Доктор Л.Наранцэцэг: Бүс нутгийн хөгжлийн хөдөлгүүр нь Эрдэнэт үйлдвэр гэдгийг эрдэм шинжилгээний судалгааны үр дүнд тодорхойлсон

     Эрдэнэт үйлдвэр хөгжлийн үндсэн чиглэлдээ, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хослуулан үйлдвэрээ хөгжүүлнэ гэсэн зорилтыг тусгаж өгсөн. Шинжлэх ухаанч хандлага, эрдэмтдийн үгийг сонсож, тэдэнтэй хамтран ажиллах  нь оновчтой шийдэл, зөв ирээдүйг бүтээх гол хүчин зүйл юм. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын олон талын судалгаа, шинжилгээ, гаргалгаа чухал үр нөлөөтэй учраас эрдэмтдийн санаа бодлыг нээлттэй хүргэхээр “Уул уурхай ба шинжлэх ухаан” буюу Mine & Science булан шинээр нээж байна. Эхний зочноор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Л.Наранцэцэгийг урьж ярилцлаа. Тэрээр 2005 онд “Бүс нутгийн хөгжлийн үнэлгээний арга зүйн асуудал” сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж, судалгааны ажлын үр дүнд бүс нутгийн хөгжлийн гол төв нь Орхон аймаг, цөм нь Эрдэнэт үйлдвэр гэдэг загварыг гаргасан байна.   

-Яагаад энэ сэдвийг барьж авч, судлах болсон бэ? Ач холбогдол, хувь нэмрийг нь хэрхэн тодорхойлох вэ? 

-Судалгааны ажлаа эхэлж байсан үе маань манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, олон өөрчлөлт хийгдсэнтэй холбоотой. Үүнийг дагаад бүс орон нутгийн хөгжлийн асуудал тулгамдсан том асуудлын нэг байсан. Одоо ч энэ асуудал хэвээрээ байгаа. Энэ хүрээнд бүс нутгийн хөгжлийн чиглэлээр онол практикийн судалгааг хэд хэдэн чиглэлээр хийсэн. Үүний үндсэн дээр Монгол улсын Хангайн бүсийн хөгжлийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ, үнэлгээ хийгээд хөгжлийн боломжит арга замын хувилбарыг тодорхойлж, дэвшүүлсэн. Дэлхийн улс орнуудын практик, чиг хандлагыг харахад гурван үе шатыг дамжсан байдаг. Үүн дээр нэгдсэн загвар боловсруулж гаргасан. Эдгээр үе шат юутай холбоотой байна вэ гэхээр хөгжлийн түвшинтэй нь холбоотой. Хөгжлийн доогуур түвшинтэй байвал ердөө ганц төвд төвлөрч хөгждөг. Харин хөгжлийн түвшин нь ахиад ирэхээр хэд хэдэн төвтэй болсон байдаг. Үүнийг би хослуулан хөгжүүлэх чиг хандлага гэж нэрлэсэн. Дараа нь хөгжингүй түвшин гэж бий. Энд хүрээд ирэхээр жигдрүүлэн хөгжүүлэх чиг хандлагыг баримтлах болдог. Ийм дүгнэлт гаргаад, үүнийг өөрийн орны түвшинд аваад үзэхээр Монгол улс ганц төвд төвлөрч хөгжсөн чиг хандлагатай харагдаж байгаа. Бүс нутгийн хөгжлийн хандлагыг судлахад бүсүүд өөрсдөө сайн дураараа хөгжих боломжгүй гэдгийг илэрхийлэх хэд хэдэн шалтгаантай. Үүнийг шийдвэрлэхэд судлаачдын судалгаанд тулгуурлан төр засгийн бодлого шийдвэр, эрх зүйн орчин үүнийг хэрэгжүүлэх механизмыг боловсруулах шаардлага чухлаар тавигдсан. Макро түвшний судалгаа гэсэн үг. Манайд тодорхой хэмжээнд бүс нутгаа хөгжүүлье гэсэн эрх зүйн орчин бүрдээд, хөгжлийн үзэл баримтлалууд гаргаад явж байгаа. Энэ бол дэвшилттэй хэрэг. Өмнө нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлоод, хөгжлийн арга замаа төлөвлөөд замнаад ирсэн. Тэгэхээр манайд хөгжлийн баримт бичиг огт байгаагүй биш, тодорхой хэмжээнд байсан. Тухайн нөхцөл байдал, төр засгийн шийдвэр гаргагчид бүс нутгийг жигдрүүлэн хөгжүүлнэ гэсэн чиглэл барьж байсан. Гэвч тэр үеийн байдлыг судлаад үзэхээр манайх жигдрүүлэн хөгжүүлэх үе шатанд хараахан очоогүй. Харин хослуулан хөгжүүлэх чиг хандлага руу алхаж орох үе шатанд ирсэн байна гэдгийг дэвшүүлж, холбогдох байгууллага мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг хийж байв. Тэр үеэс хөгжлийн зүг чиг гаргахад миний судалгааны ажил тус нэмэр оруулсан гэж боддог. Нөгөө талаар, судалгаагаа гүнзгийрүүлж, онолын судалгааны үр дүнд тулгуурлан бүсийн хөгжлийн загварыг боловсруулж гаргасан. Энэ загвар маань хөгжлийн төв, цөм, бүс гэсэн бүтэцтэй. Бүс гэдэг нь өөрөө дотроо хөгжлийн цөм буюу мотортой байх ёстой. Тэр мотор нь хөгжлийнхөө төвд байрших ёстой. Төв нь тодорхой потенциалтай, хөгжлийн харьцангуй түвшинд хүрсэн байж сонгогдох ёстой гэдгийг загвартаа тусгаж, хөгжлийн чиг хандлагын санааг дэвшүүлж тавьсан. Бас улс орны хэмжээнд хөгжлийн төв, цөм, бүс нутгууд хэрхэн уялдаатай байх вэ гэдэг загварыг тодорхойлсон. Мэдээж, дундаа нэг нийслэлтэй байна, төвүүд, тойроод цөм болон бичил төвүүдтэй байж, хоорондоо уялдаа холбоотой, харилцан хамааралтай байх ёстой гэдгийг судалгааны үр дүн харуулсан. Мөн бүсийн хөгжлийн түвшнийг тодорхойлох арга зүйг боловсруулсан. Энэ бол маш чухал. Учир нь шууд концепц гаргаад дэвшүүлж болдоггүй, заавал ямар нэг аргачлалд тулгуурлаж, үнэлгээ гаргах ёстой. Үнэлгээний үр дүнд дүгнэлт хийж, цаашид хөгжүүлэх стратегиа боловсруулдаг. Тиймээс үр дүнтэй арга зүй болсон гэж бодож байна. Хөгжлийн түвшнийг тодорхойлох арга зүй, аргачлалыг зөвхөн бүс нутгийн хөгжлийн түвшин төдийгүй улс орны болон сум орон нутагт ч хөгжлийн түвшнийг тодорхойлох боломжтой. 

-Тэгэхээр таны боловсруулсан загвараар бүсийн хөгжлийн төв болон цөм нь хаана гэж тодорхойлогдсон бэ? 

-Би энэ судалгаагаа үргэлжлүүлээд, үр дүнд нь таван шалгуур үзүүлэлт гаргасан. Үүнд хүний нөөц, экологийн төлөв байдал, капиталын нөөц, дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүд багтаж байгаа. Эдгээр багц үзүүлэлт задраад 34 зүйл төрөл болно. Энэ бүх үзүүлэлтээр бүсүүдээ үнэлж үзсэн. Энэ бүгд дээр тулгуурлаад Хангайн бүсийн хөгжлийн чиг хандлага ямар байх ёстойг загварчилж гаргасан. Энэ бүсийн хувьд төв нь Орхон аймаг, цөм нь Эрдэнэт үйлдвэр юм байна гэдэг нь судалгаагаар гараад ирсэн. Тэр үед хөгжлийн бичиг баримтад бол тусгагдаагүй байсан. Магадгүй, Эрдэнэт үйлдвэрийн уурхайн нөөц дуусахад л бүх юм дуусна гэсэн судалгаагүй хандлага байсан байж болно. Гэтэл бодит судалгааны үр дүнд Эрдэнэт үйлдвэр хэдийгээр нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл явуулдаг ч гэсэн мэдлэг оюуны асар их хуримтлал, үйлдвэрлэл үйл ажиллагааны олон талын цогцолбор бий болж хөгжсөн, үүнийг зүгээр орхиж болохгүй гэдэг үнэлэлт дүгнэлт гарсан юм. Ийм учраас Эрдэнэт үйлдвэр бол Хангайн бүсийн хөгжлийн цөм, үүнийг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн парк байх ёстой юм байна гэсэн санал, дүгнэлтийг дэвшүүлж тавьсан. Үйлдвэрлэл, технологийн паркийн үндсэн хамрах үйл ажиллагаа нь нэг талаас төрийн байгууллага, нөгөө талаас их, дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага болон үйлдвэрлэл үйлчилгээ буюу бизнес гэсэн гурван субъектийн үйл ажиллагааны огтлолцол дээр бий болно. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх үйлдвэрлэл, технологийн парк дээр аваад үзэхэд, төр засгийн зүгээс шийдвэр гаргаж, эрхзүйн таатай орчныг бүрдүүлнэ, дэмжинэ. Үйлдвэрийн хөгжлийн чиглэлд тусгаснаар шинжлэх ухаанд тулгуурлан цаашид хөгжинө гэсэн зорилтын дагуу их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай уялдаатай ажиллана. Нэн тэргүүнд их, дээд сургуулиуд хүний нөөцийг сургаж, бэлтгэж өгнө. Эрдэм шинжилгээ судалгааны ажлуудынхаа үр дүнг нийлүүлнэ. Бизнесийн байгууллагууд буюу үйлдвэрлэгчид судалгааны үр дүнг хүлээж аваад, нутагшуулах, технологитоо нэвтрүүлж, хөгжүүлэх ажлыг хийнэ. Ийм цогц байдлаар хөгжинө. Үүнийг хөгжлийн мотор гэж нэрлэж байгаа. 

-Кластер хөгжлийн асуудлыг та бас эрдэм шинжилгээний бүтээлдээ хөндөж, дэвшүүлдэг. Энэ талаар?

-Тийм. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа ч жинхэнэ арга зүйд нь тулгуурлаж, шинжлэх ухаанч, ул суурьтай хандах тал учир дутагдалтай байна. Үүнд тал талаасаа анхаарах ёстой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах төр засгийн шийдвэр гарсан. Цаашид шинжлэх ухаанчаар хандаад, зөв хөгжүүлээд явах боломжтой. Хэрэв ингэж явбал маш олон ирээдүй харагдаж байгаа. Нөгөө талаар, нэг давуу тал харагдаж байгаа нь Улаанбаатарын төвлөрлийг сааруулах нийгмийн чиглэлийн таатай дэвшил гарч байна. Тухайлбал, Орхон аймагт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг түшиглээд уул уурхайн сургуулиудыг цогцолбор байдлаар төвлөрүүлэхээр болсон. Энэ нь хөгжлийн төвд таталцуулж хөгжүүлэх нэг том алхам болж байна. Ингээд нэгэнт бий болсон потенциал дээр тулгуурлаж, шинэ таталцлын төвийг бий болгон цаашид авч явах бололцоо бүрдлээ гэж харагдаж байгаа. Шинжлэх ухаан технологийн парк манай аймагт байгуулагдаад ажиллаж байгаа нь маш зөв. Харин энэ парк цаашид их, дээд сургуулиудтай илүү ойр нягт ажиллаж, судалгаа шинжилгээнд тулгуурлаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд бизнесийн байгууллага, үйлдвэрлэгчдийн оролцоо түлхүү байдаг бол шинжлэх ухаан технологийн парк дээр их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд илүү тулгуур болдгоороо онцлогтой. Дээр дурдсан гурван субъект гурвуулаа оролцоотой, харилцан уялдаатай байж бүсийн хөгжлийн дэвшилд нөлөөлөх юм. Ер нь бол эхлээд хөгжлийн төв болон цөмийн асуудлыг шийдвэрлээд, дараа нь нутаг дэвсгэр, тойргоор нь хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж болно. 

-Та 2005 онд өөрийн эрдэм шинжилгээний ажилдаа Хангайн бүсийн хөгжлийн чиг хандлага, тэр дундаа цөм нь Эрдэнэт үйлдвэр, түүнийг түшиглээд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж болно гэсэн санааг судалгааны үр дүн дээрээ тулгуурлаад гаргаж байжээ. Одоо энэ санал биеллээ олж байна гэж харагдлаа? Үр өгөөжийг нь ойрын хугацаанд хэрхэн төсөөлж байна вэ? 

- Ойрын таван жилд зөв тогтолцоо бүрдэнэ гэж харж байна. Энэ нь байшингаа босгоод, бариад авсантай ижил утга юм. Тэгээд дотоод үйл ажиллагаатай холбоотой эхний үе шатууд хэрэгжээд явна. Энд манайхны хамгийн гол анхаарах зүйл бол үйлдвэрлэл, технологийн парк гэж чухам юу байх вэ гэдэг дээр төр засаг, орон нутаг, Эрдэнэт үйлдвэр гээд тал талаасаа нэг зөв ойлголтод хүрэх ёстой. Гаднын орнуудын туршлагаас маш сайн судлах ёстой. Үе шаттай, нарийн төлөвлөлттэй, түүнийгээ сайн хэрэгжүүлж ажиллах нь чухал. Ерөнхий дүр зургаар хандаж, замын дундаас орхиж болохгүй. Эрдэнэт үйлдвэрийн стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг нь энэ асуудал. Тиймээс талууд нэг зүгт харж, шинжлэх ухаанчаар хандах ёстой гэдгийг дахин хэлмээр байна. 

-Уул уурхайд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлнэ гэсэн зорилготой Эрдэнэт үйлдвэр ажиллаж байна. Хангайн бүсийн хөгжлийн цөм болж буйн хувьд эргэн тойрны бүс нутгийг хөгжлийн чиг хандлагад хэрхэн татан оролцуулж болох бол?

-Аймаг, орон нутаг бүр өөрийн гэсэн потенциал, давуу тал, онцлогтой. Үүнд нь тулгуурлаж хөгжүүлэх нь хамгийн зөв зүйтэй. Жижиг дунд үйлдвэрүүдийг нь энд үйлдвэрлэл, технологийн парктаа бойжуулна, инновацын технологийг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэх мэтчилэн инкубацийн үйл ажиллагааг нь хийж, нутагшуулж өгөөд бие даан ажиллах боломжийг бүрдүүлэх нь үйлдвэрлэл, технологийн паркийн гол үүрэг. Үүнийг үе шаттай хийх ёстой. Ер нь бол бүсийн хөгжлийн цөмийн үр нөлөө тал тал тийшээ цацарч байх ёстой. Тиймээс энд бүсийн хөгжлийн бодлого заавал гарах ёстой. Бүсийн удирдлагагүй байвал өөрийн механизмгүй болчихно. Одоо бол бүсийн удирдлага гээд, албан ч юм шиг, албан бус ч юм шиг тодорхойгүй бүтэц байдаг. Ийм байвал цаашаа явахад бэрх. Тиймээс тодорхой удирдлага, бүтэц заавал байх шаардлагатай юм. Үүнийг заавал хийж, зангидаж явах ёстой.  Бүсийн хөгжлийн үнэлгээний арга зүйн дагуу судалгаа үргэлжилж байгаа. Хамгийн сүүлд томоохон хот, аймгуудын хүний нөөцийн харьцуулсан судалгаа хийсэн. Энэ судалгаанаас үзэхэд цаашид бүсийн хөгжлийн чиг хандлагад хүний нөөц талаас нь тусгамаар үр дүн гарсан. Тухайлбал, 2011-2015, 2016-2020 онуудын хүний нөөцийн ажилгүйдлийн түвшнээр нь харьцуулж үзэхэд, Орхон аймагт 2011-2015 онд ажилгүйдлийн түвшин 12.34 хувь байсан бол 2016-2020 онд 15.46 хувь болж өссөн байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд гурван том хотыг харьцуулж харахад бүгд ажилгүйдлийн түвшин өссөн дүнтэй байгаа. Энэ бол тулгамдсан асуудал мөнөөс мөн.  Тиймээс энэ бүсийн хөгжил, төв, цөм, аж үйлдвэрийн парк гээд энэ бүгд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг гаргаж тавина. Ингэснээр ажилгүйдлийг бууруулах таатай нөхцөл бий болгож, үр нөлөөгөө өгнө. Энэ хурдан хугацаанд шийдэгдэхгүй боловч тодорхой хугацаанд үе шаттайгаар үр өгөөжөө өгөх бодлого гэдгийг хэлмээр байна. Энэ бол бүсийн хөгжлийн мотор болно. Нөгөө талаас, Эрдэнэт үйлдвэр кластераар хөгжихөд хувь нэмэр оруулж байна. Цаашид өргөжих ёстой. Экспортоор баримжаалсан үйлдвэрийн хувьд гадаад зах зээлд нийлүүлэгч, харин том үйлдвэрийн хувьд дотоод зах зээл дээр хэрэглэгч болдог. Энэ нь тойроод байж байгаа жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжигч, найдвартай хэрэглэгч түнш болдог. Тиймээс кластер хөгжилд том нөлөө үзүүлж байна. Тэр утгаараа эерэг үр нөлөө нь хэзээ ч дуусахгүй байхаар харагддаг. 

-Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд аж үйлдвэрийн парк байгуулах ажил эхэлсэн. Үүний хүрээнд том төслүүд гараанаас хөдөллөө. Судлаачийн хувиар та энд оролцох уу?

-Бүс нутгийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой маш чухал, ирээдүйтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэнд сэтгэл өндөр байна. Өөрийн зүгээс санаа бодлоо нэмэрлэнэ гэж боддог. 

Баярлалаа, танд.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %