарьж ургуулж, даршилж хадгалдаг, их аж ахуйч, ажилсаг хүн л дээ. Өөрөө эсгээд л оёчихно. “Хуучны” хөл машинаараа хоёр цагийн дотор өөртөө цамц оёод л өмсчих жишээтэй. Намайг бага байхад хувцас хунар одоогийнх шиг элбэг байсангүй. Ээж маань өөрийнхөө хуучин пальтогоор надад хөөрхөн пальто, эрээн даавуугаар ганган даашинз оёж өгдөг байлаа. Ээжийн маань энэ авьяас надад жаахан өвлөгдсөн юм болов уу даа. Ер нь 30 гараад л юм юм хийх авьяас маань тодорсон гэх үү дээ /инээв/. 2019 онд хүүхдээ асрах чөлөөтэй байх үедээ оёдол, эсгүүрийн бичлэг сонирхон үздэг байлаа. Тэгээд л оёж чадах юм шиг санагдаад л эхэлсэн. Интернэтээс эсгүүр хэвлэж гаргаад л эсгэж, оёдог. Одоо дэлгүүрээс цэвэр даавуун дотортой, чанартай куртик олоход бэрх болжээ. Бараг бүгд л үстэй /флийс/ дотортой л байх юм. Тэр нь хөлөргөдөг, чийг татуулдгаас эрүүл мэндэд сайнгүй. Иймээс би хүүхдүүддээ шорт, футболкноос авхуулаад өмд цамц, куртик, комбинезон, охиндоо даашинз зэргийг оёод л өгчихдөг.
-Та ямар машинаар оёдог вэ, Ойрд юу урлав?
-Цахилгаан машинаар оёдог. Бүтээмж сайтай, юм оёход урамтай шүү. Одоо хэрээсний машинтай болчихвол тэгээд л миний оёсон хувцас үйлдвэрийнхээс ялгаагүй л болно доо. Саяхан онлайн сургалтад хамрагдаж, өөртөө бэлтгэлийн хувцас оёсон. Ууланд алхахдаа энэ хувцаснаасаа салахаа больсон. Биед их эвтэйхэн.
-Цаашид ямар зүйл урлах төлөвлөгөөтэй байна?
-Онлайн сургалтад хамрагдаж, Монгол дээл оёж сурна гэж төлөвлөж байгаа. Тэгээд нөхөртэйгөө өөрийнхөө урласан хос дээлээр ижилсэн гангарна гэж бодож байна. Бас монгол захтай цамц, даашинз урлах мөрөөдөл бий.
-Та бас зураг зурдаг нууцхан авьяастай байхаа?
-Зурах их дуртай. Байгалийн зураг зурахад сэтгэл сэргэдэг. Бас хүүхдийнхээ сургуулийн ханын самбар зэрэг хэрэгцээтэй үед аль ч сэдвээр зурна.
-Хоббитой байхын ач тусыг та юу гэж үздэг вэ?
-Мэдээж миний урласан хувцсыг үр хүүхэд, хань ижил минь өмсөж явахад сэтгэлд өег. Бас тэднийгээ өөрийнхөө хийсэн, дуртай амттанаар нь дайлах үнэхээр сайхан. Эрүүл мэндэд эерэг, аюулгүй хүнс хэрэглэж байгаа нь том давуу тал. Нөгөөтээгүүр зураг зурах, юм оёх үед тухайн зүйлдээ төвлөрдөг учраас стресс бухимдал оргүй арилдаг. Зураг зурах нь нэг төрлийн бясалгал гэж хэлсэнтэй би санал нэгддэг. Миний хувьд хоббитой байж, түүнийгээ хөгжүүлснээр илүү их аз жаргалтай болдог. Иймээс хүн бүр бүтээлчээр сэтгэж, сонирхдог зүйлтэй байгаасай гэж хүсдэг дээ.