• Өнөөдөр 07 дугаар сарын 09

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 190 дэх өдөр. Он дуусахад 175хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15градус, шөнөдөө +11 градус дулаан, усархагбороотой, салхины хурд 7-9 м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 09.Бархасвадь гараг. Билгийн тооллын 19.Харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5цаг 03 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход  сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар(03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2830, евро 3194, БНХАУ-ын юань 403, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6194ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1974 оны 07 дугаар сар Сэлэнгэ мөрний сав газрын усыг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай БНМАУ, ЗХУ-ын хооронд хэлэлцээр байгуулжээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Д.Лхагвасүрэнг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор батлав. ЗХУ-ын Аж үйлдвэрийн барилгын яамны сайдын тушаалаар А.В.Чекашовыг Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой удирдах газрын даргаар томилжээ. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйлдвэрийн Ерөнхий захиргааг байгуулав.     Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав

    Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдах ажилтнуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, нийгмийн цехүүдийн удирдлагууд, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат Эрдэнэт үйлдвэр 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойших нийгмийн бодлогын хэрэгжилтийн түүхэн товчоон, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилаа.Түүнчлэн ажиллагсдын аюулгүй байдлыг ханган, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас олох орлогод тулгуурлан, төрийн зохицуулалттай нийгмийн хамгааллыг хэрэгжүүлж, ажиллах хүчний материаллаг, оюун санааны, нийгмийн хэрэгцээг зохистой түвшинд ханган, амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж ирснийг онцлов.Энэ үеэр нийгмийн цех, нэгжид олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Орхон аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнав. Мөн таван жилийн хугацаанд монгол стандартад тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг орос сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа.                                                                                                                                  Т.Батчулуун Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Хөдөлмөрийн аваргууддаа халуун баяр хүргэе

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагааны үеэр зарим алдартны сэтгэгдлийг хуваалцлаа.    Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай -Би Эрдэнэт үйлдвэрт 18 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт хэмнэлтийн үр ашигтай бодлогын хүрээнд нэгж тоног төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар болон технологийн схемийг өөрчлөх замаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх, шинэ тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажлуудыг хийсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байна. Бор уулынхаа буян хишгийг хүртэж яваа мянга мянган уурхайчид, хамт олон, инженер техникийн ажилчдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе. Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн дарга Аситхааны ШИНАРБАЙ   Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье -Ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарт, телевиз радио хэмээх их айлд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ 2019 оны Хөдөлмөрийн аварга боллоо. Шагналд тодорхойлж, шалгаруулсан удирдлага, хамт олон, уран бүтээлч нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол түмнийхээ их баяр цэнгэл наадмаар дэлгэр сайхан наадаарай. Маркетингийн хэлтсийн ОНХА-ны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч П.ЭНХТУЯА   Эрдэнэт үйлдвэртээ 30 жил тасралтгүй ажиллалаа -Анх засварчнаар орж байсан Эрдэнэт үйлдвэртээ тэргүүлэх инженерийн түвшинд хүртлээ 30 жил тасралтгүй ажиллалаа. 1990 онд Геологи, уул уурхайн яамны томилолтоор ирснээс хойш их ч зүйлийг сурч мэдлээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 10-аад онцгой даалгаварт ажилласан. Далангийн тогтвортой хөгжлийг хангахад оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 19 байдгаас миний бие 10, 12, 13, 14, 15, М1, М2, М3, М4 даланг барихад гар бие оролцжээ. Энэ хүртэл намайг сургаж хүмүүжүүлсэн багш нар олон бий. Юун түрүүнд, Гомбосүрэнгийн Пүрэвдорж, Дэмбэрэлийн Лхагважав, Надмидын Бямбадорж, Г.Отгондаваа гэсэн инженер техникийн ажилчдадаа баяр хүргэе. Саяхан л би сурагч байсан бол өнөөдөр сургагч багш болж, 10-аад инженер техникийн ажилчныг нарийн мэргэжилд сурган, бүтээн байгуулалтыг гардан хийсэндээ баярлаж, бахархаж байна. Үйлдвэрийнхээ онцгой объект дээр амжилттай сайн ажиллаж яваа шавь нараараа бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдөр шавь Т.Баярбат маань “Хөдөлмөрийн аварга” боллоо. Шавьдаа мөн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь  өрнүүн их амжилтыг хүсье.    Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Дашцэрэнгийн ОЧИРБАТ   Зөв явбал бүх зүйл сайхан болно -Эрхэм хүндтэй энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Эрдэнэт уул, “Эрдэнэтийн-Овоо”-ндоо, Баян-Өндөр хайрхан, Их Залуу, Бага Залуу хайрхандаа, Бүрэнбүстийн овоондоо мөргөе. Уул усаа тахин шүтэж, хүндлэн дээдэлж, зөв явбал бүх зүйл сайхан болно. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Балдоржийн НАРАНЦЭЦЭГ    “Тэргүүний уурхайчин”, “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг хослуулан авлаа -Баяртай сайхан өдөр байна. Эрдэнэт үйлдвэрт 16 жил ажиллаж, өнөөдөр “Тэргүүний уурхайчин” Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг зэрэг гардан авлаа. Хамт олныхоо дэмжлэгээр энэ сайхан шагналын эзэн болж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэндээ баярлаж байна. Манай хамт олон Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Бид өнгөрсөн оны амжилтаа бататгаж, үр ашгаа нэмэгдүүлэх талаас илүү сайн ажиллах болно. Та бүхэн сайхан наадаарай. Ил уурхайн Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Цэдэнгийн БЯМБАА   Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье -Эрдэнэт үйлдвэрийнхээ болон Цахилгааны цехийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Миний бие 17 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд манай цехэд тоног төхөөрөмжийн шинэчлэл маш их хийгдсэн. Үүний реле хамгаалалт, автоматик дээр Оросын хуучны цахилгаан механик релег сүүлийн үеийнхээр суурилуулж, хүлээлгэн өгсөн. Хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү.  Цахилгааны цехийн Реле хамгаалалт, автоматикийн инженер Бадмаевын ЭНХТАЙВАН   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-ууд шагналаа гардлаа

    Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилчдыг шагнан урамшуулж, алдаршуулах ёслолын ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд шилдэг тэргүүний 32 ажилтнаас гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх хүндтэй гурван эрхэм болон “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийн эзэн хүрэлцэн иржээ. Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохиодог энэхүү ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хойшлуулаад байсан юм.        Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчдадаа баяр хүргэн мэндчиллээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга баттай, дэг журамтай ажиллаж, хариуцсан ажлаа үлгэр жишээ хийж, урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа нийт уурхайчдадаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.3-120 хувиар биелүүлсэн уурхайчид, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон хүн бүрийг баяр наадмын босгон дээр 500 хүртэл мянган төгрөгөөр шагнан урамшуулахаар болсноо мэдэгдэж, баяр дээр баяр нэмсэн мэдээг дуулгалаа.   Монгол Улсын Засгийн газрын шагнал, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.    Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг үйлдвэрт 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтанд олгож, хөдөлмөрийн аварга тэмдгээр шагнан, зургийг нь тухайн жилийн турш хүндэт самбарт байрлуулж алдаршуулдаг уламжлалтай. Харин Эрдэнэт үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтныг Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахын зэрэгцээ Хүндэт тэмдгээр шагнан урамшуулдаг. Тус шагналаар Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.Очирбат, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж, Тээвэр ложистикийн төвийн Илчит тэрэгний машинч Ж.Буяндэлгэр нарыг шагнан урамшуулж, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж мөнхжүүллээ. Мөн энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар, Монгол Улсын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад ажилтан С.Нямжавыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагнаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.                И.Чинтогтох Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

         Баяжуулах үйлдвэрийг технологийн гол түүхий эдээр хангадаг Ган бөөрөнцгийн цехийн дэргэд Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн шугамаар нөөц шаар хадгалах ил агуулах барьж байна. Хөвсгөл аймгийн “Бумбаах” компани уг ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Металл угсралтын ажил дууссан, одоо цутгалт эхлэхэд бэлэн болжээ. Гүйцэтгэгч компанийнхан 1500 тонны багтаамжтай уг агуулахыг энэ сардаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.       Тус цех энэ онд 17101 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 4553 тонныг үйлдвэрлээд байна. Нөөц шаар хадгалах 1000 тонны багтаамжтай хоёр агуулах байгаа хэдий ч үйлдвэрлэл өссөн энэ үед багтахгүй, цехийн гаднах талбайдаа тааранд хийж тавих, задгай асгах зэргээр хуримтлуулж байгаа юм. Шинэ агуулах баригдсанаар цехийн эмх цэгц сайжирна гэж Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун ярилаа.      Удахгүй, тус цехийн шал, металл хийцийг үйлдвэрийн орчинд ашиглах зориулалт бүхий резинэн будгаар будах ажил эхэлнэ. Ингэснээр өнгө үзэмж сайжраад зогсохгүй дуу чимээ намсаж, тоос тогтохгүйн дээр металл хийцүүдийг зэврэлтээс хамгаалж тоног төхөөрөмжүүдийн насжилт уртсах нөхцөл бүрдэх юм.          М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 189дэх өдөр. Он дуусахад 176 хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +16 градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн бороотой, салхины хурд 6-7м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 08.Сумъяа гараг. Билгийн тооллын 18.Хар хулгана өдөр. Өдрийн наран 5цаг 02 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авахад сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40),үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40)болой.Хол газар явагсад зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2828, евро 3195, БНХАУ-ын юань 402, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6086ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1973 оны 07 дугаар сар Инженер, геологич Л.Мягмар, Г.Сандуйжав нар төрийн шагнал хүртэв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Эрдэнэт” үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр, дүрмийн төслийг хэлэлцэв. Эрдэнэтийн Овооны зэс, молибдены орд газрыг түшиглэн барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн уул уурхайн үйлдвэрийн тухай хэлэлцээр, дүрмийн төслийн талаарх урьдчилсан зөвлөгөөн осква хотноо эхлэв.     Дэлгэрэнгүй...
  • Улсын баяр наадмын өмнө уурхайчдаа урамшуулна

         Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ. “Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын орлого болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ.      Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө.  М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Хийн үлээгүүрийн машин суурилууллаа

         2020 оны техник шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн үндсэн технологийн хэрэгцээний агаар шахах зориулалттай, Франц улсад үйлдвэрлэсэн “BLOWER 800” төрлийн хийн үлээгүүрийн машины угсралт,  суурилуулалтын ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Цахилгаан цехийн хамт олон гүйцэтгэв. Уг машин ашиглалтад орсноор хуучин хийн үлээгүүрийн машинаас хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, баяжуулалтын процесст өгөх агаарын хэмжээг ихэсгэж байгаа юм. Мөн асаалт тохируулгын ажлыг Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран  мэдээллийн сүлжээ ашиглан хийх ажээ.                                                                                                                         Т.Батчулуун   Дэлгэрэнгүй...
  • Ш.Болд: Хийн үлээгүүрийн машины туршилт эхэллээ

    Баяжуулах үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд  Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машин  шинэчлэх ажил явагдаж байгаа. Энэхүү шинэчлэлийн  явцын талаар тус хэсгийн дарга Ш.Болдоос тодрууллаа. Хийн үлээгүүрийн машиныг яагаад шинэчлэх болов?       Хосолмол секцийн үед тавигдсан хуучин машин маань 18 жил  үндсэн үүргээ биелүүлсэн. Хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс  шинэчлэл хийж байна. Бид  хийн үлээгүүрийн 171-р машины хүчин чадлыг хоёр дахин өсгөж  Францын Continental industrie фирмийн, Blower type-700.05маркийн агаар үлээх машинаар сольж байна. Энэ нь Францын Лион хотод үйлдвэрлэсэн энэ чиглэлийн  дэлхийн шилдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн юм. Уг машины угсралт одоо ямар түвшинд явна?      Үйлдвэрийн Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр  сарын сүүлчээр эхэлсэн. Бид долдугаар сарын нэгэнд угсралтын ажлаа дууслаа.  Continental Industrie фирмийн шиф инженертэй Италиас холбогдож онлайнаар тохируулга,  туршилт  хийж байна. Технологийн горимд ажиллуулан туршиж, хэвийн байвал ашиглалтад хүлээн авна. Тохируулгын ажилд нийлүүлэгч компани болох “Рэйнж интернешнл” ХХК-ийн  мэргэжилтнүүд, Баяжуулах үйлдвэрийн Засварын болон  Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн мэргэжилтнүүд оролцож байна. Хийн үлээгүүрийн машин суурилуулах нь  ямар ач холбогдолтой вэ?      Нэгд, технологийн процессын удирдлага боловсронгуй болж хүчин чадал нэмэгдэнэ. Агаар хүлээн  авалт, хуваарилалт жигд болж, хөвүүлэн баяжуулах машины хэвийн ажиллагааг хангана. Агаарын даралтыг тооцсон хэмжээнд барьж, баяжуулах машины хөөсөн бөмбөлөг жигд барьснаар технологийн процессын давуу талыг өсгөнө. Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй. Энэхүү хийн машины нэг давуу тал  нь их бие болон татах, шахах хоолойдоо дуу намсгагчтай, шуугианы хамгаалалттай, хөргөлтийн системтэй. Иймээс  ажлын байрны чимээ, шуугиан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл буурна. Баяжуулалтын 5-р ээлжийн өргөтгөл шинэчлэлийн бэлтгэл ажил хангагдаж байна гэж хэлж болно. Эдийн засгийн  хэмнэлт гарах уу?       Зэс молибдены баяжуулалтад чухал нөлөөтэй технологийн процесс жигдрэх,  цахилгаан эрчим хүчний зарцуулалт бага зэргээс хөрөнгө мөнгө хэмнэх боломж бий.   Шинэ тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтыг хаанахын ажилчид гүйцэтгэв?       Угсралт тохируулгын томоохон  ажлыг Төслийн менежментийн хэлтэс, Засвар угсралтын  цех, Барилга засварын цех, Цахилгаан цех, Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн алба, Дулаан агааржуулалтын хэсэг, Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсэг  оролцож төлөвлөсөн хугацаанд чанартай мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэлээ.  Үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээрээ бид бахархаж байна.                                                                                                                                 Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 06

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 187 дахь өдөр. Он дуусахад 178 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +13 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-6 м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 06. Сумъяа гараг. Билгийн тооллын 16. Цагаан нохой өдөр. Өдрийн наран 5цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40),луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүмүүс хойш мөрөө гаргавал зохистой.Бага халуун болох улирал 23 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2826, евро 3188, БНХАУ-ын юань 400, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6022 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1969 оны 07 дугаар сар Улаанбаатар хотод Политехникийн дээд сургууль байгуулагдав. 1970 оны 07 дугаар сар ЭЗХТЗ-ийн Гүйцэтгэх хорооны XXV чуулганаас ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын социалист эдийн засгийн интеграцийн цогцолбор программыг баталжээ. 1972 оны 07 дугаар сар “Эрдэнэтийн-Овоо”-ны ордыг ашиглан техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар А.Б.Поливин тэргүүтэй Зөвлөлтийн мэргэжилтний хэсэг Улаанбаатарт иржээ.   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

Энэ сарын эхний 20 хоногт зэсийн үнэ 4685-5695 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 5377 ам.доллар тонн байгаа нь 2016 оны 10 дугаар сараас хойш гараагүй үнийн бууралт болж байна. “COVID-19” халдварт өвчний тархалттай холбоотойгоор дэлхийн улс орнууд онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон нь дэлхийн санхүү, эдийн засаг хямарч, бараа таваарын үнэ эрс буурахад нөлөөлжээ.

2020 оны 3 дугаар сарын эхний 20 хоногт зарим судалгааны байгууллага зэсийн үнийн таамаглалаа өөрчлөн гаргалаа. Ингэхдээ 15 судалгааны байгууллагаас 13 нь 2020 оны зэсийн үнийн төсөөллөө 53-663 ам.доллараар бууруулж, хоёр байгууллага нь 15-25 ам.доллараар өсгөөд байна. Үнийн төсөөллөө өсгөн өөрчилсөн судалгааны байгууллагууд “COVID-19” халдварт өвчин дэлхийн санхүү, эдийн засгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж, таваарын эрэлт сулрах тул зэс болон бусад металлын үнийг урьдчилан тооцоолсноос буурна гэсэн байр суурьтай байгаа юм. Харин үнийн төсөөллөө бага зэрэг өсгөн өөрчилсөн Australia Dept of Industry болон Macquarie банкны судлаачид Засгийн газруудын эдийн засгийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд цаашид металлын эрэлт болон үнийн түвшинд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Зэсийн үнийн таамаглалаа өөрчлөн гаргасан судалгааны байгууллагуудын энэ оны зэсийн үнийн төсөөлөл 5323-5952 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 5772 ам.доллар тонн байгаа нь тухайн байгууллагуудын өнгөрсөн 2 дугаар сард гаргасан үнийн төсөөллөөс дунджаар 308 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Зарим томоохон судалгааны байгууллагууд энэ сарын сүүлчээр үнийн төсөөллөө өөрчлөн гаргахаар төлөвлөжээ

Бэлтгэсэн: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсийн

мэргэжилтэн Х.Мөнхцэцэг

 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог