Х.Нямхишиг: Яруу найрагт тарни мэт хүчний үйлчлэл бий. Үг амьтай болохоор...


Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат. Чөлөөт уран бүтээлч. ”Бөгтөр хөх өвс” (2008 он), “Зун гээсэн чөдөр” (2010 он), “Нэргүй ном” (2014 он) зэрэг бүтээл туурвисан. Эрдэм номд чин сэтгэлээсээ шамдан мэдсэнээ биедээ оршоосон нэгэн. Ертөнцийг үзэх өөрийн үзэл бодол нь төлөвшиж, итгэл үнэмшилтэй сэтгэх болсон түүнтэй хөөрөлдөхөд таатай байлаа.


-Бөх төрдөг газар тусгай байдаг шиг Говь-Алтай аймаг зохиолчид олонтой. Энэ нь байгалийн өгөгдөхүүн байх. Тийм  үү. Эндээс хоёулаа ярилцах уу?
-Баярлалаа. Магадгүй юм. Манай аймаг цаг мөнхийн салхитай байдаг. Тэр дундаа миний төрж өссөн, Бугат суманд жилийн 365 хоногийн ихэнх өдөр салхитай өнждөг. Тиймээс жилийн дөрвөн улирал гэрээ сур, дээсээр дарж, үзүүрийг нь том чулуунд бэхлэн аж төрдөг. Байгалийн ийм эрс тэс уур амьсгал манай нутгийнхныг бие, сэтгэлийн хат суулгадаг байж болох юм. Зөвхөн манай сумаас  МЗЭ-ийн гишүүн 10 гаруй зохиолч, яруу найрагч төрсөн. Төрийн шагналт зохиолч Д.Норов, СГЗ Д.Жамъян, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид, “Зулай цагаан Алтай” дууг зохиосон З.Гүнсэн нарыг  нэрлэж болно. Эдгээр бичгийн хүмүүсийн  залгамж үе болох  Б.Баясгалан, Х.Эрдэв, Ц.Ганхүрэл нарын залуус байна.
-Яруу найргийг хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.  Тэгвэл таны хувьд яруу найраг гэж чухам юу вэ?
-Миний хувьд яруу найраг бол ердөө л зуршил. Архи уух, тамхи татахын адил. Мэдээж сайн зуршил байх л даа. Гэхдээ хэт автсан хүнийг сүйрүүлж ч чадах зуршил.
-Та шинэ номоо нэргүй хэвлүүлсэн нь их сонирхолтой санагдлаа?
-Тийм ээ. Доторх шүлгүүд нь ч, бүлгүүд нь ч нэргүй юм. Нэр гэдэг нэг ёсны хязгаарлалт л даа. “Чоно” хэмээх нэртэй шүлэг байхад чонын тухай төсөөлөл, шүлгийг уншихаас өмнө уншигчийн толгойд орчихдог. Гэхдээ нэр зайлшгүй шаардлагатай бүтээл ч бас байдаг. Ер нь  ном гэдэг зүйлийг илүү дутуу зүйлсээс нь салгахсан гэж бодох болсон. Номын ар өвөрт өөрөө бичсэн хийгээд өрөөл бусдаар бичүүлсэн баахан магтаал, танилцуулга, тайлбар сэлт байх юм. Номонд бас редактор гэж нэг юм бий. Редакторлуулна гэдэг нь ном хэвлэгдсэний дараах уншигчийн сэтгэгдлийг ном хэвлэгдэн гарахаас өмнө тандах арга юм л даа. Өөрөөр хэлбэл редактор бол ердөө уншигч. Гэтэл манайханд нэг буруу хандлага байдаг. Аль нэг сонгосон хүнээрээ өөрийгөө болоод бүтээлээ магтуулах сонирхол, тэгээд  нэр хүндтэй хүнээр магтуулах тусам өөрөө “том” болчих юм шиг санадаг төөрөгдөл. Зарим нь ч бусдаар бүр  засуулж бүтээлээ гаргадаг байх. Шүлгээ бусдаар засуулах нь яруу найрагчийн хувьд маш муу үзүүлэлт юм. Бас өмнөтгөл гэж нэг юм бий. Хэвлэгдсэн бүх номын өмнөтгөлийг цуглуулж үзвэл муу ном нэг ч байхгүй. Гэтэл нидэр дээрээ сайн ном маш цөөхөн гардаг. Өмнөтгөл, зохиол хоёр ихэнхдээ зөрчилддөг гэсэн үг. Тэгэхээр өмнөтгөл гэдэг бол хуурай үгс, хоосон магтаал төдий юм. Хэвшмэл нэгэн хэв маягт баригдсан энэ төрөл зүйлийг  шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Ном бол бизнесийн нэг хэлбэр гэдгийг үгүйсгэх аргагүй. Харин өмнөтгөл гэдэг номын нэг хэсэг гэж үзэхэд учир дутагдал бий. Тухайн зохиолд нэвтрэхэд гарцаагүй хэрэгтэй оршил, тайлбар, түлхүүр үг мэт нь  зүй ёсны өмнөтгөл юм.
-Монголын яруу найргийн хамгийн сайн номыг нэрлэ гэвэл..?
-1960-аад онд манай яруу найрагт маш том хувьсал, дэвшил явагдсан гэж би боддог. Энэ нь тэр үед хэвлэгдсэн Н.Нямдоржийн “Онон хатан ээжий”, Б.Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ”, М.Цэдэндоржийн “Есөн хүсэл” гэх гурван ном юм. Үүнээс хойш Монголын яруу найраг арай л өөр замаар явсан гэж болно. Тэр  гурвын араас олон хүн дагасан нь мэдээж. Харин давсан нь цөөн байх. 70, 80-аад оноос Д.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн нарын ном, дээрээс нь Л.Мягмарсүрэнгийн “Өдөр бүхэн шинэ” хэмээх номыг нэрлэмээр байна. 90-ээд оноос манай яруу найраг эрс сайжирч өөрчлөгдсөн. Олон ч сайн ном гарсан. Магадгүй одоохондоо ойроос харж буй болохоор олон ном сайн санагдах байх л даа. Эдгээрээс нэг л ном нэрлэчихье. Г.Аюурзана “Non plus ultra”.
-Чиний уншсан хамгийн анхны ном?
-“Орос ардын шидэт үлгэрүүд”.
-Тэгвэл хамгийн сүүлд ямар ном уншив?
-Саяхан тэнгэрт хальсан их зохиолч Габриэл Гарсиа Маркесийн “Улаан Даваа гараг” романыг нь уншсан. Турк орчуулга нь л даа.
-Таны бодлоор, манай уран зохиолын түвшин ямар байна вэ?
-Манайд шагналгүй зохиолч байхгүй. Нээрээ шүү. Дор хаяад л “Утга зохиолын төлөө” медальтай. Шагнал гээч юм дэндүү хавтгайрсан. Энэ бол эерэг биш, сөрөг үзэгдэл. Монголын зохиолчдын эвлэл хэ-мээх газарт ямар ч цензур алга. Гишүүнчлэл нь ч, аливаа уралдаан тэмцээн, шалгаруулалт нь ч, шагнал урамшуулал нь ч, хэвлэлүүд нь ч цензургүй. Хатуухан хэлэхэд МЗЭ зохиолч  нэртэй ч, зохиолч биш хүмүүст тун ашигтай газар болж хувирсан. Тийшээ элсчихвэл зохиолч болчихлоо гэж бодно. Цаагуур наагуур нь гүйж байгаад нэг тэмдэг олоод зүүчихвэл алдартай зохиолч болчихсон мэт явах хүмүүс бий. Гэвч утга зохиолын бодит хэмжүүр болохуйц ганц ч шагнал байхгүй. Тиймээс шагналын хойноос хөө-цөлдөх шаардлагагүй шүү дээ, уг нь. Манайд яруу найраг болоод богино хэмжээний хүүрнэл зо-хиол тун боломжийн хөгжсөн. Гэвч одоохондоо архидалт, алга ташилт хоёрт ташуурсан дүр зураг л ноёлж байна.
-Чамд шагнал бий юу?
-Энд тэндэхийн яруу найргийн тэмцээний тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр байр гэсэн юмнууд бол бий. Дандаа орон нутгийн чанартай тэмцээнийнх. Улсад бол би барахгүй л дээ. Шүүлтүүр нь тусгай юм шиг дуулддаг юм билээ.
-Сүүлийн үед  эх хэлний тухай янз бүрээр их ярьцгааж байна. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ярих нь зөв л дөө. Хүн бүхэн эх хэлнийхээ өмнө үүрэг хүлээх ёстой. Тэр тусмаа зохиолчид. Ер нь эх хэлний оршин тогтнох эсэх нь уран зохиолдоо хэрхэн гүн бат сууж өгсөн бэ гэдгээс хамаарна. Уран зохиол, тэр дундаа яруу найраг бол эх хэлний үндэс суурь нь юм. Сүүлийн үед бид эх хэлэндээ хэтэрхий хайнга хандаж буй байдал хаа сайгүй ажиглагдаж байна. Ялангуяа интернэт орчинд. Яруу найрагчид ч үүн дээр анхаарах хэрэгтэй. Зүгээр л энгийн нэг жишээ хэлэхэд бид “янзаган алаг нүд” гэж хичнээн ч жил дуулж, шүлэглэв. Үнэндээ бол алаг нүдтэй янзага гэж огт байхгүй шүү дээ. Эсвэл янзага шиг цоохор нүдний тухай бичээд байдаг юм болов уу? /инээв./
-Өнөөгийн нийгмийн амьдралыг хэрхэн харж байна?
-Зарим нэгэн хүмүүс шиг бүх юм болохгүй бүтэхгүй байгаа мэтээр ярьж, бичиж, бухимдах хүсэл төрдөггүй. Энэ талын мэдлэг, мэдээлэлд ч тэгтлээ хутгалддаггүй. Нэг л зүйлийг баттай хэлэхэд, манай нийгмийн масс маш чанарлаг шүү дээ. Та бод л доо, хүн амын бараг л тал хувь нь дээд боловсролтой  гэдэг биз дээ. Үлдсэн хэсгийнх нь тал хувь нь тусгай болон бүрэн дунд боловсролтой. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт. Нийгмийн масс ийм чанарлаг учраас л манайд ардчилал гээч зүйл амжилтанд хүрсэн байхгүй юу. Зарим хүн ам олонтой улс орон жишээлбэл, Хятад, Энэтхэг, Туркад нийгмийн хар масс нь маш харанхуй байдаг. Тэд ажил, хоол, секс гурваас өөр юу ч сонирхдоггүй. Тухайлбал, Станбулд байхад манай ажлын газрын турк залуучууд бүгдээрээ дөрөвдүгээр ангийн боловсролтой байсан. Уг нь ч ор тас боловсролгүй хүмүүс биш л дээ. Тэд нэг өдөр, мэддэг улс орнуудаа нэрлэхэд хамгийн дээд тал нь долоон улс нэрлэж байгаа юм. Манайд бол цэцэрлэгийн хүүхэд ч долоон улс нэрлэчихнэ л дээ. Бид дандаа түүхээрээ бахархах юм. Хааяа ч болов өнөөдрийнхөө онцлог зүйлсээр, бас ирээдүйгээрээ бахархмаар байна.
-Таны бодлоор урт настай зохиол гэж ямар бүтээлийг хэлэх вэ?
-Утга зохиол тодорхойлогдохгүй  хэмжүүртэй. Уран зохиолын янз бүрийн урсгал чиглэлд өөрийн гэсэн сонгодог бүтээл байдаг. Ямар ч төрөл жанраар бичсэн бүтээлд голоор нь явсан нэг шугам байна. Тэр хэмжүүр шугамд дөхүүлж бичсэн бүтээл цагийн шалгуур давах учиртай. Тухайн зохиолч өөрийн хэмжүүрээр бичнэ гэсэн үг. Харин өөрөө тодор-хойлох боломжгүй.
-Саяхан Дарханы Ц.Цэнд Эрдэнэтэд ирэхдээ бодит утгаас ангижрах тухайгаа ярьсаар л явна. Одоо шүлэг бичихээр үг гологдоод байна ч гэх шиг.  Энэ талаар юу хэлэхсэн бол?
-Аливаа уран бүтээл тухайн хүний оюун санааны түвшингээр хэмжигдэнэ. Ер нь уран бүтээлч өөрийгөө үнэлсэн газраа зогсдог. Миний хувьд магтаал, шагнал хоёроос жаахан ч атугай зайтай явах юмсан гэж боддог. Хүн өөртөө эргэлзэж, шинийг хийхийг эрмэлзвэл  урагшилж байгаа нь тэр. Жишээ татья. Хананд нэг хийсвэр зураг байна гэж бодъё. Тэр зургийг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгоно. Яруу найраг ч мөн тийм зүйл. 10 хүн нэг шүлгийг 10 өөр өнцгөөс харж мэдэрнэ. Нэг шүлэг дан ганц утгатай байх албагүй. Нөгөөтэйгүүр утга учиргүй үгсийн бөөгнөрөл байж болохгүй.
-Яг одоо ямар уран бүтээл дээр сууж байна?
-Яруу найргийн тухай нэг томоохон эсээ бичиж байгаа. Ер нь үргэлжилсэн үгийн зохиол руу шаргуу орох бодолтой явна. Хийж бүтээсэн юм тун бага мөртлөө эргээд харахад арван найман жил шүлэг бичсэн байна. Бичсэн ч биш, бичих л гэж оролдсон он жилүүд байж дээ. Уран бүтээлийн хувьд ч, амьдралын хувьд ч зүгээр л бэлтгэл үе байсан мэт санагдана. Одоо харин жаахан хичээж, хөдөлмөрлөнө өө.
-Танд онгод орно гэж байдаг уу?
-Би хүчээр шүлэг бичдэггүй. Санаанд сэдэв орж ирэхгүй бол хэдэн сар ч шүлэг  бичихгүй явах энүүхэнд. Миний шүлгүүд цаасанд буухаас өмнө цээжин дотор боловсордог. Цаасан дээр буухаараа бас өөр болно. Санаа, хараа хоёрын зөрүү гарч байгаа нь тэр. Яг эндээс ихэнх хүмүүс шүлгээ хүчээр засаад эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр засахад бас учир бий. Их засах чинь нэг бол шал дордуулна. Нөгөө бол сайжруулах тохиолдол байнаа.
-Яруу найрагч, зохиолч, сэтгүүлчдийн зэвсэг нь үг. Үгийн ид шидийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Яруу найраг надад тарни шившлэг мэт санагддаг. Бүр тодруулбал ерөөл эсвэл хараал байдаг. Энэ нь үг амьтай гэдгийн нотолгоо. Зарим үед шүлэгчийн хувь тавиланг бичсэн яруу найраг нь шийдэх тохиолдол бий. Үүнд л үгний ид шид оршино. Яруу найрагт тарни мэт хүчний үйлчлэл бий. Үг амьтай болохоор...
-Тэгвэл та аливаа үгийг сонгож зохиолоо бичдэг үү. Аль эсвэл санаанд орсон үгээрээ шүлэглээд явна уу?
-Яруу найраг бичихэд тохирохгүй үг гэж байхгүй. Гагцхүү тэр үг зохих байраа олсон байх ёстой. Үгсийн  зохиолыг  уран зохиол гэдэг.
-Шинэ номонд орсон шүлгээсээ уншина уу?
-За нэг, хоёр богино шүлэг хэлье.
Манай хот айл, уулын мухарт
Маркесын “Зуун жилийн ганцаардал”, уулын мухарт
Халамцуу эрс, мөрийтэй даалуу, уулын мухарт
Хазаар, эмээл, адууны наймаа, уулын мухарт
Сумын төвөөс сураг ажиг үгүй, уулын мухарт
Сургуульд явсан чиний тухай зүүд, уулын мухарт
Эцэг шигээ гөрөөчин, эсвэл
Маркес шиг зохиолч болохсон гэж,
Эхийнхээ оёж өгсөн дээлийг урж өснөм, уулын мухарт.

Баруун зүгээс бадарчин шиг ирсэн салхи
Банзан гонхноо гуулин хонхыг сэгсэрмү.
Баранзад хадаг мэт тэнгэрийн өмнө, саран
Бадамлагч зул мэт, өвсний үзүүрт асму.
Залбирсан гар мэт дээврийн завсарт би сууж
Завилсан Будда мэт хоосон чанарт нэвтэрмү.
Заадга бялзуухай, огторгуйн шүүдэр түүж
Заамны минь цаахна дор үүрээ засму.
-За баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %