• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ-2019” сайн саналын системийн 100 манлайлагч тодорлоо

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын2019 оны сайн саналын системийн 100 манлайлагч ажилтанд баяр хүргэж, бахархан алдаршуулж байна. 2019 оны 100 манлайлагчийн жагсаалтад багтсан ажилтнуудын 37 хувь нь удирдах болон инженер техникийн ажилтан, 63 хувь нь ажилчин, албан хаагчид ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 29 хувь нь механикийн, 35 хувь нь технологийн, 19 хувь нь эрчим хүчний, 5 хувь нь автоматжуулалтын, үлдсэн 12 хувь нь бусад чиглэлийнх байна. 2019 онд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн тоон удирдлагатай зорогч суурь машины оператор Б.Бат-Эрдэнэ сайн саналын системээр дамжуулан нийт 137 санал гаргаж, 64 хувийг үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж, 2 дахь удаагаа сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад бичигдэж байна. 2018 оны сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүлсэн Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механикч Х.Болдбаатар сайн саналын системээр дамжуулан нийт 121 санал гаргаж, 70 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дугаарт жагсаж, 3 дахь удаагаа тус жагсаалтад бичигдэж байна. Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад 2 цехийн 3 ажилтан таван удаа, 4 цехийн 7 ажилтан дөрвөн удаа, 8 цехийн 14 ажилтан гурван удаа, 9 цехийн 24 ажилтан хоёр удаа бичигдсэн бол бусад 52 ажилтан анх удаа энэхүү жагсаалтад багтсан байна. Манлайлагчид сайн саналын системд нийт 2118 санал гаргаснаас 1826 санал үнэлэгдэж, 58 хувь нь хэрэгжсэн бөгөөд 40 хувь нь маш сайн, сайн саналууд байна. Мөн тус жагсаалтын 77 хувь нь эрэгтэй, 23 хувь нь эмэгтэй, 33 хувь нь (24-38 нас) 1-5 жил, 33 хувь нь (30-48 нас) 6-15 жил, 22 хувь нь (38-58 нас) 16-25 жил, 12 хувь нь (46-59 нас)26-аас дээш жил ажилласан ажилтнууд байв. Эдгээр ажилтнуудыг дэвшүүлсэн саналын тоо, түүний хэрэгжилт, саналын чанар гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж, сайн саналын системийн программын тусламжтайгаар тодруулав.   Дэлгэрэнгүй...
  • Уурхайн төлөвлөлтийн цогц систем нэвтрүүлнэ

      Эрдэнэт үйлдвэрийн Геологи, маркшейдерийн хэлтэс, Ил уурхайн инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэлхийн жишигт нийцсэн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь, Эрдэнэт үйлдвэрийн уурхайн урт хугацааны төлөвлөлтийг Оросын мэргэжилтнүүд хийдэг байсан бол 2016 оноос Монгол инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлт хийх болжээ. Тэд Австралийн “МАРТЕК” компанийн мэргэжилтнүүдтэй өдөр бүр онлайнаар холбогдож уг системийг эзэмших, уул уурхайн төлөвлөлтийн цогц программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа солилцож байна. Энэхүү систем нь хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд нөөц, баялгийн үнэлгээ хийж уурхайн оновчлол, эцсийн дизайныг тооцоолох, олборлолтын урт хугацааны стратеги, дунд хугацааны тактик төлөвлөлтийн инженерийн зураг төслийг боловсруулах юм. Эдгээр системийг нэвтрүүлснээр ордын үр ашиг, өнөөгийн үнэ цэнэд суурилсан уурхайн оновчлол, хөрөнгө оруулалтыг тооцож  төлөвлөлтийг илүү өргөн хүрээнд, нарийвчлал сайтай хийхээс гадна дэлхийн зах зээлийн болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тохирсон бизнесийн үйл ажиллагааны стратеги боловсруулах, компанийн удирдлагыг хэрэгтэй мэдээллээр хангах юм. Шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүд, өндөр хүчин чадал бүхий дөрвөн компьютер ажиллагаанд оруулжээ. М.Одгэрэл Фото. Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 04 дүгээр сарын 09

    Мэдүүштэй... 1.Өнөөдөр жилийн 99 дэх өдөр. Он дуусахад 266 хоног үлдлээ. 2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 0-11 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 1-5 м/сек байна. 3.Аргын тооллын 4 сарын 9. Бархасбадь гараг. Билгийн тооллын 16. Салхины эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол замд явах хүмүүс хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4976 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3024, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна. Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... 1977 оны 4-р сар Эрдэнэт хотын орон сууцуудыг хэрэглээний халуун усаар төвлөрсөн шугамаас хангаж эхлэв. “Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын үеийн бэлтгэлийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 83 дугаар тогтоол гарчээ. 1978 оны 4-р сар Бүх Холбоотын Өнгөт төмөрлөгийн нэгдлийн дарга Л.А.Баулин тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.  1979 оны 4-р сар БНМАУ-ын уул уурхайн үйлдвэрүүдийн удирдах ажилтны зөвлөгөөн Эрдэнэт хотод болов. 1980 оны 4-р сар Эрдэнэт хотод “Экран-414” телевизийн дахин дамжуулах станц суурилагдаж, Зөвлөлтийн төв телевизийн “Орбита”-ын программыг шууд үзэх боломжтой болов. Улаанбаатар-Дашинчилэн, Булган-Эрдэнэтийн радио-релейн шугамыг Эрдэнэт хотод хүлээн авчээ. 1979 оны ажлаар “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон бүх ард түмний социалист уралдаанд шалгарч, 4 байгууллагын шилжин явах туг, диплом, мөнгөн шагнал гардан авав. Дэлгэрэнгүй...
  • Баяжуулагчид албан өрөөндөө дасгал хийж хэвшив

    Хүн төрөлхтөнд тархаад буй шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлж дархлааг дэмжих, ажилтнуудынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор Баяжуулах үйлдвэрийн арга зүйчид, Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийн зохион байгуулагчид цайны цагаар ажиллагчдаа дасгал хөдөлгөөнд хамруулж байсан. Харин сүүлд хоёроос дээш хүн цуглавал бөөгнөрөл гэж үзэж хориглох шийдвэр гарснаас хойш тэд үйлдвэрийн газрын Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны захиргааны ажилнуудын албан өрөөнд өртөөчлөн Тайсо дасгал хийлгэж хэвшжээ. Японы Тайсо нь хүний биеийн бүх хэсэгт үйлчлэн булчин ясыг бэхжүүлж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, дархлаа сэргээх ач тустай энгийн дасгал юм. Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийнхөн энэ үйл ажиллагаагаараа удирдлагын манлайллыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Өнгөрсөн жил Баяжуулах үйлвэрийн арга зүйчид хэсгүүдийн дунд Тайсо дасгалын уралдаан зарлаж, 140-өөд хүн оролцож өрсөлдсөн юм. М.Одгэрэл Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоос цаашилсаар...

    Цагаан тоосны дэгдэлтийн талбайгаас сурвалжиллаа. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үйлдвэрлэлийн хаягдал булингаас үүсдэг хуурай элс, салхинд дэгдсэнээс “цагаан тоос”-ны асуудал эхлэлтэй. Энд 2000 гаруй га талбайг Хаягдлын аж ахуй эзэлдэг. Үүний 1400 гаруй га нь хуурай талбай бол 900 орчим га талбайг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэдэг. Хамаг сайхны эхлэл хавар цагтай зэрэгцэн айлчилдаг хавсарга салхины улирал “цагаан тоос”-ны жинхэнэ ташуур болох нь бий. Чухам энэ л цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн ч цагаан тоос дарах ажлаа эрчимжүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан багийнхан ажлын цагаа уртасгаж, амралтын өдрүүдээ хугаслан ажилладаг юм. Өнөө жил ч цаг агаарын онцлогт уялдуулан цагаан тоос дарах ажлаа үргэлжлүүлж байна. Энэ удаа биднийг газарчилсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторинг хариуцсан инженер Н.Наранчимэг ярихдаа “Өнөөдрийн байдлаар, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах байнгын ажлын алба, Ган бөөрөнцгийн цехийн нийт 11 хүний бүрэлдэхүүн цагаан тоосны талбайд хүч нэмэгдүүлэн, өдөр бүр 20 цаг хүртэл ажиллаж байна. Цагаан тоос дарахдаа бид олон технологийн аргыг хослуулан ашигладаг. Хөрсөөр хучих, кальци хлоридын уусмалыг устай хольж зориулалтын техникээр шүрших, нөхөн сэргээлтийн ажилд ашиглаж байсан хуучин тороор хуурай талбайг хучих гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр дарж байна. Хаягдлын аж ахуйд Авто тээврийн цехийн 40 тонны даацтай гурван БелАЗ байнга ажилладаг. Эдгээр техникээр өдөрт 50 орчим удаа ус зөөвөрлөж, шүршигч төхөөрөмжөө цэнэглэн талбайг норгож байна. Бид өнгөрсөн хавраас поликулиант буюу холигч бодис ашиглан барьцалдуулах технологийн арга туршиж эхэлсэн нь үр дүнтэй болж, нийт талбайнхаа 80 хувийг нь дараад байгаа. Одоо үлдсэн 20 хувийг дарна. Энэ хэсэг нь талбайн булан тохой учраас хүнд даацын техникүүд элсэнд шигдэх, техникийн боломж хүрэлцэхгүй, технологийн онцлог зэргээс шалтгаалан  хүндрэлтэй байдал үүсгэдэг. Тиймээс энэ хэсгийн талбайд хүрч дарах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь салхины хурд 4 метр секунд хүрэх төдийд л тоос дэгдэж эхэлдэг байсан бол одоо 12 метр секунд хүртэл хурдтай салхинд зөвхөн үлдсэн 20 хувийн талбайгаас цагаан тоос босож байгаа” гэсэн юм.    Цагаан тоос дарах ажилд Эрдэнэт үйлдвэр жил бүр 1 тэрбум орчим төгрөг төлөвлөж зарцуулдаг. Үүний ихэнх хэсэг нь техник, тоног төхөөрөмжийн зардал аж. Цагаан тоос дарахад зардал, мөнгөнөөс гадна байнгын ажиллагаа шаардлагатай. Учир шалтгаан нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, хүдэр боловсруулалтын хэмжээ өссөнөөр булинга элсний хуримтлалын талбай тэлж байгаатай холбоотой. Тиймээс ч үйлдвэрийн удирдлага Хаягдлын аж ахуйн ирээдүй, онцолбол шинэ аж ахуй байгуулах тухайд ч санал бодлоо хэлэлцэж буй.  Нөгөөтээгүүр, цагаан тоосыг бүрэн дарж дуусгахад үйлдвэрлэлийн хаягдлын технологийг өөрчлөх учиртайг үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьдаг. Өөрөөр хэлбэл, хаягдал булингын шинж чанарт нөлөөлөх технологи буюу өтгөрүүлэх аргын судалгаа болон техник эдийн засгийн үндэслэлийг Хөгжлийн хэлтсийнхэн Канад улстай хамтран хийж байна. Оюутолгойн үйлдвэрлэлийн хаягдал булинга нь 70 хувийн хатуулагтай байдаг бол манай үйлдвэрийнх 20 хувь байдаг байна. Тиймээс дээрх судалгааг хийж нэвтрүүлснээр шингэн булингыг өтгөрүүлэх,  нарийн ширхэгтэй тоос болж дэгдэх эрсдэлийг багасгах боломжтой болох юм. Ингэж зөвхөн өнөөдрөөр бус маргаашийг хэрхэн төлөвлөх талаар инженерүүд  урьдчилан олон талаас нь судалж байгааг дурдах нь зүйтэй. Цагаан тоосны талбайд ажиллаж буй ажилчид тоос дарах аргын үр дүнг газар дээр нь харж буйгаа хэллээ. “Кальци хлоридын уусмал буюу давстай усаар шүрших арга үр дүнтэй. Барьцалдамтгай чанартай учир наранд удаан хатдаг юм байна. Шүрших зориулалттай машин 8 тонны даацтай, нэг удаа 200 метр орчим талбайг шүршиж хүрэлцдэг” гэж Ган бөөрөнцгийн цехийн Цувих шугамын оператор Л.Өлзий ярив. Харин хөрсөөр хучих аргаар дарж буй хаялтын цэгээс Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны инженер Б.Моломжамц мэдээлэхдээ “Өдөрт хоёр белАЗ 45-50 удаагийн эргэлтээр шороо зөөж байна. Хөрсөөр хучсан талбайд дахин хаягдал булинга нэмэгдэхгүй тохиолдолд цагаан тоос дахин дэгдэхгүй. Тиймээс хөрсөөр хучих нь найдвартай аргын нэг” гэсэн юм.    Цагаан тоос хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэх яриа мэр сэр гардаг. Мэдээж, үүнд тодорхой бөгөөд үнэн хариулт хэрэгтэй. Тиймээс Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хүн болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах,  урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 2006 оноос эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээг үе шаттай зохион байгуулж ирсэн юм. Эрүүл мэндийн үзлэгт цагаан тоосны бүс гэж нэрлэдэг Орхон аймгийн Баянцагаан, Говил баг болон Жаргалант сумын зарим нутагт амьдардаг ард иргэдийг хамруулдаг. Уг үзлэгийг жил бүр Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нарын баг болон бусад хөндлөнгийн хяналтын байгууллагуудыг оролцуулж байна. Өнгөрсөн онд л гэхэд цагаан тоосны бүс нутагт оршин суудаг 488 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөмж зөвлөгөө өгсөн. Шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд хийж, цагаан тоос хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг тогтоожээ. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар олон төрлийн судалгаа байдаг ч нарийн мэргэжлийн багийнхны үнэлгээ хийлгэхээр Эрүүл мэндийн яаманд хандаад буй. “Ковид-19” халдвараас шалтгаалан энэ ажил түр хугацаагаар хойшлоод байгааг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа ярилаа.     Эрдэнэт үйлдвэр цагаан тоосноос салах ажлыг эрчимжүүлж, уурхайчид онцгой анхаарч, ажлын албаныхан, байгаль орчныхон хүч, сэтгэлээ нэгтгэн  ажилласнаар цагаан тоос цаашилж байна. Гэхдээ нэг удаа дараад зогсох бус, уйгагүй тасралтгүй ажиллагаа, бас цаг хугацаа л “цагаан тоос”-нд хэрэгтэй.  М.Балжинням Фото Б.Баттөгс  Дэлгэрэнгүй...
  • Шилдэг шинийг санаачлагч

      Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны шилдэг шинийг санаачлагч, Автотээврийн цехийн Эрчим зүйн албаны тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж, түүний хамт олны ажил үйлсийн тухай өгүүлэх нь.   1990 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг Уулын цахилгааны инженер мэргэжлээр төгссөн тэрбээр  яамны томилолт өвөртлөн Эрдэнэтийг зорьжээ. Завхан нутгийн хүү, сургаар мэдэх болсон энэ хотод хөл тавьсан тэр нэгэн өдрөөс хойш өдгөө 30 хаврыг үджээ. Засвар механикийн заводын Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгээс хөдөлмөрийн гараагаа мастераар эхэлж, 1995 он хүртэл ажилласан. 1995 оноос өнөөг хүртэл Авто тээврийн цехэд энэ л албанд  зүтгэсээр. Одоо тэр Эрчим зүйн 62 хүнтэй хүчирхэг албыг тэргүүлэн ажиллаж буй. Энэ алба Авто тээврийн байгууллагыг уур, ус, дулаан, цахилгаанаар найдвартай хангах үндсэн үүрэгтэй. Тэдний харьяанд Шатахуун түгээх станц, Технологийн тээврийн, Төрөл бүрийн маркийн  автомашины, Тусгай зориулалтын автомашины засварын газруудын машин угаалга, гараажууд ч харьяалагдана. Машин угаах, шатахуун түгээх гээд л үйлдвэрийн хэмжээний  нэн чухал албыг тэд залгуулдаг. Эднийхэн 2019 онд ажил үйлс, ХАБЭА, бүтээмж инноваци, сахилга дэг журам гээд л бүхий л үзүүлэлтээрээ Авто тээврийн цехийн бүх хэсгээс тэргүүлсэн. А.Батдоржоор ахлуулсан энэ баг үндсэн үүргээ чанд биелүүлэхээр ажлаа хязгаарлахгүй.  “Ахлагч”-ийн толгойд  шинийг эрэлхийлэх, эрчим хүчний орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, зардал  хэмнэх бодол байнга эргэлдэнэ. Үйлдвэрийн ажлын байранд лед гэрэл суурилуулах төслийг эднийх анх хэрэгжүүлсэн гэдэг. Цахилгаан эрчим хүч ихээхэн хэмнэсэн энэ туршлагыг Эрдэнэт үйлдвэр даяар нэвтрүүлсэн. Тэр, автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц байгуулах санаачилга гарган ашиглалтад оруулснаар суудлын 20 машины зөвхөн түлшний үнийн зөрүүгээс сард 5,1 сая төгрөг хэмнэжээ. Түүний санаачилсан “Автомат мэдрэгчтэй шүршүүр” төсөл үйлдвэрийн хэмжээнд шалгарч хэрэгжсэн. Түүнчлэн “Нарны толин гэрэлтүүлэг” зэрэг төсөл хэрэгжүүлснээр ус, цахилгаан эрчим хүчийг ихээхэн хэмнэжээ. Өнгөрсөн жил цехийн ажлын байрны дулааны системийн 30 хувийг нь шинэчилжээ. Тухайлбал, багахан гурван өрөө тус бүрийг 22 квт-ын хөдөлгүүртэй  вентилятороор халаадаг байсан бол 7,5 квт-ын орчин үеийн ганц вентилятороор  эдгээр өрөөг дулаанаар үлээх системд холбожээ. Энэ хэрээр зардал буурах юм. Мөн машиныг шлянкаар угаадгийг халж, тусгай зориулалтын компрессор ашигласнаар усны хэрэглээ үлэмж багасжээ. Эрчим хүч хэмнэж, эх дэлхийгээ аврах үйлсэд эдний хамт олон жинтэй хувь нэмэр оруулж буй нь тодорхой. А.Батдорж хамт олноо байн байн магтана. Манайхны ихэнх нь залуус. Ажилдаа өөриймсөг ханддаг, санаачилгатай, хөдөлмөрч нь дэндсэн л гэнэ. “Үндсэн ажлынхаа зэрэгцээ төсөл санаачлах, түүнийг хэрэгжүүлэхэд бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцдог. Ажлын орчноо тохь тухтай, цэвэр цэмцгэр байлгах нь манайханд хэвшсэн ажил” гэв.  Бид БелАЗ-ын гарааж дахь Эрчмийнхний ажлын байрыг сонирхлоо. Энд угаас гарааж бус “Аптек” гэмээр цэвэрхэн, урлаг, спортын танхим мэт цэлгэр. Хэзээ ч ороод очиход бүртийх төдий ч тоос шороо, тос маслыг эндээс олж харахгүй. Эднийхний санаачилж, байгуулсан Ус хөргөх зориулалттай усан сан цэмцийнэ. Том ёмкост ашиглан хийсэн энэ сангийн эргэн тойрны бүх зүйл эмх цэгцтэй, цайвар цэнхэр өнгөөр будсан бетонон шал шил толь мэт. Түүн дээр усны дусал ч алга.  Танай үйлчлэгч их ажилсаг, нямбай хүн бололтой гэхэд: “Манайд орон тооны үйлчлэгч үгүй. Ажлаа хийчхээд ажлын байрыг цэгцэлж, цэвэрлэх нь манайхны сурсан зан” гэв.  Багаж олгодог, бас чөлөөт цагаа өнгөрөөх багахан өрөөгөөр орлоо. Тэнд байх бүхий л зүйлийг тэд өөрсдөө бүтээжээ. Диван, сандал, ширээ, бас багажийн шкафыг хаягдал поошик ашиглан хийсэн байна. Багажийн шкаф дотроо эргэдэг тавиур өлгүүртэй. Энд багаж бүр өөрийн байртай, эмх цэгцтэй.  Хэн, хэзээ, хэдэн ширхэг ямар түлхүүр авсныг тэмдэглэх дэвтэр ч үүн дотор байх. Энэ шкаф их эрэлттэй, үзэсгэлэн худалдааны үеэр үүнийг захиалж авдаг хэрэглэгч олон гэнэ.          Энэ гараажид цахилгаан хуваарилах дэд станц байрладаг. Түүнд төмөр сараалжин хашаа хийж, тэмдэг, тэмдэглэгээ, зураг плакат байрлуулсан нь аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн, өнгөлөг гоёмсог болжээ. Цехийн хэмжээнд   таван дэд станц байдаг бөгөөд бүгдийг нь ийм болгосон гэсэн. Ажлын байраа танилцуулж явахдаа А.Батдорж ажил хуваарилах өрөөг хамт олныхоо хандиваар тохижуулж байгаагаа ярьсан. Тансаг сайхан өрөөтэй болно оо, бид. Тохижуулж дуусахаар нь ирж үзээрэй. Ажилчид маань наръядаа аваад ажилд гарахдаа сэтгэл тэнүүн сайхан байх болно. Энэ ч ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө гэв.      Бүтээмжийн менежер Ж.ПҮРЭВСҮРЭН: “Манай тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж их санаачилгатай, бүтээлч хүн. Шинэ зүйл санаачлах үйлст хамт олноо үлгэрлэн дагуулж, залуусыг хөгжиж, шинээр сэтгэхэд сэдэлжүүлэн ажилладаг. Эдний ажлын байр үлгэр жишээ, санаачилсан бүхэн нь үр ашигтай байдаг. Ноднин хийн компрессорыг Ил уурхайтай ойролцоо суурилуулах санаачилга гаргаж хэрэгжүүлсэн нь зардал хэмнэсэн сайхан ажил болсон” гэсэн юм. Бид Ил уурхай дахь БелАЗ-ын зогсоол дээр байрлах компрессорыг үзлээ. БелАЗ-ын гарааж дээр өндөр хүчин чадалтай хийн компрессор суурилуулж, хуучныг нь энд байрлуулжээ. Ингэснээр БелАЗ-ын дугуй хийлэх зайг ойртуулж, хэмнэлт гаргах үндэс болсон байна.  БелАЗ-ын нэг дугуй дунджаар 64,9сая төгрөг байдаг. Түүний зургаан дугуйг жигд хийтэй ажиллуулснаар даац хэвийн, эд ангид эвдрэл бага байж, ажлын бүтээмж дээшилж, эдийн засагт хэмнэлт гардаг аж. Компрессорыг Ил уурхайд ойртуулснаар дугуйн хийг нэмэх, шалгах тоо жилийн хугацаанд 120-оор нэмэгджээ. Энэ нь жолооч нар дугуйндаа хяналт сайн тавьж байгааг харуулж буй аж. Дугуй хийлэхээр БелАЗ-ын гарааж руу очиход 4, км, харин эндээс 2 км.  Хүдэр тээвэрлэдэг 30 БелАЗ жилийн турш 8269 км сул явалт хэмнэсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 102, сая төгрөгийн дизель түлш, тос тосолгооны материал, авто дугуйн элэгдлийн зардлын бодит хэмнэлт гарчээ. Энэ төсөл зардлаа хасаад 95,2сая төгрөгийн үр ашигтай болсон гэж эдийн засагчид тооцжээ. А.Батдорж энэ төслөө улам сайжруулан төгс болгох зорилттой байгаагаа ярьсан. Эдний албаныхан Ил уурхай дээр зөөврийн ШТС барьсан бөгөөд үүнийхээ дэргэд компрессор байрлуулах гэнэ. Ингэснээр жолооч шатахуунаа авах хооронд дугуйн хийгээ шалгах, нэмэх боломж бүрдсэнээр илүү ихийг хэмнэнэ гэж үзжээ.    Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж буй энэ үед та бүхэн ямар хэмнэлт гаргах вэ? гэсэн асуултад тэр: “Гадна температур дулаарч буйг ашиглан хүн ажилладаггүй хэсэг, тухайлбал, гараажуудынхаа дулааныг 4-р сарын нэгнээс хэсэгчлэн хааж эхэллээ. Ингэснээр дулааны зардлыг 30 орчим хувиар хэмнэх тооцоо гарч байгаа” гэв.  Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагч А.Батдорж эрчим хүчний хэрэглээнд байнга хяналт тавьж, дүгнэлт хийж,  уур, ус, цахилгаан, дулааныг үр өгөөжтэй ашиглаж, хэмнэх боломжийг эрэлхийлэн, ажлын байрыг тав тухтай байлгахын  төлөө  оюунаа чилээж  явна.         Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр - 04 дүгээр сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 98 дахь өдөр. Он дуусахад 267 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 4-8 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, бага зэргийн хур тунадастай, салхины хурд 5-6 м/сек байна.     3. Аргын тооллын 4 сарын 8. Буд гариг. Билгийн тооллын 15. Тэргүүн дагуул одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол замд явах хүмүүс баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.     4. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5067 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3024, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна. Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... 1975 оны 4-р сар Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Эрдэнэтийн бүтээн байгуулалтад зориулан нэмэлт хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 1976 оны 4-р сар 22-нд: Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 08 дугаар тогтоолоор Эрдэнэт хотод хивсний үйлдвэр байгуулах талбайг 13 га-гаар тогтоож, үүнээс 12 га-г үйлдвэрлэлийн зориулалтаар, 1 га-г хаягдал шингэний хөөс агуулах талбайгаар ашиглуулахаар тогтжээ. 23-нд: Эрдэнэт үйлдвэрийн Тооцоолон бодох төв үйл ажиллагаагаа эхлэв. 26-нд: Эрдэнэт үйлдвэрийн төв корпусыг барих ажил эхлэв. 1978 оны 4-р сар Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс анх Хөдөлмөр хамгааллын хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдав. Дэлгэрэнгүй...
  • Цутгуурын цехийн өргөтгөл ирэх сарын нэгэн гэхэд бүрэн ашиглалтад орно

    Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийг ирэх сарын нэгэн гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэжзаводын дарга Б.Баасансүрэн мэдээллээ. Одоогийн байдлаар механикийн чиглэлийн тоног төхөөрөмж суурилуулж дууссан. Байгууламжийн агаар, ус, хий дамжуулах төхөөрөмжийн угсралт 96 хувьтай байна. Германы мэргэжилтнүүд ирж үндсэн тохируулга хийх байсан ч, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан амжаагүй. Ерөнхий захирлын 151-р тушаалаар томилогдсон ажлын хэсэг  ажиллаж, 3-р сарын 16-наас ХБНГУ-ын FAT компанитай онлайнаар холбогдон тоног төхөөрөмжүүдийг хэсэгчлэн  тохируулж байна. Мэргэжилтнүүд  энэ сарын27 гэхэд тоног төхөөрөмжийн тохируулгаа дуусаж, туршилт хийхээр төлөвлөн ажиллаж байна.Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг амжилттай ажиллаж байна. Ийнхүүцутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологид ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Хүйтнээр хатууруулах холимгоорхэв бэлтгэх” хагас автомат шугамын цогц систем нэвтрүүлэх техник технологийн шинэчлэл  дуусах шатандаа орлоо.                                                                                                                             Я.Энхтуяа Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • УЦУОШТ: Нарийн тоос маргааш сарних төлөвтэй байна

    Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийг хамран агаарт дэгдсэн нарийн тоос агаарын урсгал хөдөлгөөнд орж, маргааш сарних төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна. Манан мэт агаарт тогтсон нарийн тоос нь онц сонин үзэгдэл биш хэдий ч манай аймгийн хувьд анхны тохиолдол болжээ. Энэ сарын 5-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн нутагт шороон шуурга шуурч, улмаар агаарт дэгдсэн шороо нь нарийн тоос болон хуралджээ. Ойрын өдрүүдэд салхины хүч бага байгаа нь нарийн тоосыг хөдөлгөөнгүй байдалд оруулсан бөгөөд маргааш салхины чиглэл нутгийн баруун хойноос байх төлөвтэй тул агаарт сарнина гэж тооцоолж байна. Нарийн тоос нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллага л тогтоох боломжтой тул иргэдийг амны хаалтаа зүүж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөлөө. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 8-нд ялимгүй хур тунадастай, шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Харин 12, 13-нд салхины хурд ихсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг уур, орчны технологи, мэдээллийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цээнээ мэдээллээ.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Урьдчилан сэргийлэх ажил тогтмолжсон

    Дэлхийн 200 гаруй улс оронд тархаад буй “ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт Шуурхай штаб байгуулагдаад 2 сар гаруй болж байна. Шуурхай штабынхан өглөө ажилдаа ирж буй ажилчдын биеийн халууныг хэмжих, хяналт тавих, хоолны цэгүүдийн эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн мэдээллийг цаг тухайд нь авч, нэгтгэн үйлдвэрийн Ерөнхий диспетчер болон Уул уурхайн яам, Улсын Онцгой комисст хүргэх чиг үүрэг хүлээдэг. Штабын бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, ХАБЭА-н хэлтсийн ажилтан болон эмч нар ээлжийн горимоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг хэвшүүлэхэд хяналт тавьснаар ажилчид амны хаалт зүүх, гар угаах ариутгах нь тогтмолжиж, хоолны цэгүүдийн үйлчилгээ, эмх цэгц сайжирсныг Шуурхайн штабынхан онцоллоо.         М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

Коронавирусийн улмаас гамшиг эрсдэлийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штабын Тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдтой цаг үеийн сэдвээр мэдээлэл солилцлоо.

-Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, өндөржүүлсэн бэлэн байдлын жижүүрүүдэд тогтмол мэдээлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 6 цаг тутмын болон 7 хоногийн тайлан мэдээгээ хүргүүлж байна.

Мөн Ерөнхий захирлын А/78 тоот тушаалын хэрэгжилтийн хугацааг сунгасантай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолборын эмч мэргэжилтнүүд, цехийн эмч нартай хамтран халуун хэмжилт хийх 24 цагийн пост тогтмол ажиллуулж, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ хүн олноор цугладаг ажилчдын автобусыг ариутгаж, Захиргааны I, II байранд ажлын шаардлагаар нэвтэрч байгаа бүх хүний гар ариутгалд хяналт тавьж эхэлсэн.

-Үйлдвэрийн ажиллагсдыг амны хаалтаар хангах ажил ямар шатандаа явна вэ?

-Оёдлын цех боломжоороо нийлүүлэлт хийж, бид өнөөдрөөс үндсэн цехүүддээ хуваарилалт хийж эхэлсэн. Тухайн цехийн хүний нөөцийн албанаас ирүүлсэн тоог үндэслэн амны хаалтыг олгож байна. Өнөөдрийн байдлаар Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цехэд хуваарилалт хийлээ. Эхний ээлжид ажилтан бүрд нэг ширхэг амны хаалт олгохоор шийдвэрлэн, хоёр өдрийн дотор түгээхээр ажиллаж байна. Ямартаа ч үйлдвэрийнхээ бүх ажилтныг маргаашийн дотор маскаар хангана. Сар шинийн босгон дээр Оёдлын цехээс 4000 амны хаалт нийлүүлсэн. Тэдгээрийг баярын үеэр ажиллаж, жижүүрт гарах цагдаа, үйлчлэгч, ээлжийн жижүүр болон гадаад ажилтнуудад олгосон.

-Орхон аймгийн Засаг даргын захирамжид үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт” сувиллын цогцолборыг шаардлагатай тохиолдолд бэлэн байлгах тухай тусгасан. Энэ ажлын талаар тодруулбал?

-Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр, эрсдэл өндөртэй орноос зорчин ирсэн болон халуурсан иргэдийг аймгийн хэмжээнд тусгаарлах арга хэмжээ авч байна. Мөн өвчний шинж тэмдэг илрээгүй боловч ямар нэг байдлаар гэр бүлийнхэн нь БНСУ-аас ирсэн тохиолдолд мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөний дагуу өөрийн биеийг тандах хугацаа бий. Энэ байдлыг журамлах зорилгоор “Эрдэнэт” сувиллын цогцолборыг бэлтгэх шаардлагатай гэж үзсэн болов уу. Манай зүгээс нөөцөд байсан тусгай зориулалтын өмсгөл, нэмэлт амны хаалтаар “Эрдэнэт” сувиллын цогцолборыг хангасан. Тус цогцолборыг бүрэн хэмжээнд бэлтгэхэд санхүүжилт шаардлагатай тул одоогоор бэлтгэл шатандаа яваа гэж ойлгож болно.

-Тусгаарлагдсан болон тандалтад өртсөн ажилтан бий юу?

-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өмнөд Солонгос улсад зорчиж ирсэн болон гэр бүлийнхэн нь ирсэн, явсан зэрэг шалтгаанаар одоогоор 31 ажилтан бүртгэгдсэн. Тэднийг ажлаас бүрэн чөлөөлж, заасан хугацааг хүртэл өөрийн биеийг тандах тухай зөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагынхан өгсөн. Энэ дашрамд, үйлдвэрийн ажилтнууд болон Орхон аймгийн иргэд маань болзошгүй эрсдэлээс сэргийлж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу гарын ариун цэвэр сахих, амны хаалт тогтмол зүүх хэрэгтэйг сануулъя. Халуурсан болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид үзүүлэх шаардлагатай.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Бүлэг Ярилцлага

      Улсын онцгой комиссын энэ сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг маргааш буюу 3 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагт нээх шийдвэр гаргалаа. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн тасалбарыг өнөөдрөөс эхлэн онлайн болон чат-аар бичилт хийж эхэлжээ. Ингэхдээ Автотээврийн 1900-1234 лавлах үйлчилгээний утас болон https://www.facebook.com/autoteever/page хуудасны чат-аар өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд тасалбар бичих үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

      Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн Олон улсын хуваарьт нислэгийг энэ сарын 02-11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоож, Япон, Итали, Иран, Солонгос улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг энэ сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр боллоо. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгоод байна.

И.Чинтогтох

     Орос, Монгол хоёр улсын эвийн бэлгэдэлт Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг өнөөгийн хөгжил дэвшилд хүргэхэд орос ах нарын оруулсан гавьяа зүтгэлийг үнэлж баршгүй. Уул устай хөдөө нутагт уурхай нээж, үйлдвэрийг хоттой нь байгуулснаараа Эрдэнэт XX зууны манлай бүтээн байгуулалтаар нэрлэгддэг. Тэртээ 1982-1987 онд Эрдэнэт үйлдвэрийн Төв корпусын удирдлагаар ажиллаж, үйлдвэрийн хэвийн жигд, найдвартай ажиллагааг хангахад өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулсан нэгэн эрхэм Эрдэнэт хотноо айлчлан, өнгөрсөн амралтын өдрүүдэд нутаг буцлаа. Энэ хүн бол Сейтжан Камбаров билээ. Тэрээр 17000 ажилтантай Казахстаны Кентау хотын Полиметаллын үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж явсан туршлагатай нэгэн. 33 жилийн дараа Монголд ирсэн түүнийг Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” телевизийн хамт олон “Сэтгэлээ нээе” нэвтрүүлэгтээ зочноор урьж оролцуулсан юм.

      -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 33 жилийн өмнө ажиллаж, амьдарч байсан Эрдэнэт хотдоо эргэн ирсэн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу?

     -Би 1987 оноос хойш Монголд ирээгүй. Сэтгэгдэл маш өндөр байна. Хот маань өргөнөөрөө, өндрөөрөө гээд бүх талаараа хөгжсөнийг харахад сэтгэлд дүүрэн санагдлаа. Ажиллаж байсан үйлдвэрээ харахыг их хүссэн. 2019 онд ирэхээр төлөвлөж байсан ч ажлын шаардлагаар ирэх хугацаагаа хойшлуулж, 2020 оны босгон дээр ирлээ. Эрдэнэтэд Зөвлөлтийн бүх л хэсгээс хүмүүс ирж ажилласан. Нэгэн үе хамт ажиллаж байсан найз нөхөд маань намайг Эрдэнэт явах гэж байгааг дуулаад хамгийн сайн сайхан үгсийг илгээсэн. Олон хүн энд ирэхийг хүсэж байгааг уламжилъя. Тэд их мэдээлэлтэй ирээрэй гэж захисан. Очоод ярих сонин ихтэй боллоо.

     -Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхдаа өнөөгийн Эрдэнэтийг төсөөлж байв уу?

     -Эрдэнэт тухайн үед дэлхийн 10 том үйлдвэрийн нэгээр нэрлэгдэж байсан. Бид үйлдвэрээ томорно гэж мэдэж байсан ч яг өнөөдрийнх шигээр төсөөлж байгаагүй л болов уу.

     -Та Оросын ямар үндэстэн бэ?

     -Казах үндэстэн.

     -Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ажиллах томилгоог хаанаас шийддэг байсан бол?

     -Тухайн үеийн “Зарубежцветмет” боловсон хүчнээ сонгон явуулдаг байлаа. 1980-аад оны эхээр цоо шинэ үйлдвэрт очиж ажилла гэсэн үүрэг даалгавраар Эрдэнэтэд ирсэн. Манай “Кентау”-гийн үйлдвэрээс хавьгүй том үйлдвэр намайг угтсан. Хүчин чадал өндөртэй, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй байснаараа Баяжуулах фабрик хамгийн их таалагдсан. Залуудаа, Улаанбаатар хотод очиж үзэх юмсан гэж их боддог байлаа. Монголд ажиллах тухай яригдахад “Улаанбаатарт очиж үзнэ” гээд их л хөөрч билээ. Монголчуудын тухай номоос их уншиж, сайн мэддэг байсан.

     -Монголд гэр бүлийнхэнтэйгээ хамт ирсэн үү?

     -Охин цэцэрлэгт, хүү Эрдэнэт хотын 19-р сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон. Манай гэр бүлийн хувьд Монголоос буцсан ч Эрдэнэтийн тухай хамгийн сайхан сэтгэгдлийг тээсээр өнөөг хүрсэн. Би 5 ачтай. Хүү маань Хөвөнгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж, охин алимын үйлдвэрлэл эрхэлдэг. Тэд амьдарч байсан байр, мөсөн гулгуурын талбай, сурч байсан сургуулийнхаа зургийг надад захисан. Би их олон даалгавартай ирсэн. /инээв/

      -Ач зээ нартаа Монголын тухай ярьж өгдөг үү?

      -Монголоос авсан ном, зургууд бий. Хүүхдүүд маань сургуульд сурч байх үеийн найз нартайгаа одоо ч холбоотой байдаг.

     -Оросуудтай мөр зэрэгцэн ажиллаж байсан Монгол залуучуудын тухайд юу хэлэх вэ?

     -Монгол залуучууд богино хугацаанд чадваржиж, хөгжиж, тодорхой албан тушаалд хүрч ажилласанд баярлаж байна. Тухайлбал, надтай хамт ажиллаж байсан Х.Байгавил Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болж, Ж.Амаржаргал хэлтсийн орлогч дарга, даргаар ажиллаж, С.Давааням Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Мөн Г.Шархүү УУХҮЯ-ны Сайдын зөвлөхөөр ажиллаж байгааг харахад бид зүгээр нэг хүмүүст туслаагүй юм байна.

     -Таныг ажиллаж байх үед үйлдвэрт хүндрэлтэй зүйл гарч байв уу?

    -Хүндрэл бэрхшээл гарч байсныг санахгүй байна. Ер нь үйл ажиллагаа нь жигдэрч, хэвийн ажиллаж байсан. Баяжуулах фабрикаа очиж үзлээ. Маш том машинууд байрлуулж, их олон шинэчлэл хийснээс харахад ирээдүйтэй гэдэг нь харагдаж байна. Би энэ 25-нд буцахаар төлөвлөж байсан ч коронавирусын хорио, цээр тогтоосноос болж хоёр хоноод буцахаас аргагүй боллоо. Харамсалтай л байна.

      -Эрдэнэт үйлдвэр ирээдүйн боловсон хүчнээ хэрхэн бэлтгэдэг байсан бэ?

      -Нэгэндээ их тусалдаг, Оросын мэргэжилтнүүд мэддэг, чаддаг зүйлээ харамгүй зааж зөвлөдөг байлаа. Монгол залуус ч сурах их хүсэл тэмүүлэлтэй байсан.

      -Нутагтаа эргэж очоод ямар ажил эрхэлсэн бэ? Одоо ОХУ-ын аль хотод амьдарч байна?

     -Монголоос очоод 20-иод хоносны дараа “Кентау”-гийн үйлдвэрийн төв корпусын дарга, фабрикийн Ерөнхий инженер, Ерөнхий баяжуулагч болсон. Дараа нь фабрикийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Одоо алтны үйлдвэрийн захирлын зөвлөх гэсэн албатай болсон. Бид төрж өссөн Кентау хотдоо ажиллаж амьдарч байгаа.

      -“Кентау”-гийн залуучууд хэрхэн ажиллаж, амьдарч байна вэ?

      -Миний ажиллаж байсан үйлдвэр хаагдаж, залуучууд том хот руу нүүх шилжилт хөдөлгөөн ихэссэн. Хот маань хаягдмал байдалтай болсонд сэтгэл эмзэглэж явдаг.

      -Монголд байхдаа айраг цагаа ууж, ан гөрөө хийж байв уу?

      -Улаанбаатар хотод музей үзэж байсан. Бид нэг удаа говь явсан аялал санаанаас ер гардаггүй юм. Өдөртөө аагим халуун байснаа шөнөдөө даарахаар сэрүүн болчихсон. Говьд шарж идсэн хонины мах их гоё амттай байсан. Тэр амт одоо ч санагдаж байна.

      -Та Эрдэнэтэд дахин ирэх үү? Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа өнөө цагийн ажилчдад сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

      -Эрдэнэт үйлдвэрийнхээ 50 жилийн ойгоор би 82 настай байх юм байна. Тэр үед л ирье гэж бодож байна. Чингис хааны морьт хөшөө цогцолборыг үзэхийг хүссэн ч энэ удаа амжихгүй нь бололтой. Эрдэнэт үйлдвэрийн төслийн хүчин чадлыг 37 сая тонн хүдэр боловсруулна гэж зорилго тавьсан байдаг. Тэр хүсэл биелээсэй. Үйлдвэрийнхээ хамт олонд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       -Ярилцсан танд баярлалаа. Сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та зуны дэлгэр цагт Эрдэнэтдээ зочлоорой.

И.Чинтогтох

Фото: Б.Ялалт

 

Бүлэг Ярилцлага

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэнтэй ярилцлаа. Улсын эдийн засаг, хөгжил дэвшилд амин чухал оролцоотой аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр”-ийг хамгийн амаргүй, адармаатай гэмээр он жилүүдэд нь нэр төртэй удирдаж, давтагдашгүй түүхээ бүтээж яваа түүний илэн далангүй ярилцлага сонирхолтой байна гэдэгт найдаж байна.

ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ХАМТ ОЛНЫ УУР АМЬСГАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛД НӨЛӨӨЛӨХ ВИЙ ГЭЖ ЭМЭЭЖ, АЛЬ БОЛОХ АЖИЛД НӨЛӨӨЛҮҮЛЭХГҮЙ БАЙЛГАХЫГ ХИЧЭЭСЭН. ИНГЭЖ АЖИЛЛАЖ Ч ЧАДСАН

- “Эрдэнэт үйлдвэр” гэж мөнгөний уурхай, Засгийн эрх авсан намаас даалгавар авч томилогдсон хүмүүс сонгуулийн санхүүжилт босгох гэж тэнд бужигнуулж өгдөг гэсэн ойлголт нийгэмд бат суучихсан шүү дээ. Нам тань танд ямар даалгавар өгөв, та түүнийг нь биелүүлж байна уу. Ярилцлагаа ингэж эхлэхэд эмзэглэхгүй байх дархлааг таны хашиж явсан, хашиж буй албан тушаалууд бий болгосон байх гэж найдаад ийм асуулт тавьж буй юм шүү?

-Юуны өмнө эрхэм уншигчдадаа XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, амар амгалан, баяр баясал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдоод гурван жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Надад л лав намын даалгавар гэж байсангүй. Эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага чинь хэрэгтэй байна гээд үүрэг хүлээлгэсэн гэж ойлгоод ажиллаж явна.

- Та Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед томилогдоод, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед улиран ажиллаж байна. Улсын эдийн засагт асар том нөлөөтэй, тэр хэрээрээ хэл ам, хардлага сэрдлэг дагуулдаг энэ байгууллагыг хоёр Ерөнхий сайдын үед удирдсан хүнийг хоёр төрд нүүртэй гэх нь аргагүй ч юм шиг...

-Миний хувьд дээд сургууль төгсөхдөө дипломоо бичихээс эхлээд өнөө хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-тэй ямар нэг сэжмээр холбоотой яваа. Төгсөж ирээд Геологи, уул уурхайн яамны төв аппаратад хуваарилагдаж ажилласан. Уул уурхайн үйлдвэрийн хэлтэс, Хамтарсан үйлдвэрийн  хэлтсийн дарга, салбарын ерөнхий инженерийн алба хашиж байлаа. Хожим Монгол, Оросын хамтарсан үйлдвэр гэсэн адилхан статустай ихэр хоёр үйлдвэрийн нэг “Монголросцветмет”-ийн ерөнхий захирлаар 12 жил ажилласан. Тэр он жилүүдэд бидний харьяалагддаг байгууллага, ажиллах зарчим нэг, ажил төрлийн холбоотой байсан болохоор “Эрдэнэт үйлдвэр”-тэй ойр байлаа. Хамтарсан үйлдвэрүүдийн удирдах дээд байгууллага нь Зөвлөл байв. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хоёр нэг Зөвлөлд харьяалагддаг байсан учраас Эрдэнэтийн талаар мэднэ.

“Эрдэнэт үйлдвэр” Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн статустай 38 жил явж ирсэн. ОХУ-ын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац”-д 2016 оны зургадугаар сарын дундуур худалдсан. Ингээд Монголын Засгийн газар 51, хувийн хэвшил 49 хувийг эзэмшиж байх үед би ерөнхий захирлаар томилогдсон. Одоо 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болсон үед нь ажлаа үргэлжлүүлээд явж байна. Дээр хэлсэн дээ, эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага чинь хэрэгтэй байна гэсэн болохоор би ажиллаж байна гэж.

- Та яах аргагүй онцгой, адармаатай цаг үед энэ албыг хашиж байна. Засгийн газар 51, хувийн хэвшил 49 хувийг нь эзэмшиж, эзэмшигчид хоорондоо маргалдаж, шүүх цагдаадаа тулсан үед ажиллах ямар байв. Тэр өдрүүдийн тухай ярих зүйл их бий байх?

-Үнэхээр, богино ч гэсэн амаргүй цаг үе байсан шүү. Миний мэддэг Монгол, Оросын хамтарсан үйлдвэртэй харьцуулахад өөрчлөгдсөн зүйл нэлээд байлаа. “Монголын зэс корпорац”-ын хувьд ч амаргүй байсан байх. Уг компанийг төлөөлж ажилласан хүмүүсийн дунд яам, тамгын газарт ажиллаж байсан хүмүүс ч байсан, ийм том үйлдвэрийн ажлаас хол хөндий хүмүүс ч байв.

Би ерөнхий захирлын ажлыг хүлээж авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмчлөлийн байдлаас үл хамааран энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн, жигд явах ёстой” гэж хэлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ямар ч тохиолдолд Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байсан үеийнхээс муу ажиллах ёсгүй, болж өгвөл илүү ажиллах хэрэгтэй. Энэ бол зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралтай төдийгүй, нийт монголчуудын нэр төртэй холбоотой асуудал л даа. Хэрэв муу ажилласан бол “Ээ чааваас, монголчууд оросуудаас “Эрдэнэт үйлдвэр”-ээ аваад хамраар нь газар хатгууллаа” гэхчилэн янз янзын яриа гадаад талд гарах нь тодорхой шүү дээ. Тийм учраас хичээж ажиллах ёстой гэдгийг хамт олондоо, 49-ийг төлөөлж байсан хүмүүст  байнга хэлж байлаа. Ямар ч тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” сайн ажиллах ёстой гэдэг дээр бид ойлголцсон. Бидэнд санаа зөрөх зүйл байсан ч хэрүүл уруул хийж, хоёр тийшээ харж суусан удаа байхгүй. Би ойлголцож ажиллахыг эрхэмлэсэн.

Хамгийн гол хүндрэл нь үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн хууль эрх зүйн хувьд маргаантай, байс хийгээд өөрчлөлт ордог, тогтвортой бус байсан. Тэр бүрт дүрэм журам өөрчлөгдөнө. ТУЗ-ийн гаргасан шийдвэр хүчингүй болох тохиолдол ч олон байлаа. Энэ тогтворгүй байдал хамт олны уур амьсгал, үйлдвэрлэлд нөлөөлөх вий гэж эмээж, тэнд болж буй өөрчлөлт, наагуур цаагуур өрнөж буй яриа хөөрөөг аль болох ажилд нөлөөлүүлэхгүй байлгахыг хичээсэн. Ингэж ажиллаж ч чадсан. Үүний хүчинд үйлдвэр тэр үед хэвийн ажилласан. Одоо 100 хувь төрийн мэдлийнх болоод ч сайн ажиллаж байгаа. Энэ нь үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн өсөлт, түүний үр дүнд улсын сан хөмрөг, төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө мөнгөнөөс ил харагдана. Тэр амаргүй үед ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн төрийн хүний ноён нуруу гаргаж, зоримог, голч ажилласан шүү.

-Саваагүй асуулт тавья. 49 хувийг худалдаж авчирсан залуусыг ингээд гаргачихсаныг юу гэж боддог вэ?

-Энэ асуудал хэвлэл мэдээллээр хангалттай гарсан даа. Бүх асуудал хууль тогтоомжийн хүрээнд шийдэгдэх ёстой. УИХ-ын шийдвэрийг үндэслэж, Засгийн газар шийдвэрээ гарган 100 хувь ТӨҮГ болгосон. Сангийн яамаар толгойлуулсан ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийн, санал дүгнэлт, зөвлөмжөө Засгийн газарт танилцуулсан. Сангийн яамны санал, зөвлөмжийн хэрэгжилтийг Ерөнхий сайдын захирамжаар томилогдсон нэлээд том ажлын хэсэг шалгаж байгаа. Тэд санал, дүгнэлтээ Засгийн газарт удахгүй танилцуулах байх. Төр, засаг шийдвэрээ гаргаад, ажлаа явуулж байна.

-“Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн онд олон түүхэн амжилт тогтоосон, улсын төсөвт их наяд шахам төгрөг төвлөрүүлсэн гэх мэтийн сайхан мэдээллүүд оны босгон дээр сонсогдсон. Өнгөрсөн онд гэлтгүй, таны ажилласан гурван жил гаруйн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажил үйлс, улсын болон орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг тоймловол сонин байх болов уу?

-Өнгөрсөн онд 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонныг боловсруулсан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 2019 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, төлөвлөгөөг 112.6 хувиар  биелүүлсэн нь түүхэн дээд амжилт юм. Мөн нийт зардлыг 1.4 хувиар,  борлуулсан бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардлыг 3.7 хувиар төлөвлөгөөнөөс бууруулан ажилласан. Улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2019 онд 961.9 тэрбум төгрөгт хүргэсэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт болж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэг ажилтан өнгөрсөн онд 146 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэсэн үг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2019 оны ажлыг нэг хоногоор авч үзвэл, хоног тутамд 6.1 тэрбум төгрөгийн орлого олж, 2.6 тэрбумыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Мөн гаалийн төлбөр, хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 238.5 тэрбум төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 оны үр дүнгээр улс, орон нутгийн төсөв болон гааль, цахилгааны төлбөрт нийтдээ 1.2 их наяд төгрөг оруулсан. “Эрдэнэт үйлдвэр” нь 2019 онд төрийн өмчийн статустай, онцгой дэглэмийн нөхцөлд ажиллаж, сүүлийн 10 жилд анх удаа гадаад, дотоодын зээлийн өр төлбөргүй боллоо.

Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг анх удаа тусгайлан авч үзэж, 2019 оны зургадугаар сард 224 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, бүс нутгийн хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн уул уурхай-хөдөө аж ахуй, уул уурхай-металлург-химийн үйлдвэрийн цогцолбор, уул уурхай-хүнс, хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолбор байгуулах талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулахыг холбогдох яамд, аймгийн удирдлага болон “Эрдэнэт үйлдвэр”-т даалгасан. Энэхүү үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны зургадугаар сарын 18-нд баталсан. Энэ нь үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны бодлого, чиглэлийг тодорхойлсон чухал үйл явдал болсон.

Энэхүү хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэр болон Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх, байгаль, экологид сөрөг нөлөө багатай, хамгийн орчин үеийн шийдэлтэй Уусган баяжуулах технологиор исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барих, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажил эхлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлуулсан. Сүүлийн жилүүдэд төсөв төлөвлөгөө цаг хугацаандаа батлагдаж чаддаггүй байсан. Энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байсан бол 2020 онд энэ эрсдлийг арилгаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа оны эхнээс хэвийн жигд явах боломж бүрдсэн. 2020 оны худалдан авалтын төлөвлөгөөг төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд 2019 онд багтаан бүрэн байршуулсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өмнөх 2019 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Эрдэнэт үйлдвэр” 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгосон. Энэ хүрээнд шинэ төслүүд, бүтээн байгуулалтын ажилд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангаж, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байна.

Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг шилдгийн шилдэг аж ахуй нэгж, Гранпри шагналыг 2003 онд хүртэж байсан бол 16 жилийн дараа 2019 онд хоёр дахь удаагаа хүртсэн нь манай хамт олны ажлын үнэлгээ.

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ амжилттай ажиллаж, төр муу менежер гэдэг үгийг няцаажээ. Үүнд таны дадлага туршлага, төрөлх салбартаа ажилласан шиг ажиллаж, өөрийнхөө ул мөрийг үлдээсэн шиг үлдээе гэсэн тэмүүлэл гол нөлөөтэй болов уу гэж бодоод, асуухаар төлөвлөж байсан юм. Гэтэл та дээр нууцаа хэлчих шиг боллоо. Өөрийн нэрийг хичээхээс илүүтэй улсынхаа нэрийг хичээж ажилласан гэж...

-Аль аль нь л байсан даа. Төр муу менежер гэдэгтэй би угаасаа санал нийлдэггүй. Хүн толгойдоо том төлөвлөгөө, сайхан зүйл тээж явах нэг хэрэг. Түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх юу юунаас чухал. Төр муу менежер биш гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагаагаараа харууллаа. Энэ бол надтай баг болж ажиллаж байгаа уурхайчид, ажилтан, ажилчдын маань хамтын хөдөлмөрийн үр дүн. Нөгөөтэйгүүр, энэ амжилт нь биднийг улс төрөөс хараат бусаар ажиллах, үйлдвэрлэлээ ном журмынх нь дагуу, мэргэжлийн өндөр түвшинд удирдаж явуулах боломжоор хангасан, ингэж ажиллахад бодлогоор дэмжиж “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэт ирээдүйтэй холбоотой чухал шийдвэр гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний толгойлсон Засгийн газартай шууд холбоотой. Хүмүүс ойлголцож, хичээгээд, гар нийлэн ажиллавал юу ч бүтээж болдог гэдгийг, аливаа ажлын хувь заяа бүх шатны удирдах ажилтан, хувь хүнээс хамаардаг гэдгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын үр дүн сүүлийн жилүүдэд харуулсан гэж бодож байгаа.

-Хүн аливаа ажилд очихдоо сайнаар дурсагдаж үлдэхээр ажиллах юм сан гэж бодвол ул мөр нь сайхнаар үлддэг шиг санагддаг. Танд тийм бодол төрж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Хаана ч, ямар ч ажил хийсэн тодорхой зүйл бүтээж, сайхан ул мөр үлдээх юм сан гэсэн бодол тээдэг. Би таван хүүтэй айлын ууган нь. Сургууль соёлын мөр хөөхдөө эцэг, эхийнхээ чихийг халууцуулахгүй юм сан, нутаг усныхаа нэрийг зөвөөр гаргах сан гэсэн бодол тээж, бас ч түүнийгээ муугүй хэрэгжүүлж явлаа. Энэ бодол маань надаас салахгүй өдий хүрч байна.

ЕРӨНХИЙ САЙД НАМАЙГ “ӨӨРИЙНХӨӨРӨӨ, МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД АЖИЛЛА. АЖЛАА ТОЛГОЙГООРОО ХАРИУЦААРАЙ” ГЭСЭН

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн статус өөрчлөгдсөн ч үлдэж ажиллах боломжийг орос мэргэжилтнүүдэд олгосонд тань тэд их баярладаг юм билээ. Та оросуудад их элэгтэй юм аа?

-Миний сурч боловсорсон, ажиллаж буй он жилүүд Оросын ард түмэнтэй салшгүй холбоотой учраас энэ агуу ард түмнийг хүндэлдэг. Би долдугаар анги хүртлээ сумын сургуульд сураад, наймдугаар ангидаа аймгийнхаа төвийн арван жилийн нэгдүгээр сургуульд ирсэн. Тэр үед ЗХУ манай улсад бэлэглэсэн сургуулиудын нэг нь Өмнөговь аймагт баригдаж, ашиглалтад орсон юм. Хөдөө сумд байхдаа “Брежневийн бэлгийн сургууль гэдэг гоё сургуулийг Зөвлөлтийн нөхөд барьж байгаа, удахгүй ашиглалтад орох гэнэ” гэх мэтээр сургийг нь сонссоор төсөөлөлдөө ургуулчихсан байсан. Энэхүү шинэ сургуульдаа анх хөл тавихад шил толь болсон, орд харш шиг санагдаж байж билээ. Дотуур байр маань халуун устай, шүршүүртэй. Тэр үед аймгийн төвд халуун устай, байрандаа душэнд ордог сургууль байтугай байгууллага, орон сууц байгаагүй дээ. Тэр үеэс л Зөвлөлтийн ард түмэн гэж ямар буянтай, өгөөмөр улс вэ гэсэн бодол надад бат суусан.

Дунд сургуулиа төгсөөд ЗХУ-д сурахдаа ч тэр л сэтгэлээрээ явсан. Төгсөж ирээд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд ажиллахдаа мөн л Зөвлөлтийн уурхайчид, геологичидтой гар нийлсэн. Манай яамны дэргэд ЗХУ-ын Өнгөт төмөрлөгийн яам, Геологийн яамны бүрэн эрхт төлөөлөгчийн газар ажилладаг байлаа. Дараа нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдахад мөн л оросуудтай хамтарч ажилласан. Энэ мэтээр дандаа оросуудтай холбоотой байж дээ. Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийг олон жил удирдсан, одоо ч удирдах бүрэлдэхүүнд нь байдаг. Мөн ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн Монголын хэсгийн даргаар ажиллаж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-т томилогдож ирээд орос мэргэжилтнүүдээ тусад нь хүлээж авч уулзсан. Намайг ирэх үед оросууд нэлээд бужигнаж, сандарч тэвдсэн байдалтай байгаа нь ажиглагдаж байв. Оросын тал хувиа зарчихлаа, хамтарсан үйлдвэрийн статусгүй боллоо, ажиллах боломж нөхцөл хязгаарлагдах нь гэсэн байдалтай, нутаг буцах бодолтой болцгоосон нь анзаарагдсан. Зарим нь ч нутаг буцаад эхэлчихсэн байлаа. 2016 онд 118 хүн нутаг буцсан байдаг.

Шилжилтийн үед, 1990-ээд онд орос цэргүүд, геологичид, барилгачдыг манайхан хөөгөөд явуулсан гэдэг яриа, ойлголт байдаг шүү дээ. Түүнд оросууд сэтгэл дундуур явдаг юм. Ний нуугүй хэлэхэд би “Ийм зүйл битгий болоосой. Монгол инженерүүд, уурхайчдыг бэлтгэхэд Монгол, Оросын хамтарсан үйлдвэрүүд томоохон үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан. Техник, технологийн хувьд ч бодитой дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Хэний хүчинд, хэний тус дэмээр өдий зэрэгт хүрснээ бодох хэрэгтэй. Хүний мөс чанар гэж байх ёстой” гэж бодсон. Хамтарсан үйлдвэрийн статус байхгүй болонгуут хэдэн оросоо хөөгөөд явуулчихаж болохгүй биз дээ.

Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан оросуудад элгэмсэг хандаж, тэднийг хүлээж авч уулзахдаа “Та нар үйлдвэртээ үргэлжлүүлэн ажиллахыг хүсвэл надтай гэрээ хийгээд ажиллах боломжтой” гэсэн. Энэ саналыг маань оросууд маш баяртай хүлээж авсан. Дээр үед МАХН-ын Төв хорооны Бүгд хурлын материалд “Удтал алга нижигнүүлэн ташив” гэсэн байдаг шиг ёстой л удтал алга нижигнүүлэн ташиж билээ. Намайг томилогдож ирэхээс өмнө явах шийдвэр гаргаад, ачаа хөсгөө явуулчихсан хүмүүс нь буцаад, тэгээгүй хэсэг нь үлдсэн дээ. Одоо “Эрдэнэт үйлдвэр”-т 200 орчим орос хүн ажиллаж байна. Тэд сэтгэл хангалуун байгаа. ОХУ-ын ЭСЯ-ныхан ч энэ шийдвэрт талархалтай байгаагаа илэрхийлдэг.

-“Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоолоо, ТӨҮГ болголоо гэх мэтийн дуулиант мэдэгдлүүд ар араасаа гарч, бужигнасан ч та ерөнхий захирал хэвээр үлдсэн. Энэ талаарх асуултад та дээр тодорхой хариулт хэлээгүй. Засгийн газар, Ерөнхий сайд танд ямар үүрэг даалгавар өгч, улираасан бэ гэвэл хариулт өөрчлөгдөх үү?

-2019 оны гуравдугаар сард Засгийн газар шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосон. Ингээд ТӨҮГ болгож, дүрэм журмыг нь баталсан. Намайг улираан томилохдоо У.Хүрэлсүх Ерөнхий сайд “Та мэргэжлийн хүн. Танд эрдэм, мэдлэг, дадлага туршлага бий. Үүнийгээ үйлдвэр, хамт олныхоо төлөө зориулаарай. Таны ажиллах цаг хугацаа амаргүй байх нь. Хуулийн дагуу л ажиллаарай” гэсэн. Ер нь манай Ерөнхий сайд их тууштай хүн шүү дээ. Асуудалд шийдэмгий, түс тас. Цагийг яс баримтална. Хэлсэн бол хийж, хэрэгжүүлдэг. Энэ чанар нь хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг.

-Гурван жил гэдэг урт хугацаа биш ч бас богино хугацаа биш. Өнгөрсөн хугацаанд Х.Бадамсүрэнгийн гэх бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлсэн ажил олон байсан нь гарцаагүй. Хулгана жилийн эхэн дээр гурван жилийн ажлаа дүгнээч. Та ажлаа авснаасаа хойш тэгж дэлгэрэнгүй яриагүй санагдаж байна?

-Би ерөнхий захирлаар үргэлжлүүлэн ажиллахаар болж, Ерөнхий сайдтай уулзахдаа дараах тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсэн. Нэгдүгээрт, уул уурхайн үйлдвэрийн амин чухал асуудал нь нөөц баялаг байдаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн уул-геологийн нөхцөл хүндэрч байна. Нөөц баялгийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, үйлдвэр маань 40 жил ажиллалаа, техник, тоног төхөөрөмж нь муудаж, солих шаардлагатай болсон. Гуравдугаарт, байгаль орчны асуудлыг тусгайлан авч үзэж, хуримтлагдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх   шаардлагатай. Тухайлбал, цагаан тоос гэж эрдэнэтчүүдийн санааг зовоодог, тэр ч бүү хэл Монголын ард түмэн мэддэг хэцүү асуудал бий. Дөрөвдүгээрт, улиг домог болтол олон жил яригдсан гадаад, дотоод дахь өр, авлагын асуудлыг эцэслэх зайлшгүй шаардлагатай. Тавдугаарт, “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон, элдэв нэр хоч зүүлгэсэн асуудлуудыг цэгцлэх, тухайлбал, боловсон хүчний болон бараа таваарын шахаагүй болгох хэрэгтэй гэдэг асуудлыг ярьсан. Ерөнхий сайд намайг “Өөрийнхөөрөө, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаарай. Ажлаа толгойгоороо хариуцаарай” л гэсэн.

-Ерөнхий сайдтай ярьсан эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд таны ажил чиглэж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн уул-геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн хатуулаг нэмэгдсэн нь үйлдвэрлэлийн өртөг зардал нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна. Үүнийг шийдэхийн тулд ил уурхайнхаа техник, технологийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Геологи хайгуулын ажлаа эрчимжүүлсэн. Энэ ажилд 2017-2019 онд 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үр дүнд нь нөөц баялгаа дорвитой өсгөж, үйлдвэрлэлийнхээ ажиллах хугацааг 20 орчим жилээр уртасгаж чадлаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” цаашид наанадаж 60 жил ажиллах боломжийг бүрдүүлсэн.

2016 онд үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн 55-80 хувь үндсэндээ элэгдсэн, сольж, шинэчлэх шаардлагатай байсан. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг солих амаргүй. Ялангуяа, баяжуулах үйлдвэрийн хувьд өргөтгөл, шинэтгэл хийхэд асуудал ихтэй. Үйлдвэрлэл тасралтгүй явах ёстой атал техник, тоног төхөөрөмжийг солихын тулд бид зайлшгүй хуучныг нь авч, шинийг суурилуулна. Зарим тоног төхөөрөмжийн овор хэмжээ нэмэгдвэл суурийн даац, хэмжээ дамжааг бас өөрчлөх шаардлага гарна. Ингэлээ гээд үйлдвэрлэлээ зогсоохгүй, хүрсэн түвшинг буруулахгүй байхыг зорьж байна. Үүний тулд цагаа маш нарийн тооцох, төлөвлөсөн хугацаандаа яс багтаах хэрэгтэй. Техник, тоног төхөөрөмжөө солих, шинэчлэх ажил овоо урагштай байгаа. Сүүлийн гурван жилд нийтдээ 625 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 70 гаруй хувийг техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангахад зориуллаа. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийнхөө 10-20 хувийг шинэчилсэн, Ингэснээр техник, тоног төхөөрөмжийн насжилт багасаж, найдвартай ажиллагааны түвшин энэ хэмжээгээр дээшилсэн.

- Цагаан тоос гэж эрдэнэтчүүдийн санааг зовоодог, тэр бүү хэл нийт монголчууд мэддэг болсон, олон жил яригдсан асуудал шүү дээ. Харин танайхан цагаан тоосыг дарах шийдэл олсон гэж ярьж байхыг сонссон. Үнэхээр цагаан тоосноос эрдэнэтчүүдийг салгаж чадвал том ажил болно. Гэхдээ яг чадах уу гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байна?

-Энэ талаар иргэд төдийгүй БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар гээд холбогдох байгууллагууд ч яриад багагүй хугацааг үдэж байна. Үүнээс ангижрах гарц, шийдэл хайж “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, хамт олон ажиллаж байна. Цагаан тоосыг дарах, тоос дэгдээхгүй байх арга замыг олсон гэж үзэж байгаа. Энэ ажилд тодорхой хөрөнгө зарж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийг байгуулж, хариуцах эзнийг нь тодорхой болгосон. “Эрдэнэт үйлдвэр” 2019 онд ТӨҮГ болоод бүрэлдэхүүндээ Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй болсон. Энэ хэлтсийн хариуцах гол ажил нь цагаан тоос, байгаль орчны асуудал. Хариуцах эзэн тодорхой болсноор үр дүн ч гарч байна. Цагаан тоосыг хямгадах, цаашид бүрэн шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Ер нь бол цагаан тоосноос сална.

ЦАГ АЛДВАЛ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ БАРЬЦААЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОГОЛДУУЛАХАД БЭЛЭН БОЛСОН БАЙСАН

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн өр, авлагын асуудлыг монголчууд өрх гэрийнхээ өр, авлага шиг л мэддэг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жил өр, авлагын асуудлаа овоо цэгцэлсэн гэсэн мэдээлэл харагдсан. Энэ таны хийхээр төлөвлөж, Ерөнхий сайдад танилцуулсан ажлын нэг байсан байх нь ээ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон гадаад, дотоод дахь олон жил яригдсан өр, авлага, ялангуяа, гадаад түншээсээ мөнгөө авч чадахгүй олон жил болсон асуудлуудыг мэдэхгүй хүнгүй болсон доо. “Балхашмыс”-ээс авч чадаагүй олон жил болсон 20 сая ам.долларыг бид өнгөрсөн онд бүрэн авсан. Боломжтой бүх аргыг хуулийн хүрээнд хэрэглэж, төр, засгийн холбогдох байгууллага, тухайлбал, Гадаад харилцааны яамны дэмжлэг туслалцааг ч авч байж энэ асуудлыг шийдлээ. Уг мөнгөнөөс дэлхийн жишигт хүрсэн, олон улсын стандартыг хангасан сайхан лаборатори барина. Дэлхийн хэмжээнд ажилладаг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ийм түвшний лаборатори их чухал.

Өрийн тухайд, хамгийн том, ярвигтай нь “Стандарт банк”-тай холбоотой асуудал байсан. Уг нь “Эрдэнэт үйлдвэр” энэ банканд өр тавьчихаагүй юм шүү дээ. “Жаст” групп зээл авахад нь “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан гэж буруутгаж, тус үйлдвэрээр 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрийг 2013 онд Лондоны Арбитрын шүүхээс гаргасан юм билээ. Түүн дээр нь хүү, торгууль нэмэгдэж явсаар 2019 оны эхэн гэхэд 120-иод сая ам.долларт хүрсэн. Тэгээд арбитрын шүүхээс “Энэ өр төлбөрөө дуусга. Тэгэхгүй бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөн урсгалыг зогсооно. Үйлдвэрийн хөрөнгөтэй холбогдуулж асуудал тавина. Удирдлагынх нь гадаадад зорчих эрхийг хязгаарлана” гэх мэтийн тун хэцүү, хатуу шаардлага тулгаж эхэлсэн. Товчхондоо, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө мөнгөд аюул нүүрлэсэн. “Эрдэнэт үйлдвэр” 2019 оны эхээр ТӨҮГ болсон учраас уг асуудлыг төртэй холбож, улс орны хэмжээнд өндөр эрсдэл дагуулахаар нөхцөл байдал үүссэн шүү дээ.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаална, мөнгөн урсгалыг зогсооно, дансыг нь хаана гэсэн мэдээлэл монголчуудыг бүгдийг нь айлгасан шүү?

-“Эрдэнэт үйлдвэр”-тээ монголчууд хайртай, үйлдвэрийнхээ төлөө санаа нь зовдог гэдгийг энэ үйлдвэрийг удирдаж буй хүний хувьд би мэдэрдэг. Манай хамт олонд ч мэдрэгддэг байх. Энэ нь бидэнд илүү хариуцлагатай, илүү мэрийж, чармайж ажиллах ёстойг сануулж, түлхэц болдог.

-“Жаст”-ын тавьсан өрийг “Эрдэнэт үйлдвэр” төлсөн нь шударга бус санагддаг. Нөхцөл байдал үнэхээр тэгэхээс өөр аргагүй байсан уу?

-Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ч, улс орны хувьд ч амаргүй нөхцөл байдал үүссэн. Цаг алдалгүй нэг талд нь гаргаагүй бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалах, үйл ажиллагааг доголдуулахад бэлэн болсон байсан шүү. Бид тэр мөнгийг зээлээд авчихаагүй учраас манай өр гэхэд хэцүү. Гэхдээ олон улсын  шүүхээс тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаж өгсөн гэж буруутган, энэ төлбөрийг манайд хариуцуулсан учраас төлж байж л аюулыг зайлуулахаас өөр арга байгаагүй. Ингээд “Стандарт банк”-тай аргагүйн эрхэнд ширээний ард сууж, төлөх мөнгөө багасгах яриа хэлэлцээ хийсэн. Хэлцлийн явц, тэдний зүгээс тавьж буй шаардлага амаргүй байсан шүү. Бид тиймэрхүү хэлцэлд ашигладаг хуулийн хүрээний арга хэрэгслийг бүгдийг судалж, сүвэгчилсэн дээ.

Төлбөрийг аль болох багасгахын тулд бүх арга замыг хайсны үр дүнд хамгийн боломжит хувилбараар шийдсэн гэж бодож байгаа. Үүнийг Засгийн газар, холбогдох байгууллагууд ойлгож, дэмжсэн нь бидний ажилд том тус болсон. Бид асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зохих шийдвэр, удирдамжийг авсан. Ингээд Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрээр тогтоосон 120 сая ам.долларын өрийг 40 сая болтол, гурав дахин бууруулж төлснөөр үйлдвэр нэг зовлонгоос гэтэлж, том аюулыг зайлуулж чадсан. Одоо 40 сая ам.доллараа буруутай этгээдүүдээс гаргуулах талаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Өр ширтэй холбоотой өөр асуудлууд ч байсан. Тэдгээрийг бүгдийг нэг мөр болгосон. Хулгана жилийн босгон дээр өр, авлагатай холбоотой асуудлыг эцэслэсэн гэдгээ ард түмэндээ дуулгахад таатай сайхан байна. Одоо “Эрдэнэт үйлдвэр” гадаад, дотоодод өр, зээлийн асуудалгүй, нэг ч төгрөг, нэг ч долларын зээлийн өр төлбөр байхгүй, санхүүгийн хувьд цэвэр болсон. Санхүүгийн бичиг баримтыг үзэхэд сүүлийн арван жилд л лав ийм байгаагүй юм билээ. Энэ бол бидний хувьд түүхэн амжилт байлаа.

-Тэр 40 сая ам.долларын тал нь зам зууртаа алга болсон гэсэн мэдээлэл гарсан санагдана. Зуучлагч “Ошиан партнерс”-т асуудал байсан юм уу?

-Монголчуудын зовлон юм даа. Төлөх мөнгөний хэмжээг багасгах гэж бүх л арга замыг ашиглан хичээсэн, аргагүйн эрхэнд хийсэн энэ ажлыг хөөрхөн улстөржүүлж, хардаж, сэрдэх шив дээ. Тийм зүйл болох боломж огтхон ч байхгүй, бүгд олон улсын дүрэм журмын дагуу хийгдсэн. Санхүүгийн баримт, нотолгоо нь ч бий. Ямар ч яриа хэлцэлд зуучлагч чухал үүрэгтэй. Зуучлагч “Ошиан партнерс”-ыг сонгохдоо “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамгийн олон жил түншилсэн, хэн хэнийхээ итгэлийг алдаж байгаагүй, найдвартай, туршлагатай гэх мэтээр бүх талыг нь бодолцсон. “Эрдэнэт үйлдвэр” уг компаниар дамжуулж “Стандарт банк”-нд 40 сая ам.доллар төлсөн. Уг мөнгө хэзээ манай данснаас гарч, “Ошиан партнерс”-ын дансанд орсон, тэндээсээ хэзээ “Стандарт банк”-ны данс руу шилжиж орсон гээд бүх зүйл тов тодорхой баримттайгаа байгаа. Олон улсын хууль, дүрэм журмын дагуу баталгаажсан.

Ажлаа хугацаанд нь амжуулъя гэвэл сард 100 тендер зарлах нь харин ч бага тоо болно шүү

-Та “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдохдоо “Барааны шахааг цэгцэлнэ” гэж Ерөнхий сайдад хэлсэн гэлээ. Тэр зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байлгүй яахав, бид чадна. Ер нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг дагасан олон нэр хочны нэг нь бараа таваар шахдаг тухай яриа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны цар хүрээ том. Дэлхийн хэмжээний үйлдвэр. Хоёр хөрш, Япон, БНСУ, АНУ, Европын улсууд гэх мэтийн 20-иод оронтой худалдаа арилжаа хийх, техник технологийг нь ашиглах зэргээр хамтарч ажилладаг. Өмнө нь, ерөнхий захирлын орлогч нарын хариуцах ажлын чиглэлээр 4-5 хэлтэс, нэгжээр худалдан авалт хийгдэж байсан. Бид шахаа гэгч зүйлийг зогсоохын төлөө шийдвэртэй арга хэмжээг үе шаттай авч  хэрэгжүүлж байна. Сүүлийн үед хэрэгжүүлж байгаа дорвитой арга хэмжээ бол Хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагааны газартай болж, худалдан авалтыг нэг цонхны бодлогоор явуулж байна. Ингэснээр элдэв асуудал цэгцрэх нь дамжиггүй.

-Үйлдвэрийн цар хүрээ том гэснээс сард 100-гаад тендер зарласан нь хэвлэлийнхний шүүмжлэлд өртөөд байсан. Байнга ийм олон тендер зарладаг уу?

-“Эрдэнэт үйлдвэр” бол том айл. Энэ том үйлдвэрийн ажлыг явуулахад сард 100 байтугай тендер зарлах шаардлага гардаг юм шүү дээ. Өнгөрсөн онд өөрийн хөрөнгөөр 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтыг боломжит хэмжээнд хийж хэрэгжүүлсэн. Томоохон ажлууд он дамжин хэрэгжиж байна. Энэ онд хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 оныхоос хоёр дахин нэмэгдэж, 800 гаруй тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн. 2020 онд том төслүүд хэрэгжүүлнэ. Тиймээс худалдан авалтын цар хүрээ, тоо хэмжээ өсөж байгаа. Бид тухайн жилд төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн төлөө явна. Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” нийт 1143 тендер зарлахаар төлөвлөж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан. Үүнийг бид эхний долоон сард багтаан зарлаж байж төлөвлөсөн ажлаа ондоо багтаан дуусгана гэж тооцож байна. Үүний тулд эхний хагас жилд 1000 орчим тендер зарлахаар байгаа. Тэгж байж улс орныхоо байгаль цаг уурын нөхцөлтэй уялдаж ажиллана. Урин дулааныг ашиглаж бүтээн байгуулалтаа хийхийн тулд оны эхний хагаст худалдан авалтынхаа асуудлыг шийдэх нь чухал байгаа юм. Тэгэхээр нэг сард 100 тендер зарлана гэдэг харин ч бага тоо болж таарна шүү.

-Энэ жил 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн гэсэн. Ямар хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь нууц биш байх. БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг өндөр үнээр авлаа гэх хэл ам гараад байсан?

-“Эрдэнэт үйлдвэр”-т дэлхийн шилдэг тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх ажлыг бодлогоор үе шаттай хэрэгжүүлж байна. Одоо ажиллаж буй тоног төхөөрөмжийн 30-аад хувь нь ОХУ-ынх, Япон, БНХАУ, АНУ-ынх тус бүр 10 гаруй хувьтай байгаа. БНХАУ-ын техник, тоног төхөөрөмж авлаа гэсэн шүүмжлэл цахим сүлжээгээр гарсан юм билээ. Эдийн засаг, техник технологиороо дэлхийд тэргүүлж буй улс хаяанд байхад юмыг нь авахгүй, хамтрахгүй гээд ч яах билээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүх ажил бодлогоор явж байгаа. Энд тохиолдлын, зам зуурын, санамсаргүй зүйл огт байхгүй. Бид 2018 онд үйлдвэрийнхээ алсын хараа, хэтийн зорилгыг тодорхойлж, “Гарын таван хурууны бодлого” (техникийн, технологийн, байгаль орчны, эдийн засгийн, хүний нөөцийн)-оо гаргасан. Хүний гарын таван хуруу хоорондоо нарийн уялдаатай, нэг нэгнээ дэмжиж ажилладаг, өөр өөр зүгт хараад суучихдаггүй, ёстой л багийн зарчимтай шүү дээ. Тиймээс ингэж нэрлэсэн юм.

-Коронавирус олон улсыг хамран дэгдэж, дэлхийн эдийн засгийн байдалд нөлөөлж эхэллээ. Энэ нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэдэг санаа зовоосон асуудал болж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлэхээр байна уу?

-Энэ асуудал “Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад харилцаа, экспорт, импортод багагүй нөлөө үзүүлэхээр байна. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ унаж байна. Бид нэг тонн цэвэр зэсийн үнийг 2020 оны улсын төсөвт тусгагдсаны дагуу 5991 ам.доллараар төлөвлөсөн. Гэтэл хоёрдугаар сарын дундаж үнээр тооцоход тонн тутамд 290 ам.доллароор доогуур байна. Бид энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зэсийн үнийн бууралтын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үнийн гурван түвшинд тооцож, тушаал гаргасан. Үйлдвэрийн хэмжээнд өртөг зардлыг бууруулах чиглэлээр бүх цех, нэгжүүд тодорхой үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Нөгөө талаар үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгсэл, технологийн материалын худалдан авалтад эрсдэл үүсэхээр байна. Тендерт шалгарсан олон компани бараа бүтээгдэхүүнээ гэрээний цаг хугацаанд нийлүүлэх боломжгүй болж буйгаа мэдэгдэж байна. Энэ нөхцөл байдалд бид шаардлагатай технологийн материал, сэлбэг хэрэгслийн нөөцийг тасалдуулахгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн жигд явуулахын тулд нийлүүлэлт хийх боломжтой бусад үйлдвэрлэгч, эх үүсвэрийг судалж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. 2020 оны эхний хоёр сарын байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-107 хувиар биеллээ. Улс, орон нутгийн төсөвт ногдуулан төвлөрүүлдэг төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж байна. Цаашдаа бид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боломжит бүх ажлыг зохион байгуулна.

БАРААНЫ ШАХАА, ХҮНИЙ ШАХАА ХОЁР ХООРОНДОО ИХ ХОЛБООТОЙ НЬ АНЗААРАГДСАН ШҮҮ

-Нээрэн, та багаа яаж бүрдүүлсэн бэ?

-Миний хувьд ойрхон ажилладаг хүмүүсээ, хэдэн орлогчоо ч юм уу миний баг гэж хязгаарладаггүй. Баг гэдгийг би арай өргөн хүрээтэй ойлгодог. “Эрдэнэт үйлдвэр”-ээр овоглодог 7000 шахам хүн бүгд миний баг. Би ажил авахдаа л энэ байр сууриа хэлсэн.

-Барааны шахаанаас гадна хүний шахаа гэж дийлддэггүй зүйл “Эрдэнэт үйлдвэр”-т байдаг гэдэг. Танд тэр нь мэдрэгдэж байна уу?

-Энэ хоёр шахаа чинь хоорондоо их холбоотой нь анзаарагдсан шүү. (Инээв) Одоо бол “Эрдэнэт үйлдвэр”-т хүний шахаа байхгүй. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх удирдлагыг улс төрийн томилгоогоор байршуулдаг байсан юм биш үү. Харин энэ удаа Ерөнхий сайд “Та өөрийнхөө орлогчоор ажлын дадлага туршлагатай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн, хуулийн хүрээнд шударга ажиллах хүнийг томилоод ажиллуулаарай” л гэсэн. Би тэр дагуу л ажилласан. Ерөнхий захирлын орлогчийн томилгооны түвшинд ийм зарчим баримтлаад ирэхээр хүний шахаа аяндаа зогсчихож байгаа юм. Би ажил авснаасаа хойш зайлшгүй шаардлагатай ажилд дадлага туршлагатай ганц нэг хүн томилсон. Бусад нь үйлдвэрийнхээ дотоод боловсон хүчний хэмжээнд шийдэгдээд явж байна.

Би аливаа ажлыг мэргэжлийн хүн л хийж байж үр дүнд хүрнэ гэж боддог. Тийм учраас ерөнхий захирлаар томилогдоод ажлаа авахдаа хамт олондоо “Эрдэнэт үйлдвэрийг уламжлал, шинэчлэлийг хослуулах зарчмаар удирдана. Манай үйлдвэр улс төрөөс ангид байна. Энд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнууд улс төрөөс хамааралгүйгээр ажил төрлөө амгалан тайван хийж, өөрсдийнхөө чадлаар хөгжиж дэвжих учиртай. Хүн өөрөө зөв байх их чухал. Зөв хүнээс л сайн удирдах ажилтан төрдөг. Энэ бол зөвхөн Монголын биш, дэлхийн жишиг” гэж хэлсэн. Энэ маань ч хэрэгжээд явж байгаа. Одоо “Эрдэнэт үйлдвэр”-т улс төрөөс ангид, шат шатандаа мэргэжлийн шаардлага хангасан хүмүүс ажиллаж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн нийт ажиллагсдын 65 хувь нь, газар, хэлтэс, цех нэгжийн дарга нарын 30 гаруй хувь нь 40 хүртэлх насныхан. Сайхан залуус өсөж өндийж байна. Би залуусаа дэмжих хүний нөөц, боловсон хүчний бодлого гаргасан. Залуу инженерүүдээ дэмжиж байгаа. Тэд өөрсдөө хичээх хэрэгтэй. Удирдлагын зүгээс тэднийг давтан сургах, илүү хурдан дадлагажуулах, онолын мэдлэгийг нь дээшлүүлэх системтэй арга хэмжээ авч байна. 2019 оны сүүлчээр 30-аад насны 20 гаруй залуусыг ОХУ руу ахисан түвшний сургалтанд явууллаа. Тэд маань эргэж ирээд үйлдвэртээ, шинээр өргөжих цех дамжлагадаа ажиллана. Бид шат шатанд удирдах ажилтнуудыг бэлтгэж байна. Удирдах ажилтныг бэлтгэнэ гэдэг их чухал ажил. Энд ажиллах хугацаандаа инженер, техникийн 400-гаад ажилтныг өөр өөрсдийнх нь ажил мэргэжлийн чиглэлээр дэвшүүлсэн. Сайн ажиллаж байж сайхан амьдарна гэдэг зарчмыг манай хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Хүн рүү хандсан бодлого хэрэгжүүлж байгаа юм байна. Ажилчдынхаа нийгмийн асуудалд бас их анхаардаг гэдэг.

-Эцсийн дүндээ “Эрдэнэт үйлдвэр” монгол хүний төлөө ажиллаж байгаа. Манайх ахмадууддаа нэмэлт тэтгэвэр олгодог. Улсад ажилласных нь төлөө төрөөс тогтоосон тэтгэвэр дээр нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсных нь төлөө 120-250 мянган төгрөг нэмж олгож байна. Нэмэгдэл тэтгэврийг өсгөхдөө тэтгэврийн зөрүүг багасгах төрийн бодлогын хүрээнд зохицуулалт хийж, зөрүүг аль болох бага байлгахыг зорьж байна. Түүнчлэн, гэр бүлийг дэмжих, хүн амаа өсгөх бодлогод хувь нэмрээ оруулж, амаржаад, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа ээжүүдэд сар бүр 500 мянган төгрөг өгдөг.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь цалин хөлс, урамшууллын бодлогын хүрээнд ажилтнуудынхаа цалинг сүүлийн гурван жилд 45 хувиар, үүнээс 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр нэг ажилтны дундаж цалин 2.9 сая төгрөгт хүрсэн. Нэг айлын орлого сар бүр 900 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг жилдээ 11 сая орчим төгрөг болно. Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалин”-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас нэг сая төгрөгийн нэмэлт цалин, тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчдад сар бүр 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байна. 2019 онд ажилчдын орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлсэн бөгөөд ажилтнууддаа орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж 518 ажилтанд 6.2 тэрбум төгрөг олгосон. Мөн тэргүүний найман ажилтанд амины орон сууц олголоо. Энэ мэтээр ажилтан, ажилчид руугаа хандсан бодлого явуулж байна. “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллана гэдэг нэг талаас том бахархал. Нөгөө талаас том хариуцлага юм даа.

-“Эрдэнэт үйлдвэр”-т ирэхэд тань өр, авлагаас эхлээд олон жил шийдэгдээгүй асуудалтай, жаахан тааруухан байдалтай угтсан шиг санагдлаа. Тийм байдлыг нь хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Яасан сэтгэлгүй ажиллаа вэ ч гэдэг юм уу, тиймэрхүү бодол төрсөн үү?

-Миний хувьд “Эрдэнэт үйлдвэр” цоо шинэ газар биш гэж дээр хэлсэн. Дэлхийн хэмжээний, тасралтгүй үйл ажиллагаатай том үйлдвэрийн хувьд асуудал, хүндрэл бэрхшээл байлгүй яахав, амаргүй шүү дээ. Эгзэгтэй цагт ажиллаж байна. Гэхдээ уул уурхайн салбарын  маань нэг л эд эс, салаа мөчир нь учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдахад мэргэжлийн хүний хувьд хүндрэл бэрхшээл бага байна. “Эрдэнэт үйлдвэр” 40 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд  дөрвөн орос, таван монгол хүн ерөнхий захирлаар ажилласан байна. Би 10 дахь ерөнхий захирал нь. Түүхэн 40 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн, алдсан оносон бүхнийг судалж үзлээ. Хамгийн гол нь энэ үйлдвэр өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар байна, маргааш ямар болох вэ гэдгийг зураглах нь чухал байв.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэт ирээдүйг төр засгийн түвшинд шийдэж өгснийг дээр хэлсэн дээ. Одоо бол ирээдүйгээ харж зүтгэх л үлдсэн, ингэж ч ажиллаж байна.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: http://www.npost.mn/

Бүлэг Ярилцлага

      Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид өнгөрсөн  сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажлаа дүгнэлээ. Оны эхний 2 дугаар сард 2009  мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.6 хувиар биелүүлсэн байна. 2020 оны эхний хоёр сарын уулын цул гаргалтын үзүүлэлтийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4184 мянган метр куб буюу төлөвлөгөөг 3 хувиар илүү гүйцэтгэсэн дүнтэй байна. Хөрс хуулалтын төлөвлөгөө энэ хугацаанд 101.3 хувиар биелж, Ил уурхайнхан 856.8 мянган метр куб хөрс хуулалт хийжээ. 2 дугаар сарын үзүүлэлтээр нийт 2938 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 101.8 хувиар, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 106.5 хувиар тус тус биелүүлэв. Уурхайчид 2 дугаар сард 43200 тууш метр өрөмдлөг, оны эхний хоёр сард нийт 85700 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ.

      Баяжуулах үйлдвэрт оны эхнээс 5378 мянган тонн хүдэр боловсруулсан бол 2 дугаар сарын энэ үзүүлэлт 2612 мянган тонн буюу төлөвлөгөөний биелэлт 101.4 хувьтай байна. Хүдэр дэх металл буюу зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 100-104.5 хувиар, металл авалтын төлөвлөгөө 100-11 хувиар тус тус биелжээ. Мөн зэс болон молибдены баяжмал гаргалт 101.7-113 хувь, баяжмал дахь металл авалт 101.8-117.9 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн сард 45763.8 тонн зэсийн баяжмал, 451.31 тонн молибдены баяжмал ачигдаж, ачигдсан баяжмалын зэсийн чанар 102.3 хувь, молибдены чанар 104.4 хувьтай гарчээ.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог