Б.Цэдэндаш: Чи номонд дуртай, чамд өөр сонголт үгүй гэж бурхан шийдсэн мэт...

Амьдрал тэмцэл, амьдрал сайхан гэх мэтээр ярьдаг хэдий ч амьдрал гэдэг бол ердөө чи өөрөө л юм.
/Б.Цэдэндаш. “Элегия – 2” номоос…/
Зураач, номын худалдагч  Б.Цэдэндаш. Энэ хүн Эрдэнэтчүүдийн хувьд дотно танил нь. Учир нь, тэрвээр Эрдэнэт хотын төв зам дагуу гудамжинд өдөр бүр зогсож, хуучин ном зардаг юм. Миний бодлоор, атаархам сайхан ажил эрхэлдэг нэгэн. Хамаг амьдралаа номон дунд өнгөрүүлсэн түүнтэй номын тухай ярилцсанаа уншигч тантай хуваалцъя.


-Хэзээнээс ном зарж эхэлсэн бэ?
-Номын  худалдаа  хийгээд  10-аад  жил  болсон  байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Барилга  засварын цехэд зураачаар ажиллаж  байгаад дараа нь хэдэн  жил  ажилгүй  явсан. Нэг  нөхөр  чи  ном  зараач  гэж  санал  болгоход  нь  өөрт  байсан  хэдэн  номоо  аваад  гудамжинд  зогссон доо.  Тэгээд  ёстой  бужигнуулж  өгсөн.  Аваад  л, өгөөд л. Ер  нь  энэ  хэдэн  жил  уран  зохиолын  номыг  эзэн  эзэнд  нь  очих  ёстой  хүнд  нь  хуваарилсан  гэх үү  дээ.  Дуртай ажлаа  хийж  номон  дунд  умбасан  тэр  үе  үнэхээр  гоё  байж.
-Номонд дуртай хүний бага нас ч бас л номон дунд өнгөрсөн байлгүй?
-Тийм ээ, би бүр  багаасаа номонд  орсон  хүн.  Ээж  маань бага  ангийн  багш,  сургуульдаа дагуулж  явна.  Арын  ширээнд  суулгачихна, нэг  мэдсэн  уншаад  сурчихсан. 1-р ангид  орохдоо  роман  уншдаг  байсан.  Ангийн  хэд  маань  А,  Б  гээд  сууж  байхад  нь  ширээн  дороо  роман  тавьчихсан  уншиж  байгаад  багшдаа  баригдсан.  Чи  юу  хийж  байна  гэж   үзчихээд  уулга  алдаж, энийг  хараач ээ  гээд  сүйд  болж  байсныг  нь  санадаг юм. Тэгээд  л  эрхэлж  гарсан  даа. Ном  л  уншиж  сууна.  4-р  анги  төгстөл  тийм  л байсан. Багш  эрхлүүлж, би эрхэлж бага сургуулиа дүүргэсэн дээ. Сумын номын санд хамбан  бүтээлэгтэй, ард нь миний зурагтай,  надаас  өөр  хүн  суудаггүй тусгай  ширээтэй  уншигч  хүүхэд  байлаа.
-Тэр үеэ өнөөдөртэй харьцуулахад номын зах зээлд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Энэ  олон  жил  даарч  хөрөх  гээд  олон  асуудал  байсан.  Номын  ид  шидийн  хажууд  тэр  юу  ч биш л дээ. Тэгээд л хүний гар дээрх илүүдэл номыг гүйлгээнд оруулж,  хэрэгтэй  хүнд нь дамжуулах  үүрэгтэй  худалдаа  хийж  эхэлсэн.  Ном хэвлэл сайжирч  байсан  үе л  дээ, зах зээлийн эрэлт хэрэгцээний үүднээс болов уу. Чейзын ном  олноор  хэвлэгдэж  байсан. Яаж  баяжиж,  яаж  мөнгөтэй  болох  вэ  гэх мэтийн сүлжээний  номууд  гарч  эхэлсэн. Изотерк, далд ухаан, ид шидийн ном, чөтгөр шуламтай  учирагсдын  тайлан, эротик сонирхогчдын ном гээд л хөвөрч өгсөн.  Яаж лаг  болох вэ, яавал  хөөрхөн болох вэ гэх мэтийн зааварчилгааны  номууд ч  их гарсан.  Массын  хэрэгцээ ч ийм  л  байсан. Одоо  хуучны  ном  ховордоод  орж  ирэх  нь  багассан.  Хотынхоо  бүх л  номыг  нааш  цааш  болгоод  байр  байранд нь тавьчихсан хойно. Одоо би  номын  дэлгүүр  ороод  шүлсээ  залгидаг  болсон.  Өөртөө  зориулж  авах,  өөрийгөө баярлуулах  ном  мөн ч  их  байна. Тэр болгон авч чадахгүй юм. Урьд  нь  дуулж,  сураг  мэдэх номууд  орчуулагдаад, тэр  хурдыг нь гүйцэхэд  хэцүү  болсон байна. Энэ  бол  гайхамшиг.  Бидний  оюуныг  хангалттай тэжээх ном манай хотын  номын  хэдэн  дэлгүүрт  байна. Би  ер  нь  ном  хараад л  баярладаг  хүн. Олон “Дон”-гийн  нэг л  байх. Хуучин танилтайгаа  уулзсан  юм  шиг  хөөрнө,  догдолно. Өөрт  таалагдсан  үнэхээр  сайн  номоо  хүнд  зарахдаа  илэх  нь  шахуу  болоод  өгнө. Энэ  хүн  унших  гэж  авч  байна  гэхээр  баяр  төрнө. Чухам ийм  үед  л надад  аз  жаргал  ирдэг.  
-Таны үеийнхэн ном их уншдаг байсан. Сонголт ч бага байсан байх. Харин одоо бол оюуны хэрэгцээг хангахад чиглэсэн маш олон арга хэрэгсэл бий болсон. Тэгэхээр одоо ном уншихын ач холбогдол юу вэ?
-Хүмүүс  ямар  учраас  уран  зохиол  яруу найргийг  хайрлан  дээдэлдэг вэ  гэдэг  их  сонин. Яг  юунд  нь  болдог вэ,  түүнд  хэрэгтэй, үнэтэй, ашигтай, сонирхолтой,  юу  байна вэ гэвэл энэ бүгд  цөм  бий. Уран  зохиолд хүмүүжлийн,  танин  мэдэхүйн, гоо зүйн  үүрэг тодорхой хэмжээнд байдаг. Гэхдээ урлагийн дээд түвшин буюу хийсвэр байдалд  үүрэггүй  байх нь уран зохиолын үндсэн үүрэг юм. Ямар нэгэн үүрэг  байгаа бол хэлбэрээ  алдана. Үзэл суртлын нэг хэсэг болно. Бид үүнийг социализмын үеийн уран зохиолоос сайн  мэднэ. Уран зохиолын  хүнд  өгөх  гол  зүйл нь таашаал, цэнгэл  юм. Ерөөс цэнгэл таашаал хүсэх нь  хүний  язгуур шинж бөгөөд сэтгэл  ханамжаа дээшлүүлэх, ханамжгүй байдлаас зугтах хүсэлтэй байдаг. Бид хөгжим сонсож, ном уншиж, кино үзсэнээр  мөнгөтэй, нэр алдартай  болохгүй нь мэдээж. Гэхдээ дуулахдаа уярч, кино үзээд уйлж, ном уншаад догдлон хайлдаг маань чухам   сэтгэлийн  цэнгэл эдлэж  буй нь  тэр. Энэ цэнгэл таашаал чухам хаашаа хөтөлдөг вэ гэхээр  нэгэн  өдөр  чамд  мэдрэмж  гэдэг гайхамшиг ирнэ. Түүнийг чи мэдэрнэ, өөрийгөө ер бусын гэдгээ ойлгох болно. Ердөө л энэ. Энэ  мэдрэмжийн хүчээр л чи  ертөнцийг тахих  болно.  Би  нарыг л харах гэж ирсэн гэж хэлсэн нэгэн хүний адил хэлэх болно. Дараа нь бидний сэтгэл юуны хувьд баян болох нь тодорхой юм.
-Аль чиглэлийн ном илүү гүйлгээтэй байна вэ?
-Саяхан нэг найзтайгаа ярьж  суутал  нэг  хүн  “чөтгөр  шуламтай  ном  байна  уу”  гэж  асуулаа. Мөд  удалгүй  бас  нэгэн,  “шоронгийн  ном  чинь  хэд  вэ” гэлээ. Үүний  дараа  найз маань гайхсан  байртай  “манайхан  ийм  л  ном  асуух  юм даа”  гэхэд  нь  би  “одоо  яалтай ч  билээ” гэсэн. Үүнээс  улбаалаад  бодоход  ийм  байгаа нь үнэн. Ямар боловсрол  байна,  тийм  үзвэр  байна  гэсэн  үг  бий.  Нийт  олонхид  зориулсан  урлаг  илүү  хөгжиж  инээлгэж,  алга  ташуулж  буй нь  бас л  үнэн.  Чөтгөр шулам,  шорон  орон,  эротик маягийн  балай  номуудыг  асуугаад, сураглаад,  уншаад  байгаа  хэсэг бий. Яруу  найргаас  зөвхөн  Чойномын  номыг л  сураглана.  Бид  энэ  байдлаас  гарах  ёстой. Алийн  болгон Чойномыг уншиж  суухав  дээ. Цаана  чинь  шүүрс  алдам  яруу  найраг  ертөнцөөр   дүүрэн. Энэ  талаар  нэг  найзтайгаа  маргаад  л  авсан. Тэрээр  яахав   дээ,  ард  олон тийм   л  хойно  уншиж  байгаа  нь  их  юм  гээд,  би  тэр  элит  хэсэг  чинь  дээш нь  татах  гээд  зүтгээд  байгаа  нь  буруу  юм уу  гэх  жишээтэй. Сүлжээний  ном  уншаад  л /“Баян  аав,  ядуу  аав”  гэх  мэтийн/,  үүнийгээ  ном  уншдаг  гээд  бодчихсон  хүн  ч  байна. Гэхдээ  адал  явдал ч  байна уу,  чөтгөр  шулам нь ч  байна уу,  уншиж  байгаад нь баяр  хүргэх хэрэгтэй  байх. Тэд нэгэн  нартай  өдөр  нэгэн  сонгодог  ном  олж  уншаад “өө,  ном  гэдэг  чинь энэ л юм  байна шүү дээ” гэж  нэгэнтээ  гэгээрнэ  гэдэгт  итгэж  байна. Яагаад  гэвэл  ном  бол  юу  юунаас ч дээгүүр  эрхэмсэг  бардам  оршихуй  юм. Бид  жинхэнэ  номыг захын муусайн  номонцоруудаас  ялгаж  сурах  хэрэгтэй.  Унших тусам л  ийм  чадвар чамд  суух  учиртай  гэж  бодогдож  байна.
-Та шүлэг бичдэг хүн, бас сайн уншигч. Тэгэхээр таны бодлоор яруу найргийн хүнд үзүүлэх үр нөлөө юу вэ?
-Яахав, энэ асуултыг “Яруу  найраг  дэлхийг  аварна”  гэсэн  Мэтью Арнолдын   үгээр  иш  болгоё л доо. Хүн өөрт буй эрчим хүч буюу энергийг  тэнцвэртэй  хадгалж  байхыг  хүсдэг  юм  байна. Илүүдсэн  тохиолдолд  хүнээс  янз  бүрийн  авир  ааш  гарна. Үүнийг  биеэс зайлуулахын  тулд бид өөрийн мэдэлгүй урлагт татагддаг. Урлагийн  хэлээр үүнийг  Сублимац-д орох гэдэг  юм  байна  лээ. Хүмүүсийн  нэг  хэсэг  нь  үзэж,  сонсож, уншиж  Сублимац-д ордог бол, нөгөө нь урлагийг  бүтээж  биднийг  Сублимац-д  ороход  тусалдаг  аж.  Биднээс  илүү  эрчим  хүч  бүхий  болоод  л  этгээд  харагддаг  яруу найрагч  нарыг  элдвээр  хэлдэг шүү дээ. Тэд ямар  ч гэсэн  өөрийн  гэсэн  ертөнцтэй түүндээ амьдарч, түүгээрээ  жаргаж  яваа улс. Жирийн  хүнд  тийм  ертөнц  үгүй. Чамд  үгүй  юм  надад  бий  гэж  тэд  хэлж  байна. Москваг  доргиож  байсан  Есенинг  үхсэний  нэг  жилийн  ойн  өдөр  тусалж, хайрлаж байсан Галина Бенисловская  өөрийгөө  6  буудаж  хөнөөснийг  юу  гэж  ойлгох вэ?  Жирийн хүний  араас  хэн  ч  үхдэггүй  л  байхгүй юу.  Ерөөс  яруу  найраг  цэвэр  оюунлаг юм,  хүний  сэтгэл  зүрхний  далдын  далд  нууцад  нэвтэрч  эргээд  хүнийг  өөрийг  нь яруу найрагч  болгодог  увьдастай. Хүнд  оюун  санааны  эрх  чөлөө  гэж  байх  ёстой  юу?  Байгаа  юу? гэх  мэтийн  асуултанд  яруу  найраг  л  тодорхой хариулт өгөх  байх.  Яруу  найраг өөрөө  цэвэр  эрх  чөлөө  юм. “Яруу найраг  хүнийг ахуйн  шоронгоос  чөлөөлдөг  ганц  боломж  нь  юм”  гэж  И.Бродский  хэлсэн. Ахуй  нэг талдаа  ой  гутмаар  муухай  шүү  дээ.  Хааяа  түүнээс  зугтах  юм уу,  түр  боловч  мартмаар  үед  чинь энэ яруу найраг л чамайг аварна. Яруу найргийг сонирхон уншдаггүй,  ойшоодоггүй  бол шоронд байгаа мэт амьдарна гэсэн үг.
-Өнөө цагийн уншигчид, тэр дундаа хүүхэд залуусын заавал уншвал зохих номуудыг нэрлэнэ үү?
-Би  хүүхэд  байхдаа “Мартин Иден”-ийг  уншаад  үйл  явдал  хөөсөн   уран  зохиолын  ном уншихаас ерөнхийдөө татгалзсан. Өөрийгөө албадаж биш л дээ. Хар аяндаа  л сонгодог  ном  руу  орчихдог  юм  билээ.  Урьд  нь  ёстой  адал  явдлын  эрэлчин   шиг  л  байсан   даа. Сонирхолтой  л  доо,  одоо  яах  бол  гээд л… гэвч  дараа нь  өгөөж   муутай.  Яруу  найргаас   гэвэл   би   оросын    мөнгөн   үеийн  яруу  найрагт  дуртай. Тэсрэлт  мэт  гарч  ирсэн  тэдний  найраг  гоё,  зүгээр л   гоё гэж  хэлье. Ер  нь  хэн  нэгнээс  энэ  дуучин,  энэ  яруу   найрагчийг   яагаад   хайрладаг вэ  гэхэд  зүгээр  таалагддаг  болоод л  тэр  гэнэ.  
  Энэ  зүгээр  л  бидний  мэдрэмжийг илэрхийлж  буй  хамгийн зөв,  үнэн  хариулт  байх аа  гэж бодож  байна.  Хүүхэд залуус маань Жюль Верн, Майн Рид, Дюма  нарыг  унших,  номонд  дуртай  болох эхний алхам ч байж болно. Тэгээд цааш нь Чехов, Бунин, Мопассаны өгүүллэгүүд  байна.  Марк Твены “ Гек Финк” гайхалтай. Түүнийг уншсан хүүхэд шууд л номын хорхойтон  болно.  Тэгээд мэдээж сонгодогууд, Г.Аюурзаны “Хар ном”-ууд  залуусын  ширээний  ном шүү дээ, уг  нь. Яруу найргаас гэвэл О.Мандельштам,  А.Ахматова, Г.Иванов, за ер нь бүгд  гоё  доо. Л.Өлзийтөгс   бол  зүгээр л “Феномен” гэж  талийгаач   найз  маань  хэлсэн  юм шүү. Д.Нямсүрэн мундаг.  Монголд тэгээд л боллоо. Бусад  нь  зүгээр  л “Великомани”-ууд. Саяхан би Хятадын “Татсан чавхдас шиг амьдрал” гэдэг нэг өгүүллэг уншсан. Хоёр  өдөр  шоктой  явсан. Аз жаргалын шок л доо. Уйлах  шахсан,  за  уйлсан ч байх. Мэдрэмж,  мэдрэхүй  хөвчирсөн  гэх үү дээ. Тэр олон номыг тоочиж  барах  биш. Залуус  минь!  Ном  унш,  тэгээд  л  боллоо.
-Та, номын худалдаачин. Энэ ажлаа ашиг талаас нь хардаг уу? Эсвэл зүгээр л сонирхол уу?
-Номын  худалдаа хийгээд  олон  жил  болжээ. Энэ  хугацаанд  олон  ч  ном  уншиж,  тэгээд  бас  ажлаа  ч  хийж  байж.  Дуртай  ажлаа  хийх  чинь  ердөө л   “Кайф”  шүү дээ. Даарч  хөрөөд  нурмайчихсан  үе  зөндөө л  байсан. “Чи   их  буянтай  ажил  хийж  байгаа шүү”  гэсэн  зарим  хүний  гоё  үг  урам  өгдөг  юм. Тэгээд  ч  бардам  байлаа,  ямар  муу үйл  хийсэн  биш.  Хэдэн  ном  маань  намайг  тэжээсэн  нь  үнэн.  Номонд  дуртай  тэр  хүмүүсийн  ач  буян  гэж  бас  хэлмээр  байна. “Чи  номонд  дуртай.  Өөр сонголт  чамд  үгүй” гэж бурхан шийдсэн мэт заримдаа бодогддог  л юм.  Нэг  гоё  номын  дэлгүүртэй  болно доо гэж мөрөөддөг байсан. Эрдэнэт хотод  маань  хэдэн  сайхан  номын   дэлгүүр  бий боллоо. Миний  мөрөөдөл ч худлаа  болсон. Гэхдээ номын  цагаан  мөр  байхад  болно доо. Хоёр номоо гаргачихлаа.  Одоо  нэг  номоо  бэлдээд  тавьчихсан. Боломж    хараад л  сууж байна. Ном  уншихгүй  амьдарч  болоод  байгаа, бүр  тансаг  амьдрагсад   зөндөө л дөө. Гэвч нэгэн аз жаргал, таашаал,  цэнгэл, баяр баяслын дэргэдүүр нь  өнгөрөөд л байдаг  юм даа. Одоо бол  би  хэнээс ч илүү  баян.  Яагаад  гэвэл би номон  дунд  байна. Дашрамд би юунд ч, хэнд ч атаархдаггүй. Гагцхүү цэцэн мэргэн оюун  ухааны  өмнө  өвдөг  сөхөрнө.
-Ном хуучрах тусмаа үнэд ордог. Хуучнаас ямар номуудыг хүмүүс их сурагладаг вэ?
-Одоо шинээр  маш олон  ном  хэвлэгдэж  байгаа ч  хуучны  номоо   хүмүүс  үгүйлсээр  л  байгаа. Шинээр хэвлэгдсэн номонд дасаж өгөхгүй байгаа бололтой. Хуучны хатуу  хавтастай,  дасал  болсон  тэр  номууд  маань  улам  ховорджээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %