• Шилдэг төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардууллаа

             Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн 21 дэхтөгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд  уул уурхайн инженер, бизнесийн удирдлагын мэргэжлээр70 орчим оюутан төгсөж, бакалавр, магистрын диплом гардан авав.      Тодруулбал, энэ өдөр уул уурхай, бизнесийн удирдлага хөтөлбөрөөр бакалавр зэрэгтэй 36, магистр зэрэгтэй 33оюутан төгслөө. “Эрдмийн баяр”-ыг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нээж үг хэлсэн. Тэрээр энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Технологийн сургууль нь “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль болон өөрчлөгдсөнийгонцлов. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан эрдэмтэн, доктор, хүндэт профессор, зөвлөх инженерүүд оролцож, шинээр төгсөгчдөд баяр хүргэхийн зэрэгцээ эзэмшсэн мэргэжлээ ажил хөдөлмөрийн талбарт амжилт бүтээл дүүрэн зориулж ажиллахыг ерөөлөө.     Тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг 3.2-оос дээш голч дүнтэй дүүргэсэн хоёр оюутныг ШУТИС-ийн шилдэг оюутнаар шалгаруулж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн газарт ажлын байраар хангах батламж гардуулсан юм. Шилдэг оюутнаар тодорсон Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгч  Б.Ишдорж, П.Бат-Эрдэнэ нар зууны манлай үйлдвэрийн ажилтны эгнээнд шилжих эрхтэй боллоо.         Технологийн сургууль буюу “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2019-2020 оны  хичээлийн жилд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрт олон шинэчлэл хийсэн байна. Тухайлбал, Боловсролын магадлан итгэмжлэлээр 3 дахь удаагаа батламжлуулж, энэ хичээлийн жилд олон улсын чанарын стандарт хэрэгжүүлжээ. Цаашид тус сургууль нь шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн, Монголын уул уурхайн шилдэг боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилтоо улам чанаржуулан ажиллахаар зорьж байна.   М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МҮХАҮТ, Орхон, Булган аймгийн ЗДТГ, тус аймгууд дахь танхимын салбар зөвлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцсон “Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулган амжилттай өндөрлөлөө. Холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг ажил хэрэг болгож, асуудлыг дор бүр нь шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр уламжилсан. МҮХАҮТ-аас чуулганд оролцогчдод зориулан хувь хүний хөгжил болоод эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэхэд яах ёстой вэ, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр юу хийх вэ гэсэн асуултын хүрээнд хагас өдрийн сургалт зохион байгууллаа. Тус танхимын гишүүнчлэлтэй байгууллага, хувь хүмүүс Орхон, Булган аймаг дахь салбараас гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааны талаарх мэдээ мэдээлэл хүлээн авч, сургалт зөвлөгөөнд хамрагддаг байсан бол энэ удаагийн танхимын сургалтаар тал бүрийн цогц мэдээлэл авснаа тэд илэрхийлж байлаа. Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих хамгийн таатай хувилбар, гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ. Хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогчдын санал бодлыг сонслоо.   МҮХАҮТ-ын газрын дарга Б.ЭРДЭНЭБАТ: Албаны хүмүүс орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо     -Та чуулганыг дүгнэн юу хэлэх вэ?     -Чуулганыг амжилттай зохион байгуулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон, Булган аймгийн салбар танхим болон Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин оролцлоо. Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн зарчмаар сум, орон нутагт бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдэгт санал санаачилга гаргалаа. Ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо. Үзэсгэлэнгээс бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бодитоор үзэж харсан. Мөн үйлдвэрлэгчид Эрдэнэт үйлдвэрт ханган нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авсан нь чуулганы бодит үр дүн юм. Саналуудыг нэгтгэн цаашид ажил хэрэг болгон ажиллана. Орхон аймгийн “Эрдэнэт газар өгөөж хоршоо”-ны дарга О.ЦЭЦЭГСҮРЭН: Хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо     -Өнөөдрийн чуулганаас авч үлдсэн зүйл юу байна вэ?    -Сургалтаас маш олон мэдээлэл авлаа. Бизнесийг яаж эхлүүлэх вэ, ямар зарчмаар явуулах вэ гэдэг маш чухал юм байна. Төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хэрэгтэй мэдээлэл авсан. Миний хувьд газар тариалан эрхэлж, хүнсний болон даршилсан ногоо, жимсний чанамал үйлдвэрлэж байна. Өнөөдрийн сургалтаас өөрийн бизнест дүн шинжилгээ хийж, алсын хараа муу байна уу даа гэсэн бодол төрсөн. Гэхдээ хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо. Чуулганд оролцсондоо ихэд олзуурхаж байна, зохион байгуулагч нартаа баярлалаа. Булган аймгийн Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал П.СҮХБААТАР:  Бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл       -Та хаанаас оролцож байна вэ, үйлдвэрлэгчийн хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?     -Би Булган аймгаас чуулга уулзалтанд оролцохоор зорьж ирсэн. Манайх дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэр төрлөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор зулын шар тос, саван, малын ясыг дахин боловсруулах аргаар гаргаж авсан эрдэст уурагт тэжээл зэрэг таван нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Өнөөдөр эко савангаа танилцууллаа. Үйлдвэрийн удирдлагууд судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хэрэгтэй зүйл санаачилсан МҮХАҮТ, Эрдэнэт үйлдвэрт талархал илэрхийлье. ӨМӨЗО-ны Баяннуурын хил дамнасан цахим худалдаа буюу “Е экспорт төсөл” ихээхэн анхаарал татлаа. Урд хөршид үзэсгэлэн худалдаанд оролцохдоо том зах зээл ямар байдгийг харсан. Тиймээс бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл юм.     “Монгол хүнс” үйлдвэрийн захирал Л.БААСАННЯМ: Бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна      -Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ямар алхам хийж байна вэ?     -Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг миний хувьд төр, орон нутгийн удирдлагуудтайгаа ойроос уулзах боломж гарсанд баярлаж байна. Манайх талх, нарийн боов дагнан үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд ЖДҮ-ийн төсөлд хамрагдаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Сурилуулалтын ажил хийгдээд удаагүй байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сайжрахын хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар сайжирна. Тиймээс бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна. Хөгжих боломж их бий. Хамгийн гол нь гарцыг хайж, зөв гэж үзсэн замаар явах хэрэгтэй. Өнөөдрийн чуулган бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ

              “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулганы хүрээнд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Ажлын гутал хувцас, хор саармагжуулах болон эрүүл мэндийн эко бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, модон эдлэл, уран зураг, төмөр хийц, үүрэн телефоны компани, банк санхүү, арьс ширэн эдлэл, хэвлэлийн компаниуд дор бүрнээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан. Чуулганы оролцогчид үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонслоо. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал сэтгэгдлийг нь хуваалцлаа.    Булган аймгийн “Эко Хялганат хоршоо”-ны дарга Т.ДААРИЙМАА: Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа         Бид 2014 оноос хоршооны зохион байгуулалтад орж, өнөөдрийн байдлаар 18 хүнтэй, 12 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үзэсгэлэнд эмийн ургамал, зөгийн бал, жили, цэцгийн тоос, зөгийн балтай гишүүний чанамал гэсэн бүтээгдэхүүнээр оролцлоо. “Монголын үйлдвэрлэл үйлчилгээ, хоршоодын холбоо”-ноос энэ онд манай хоршоог жишиг болгохоор сонгосон. Чуулга уулзалтад Булган аймгаас төлөөлөл болж ирсэндээ баяртай байна. Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа. Цаашдаа хамтран ажиллах олон гарц, боломж бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна.    “Тугалхан” нунтаг ааруул үйлдвэрлэгч Б.ЧУЛУУНБАТ: Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог        Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Цахир сумаас ирсэн сарлагийн цагаан идээгээр нунтаг аарц, ааруул боловсруулан худалдан авагчдад хүргэж байна. Энэ бүтээгддэхүүнээ хүмүүст таниулах гэж хагас жилийг зарцуулсан. Улаанбаатарын томоохон супермаркетууд маш их сонирхож байна. Хүнсний нэмэлт тэжээл гэдэг утгаараа борлуулалт сайтай, эрэлт ихтэй болсон. Хатуу ааруул идэхээс татгалзаж байгаа хүмүүс өдөрт хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой. Цаг үеэ олсон чуулган боллоо. Бизнес эрхлэгчдэд хүлээлт их байсан. Аливаа зүйлийг хөгжүүлье гэвэл мэдээлэл сайн өгөх ёстой. Чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах нь оновчтой гэж харлаа. Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог. Удирдлагууд үзэж харж, танилцлаа. Бид чадах хэмжээндээ хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байна.   “БЭККО” ХХК-ийн захирал Б.БЭХБАЯР:  Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломж их бий          Манай компани 2019 оны 4 дүгээр сараас үйлдвэрлэлээ эхэлсэн. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нь боловсон хүчний олдоц, мэргэшсэн байдал, нийгмийн хангамжийн асуудал талаасаа давуу талтай. Харин гол хэрэглэгчиддээ хүргэх газарзүйн байршлын хувьд алс байна. Үйлдвэрлэлийн бүхий л дамжлагаа өөрсдөө хийдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаа их бий. Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломжтой. Орон нутагт аймаг, Эрдэнэт үйлдвэр л түших гол газрууд маань болж байна. Дотоодын давуу эрх олгох талаар өнөөдрийн форум дээр их яригдлаа. Манай бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээ, чанарын сертификатаа авч, Олон Улсын чанарын шаардлага хангана гэж гарч ирсэн. Манай компанийг судална гэсэн, бид итгэлтэй байна. Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаатай цөөн компани байдгаас хангайн бүсэд ганц манайх бий.  “Оюутолгой” ХХК-ийн тендерт оролцоход бүс нутгийн хөгжлийг дэмжинэ гээд говийн компаниудаа сонгосон. Бид Улаанбаатар, мал эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрээ хангана гэж зорьж байгаа. Манай компаниас жилдээ 100 мянган ширхэг бүтээгдэхүүн худалдан авъя гэвэл 20 оёдолчныг ажлын байраар хангаад явах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэнээр олон ажлын байр бий болж, түүнийг дагасан орон нутгийн татварын хэмжээ өсөх, нийгэм дэх ядуурал буурах зэрэг олон хам шинжтэй. Хуулинд орсон нэмэлт өөрлөлтүүдийг сонсоход сайшаалтай байна. Энэ бүхэн биеллээ олох байх.      И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа Орхон аймагт зохион байгуулж байна. Чуулганд 400 орчим жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр хүрэлцэн иржээ. Мөн, энэ чуулганы үеэр зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчлалаа.    Чуулганд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ц.Батзул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тэргүүтэй Орхон, Булган аймаг дахь ХАҮТ-ын төлөөллүүд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд оролцлоо.      МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох чиглэлд илүүтэй анхаарч, 16 аймагт түншлэл бий болгосон талаар дурьдаад, дотоодын үйлдвэрлэгчдэд дангаар бус хамтарсан хэлбэрээр ажиллах нь үр дүнтэй болохыг онцолсон. МҮХАТ нь ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад зах зээлд арьс шир, ноос ноолуур, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортлох өргөн боломжтойг тэмдэглэлээ. Монгол Улсын эдийн засгийн шинэ модульд томоохон уул уурхайн компанийг түшиглэн бичил бизнесийг хөгжүүлэх тухай тусгажээ. Энэ ч утгаараа Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулсан өнөөдрийн чуулган өндөр ач холбогдолтойг тэрээр онцоллоо. Монгол Улсын хэмжээнд тогтоодог өрсөлдөх чадварын 2019 оны үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлсэн бол Булган аймаг жагсаалтын 21-рт бичигдсэн. Хоёр аймаг нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжихөд энэ удаагийн чуулган эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.          Бизнес эрхлэгчидтэй 2019 оны ололт амжилтаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаагаа зөвлөлдөн, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсохоор зохион байгуулж буй чуулганы нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах боломжийн талаар цэгцтэй ойлголт өгөхийг зорьлоо. Бид 2019 онд амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Бид 2020 онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ. Уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуйн төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа чуулганд оролцогчдод тавьсан илтгэлдээ, үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалтын бодлого, орон нутгийн худалдан авалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтыг зах зээлийн үнийн түвшинд, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласнаар 2019 онд худалдан авалтаас 60 тэрбум төгрөг хэмнэсэн тухай тэрээр танилцуулсан юм. Мөн үйлдвэрийн худалдан авалтын бүхий л мэдээлэл шилэн болж, www.tender.gov.mn сайт дээр нээлттэй, ил тод байршиж байгааг Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдэд хэллээ.       Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2016 онд 5.2 тэрбум, 2017 онд 14.6 тэрбум, 2018 онд 46 тэрбум, 2019 онд 48.2 тэрбум төгрөгийн өссөн дүнгээр дэмжиж худалдан авалт хийсэн байна. И.Чинтогтох Фото:Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш: Батсайханы ЭНХБАТ

    Төгссөн сургууль: ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийг 2003-2007 онд Санхүүч мэргэжлээр төгссөн. Мэргэжил: Санхүүч Ажилласан туршлага: 2007-2017 онд Санхүүгийн зохицуулах хороо, 2017-2018 онд Төрийн банк, 2018-2019 онд Капитрон банканд тус тус ажилласан. 2019 оны 4 дүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2013-2014 онд БНСУ-ын Ajou university /MBA/-ийг дүүргэсэн. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөө бүтээхээр урагшилж яваа түүний хүрэх өндөрлөг хол. Тиймдээ ч бэрхшээлийн өмнө нугарахгүйгээр бат зогсож, зорьсондоо хүрэхээр зүтгэсэн. Санхүүгийн салбарт чадварлаг боловсон хүчнээр нэрлэгдэж, үеийнхэндээ үлгэрлэсэн тэрээр өчигдрөөс илүү өнөөдрийг, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийг хүсдэг нэгэн. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Юуны өмнө, уурхайчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би шинэ өглөө бүрийг эрч хүчтэй, эрүүл хэв маягаар эхлүүлэхийг хичээдэг. Тиймээс сүүлийн 10 гаруй жил ус уух дадлыг өөртөө хэвшүүлсэн. Шүршүүрт орж, эрч хүчээ сэлбээд ажил руугаа алхах дуртай. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүчээ авдаг вэ? -Гэр бүлээсээ урам зориг авна. Тэр тусмаа өдрөөс өдөрт өсөж торниж байгаа хоёр үрээ харах тоолон би чинь ямар чухал хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж яваа билээ гэж боддог шүү. Мөн найз нөхдөөсөө болон ажлын шинэ орчин, уулзаж байгаа хүн бүрээс л урам зориг авдаг. Өглөө ажил руугаа алхах замдаа ч тухайн өдрийн эрч хүчээ авах үе бий. Хийх ажлын төлөвлөгөөгөө бодож, ажил дээрээ ирмэгцээ шаардлагатай зүйлсээ тэмдэглэдэг. Араас нь аяга кофе уусан байхад эрч хүч улам л сэргэдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлж, түүхэн амжилт тогтоосон. Энэ бүх ололт амжилт, мэдээ мэдээллийг уурхайчдадаа болон ялангуяа олон нийтэд үнэн зөв хүргэж, ойлгуулах нь бидний ажлын чухал хэсэг. Мөн үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, материалын зах зээлийн үнэд хяналт тавих,  нийцүүлэх нь ажлын маань онцлог гэж хэлж болно. Тийм ч учраас Азидаа томоохонд тооцогдох тэргүүний үйлдвэрт ажиллаж, уурхайчдын хөлс хүч, сэтгэл зүрхээр бүтэж байгаа  баялаг, түүний үнэ цэнийг бусдад хүргэж байгаа нь яах аргагүй миний ажлын эерэг тал. Мэдээж сул талууд бий. Гол нь сул талаа өөрсдийн давуу тал болгон, бэрхшээлийг даван туулж, алхам алхмаар тогтвортой урагшлах нь хамгийн чухал гэж боддог. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ? -Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ үед мэргэжлийн зүгээс болон хувь хүн талаасаа зогсонги байдалд орохгүйгээр байнга шинийг эрэлхийлж, хөгжихийг эрмэлздэг. Ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа хүн хэзээд бусдад үнэлэгддэг гэж боддог. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусадтай хуваалцах, харилцан суралцах нь хөгжлийн чухал суурь юм болов уу. Мэргэжлийн онцлогтой холбоотой бүхий л шинэ мэдлэг, мэдээ мэдээллээс хоцрохгүй, цаг үеэ мэдрэхийг чухалчилж байна. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Дээрх ойлголтыг хөгжлийн 2 багана гэж үзэж болох юм. Өөрийгөө дайчлах нь хувь хүний хөгжлийн суурь болдог бөгөөд хэдий чинээ бат бөх байна төдий чинээ өндөр барилга босох боломжтой. Харин бусдаас суралцахыг чанартай барилга барихад шаардлагатай материал гэж үзэж болох юм. Тиймээс суурь сайтай, чанартай барилга барихын тулд аль алийг нь  чухалчлах  хэрэгтэй. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Өдөрт 30 минутаас багагүй хугацааг дэлхий дахинд болж байгаа мэдээ мэдээллийг уншиж судлахад зориулснаар шинэ содон зүйлийг мэдэх, суралцах хүсэл төрдөг. Өглөө босоод 3-5 км гүйх, 7 хоногт 2 удаа спорт заал орох зэрэг эрүүл мэндээ дэмжсэн, эрч хүч сэргээсэн зүйлийг амьдралдаа хэвшүүлэхээр зорьж байна. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Энэ амьдралдаа харамсахааргүй ХҮН шиг амьдар” гэж аав минь хэлдэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоос өмнө санхүүгийн чиглэлээр төрийн байгууллагад, дараа нь төрийн болон хувийн банканд ажиллаж байсан.  Эрдэнэт үйлдвэр миний хувьд шинэ салбар, шинэ туршлага хуримтлуулах талбар болж байна. Энд ажилласнаараа улсын томоохон баялаг бүтээгч үйлдвэр санхүүгийн зах зээлийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх, ямар оролцоотой байх боломж байна, яаж энэ салбаруудыг цогцоор нь хөгжүүлэх вэ гэдэг талаас нь илүүтэй бодох болсон. Миний үзэл бодол, харах өнцөг тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг энд хэлмээр байна. Дэлгэрэнгүй...
  • Орхон, Булган аймгийн үйлдвэрлэгчид чуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 24-нд “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо. Чуулганд 400 орчим жижиг, дундүйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ. Мөн, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчилна. Стратегийн орд бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүс нутгийн хэмжээнд нөлөө үзүүлдэг гол аж ахуйн нэгж болохын хувьд Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг ийнхүү мэдээ мэдээллээр ханган, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.     Монгол Улсаас батлагдсан хууль, эрхзүйн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн тодорхой боломжууд байдаг бөгөөд үүнтэй уялдсан Засгийн газрын тогтоолд бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчээс ямар давуу эрхтэйгээр авах тухай заасан нь бий. Орон нутгийн үйлдвэрлэгч байх нь давуу тал болохоос гадна тухайн бараа бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт нь бусад төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байх шаардлагатай. Энэ утгаараа, зохион байгуулагчдын зүгээс үйлдвэрлэгчдэд мэдээллийг нээлттэй хүргэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр барьж буй бодлогыг танилцуулах нь олон талын ач холбогдолтой хэмээн үзэж байна. Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2017 онд 27 хувь, 2018 онд 30 хувь, 2019 онд 35 хувийн өссөн дүнгээр дэмжсэн худалдан авалт хийжээ. Дотоодын үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганд Сангийн яам, МҮХАҮТ болон Орхон аймаг дахь ХАҮТ-аас холбогдох хүмүүс урилгаар оролцон, чиглэлийнхээ дагуу сургалт зохион байгуулна.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Д.ТӨГСБАЯР: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хамт олон өнгөрсөн оны ажлаа хэрхэн дүгнэж, энэ онд ямар ажлууд төлөвлөснийг нь сонирхохоор хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяртай ярилцлаа.     -Хуулийн хэлтэс 2019 оны ажлаа хэрхэн үнэлж дүгнэв? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газартай холбоотой хууль эрх зүйн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Үүнд, гаднын байгууллагууд үйлдвэрийн газартай гэрээ байгуулах, Ерөнхий захирлын бүтцийн нэгжүүдийн тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах, үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан дотоод үйл ажиллагааны дүрэм, журмууд болон 53 бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах, журам хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн үйлдвэрийн газарт холбогдох 70 орчим хэрэг маргаан, зөрчлийн асуудлаар хууль ёсны эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажиллалаа. Тухайн хэрэг маргааны 50 орчим хувийг хууль хяналтын байгууллагуудын түвшинд шийдвэрлүүлсэн нь нэлээд өндөр үзүүлэлт гэж үзэж болно. Мөн Эрдэнэт үйлдвэр улсын онц чухал объект болохын хувьд Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд шат дараалалтай ажлуудыг хэрэгжүүлж байна.     -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ?    -Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газрын аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудлыг Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтран бүрэн хариуцан ажилладаг. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажлууд зохион байгуулж, гүйцэтгэж байна. Тухайлбал, “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэн ажиллаж байна. Журмын хүрээнд үйлдвэрийн газрын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах болон гэрээний дагуу ажил үйлчилгээ үзүүлж байгаа гаднын байгууллага, хувь хүмүүсийг түр болон зочин үнэмлэхээр нэвтрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулан ажилласнаар үйлдвэрийн хэмжээнд хэвшүүллээ. Мөн үйлдвэрийн газартай гэрээ хэлэлцээр байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болон бусад байдлаар үүссэн өр, авлагын асуудлаар 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүстэй холбогдон, хуулийн дагуу ажиллагаа явуулж тодорхой үр дүн гарсан бөгөөд тухайн үйл ажиллагааг цаашид сайжруулан ажиллахаар төлөвлөөд байна.     -Энэ онд төлөвлөсөн зорилтот ажлуудынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?    -Бид 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нэлээд өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тогтмол хийж гүйцэтгэгддэг ажлуудаа цаашид боловсронгуй болгох байдлаар төлөвлөхөөс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө явуулж байсан арга ажиллагаагаа өөрчлөх, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтарч ажиллахаар төлөвлөн, энэ чиглэлийн уулзалт, хэлэлцээр хийх зэрэг зохион байгуулалтын ажлуудаа эхэлсэн. Үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангахад манай хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд чухал оролцоотой тул энэ оны турш батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа чанартай гүйцэтгэх болно.      -Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа “Ятгах тусам нягтал” аянд Эрдэнэт үйлдвэр хэрхэн нэгдэж байна вэ?     -Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголын банкнуудын холбоо хамтран залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор “Ятгах тусам нягтал” сарын аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн гаралтад цахим гэмт хэрэг, залилан мэхлэх үйлдэл улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй гарч байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх аяныг өрнүүлсэн гэж ойлгож болно. Орхон аймгийн хэмжээнд 2017 онд 71, 2018 онд 83, 2019 оны байдлаар 114 залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн статистик судалгаа гарсан. Эрдэнэт үйлдвэр ч тус аянд нэгдэж, иргэдийг болгоомжгүй байдлаасаа эрсдэлд орох вий гэдэг үүднээс холбогдох сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулна, фондын байр өгнө гэх зэргээр иргэдийг хохироосон гэмт үйлдлүүд өнгөрсөн онд гарсан. Энэ бүхэнд зохих хариуцлага тооцож, цаашид энэ төрлийн залилангийн гэмт хэрэг гаргахгүй байхад анхааран ажиллах болно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • С.САРАНЦЭЦЭГ: Уурхайчин бүсгүйчүүд аюул ослоос ангид, сэтгэл түвшин байгаасай...

          Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын бүтээлийн үзэсгэлэн “Горняк”-т гарахад Сараагийн уран нарийн шаглаа бүхий өнгө донжны зохицол төгс бүтээлүүдийг анх нүдээр үзэн шагшиж билээ. Тэр үед эхнэр хүний хувьд нөхөртөө ганц даалин урлаад өгчих хүсэлтэй явдгаа хэлэхэд тэрээр “Хэзээ ч хамаагүй хүрээд ирээрэй. Би үнэ хөлс нэхэхгүй ээ, заагаад өгье” гэсэнсэн. Надаас арчаатай, ажилтай эмэгтэй бол хэзээний очоод хэргээ бүтээчихсэн, гарын ур нь гэнэт илрээд бүр хэд хэдэн юмны ард гарчихсан явах байсан биз. Харин бидний дараагийн уулзалт гурван жилийн дараа гэрт нь тохиосон юм. Тэр ширээн дээр урлалын бүтээлээ эгнүүлжээ. Даалин, хавтага, аяга, тамхины уутаас эхлээд эрэгтэй, эмэгтэй малгай, бүс, монгол гутал, оймсны хараа, углаж өмсдөг булган чихэвч хүртэл байна. Арьс шир дээр шагласан зүү ороох оёдол нь тун нарийн, чамин. Зэрвэс харвал монгол уран зураг мэт. Ингээд Монгол Улсын Уран хатгамалч, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Шүүх хатаах хэсгийн краны машинч Союузанын САРАНЦЭЦЭГ-тэй уулзаж ярилцлаа.        -Монгол Улсын уран хатгамалч цол хэзээ хүртсэн бэ? Эрдэнэтэд ийм цолтой урлаач олон уу?     -2018 онд. Уран хатгамалчдын Улсын III уралдаанд зүү ороох оёдлын төрлөөр тэргүүн байр эзэлж, Монгол Улсын Уран хатгамалч цол хүртсэн. 21 аймаг, Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 130-аад уран гартан 300 гаруй бүтээлээр өрсөлдсөн юм. Монгол Улсын Уран хатгамалч улсын хэмжээнд 16, Эрдэнэтэд ганц байдаг.     -Гарын ур удам дамждаг гэдэг. Таны хувьд удам бий юу?     -Аав маань уран дархан байсан. Намайг хоёр сартай байхад өөд болсон болохоор би мэдэхгүй л дээ. Ах, эгч нар, хамаатан садангууд маань ярьдаг юм. Анзаараад байхад манай эгч, хоёр ах, тэдний охидууд бүгд гарын дүйтэй. Аавын маань гарын ур, нүдний ур, сэтгэлийн ур бидэнд удамшсан юм болов уу гэж боддог. Мөн ээжийнхээ үйл урлахыг бид харж өссөн.      -Зүү ороох оёдлын анхны багш тань хэн бэ?        -Зүү ороох оёдлын “А” заасан хүн гэвэл Эрдэнэтийн гуравдугаар сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш Маналжав. Маш сайн багш байсан. Биднээр гөлөм оёулна, эсгий ширдэг ширүүлнэ. Манай ангийнхан төгсөхдөө нанжин гахай гөлөм хоёрыг, булигааран гөлөм нэгийг оёж, ширмэл ширдэг олныг ширж борлуулан  сургуульдаа хамгийн их хөрөнгө оруулсан ангиар шалгарч байлаа.      -Тэр эрчээрээ оёсоор байв уу?       -Үгүй. Сургууль төгсөөд оёхгүй олон жил болсон. 2010 онд манай нөхрийн талын ургийн баярыг Өсөхөө аварга Архангайд зохион байгуулсан юм. Тэнд Г.Өсөхбаяр аваргын, аав, ах, дүү нарынх нь эдэлж хэрэглэж байгаа гоё даалинг хараад нөхөртөө хийж өгмөөр санагдсан. Ирээд л эрэл хайгуул хийж, анхны даалингаа эсгэсэн дээ. Тэр цагаас хойш оёдол хийгээгүй өдөр байхгүй. Тасралтгүй 10 дахь жилдээ хатгаж байна.     -Анх бие дааж даалин урлахад бэрхшээл тулгарсан уу?      -Загвар хийц гаргах, арга эвээ олох амаргүй байсан. Манай Шүүн хатаах хэсгийн дарга Д.Гансүх гэж мундаг удирдагч байлаа. Ажилтнаа хүн ёсоор хүндэлж, ямар ч сэдвээр нээлттэй ярилцдаг сайхан хүн байсан. Тэгээд би даргадаа “Нөхөртөө даалин оёх гэсэн чинь арга эвээ олдоггүй ээ...” гэж хэлэхгүй юу. Тэгсэн надад  даалингаа өгсөн. Ер нь Д.Гансүх дарга монгол ахуйгаа дээдэлдэг, гоё хөөрөг, сайхан эдлэл хэрэглэдэг, морь мал сонирхдог хүн л дээ. Даргын даалинг урд, хойдгүй үзэж тэмтэрч байгаад л яг тэр загвараар анх оёсон. Эхэндээ дандаа даалин оёдог байсан. Яваандаа хөгжих хэрэгтэй гэж бодоод 2013 онд би Улаанбаатар хотод Монгол Улсын Уран хатгамалч З.Цэнгэлсайхан багшийн сургалтад суусан.      -Зүү ороох оёдлоос өөр гар урлалын төрлүүдийг сонирхож эхэлсэн үү?  -Зүү ороохоос өөр нарийн оёдол зөндөө. Тэр болгоныг сурахыг зорьсон. Зоосон ширээний сүлжмэлийг Монгол Улсын Уран хатгамалч Ц.Батбуян багшаар заалгасан. Гүнзгий судлахаар сурмаар юм ундраад л байдаг. Сүүлд Монгол Улсын Уран хатгамалч Мөнхцэцэгээр зээгт наамал заалгасан.       -Хүнээс их тэвчээр шаардсан ажил шиг санагддаг...?     -Нарийн чимхлүүр, цаг хугацаа их зарсан ажил болохоор тэвчээр шаардана. Ер нь хатгамал хийж байгаа хүн хүлээцтэй, юмны арга эвийг олохдоо дүйтэй болж төлөвшдөг. Нэг юм эхлүүлэхдээ ийм болж дуусна гэж нүдэндээ төсөөлөн хараад бүхий л цаг зав, ур ухаанаа шингээж, дурлаж хийдэг.      -Ар гэрийн ажил орхигддог байх. Танай хүн хэр дэмждэг вэ?  -Эхэндээ дургүйцдэг байсан. Би ажилдаа явж ирээд гэртээ хичнээн цаг өнгөрснийг анзаарахгүй юмаа л оёно. Тэгэхээр гэрээ цэвэрлэсэнгүй, хоолоо хийсэнгүй гэдэг ч юм уу. Тэр үед би “Энэ гэрт дуртай юмаа хийж болохгүй юм бол би гэртээ харъя даа” гэж тоглоомоор хэлдэг байсан. Сүүлдээ оёж байгаа юмнууд маань илүү гоё, эдийн засгийн хувьд амьдралд дэмтэй болоод ирэхээр дэмждэг болсон. Бид хоёр Эрдэнэт үйлдвэрт нэг цехэд ажилладаг юм. Шөнийн ээлжээс буучихаад хот руу сургалтанд хамрагдахаар хоёулаа гараад давхичихна. Хүсэл тэмүүллийг минь өдөөдөг хүн болж хувирсан гэх үү дээ. Оёод дуусахаар манай хүн барьж гараад борлуулна. Нэг талдаа миний менежер. Нөгөө талаар өөрт нь зориулж урласан эдийг зүүгээд, эдэлж хэрэглээд явахаар миний реклам. /инээв/ Одоо энд тийм материал байна, тэнд ийм зураг байна гээд бариад ирдэг болсон.        -Зээгт наамлаар бүтээж буй энэ бурхан хаана залрах вэ?      -Эрдэнэт үйлдвэрийн маань хаа нэгтээ заларна даа. Үйлдвэртээ нэг сайхан бүтээл урлаж бэлэглэхсэн гэж бодоод л явдаг байсан юм. Тэгээд уул уурхайн хүнд үйлдвэрт хөдөлмөрөө зориулж байгаа эмэгтэйчүүдээ осол аваараас ангид, сэтгэл санаа нь түвшин амгалан байгаасай гэсэн үүднээс зээгт наамлаар Цагаандарь эх бурхан бүтээхээр шийдсэн. Оёдол заалгахаар намайг сонгож ирсэн чадварлаг олон үйлчин бий. Тэдний дундаас Цахилгаан цехийн инженер Ч.Сарантуяа, Аж ахуй, үйлчилгээний цехийн химийн машинч Ё.Энхмаа, Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч О.Жаргал нартай хамтрах болсон нь учиртай. Нэгдүгээрт, ур сайтай, нямбай, хоёрдугаарт, бурхан бүтээж буй утгаараа хар хор нь арилсан, амьдрал нь тэгширсэн гурван сайхан эмэгтэйг сонгон хамт урлаж байгаа. 1.50х75-ын хэмжээтэй бурхан маань 30-аад деталл хэсгээс бүтэх юм. Одоо 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа. Цагаан сарын өмнө үйлдвэртээ хүлээлгээд өгчих санаатай үзэж байна.      -Үйлдвэрийн гүнд ажилладаг эмэгтэйчүүдэд хүндрэлтэй асуудал бишгүй тохиодог байх. Таны хувьд гэхэд ихэр хүүхэд тээгээд кран дээр ажиллах амаргүй байсан нь мэдээж. Энэ бүхэн бурхан бүтээхэд нөлөөлсөн үү?    -Тийм ээ. Үйлдвэрлэл дээр ажилладаг эмэгтэйтэйчүүдэд халшрах үе байдаг. Миний амьдралд 2016 он хэзээ ч мартагдашгүй баяртай, гунигтай дурсамж үлдээсэн. Хичнээн хүсээд ч ирэхгүй нь дээ гэж горьдлого бараг тасраад байсан хүсэл биелж, үр хэвлийд бүрэлдэхдээ ихрээрээ заяаж баярлуулсан. Тэр үед би банкнаас нилээд хэмжээний зээл аваад “Уран шувуу” оёдлын газраа байгуулаад дориун ажиллаж байсан юм. Гэдэс томрохын хэрээр кран дээр гарахад хэцүү болоход хөнгөн ажилд шилжүүлэн үйлчлэгч болгосноор цалин навс унасан. Өнөөх зээлээ төлж дийлэхгүйд хүрч, бие, сэтгэлийн хямралд орсон. Үйлдвэрт 17 жил ажиллахдаа ганц удаа “дикрит” авсан түүх ийм. Тэр үеийг дурсахад хэцүү байдаг. Тиймээс би хүүхнүүдээ аюул эрсдэлээс хамгаалах, сэтгэл санааг нь амгалан тайван байлгах үүднээс Цагаандарь эх бүтээж үйлдвэртээ бэлэглэхийг хүссэн.       -Гар урлалын төрлүүдээс зээгт наамлын онцлог нь юу вэ?    -Номт гурван оронд хөгжсөн гар урлалын том төрөл. Дээд цэгтээ тултал хөгжсөн нь Монголд. Зээгт наамлан бүтээлд дархчуудын оролцоотой алт, шүр, сувд сэлтийг шигтгэж болно. Дээхэн үед адууны дэл сүүлээр хүртэл хийж байсан түүх бий. Хамгийн гол онцлог нь Монголчуудын нүүдэлчин ахуйд их тохирсон. Хуйлаад аваад явахад зай эзлэхгүй, эвдэрч хэмхрэхгүй. Хэдэн зуун жил чанараа хадгална.       -Зах зээлийн нийгэмд зарим хүмүүс чаддагаа хүнд заах дургүй байдаг. Харин Сараа сонирхсон хүн бүрт өглөгч сэтгэлээр тусалдаг гэх. Энэ юунаас үүдэлтэй вэ?      -2010 онд даалин анх оёх санаатай мунгинаж явахдаа Эрдэнэтэд даалин урладаг хэд хэдэн хүн дээр очсон юм. “Нөхөртөө даалин оёх гэсэн юм туслаач, та зааж өгч чадахгүй бол ядаж оёж байгаа юмаа ганц харуулчих...” гээд явдаг байлаа. Би хүний оёж байгааг харна уу гэхээс ур чадварыг нь булаагаад авчихгүй шүү дээ. Тэгэхэд загинаад гаргаж байсан. Монголын том өв соёлыг өмчилж болохгүй л дээ. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн багш нартай уулзсан. Тэд хайчилбар, туузан хатгамал, баривч оёхыг голдуу заадаг байсан. Анх ийм бэрхшээлтэй тулсан учраас хүссэн хүн бүрт туслахсан гэж хичээдэг дээ. Би Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан, бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг эгчид их баярлаж явдаг. Хамгийн анх намайг тоож, итгэж “Сая төгрөг эмэгтэйчүүдийн амьдралд...” төслөөр хүүхнүүдэд зүү ороох оёдол заах боломж олгосон нь урам нэмж хөтөлсөн.         -Таны урласан бүтээл даалингаар жишээлэхэд үнэ ханш ямархуу байхав?     -Ур хийц, загвар, материалын чанар, өнгө донж, бэлгэдэл, хэмжээ, хэр хугацаа, хөдөлмөр шаардсанаасаа шалтгаалаад янз бүр. Мөн захиалагчийн эд таних үнэлэмжээс шалгаалах ч бий. Ер нь голдуу Монгол эр хүний гоёл чимэглэл, эдлэл хэрэглэл гэдэг утгаараа үнэтэй, дахин давтагдашгүй.      -Баярлалаа.                  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дэвшилд тэмүүлэгч хамт олон

          Эрдэнэт үйлдвэрийн зүрхэн цех Баяжуулах үйлдвэрийн аварга тээрэм, бутлуураас эхлэн бүхий л тоног төхөөрөмжийг угсарч  суурилуулах, засч сэлбэх, “эмчлэн” илааршуулах их ажлыг Засварын хэсэг хийдэг. Эгнээнээсээ “гавьяат” төрүүлсэн энэ хамт олон өнгөрсөн жил ч амжилтын буухиагаа ахиулжээ. Баяжуулах үйлдвэрээс зарлаж, бүтэн жил үргэлжилсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааны шилдгээр шалгарав. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жилд үйлдвэрийн газарт өрнөсөн далайцтай том ажлуудын ихэнхийг гардан хийсэн гавьяатнууд бол Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн. Эднийхэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболд, А.Ф Тюряковын нэрэмжит шинэхэн шагналтан Козорез А.В, үйлдвэртээ үр өгөөжтэй ажилласныхаа шангаар хувийн орон сууцны түлхүүр гардсан Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Г.Бат-Эрдэнэ нарын зэрэг шилдгүүд цугларсан “онцгой” хамт олон. Он гарсан ч тэдний ажил ундарсаар. Бид Засварын хэсгийнхний ажлын нэгээхэн хэсгийг сурвалжлахаар  Өөрөө нунтаглах хэсэг дээр ирлээ.  Аварга тээрмүүд эрчилдэн  эргэлдэх энэ хэсэгт жилд 13 сая тонн хүдэр боловсруулдаг аж. Нунтаглалтын хоёрдугаар шатны гуравдугаар тээрмийг солих ажил өнгөрсөн оны 12-р дундуур эхэлжээ. Доржболд гавьяатаар ахлуулсан Угсралтын тусгай бригадынхан тээрмийн титэм арааны боолтын чангалгаа хийж байв. Дүнгэнэх их чимээнд биднийг ойртон очихыг ч анзааралгүй ажиллах тэдний заримтай уулзаж ярилцлаа.     Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Т.АМАРХҮҮ:        Энэ хэсэгт 23 дахь жилдээ засварчнаас механикч хүртэл ажиллаж байна. Бидний ажил  үндсэн үйлдвэрлэлийг тасралтгүй найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлдгээрээ хариуцлагатай бас онцгой. Одоо манай ӨНХ-ийн 3-р тээрмийг сольж байна. Цагт 300 гаруй тонн хүдэр боловсруулдаг энэ тээрэм хоёр дахь шатных. Хүдрийг ММС-1 тээрэмд нунтаглаад ангижруулагчаар оруулж, шаардлагатайг нь дахин буталдаг юм. Хуучин тээрмийг авсан. Шинэ тээрмийн угсралтын ажил үргэлжилж байна. Бид энэ сарын 28 гэхэд тээрмийн угсралтыг дуусгахаар шамдаж байна. Тусгай бэлтгэгдсэн Угсралтын бригадын найман хүн ажиллаж, демонтаж, угсралтын ажил гүйцэтгэж байна. Мөн ӨНХ-т ажилладаг Засварын хэсгийн хамт олон тээрэм солих ажлыг гүйцэтгэж байгаа. Засварын ажлыг  чанартай, хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэснээр хүдэр боловсруулах төлөвлөгөөг давуулан биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ чухал ажилдаа өөрсдийгөө дайчилдаг. Бас бахархдаг.    Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, засварчин Э.ДОРЖБОЛД:       Манайх оны өмнөхөн 7-р тээрмийн угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр үзүүлэлттэй хийж дуусгалаа. Одоо ӨНХ-ийн гуравдугаар тээрмийг сольж байна. Үүнийг ч мөн  төлөвлөснөөс 14  хоногийн өмнө дуусгахаар шамдан ажиллаж  байна.  Манай Засварын хэсгийн хамт олон гар сэтгэл нийлсэн, ажилсаг хүмүүс. Асар их хөдөлмөрийнхөө шимээр өнөөдөр Дэвшилд тэмүүлэгч хамт олон боллоо. Сайхан байна. Цех хэсгийн удирдлагууд биднийг бүтээмжтэй, аюулгүй ажиллах боломжоор их  сайн хангаж байна. Засварын багаж тоног төхөөрөмж нилээн шинэчлэгдсэн. Жишээ нь өнөөдөр бид боолт чангалах ажлаа АНУ, Герман улсад бүтээгдсэн гидро түлхүүрүүд ашиглаж байна. Ингэснээр бидний ажил их хөнгөвчлөгдөж байна. Өмнө нь ийм байгаагүй. Боолтод түлхүүр хийж, кранаар татаж чангалдаг, 360 боолтыг хоёр өдөр чангалах жишээтэй байлаа. Дэвшилтэт багаж ашигласнаар цаг хугацаа ч хэмнэж, боолтны чанарт сайнаар нөлөөлж байна. Манайхны хөдөлмөрийг төр засаг, Эрдэнэт үйлдвэр, цехийн захиргаанаас үнэлж байгаад бид баяртай явдаг. Засварчид хөлс хүчээ шавхан угсарсан, засварласан тээрэм, бутлуураа хүнгэнэтэл сайхан ажиллахыг харж, өөрсдөөрөө бахархдаг даа.    Засварын хэсгийн дарга Д.НАРАНБААТАР:         Баяжуулах үйлдвэрээс 2019 онд Манлайллыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааныг бүтэн жилийн турш зохион байгуулан шинэ оны босгон дээр дүнгээ гаргасан юм. 13 хэсгийг таван чиглэлээр дүгнэсэн уралдаанд манайх тэргүүн байр эзэлсэн. Тухайлбал, ХАБ-ын чиглэлээр бид амжилттай ажилласан. Тухайн жилдээ осол аваар, осолд дөхсөн тохиолдол гаргаагүй. Мөн Өглөөний ХАБ, Өглөөний дасгал зэрэг аянг дөрвөн улирлын турш зохион байгуулсан. Аюулыг мэдээлэх хуудас ашиглан ослыг  арилгахад идэвхтэй  оролцсон. Үүний үр дүнд Аюулгүй ажиллагчаар анх удаа  гурван  хүн, хоёр дахь удаагаа гурван хүн, гурав дахь удаагаа нэг хүн шалгарсан. Мөн Үлгэр жишээ 5С хэрэгжүүлэгч хамт олон болсон. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд манайхан томоохон хувь нэмэр оруулсан. Баяжуулах үйлдвэр  2019 онд 31,5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэйгээс  32,2 сая тонныг  боловсруулсан. НБХ-т ажилладаг есөн тээрмийг 5900 цагт засах жилийн төлөвлөгөөтэй ч 5275 цагт багтаан засч, 625 цаг хэмнэсэн. ӨНХ-т  батлагдсан 3791 цагийн  засварыг 2900 цагт багтааж хийсэн. Нийт дүнгээрээ бүтэн жилдээ 1454 цагийг засварын ажлаас хэмнэсэн. Тээрмүүдийг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд засварласнаар 700 мянган тонн хүдэр нэмж боловсруулах боломжийг зөвхөн Засварын хэсгийн ажилчдын хүчээр бүрдүүлсэн. Олон нийтийн үйл ажиллагаанд манайхан байнга идэвхтэй оролцдог. Тухайлбал сагсны тэмцээнд хоёр дахь жилдээ, шагайн харваа, хөл бөмбөгт мөн түрүүлсэн. 2020 оны анхных болох цасны баярын тэмцээнд манай хамт олон тэргүүн байр эзэллээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр бид олон ажил хийсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн 7-р тээрэм  солих, 205-р флот машин шинэчлэх, конвейерын редукторуудыг Герман улсын SEW-EURODRIVE фирмийнхээр, шигшүүрүүдийг Австри улсынхаар солих, БТХ дээр Метсо бутлуур, ӨНХ дээр TELSMITH бутлуур суурилуулах зэрэг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг манай  хэсгийн хамт олны хүчээр хийж гүйцэтгэсэн. Суурилуулж угсарсан тоног төхөөрөмж бүхэн  сайн ажиллаж байгаа нь  манайхан  хэр мэргэшсэн, чадварлаг, хөдөлмөрч хамт олон болохыг харуулж байна.    Засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ:        Би Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт 19 жил ажиллаж байна. Удам дамжсан уурхайчдын нэг. Аавыгаа “40 хувьд” гарахад залгамжлан орсон. Энэ бахархалт үйлдвэртэй хувь заяагаа холбосондоо баяртай явдаг. Би гэр хороололд амьдардаг байсан. Өнгөрсөн оны сүүлчээр үйлдвэрийн захиргаа найман хүнд ажлын үр дүн, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж байр өгсөн. Үүнд манай хамт олон миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрээс гурван өрөө сайхан байр өгсөн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө улам сайн ажиллах эрч хүч, урам бэлэглэсэн. Би болоод манай гэр бүл ах дүүс, найз нөхөд маш их баяртай байгаа. Манайхан байрны түлхүүрээ гардаж авсан орой хөндий байшиндаа гудсаа авч очоод хоноцгоосон. Үйлдвэрийнхээ хайр хишиг, хамт олны итгэлээр тохитой  байрандаа жаргалтай амьдарч байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо баярлалаа.      Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Ш.ТӨРБАТ: Манай мэргэжилтнүүд цаг үеэ дагаж хөгжих ёстой

        Мэргэжлийн өндөр ур чадвар, өвөрмөц сэтгэлгээ, ажил амьдралын баялаг туршлагатай нэгэн бол Эрдэнэт үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч, доктор (Ph) Ш.Төрбат юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.     -Таны хүүхэд насны хүсэл мөрөөдөл юу байв. Дунд сургуульд математикийн хичээлд хэр байсан бэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?    -Бусад хүүхдүүдийн адил жолооч, нисгэгч болохыг мөрөөдөж явсан санагддаг. Манай ээж багш хүн л дээ. Ээж хэлсэн юм уу бүү мэд, багш намайг анх хамгийн урд  талын ширээнд суулгачихсан. Тэгэхээр ямар ч илүү дутуу хөдөлгөөн хийхгүй хичээлдээ анхаарна биз дээ. Ер нь хичээлдээ сайн хүүхэд байсан. Математикийн хичээлд ер нь гайгүй явлаа. Булган аймгийн математикийн олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн. Оюутан болоод Политехникийн дээд сургуулийн математикийн олимпиадад дэд байрт шалгарч байлаа. Аав маань малын эмч. Ээж бага ангийн багш. Хөдөөнөөс хүүхдээ эргэж ирсэн эцэг, эхчүүд багштай нь уулзана. Ингэж багшийг маш сайхан хүндэлдэг байж дээ.    -Ингэхэд та Эрдэнэт үйлдвэртэй яаж яваад хувь заяагаа холбочихов оо?    -10-р ангид мэргэжил сонгох боллоо. Эхлээд би эдийн засагч болъё гэсэн бодолтой явсан. Бидэнд математикийн хичээлийг ангийн багш заадаг байлаа. Би тоо бодохдоо хайхрамжгүйгээсээ ганц нэг алдана. Үүнийг багш нэлээн эмзэг хүлээж авсан уу,  эдийн засагч болъё гэхэд чи хайхрамжгүйгээсээ алдаа гаргаж өрөнд орно хэрэггүй гэдэг юм. Харин дунд сургуульд сурч байхдаа би Эрдэнэтэд аавтайгаа нэг удаа ирсэн юм. Тэгэхэд Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид явагдаж байлаа. Ажил хийж яваа хүмүүсийг нүдээр харлаа.Гадаа оросуудын волейбол тоглохыг үзлээ. Орос гуанзанд нь хоол идлээ. Энэ мөчөөс би Эрдэнэтэд ажиллах бодол төрсөн. Тэгээд Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн цахилгаан механикийн ангийг сонгосон. Бид тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн цахилгаан механикийн ангийн хоёр дахь төгсөлт. Их сургуулиа 13-уулаа төгссөн. Диплом хамгаалалт дээр Түлш эрчим хүчний яамны сайд П.Очирбат, Геологи уул уурхайн яамны сайд Д.Ренчинханд нар сууж, шалгалт авч байлаа. П.Очирбат гуай:” Манай үндэсний мэргэжилтнүүд төгсөж байна. Та нар хаана ч очиж ажиллаж болно. Бид та бүхнийг юм юмны зах зухаас зааж бэлтгэсэн шүү” хэмээн ярьж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Дээд сургуульд сурах хугацаандаа би Эрдэнэтэд оюутны дадлага хийсэн. Миний их сургуулийн ангийн багш Эрдэнээ гэж нэртэй хүн байлаа. Намайг далд уурхайгаар явуулах сонирхолтой. Сургуулиа төгсөх жил Налайхад  дипломын дадлага хийсэн. Тэгээд л Эрдэнэтэд ирж ажиллаж амьдарсан даа.    -Таны амьдралын 36 жил Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой явж иржээ. Энэ хугацаанд та Эрдэнэт үйлдвэрт яг юу хийсэн гэж боддог вэ?    -Анх би Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехэд дөрөвдүгээр зэргийн цахилгаан монтёроор ажилд орсон. Бидэнд их сургуульд далд уурхайн, уулын, цахилгааны, механикийн чиглэлийн хичээл ордог байлаа. Сүүлдээ энэ нь чиглэлийн ангиуд болж салсан. Нэлээн хүнд программаар хичээллэж байсан юм билээ. Хожим Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий энергитикийн албыг хашихад сурсан мэдсэн минь их хэрэг болсон санагддаг. Цахилгаан цехэд би реле хамгаалалт, теле механик дээр ажилласан. Цахилгаан цехийн монгол ах нар ОХУ-д сургууль төгссөн, чадварлаг хүмүүс ажиллаж байлаа. Д.Баасандалай, С.Шаравдорж, С.Чинбат, Ч.Содномдорж нарыг дурсмаар байна. Орос мэргэжилтнүүд ч  хүнийг жинхэнэ ажилд сургана. Ажиллах хугацаандаа  ТM-301, ТМ-120, Гранит зэрэг теле механикийн системийг солих, шинэчлэх ажлыг өөрсдийн хүчээр хийж байлаа. Уг хяналтын системийг бид жилийн хугацаанд тавих байсныг найман сарын хугацаанд гүйцэтгэсэн. Өндөр узелийн холбооны хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн бүх объектыг хянаж удирддаг системүүдийг тавьсан. Одоо подъемын насосуудыг үйлдвэрийн захиргааны нэгдүгээр байрнаас удирдаж эрчим хүчний бүх объектууд диспетчерын нэгдсэн хяналтад орсон байгаа. Теле механикийн хэсгийн дарга байхдаа ус, дулаан, цахилгааны тоолуур тавих ажлыг эхлүүлсэн. Монголд анх удаа Эрдэнэт үйлдвэр орчин үеийн ус, дулаан, цахилгааны тоолуур тавьсан байх. Тухайн үед цахилгааны нэг хувийн алдагдал сард 150 сая төгрөг байсан. Тоолууржуулах ажлыг шинэ түвшинд гаргаж тавьсан нь их үр ашиг өгсөн. 2008 онд дулааны цахилгаан станцад 5 мВт-ын хоёр турбин генератор суурилуулах ажилд биечлэн оролцсон. Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн цахилгаан хувиргах системүүдийг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын 48мВт хүчин чадал бүхий өргөтгөлийн ажлыг зохион байгуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Дээд удирдлагын түвшинд ойлголцолд хүрэх, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах гээд их нүсэр ажил байсан юм. Бид хамтын хүчээр энэ том бүтээн байгуулалтын ажлыг хийсэн нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол Улсын Эрчим хүчний системд  үр ашигтай ажил болсон. Энэ  мэтчилэн олон бүтээн байгуулалтын ажил намайг ажиллах хугацаанд үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн байна.     -Цаашид таны бодлоор Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний бодлогыг хэрхэн авч явах ёстой вэ?    -Аливаа юм хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Эрчим хүчний болон автоматикийн техникүүд  таван жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байх жишээтэй. Манай мэргэжилтнүүд цаг үеэ дагаж хөгжих ёстой. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ чиглэлээр  боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй. Аливаа техник технологийн горим, ажиллах зарчмуудыг математик загварчлал, компьютер симуляцийн төрөл бүрийн программ хангамж ашиглан боломжит үр ашгийн хувилбаруудыг шинжлэх ухаанчаар боловсруулах нь маш чухал. Дээр нь менежмент сайн байх ёстой.    -Эрдмийн цол хамгаалсан сэдвийнхээ талаар ярина уу?    -2019 онд “Тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийн алгуур унтраах горим” сэдвээр техникийн ухааны докторын (Ph) зэрэг хамгаалсан. Энэхүү эрдмийн ажил нь Эрдэнэт үйлдвэрийн технологийн шаардлагад нийцсэн, өндөр үр ашигтай техникийн шийдэл гаргах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх  боломж бүрдсэн нь чухал ач холбогдолтой юм.     -Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та шатрын спортын  мастер цолтой. Хэзээнээс шатрын спортоор хичээллэсэн бэ? Шатрыг шинжлэх ухаан, спорт, урлагийн цогц нийлбэр гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?     -Нийлнэ. Намайг дэс дараатай сэтгэж сурахад шатар их нөлөөлсөн. Манай нагацууд шатарчид байлаа. Тэдний тоглохыг харж байгаад шатар сурчихсан юм. Шатар тоглосон маань надад оюуны дасгал болж хичээл сурлагад ч нөлөөлсөн.    -Яаж..?    -Сэтгэж сургасан. Тэвчээр суулгасан. Үүнийг би шатартай холбож ойлгодог. Эрдэнэтийн шатрын холбооны тэргүүнээр би нэлээн хэдэн жил ажиллалаа. Холбооныхоо үйл ажиллагаа бодлогод оролцож явлаа. Олон ч тэмцээнд оролцож медаль авсан. Энэ рейтинг үзүүлэлтээрээ шатрын спортын мастер болсон доо. Шатраар нэг хэсэг амьсгалж явсан шүү. Шатар тоглодог хүүхдүүд ядаж амьдралаа зөв аваад явчихдаг. Үүнийг би амьдрал дээр харлаа. Том мэргэжилтнүүд, банкны захирлууд болчихсон явах жишээтэй. Би  Эрдэнэтийн шатарчдын түүхийг мэднэ. Хожигдоод уйлаад явж байсан хүү хожим шатрын том мастер болчихсон явахыг ч үзлээ. Шатар тоглодог хүүхдүүд өөрсдөө хичээлдээ хичээдэг эсэх нь бүү мэд ямар ч гэсэн онц сураад явах юм билээ. Харин мэргэжлийн дээд түвшинд хүрэх явдал өөр асуудал, хувь хүн амьдралаа золиослох шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй.     -Төгсгөлд нь залууст хандаж  хэлэх таны үгийг сонсъё ?    -Амьдралд томьёо байхгүй гэж залуу насандаа бодож явлаа. Нас ахиад ирэхээр амьдрал томьёотой юм байна. Бүх шашинд сайн сайхан сургаал, номлол бий.10 хар нүгэл, 10 цагаан буян гэдэг чинь л суртал томьёо бололтой. Буддаг шашин талаас бус философийн утгаас нь судалсныг үзэхээр... Хүний үгийг авах эсэх нь хувь хүний хэрэг. Номын номоос хүний ном дээр гэж өвгөд ярьдаг. Тэгэхээр залууст хандаж, амьдралын жудагтай,хүний номоор явах хэрэгтэй. Ёс зүйтэй байх чинь хүний номоор явж байна гэсэн үг. Бүх юм цаг хугацаатай, хэмжээтэй.    -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг
   Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн харьяаны ахмад настнууддаа олгодог баярын мөнгөн дэмжлэгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн захиргаанаас жил бүрийн Монголын цагаан сар, Олон улсын ахмадын баярын өдрөөр ахмад бүрт үзүүлдэг 45 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон байна.
   Энэхүү шийдвэр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүмүүст мөн адил үйлчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлд тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2358 ахмад харьяалагддаг аж.
 
М.Балжинням
 
   Эрдэнэт бол илгээлтийн эздийн хүч хөдөлмөрөөр боссон хот. Тэр ч утгаараа зүг зүгээс илгээлт өвөртөлсөн идэр залуус эх орны манлай бүтээн байгуулалтанд гар бие оролцож, түүхийг бичилцсэн юм. Эдүгээ гавьяаны амралтаа эдлэн, төрөлх хотдоо амьдарч буй анхдагч 209 ахмад  "Залуу насаа эргэн дурсахуй"  холбоог байгуулж, хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд 1975-1978 онд илгээлтээр ирж, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад сэтгэл зүтгэлээ зориулж байв. 
   "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооноос жил бүрийн 10 сарын 1-нд тохиодог Олон улсын Ахмадын өдрийг угтан хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Хурлыг нээж "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооны тэргүүн Уул уурхайн тэргүүний ажилтан, “Осолгүй манлай”, “Онц тээвэрчин” Л.Самбуу үг хэлж, нийт ахмадууддаа баяр хүргэлээ. Мөн Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, МУСТА А.Дэлгэрмагнай, хөөмийч МУСТА М.Саруултөгс нар ая дуугаа өргөж, хуран цугласан ахмадууддаа уран бүтээлийн дээжээ толилууллаа. 
   Баярын энэ өдөр анхдагч буурлуудаас нийтийн аж ахуй үйлчилгээний “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр ахмад настан Ё.Оюунмаа, А.Булбул, Д.Баярсайхан нарыг шагнасан бол Барилга хот байгуулалтын  яамны “Барилгын  Тэргүүний ажилтан” цол тэмдгээр  Ц.Цэнжав, Ч.Сайлаухан, “Осолгүй манлай” жолоочоор Г.Онхор, Ж.Өлзийсүрэн, Монгол Улсын “Онц тээвэрчин” цол тэмдгээр З.Санжпэрэнлэй, С.Эрээнхайр, П.Жигжидсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний  ажилтан” цол тэмдгээр Б.Чимэгээ, Т.Юра, Б.Дашбямба, Ц.Хандсүрэн, “Тэргүүний уурхайчин”-аар Б.Олзвой, Н.Наранцэцэг, С.Янжмаа, Ч.Оюунбилэг нарыг  тус тус шагналаа. Түүнчлэн "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооны гишүүн 24 ахмадад хүндэтгэл үзүүлж, идээний дээд сүү, мөнгөн урамшуулал гардуулав. 
 
Э.Мөнх-Уянга
Фото: Ш.Лхамсүрэн
 
 
 
 
 
 
 
 
      Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн хэсгийн болон Ил уурхайн Уулын хэсэг, Өрмийн хэсэг, Зам овоолгын хэсгийн ажилтнуудын ээлжийн ажлын цагийн хуваарийг 12 цагийн ээлжийн горимд шилжүүлэх боллоо. Уг шийдвэрийг Тус үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо болон цехийн ажилтнуудын хүсэлт, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн судалгааны дүн зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ сарын 26-ны өдрийн А/837 тоот тушаалаар гаргасан байна. 
   Дээрх шийдвэр 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд гурван сарын туршилтын хугацаанд 12 цагийн ээлжээр ажиллах юм. Туршилтын хугацаа дууссаны дараа уг хөдөлмөр зохион байгуулалтын үр дүнг нэгтгэн удирдлагуудад танилцуулан, цаашид үргэлжлэх эсэхийг ярилцах ажээ. Тус цехийн ажилтнуудын ажиллах ээлжийн горимд өөрчлөлт орсонтой холбогдуулан ажилтнуудыг тээвэрлэх автобус болон халуун хоол зөөвөрлөх хуваарийг шинэчлэн гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  
 
М.Балжинням
 
 
 
   Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 28 жилийн хөдөлмөрөө бүрэн зориулсан Цогзолын Гантулга мастер ээлжийн хамт олноо удирдан манлайлч, үйлдвэрлэлийн технологийн горим, үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг сайжруулан ажилласнаар өнгөрсөн онд 223 тонн ган бөөрөнцөг хэмнэжээ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл Эрдэнэт үйлдвэрт  600 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Хариуд нь тэр Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга хэмээх алдар хүртсэн юм. Ц.Гантулга “Амжилт ганц хүнийх байдаггүй, журмын нөхдийн гар сэтгэл нийлсэн хөдөлмөрийн шим, удирдлагуудын зөв бодлого, зохион байгуулалтын үр, гэрийн бүлийн түшиг тулгуурын хүчинд оршдог” гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
 

   - Та ажлаасаа буугаад сургалтанд шууд суучихсан хэрэг үү?
   - Тэглээ. Өөрөө нунтаглах хэсэгт шинэ бутлуур суурилуулж байгаа юм. Манай ээлжин дээр бутлуурын туршилт явагдсан. Дараа нь нийт бутлуурчид, бригадын дарга нар, ээлжийн мастеруудыг хамруулсан сургалтыг бутлуур суурилуулж байгаа гадны мэргэжилтнүүд, хэсгийн орлогч дарга удирдан зохион байгууллаа. Шинэ бутлуурыг яаж залгах, эвдрэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар ажлын байран дээр заасан.

   - Он гарсаар танай хэсэгт техникийн шинэчлэлийн хүрээнд өөр ямар ажил хийгдэж байна?
   - Хамгийн том нь энэ бутлуурын ажил. Мөн гидроциклонуудыг урсгал засвараар шинэчлэх ажил хийгдэж байгаа.

   - Таны ээлжийн ажил юунаас эхэлдэг вэ?
  - Манай хэсэг инженер техникийн ажилтнуудаа оруулаад 130 ажилтантай. Манай ээлжинд 20-иод хүн ажилладаг. Хамгийн түрүүнд урд өдрийн ажлын байдлыг тэдэндээ танилцуулж, алдаа оноог нь дүгнэн хэлэлцэж, технологийн процесс энэ өдөр ямар байдалтай явагдаж байгааг нэг бүрчлэн мэдэгдэж, үүрэг даалгавар өгөхөөс ажил эхэлдэг дээ. Мөн ямар ажил хийгдэх гэж байгаагаас шалтгаалан аюулгүй ажиллагааны зааварчилгааг сайн хэлж, сануулна. Шаардлагатай үед ажлын байран дээр нь очиж зааж өгнө. Ер нь тэр 12 цагийн хугацаанд бүх хүнээ мэдэрч ажиллах чухал. Хэнд ямар баяр жаргал, зовлон гутрал тохиосон, өнөөдөр хэн ямар сэтгэл зүйтэй ажил үүргээ гүйцэтгэж байгааг хүртэл анзаарч, ажлаа зохион байгуулах хэрэг гарна.

   - Харин та өөртөө ямар шаардлага тавьдаг вэ?
   - Зөвхөн ажил дээр ч биш, бүхий л цаг үед өөрөө эхлээд манлайлах ёстой гэж боддог. Тиймээс цехээс зохион байгуулдаг янз бүрийн үйл ажиллагаанд хамт олноо хамруулж, залуу ажилчдыг зөвлөн чиглүүлж, өөрийн чаддаг бүхнээ өвлүүлэхийг зорьдог. Зөв байхын үлгэр дуурайллыг үзүүлэхсэн л гэж хичээдэг дээ.

   - Үйлдвэрийн хэмжээнд “Мастерын манлайлал” хөтөлбөр хэрэгжсэн. Туршлагатай мастерын хувьд үр өгөөжийг нь хэрхэн дүгнэж байна?
   - Уул уурхайн чиглэлээр өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн залуусыг дэмжсэн, манлайлах, багаар ажиллах ур чадварт сургасан маш хэрэгтэй, сайн хөтөлбөр. Эрдэнэт үйлдвэрт олон мастер хүч хөдөлмөрөө зориулж байгаа. Тэдний дунд сургууль дөнгөж төгссөн, сурч хөгжих хүсэл санаачилгатай залуус олон бий. Тэднийг дэмжих нь чухал. Манай нэг механик энэ хөтөлбөрт хамрагдсан. Цаашид шинэ залуу мастеруудыг түлхүү хамруулж, туршлагатай мастер, механик, хэсгийн дарга, зөвлөх инженерүүдийг зөвлөхөөр оролцуулж хөтөлбөрөө үргэлжлүүлбэл илүү үр өгөөжтэй. Аль болох олон мастер хамрагдаасай гэж хүсдэг.

  - Та Эрдэнэт үйлдвэрийн ажилтны хувьд ямар бахархал тээж явдаг вэ?
  - Би 1989 онд Дарханы Политехникумыг баяжуулалтын техникч мэргэжлээр төгсөөд ангиасаа 15-уулаа Эрдэнэтэд томилолтоор ирж байлаа. Өөрийн хэсэгтээ анх ашиглалтад орохоос нь эхэлж ажилласандаа бахархаж явдаг. Тухайн үед орос мастер, тээрмийн машинчтай хамтран ажилладаг байлаа. Ажилдаа эзэн байх чин сэтгэл, зүтгэл, хариуцлага, хандлага, хэлний мэдлэг гээд орос “ах” нараас асар ихийг сурсан. Хүдрийг өөрөөр нь нунтаглаж жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхний ээлж нээгдэхэд ажиллаж байлаа. Дараа нь 1995 онд өргөтгөл шинэчлэл хийж цагт авах хүдрийн хэмжээг нэмсэн.  Нэг тээрэм цагт 250 орчим тонн хүдэр боловсруулдаг байсан бол хагас өөрөө нунтаглалтын горимд шилжсэнээр хүчин чадал эрс нэмэгдсэн. Тэр үед хууччуултайгаа ажиллаж л байлаа. 2015 онд дахин өргөтгөж III секцийг ашиглалтад оруулахад залуусаа удирдаад бас л ажиллаж байлаа. Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибденын баяжмалын чанар дээшлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Хоёр залгалт дээр ажилласан хувь заяандаа бахараж явдаг. Ер нь Эрдэнэт үйлдвэрт, тэр дундаа голт зүрхэн цех Баяжуулах үйлдвэрт ажилладаг маань нэр төрийн баталгаа юм даа.

  - Та бүтээмж чанарын “Урагшаа” дугуйлангийн ахлагч. Сүүлд үйлдвэрт үр өгөөжөө өгсөн томоохон ямар төсөл хэрэгжүүлэв?
  - Дугуйлангийн үйл ажиллагааг залуус маань үргэлжлүүлж байгаа. Манайх    хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, өртөг зардал хэмнэсэн олон төсөл хэрэгжүүлж байсан. Санаанд ил байгаа нь хоёр конвейрын засварын үед энгийн хаалт тавьдаг байсныг хаалт автоматаар гарч ирдэг болгож байлаа. Мөн регентийн илүү зарцуулалтыг багасгаж эдийн засгийн үр ашиг авчрах том төсөл хэрэгжүүлж нэгдүгээр ангиллын болзлыг хэд хэдэн удаа хангаж байсан. Одоо дугуйлангийн ажлыг залуус маань улам чанаржуулаад явж байна.

   - Ажлын талбартаа гарын шавьтай юу?
  - Шавь нараас маань зарим нь өөр тийш шилжсэн байна. Одоо ажиллаж байгаа нь мастер орлодог Шижирбаатар, Чулуунбаатар гээд бий. Мастер болоход бүх талаар бэлтгэгдсэн залуус.

    - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдынхаа хөдөлмөрийг үнэлдэг системийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
  - Тогтсон сайн системтэй гэж боддог. Сүүлийн үед цаг үетэйгээ уялдан шинэчлэгдэж байна. Техник, технологи шинэчлэгдэхийн хэрээр хүнээс тэр хэмжээний мэдлэг боловсрол шаарддаг болсон. Үүнийг дагаад ажилтны үнэлэмж дээшилж, үйлдвэрээс олгох цалин, урамшуулал нэмэгдэж байна. Ажилтнуудын хөдөлмөрийг үнэлдэг систем нь Монгол Улсын хэмжээнд жишиг болохуйц гэдэгт бүрэн итгэдэг.

   - Баярлалаа.  
 
М.ОДГЭРЭЛ

   Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран зохион байгуулсан үйлчилгээний ажилтны ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэн, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдааныг Эрдэнэт үйлдвэр хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм. Уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч мэргэжлийн чадвараа үнэлүүлснээс албан тасалгааны төрөлд О.Энхзул тэргүүн байр эзэлж, Н.Алтанцэцэг, Б.Мөнхжаргал нар удааллаа. Харин ариун цэврийн өрөөний төрөлд Ч.Буянхишиг нэгдүгээр байр, Ч.Отгонжаргал хоёрдугаар байр, Б.Амаржаргал гуравдугаар байрт тус тус шалгарсан. Уралдааны явцыг оноогоор дүгнэхэд Ч.Буянхишиг 4.88 оноогоор I зэрэг, О.Энхзул 4.81 оноогоор III зэргийн болзол хангаж, ажил мэргэжлийн үнэлгээгээ ахиуллаа.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

 

   Эрдэнэт үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсээс цех нэгжийн цахилгаанчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сайн туршлагаас хуваалцах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор ажил мэргэжлийн уралдааныг  зохион байгуулж байна. Энэ дагуу Баяжуулах үйлдвэрийн дөрвөн  багийн 28 цахилгаанчин хоёр өдрийн турш  ур чадвараараа өрсөлдөн, уралдав. Баг  тус бүр 7 гишүүнээс  бүрдэж, тус тусдаа нэг чиглүүлэгчтэй тэмцээнд оролцжээ.  Оролцогч багууд  цахилгаан эрчим хүчний талаарх бүхий л мэдээллийг багтаасан цахилгаан техникийн онол, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны сэдвээр илтгэл тавьж, цахилгааны бүдүүвч схем хийх гэрийн даалгавар авсан байна. Мөн цахилгааны хэмжилт, гэмтэл олох, цахилгаан хэрэгслийн марк тип, зориулалт, цахилгаан хэмжүүр, гүйдэл эсэргүүцэл, температур, механикийн олон төрлийн багаж хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаар мэдлэгээ сорьжээ.
   “Энэ удаагийн уралдаан үр дүнтэй, залуу ажилтнуудад туршлага өгч, цаашид ажил мэргэжилдээ өсөж дэвжихэд өгөөж өгөхуйц боллоо. Тухайлбал, илтгэлийн уралдаанд “Конвейрийн тэргэнцрийг автоматжуулах нь” сэдвээр мэргэжлийн нарийн бөгөөд өндөр түвшний технологийн төсөл оруулж ирснийг цехийн удирдлага болон мэргэжилтнүүд үнэлсэн. Цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэгжүүлэх боломжтой олон шинэ санал санаачилга илтгэлдээ дэвшүүлсэн нь энэ удаагийн ажил мэргэжлийн уралдааны ач холбогдлыг нэмэгдүүллээ” гэж Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаны Эрчим зүйн хяналтын инженер Ч.Батжаргал ярьлаа.
   Уралдааны тэргүүн байрыг П.Төртогтох ахлагчтай “TESLA” баг эзэлж, Г.Болд   ахлагчтай “Синхрон”, Н.Галмандах ахлагчтай “Хоёрдугаар баг “ багууд удаах байрт шалгарчээ.

М.Балжинням

   Орхон аймгийн соёл урлагийн салбарт өөрийн гэсэн тод томруун мөртэй эрхэм хатагтай бий. Урлагийн ертөнцөд хөл тавьсан залуучуудыг удирдан чиглүүлэгч тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын тайзнаа “амилдаг” бүхий л уран бүтээлийн найруулгыг хийж, шинэ санаа, ур ухаанаа урлагийн төлөө харамгүй зориулж явна. Уран сайхны удирдагч, найруулагч Д.Одончимэгтэй цөөн хором ярилцаж, ирэх улиралд тавихаар бэлтгэж буй уран сайханчдын сонин сайхнаас хуваалцлаа.

   - Морин хуурын хамтлаг тоглолтын бэлтгэл гээд ойрын өдрүүдэд завгүй сууж харагдлаа. Тоглолтоо хэзээ хийхээр бэлтгэж байна вэ?
   - Олон Улсын Ахмадын баярт зориулсан “Сэтгэлийн эгшиг” тоглолтоор Эрдэнэт хотынхоо нийт ахмадыг баярлуулахаар Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид маань ажиллаж байна. Маргааш буюу есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 4 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн. “Дуу бүжгийн Эрдэнэт чуулга” морин хуурын хамтлагтай болоод таван жил болж байна. Энэ удаа морин хуурын тоглолт, монгол ардын харилцаа дуу, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн ари, Сүнжидмаа зэрэг ахмадуудын дуртай дуу хөгжим тайзнаа эгшиглэнэ.
   Өнгөрсөн жилийн Ахмадын баяраар “Учиртай гурван толгой” дуурийг бүрэн эхээр нь тоглоход үзэгчид маань хангалттай байж чадаагүй. Энэ тоглолтонд ахмадыг урилгаар оролцуулах тул залуучууд маань аав, ээжийгээ энэ тоглолтонд заавал хамруулаарай. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ хэмжээнд 880, Орхон аймагт мөн тооны урилга өгсөн. Торгон дээлээ өмсөж, одон медалиа зүүж ирээд тоглолт үзээд гарах ахмадын сэтгэл ямар сайхан байх бол. Энэ нэг үдшийг ижий аавдаа бэлэглээрэй гэж залуучууддаа захъя.

   - Ирэх сарын төлөвлөгөөт ажлаасаа хуваалцахгүй юу?
   - Морин хуурын хамтлаг байгуулагдсаны ойг тохиолдуулан дан морин хуур хөгжим эгшиглэсэн, анхны бие даасан тоглолтыг 11 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна. Тоглолтонд чуулгын 32 уран бүтээлч оролцож, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав болон сүүлийн үеийн хөгжмийн зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Бид урын сандаа 12 томоохон бүтээлтэй болсон. Хөгжим гэдэг зүйл чихээр сонсож, нүдээр үзэхээс гадна хүний сэтгэлийг ямар их сэргээж, эрч хүч, гоо сайхны мэдрэмж төрүүлдэг билээ. Үүнийг л бид олон түмэндээ хүртээмээр байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийнхээ сайн дурын уран сайханчид, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан бүрэн хэмжээний тоглолтыг 11 дүгээр сард толилуулна. Уурхайчид урлагийнхантай хэрхэн хоршиж дуулдгийг, Эрдэнэт үйлдвэр уурхайчдыг соёл урлагаар хэрхэн хүмүүжүүлсэн бэ гэдгийг бид харуулахыг зорьж байна. 10 дугаар сар гараад энэ ажилдаа шамдан орно. Шинэ жилийн баяраар уламжлалт хөтөлбөрөө шинэчилж, Эрдэнэт үйлдвэрт хүч түрэн орж ирсэн залуучуудынхаа сэтгэлд нийцсэн, уянга эгшигээр хөглөсөн сайхан тоглолтууд хийх болно.

  - Морин хуурын чуулгыг таван жилийн өмнө бүрдүүлж байсан тэр үеийг эргэн санахад тодхон буудаг дурсамжаасаа хуваалцана уу?
   - Тухайн үед хүн бүр “Тэгье тэгье, би суръя” гэж дуун дээр зөвшөөрөөгүй л дээ. Бүжигчид маань нот мэдэхгүй, эсэргүүцсэн хүмүүс ч байсан. Аль болох олон хүн хамруулахын тулд “Морин хуур авч ирэхгүй бол хаалгаар оруулахгүй шүү” гэж шахаж шаардаад л зогсдог байлаа. Тэртээх өдрүүдийн үр дүн тайзан дээр гарсныг харахад сайхан байна. Уран бүтээлчид маань өнөөдөр хөгжмөө тоглож суухдаа баярлаж, өөрөөрөө, хамт олноороо бахархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүнийг баясгаж, баярлуулна гэдэг нь өөрийгөө хүндэтгэж, баярлуулсан цагт хүнд хүрдэг учиртай.
   Цагаан сарын шинийн нэгэнд гэртээ хөгжмөө хөглөж, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, найр хурим гээд бүхий л баярт бусдын гар харалгүйгээр язгуур хөгжмөө тоглодог болсонд бид ч баяртай байна. Одоо “Хүүхдүүд, ойр дотныхондоо морин хуураа заа” гэж зөвлөдөг болсон. Уран бүтээлчид маань морин хуурч болохоос гадна багш нар болсон. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад 2017, 2018 онд сургалт явуулсан. “Найз нөхөдтэйгээ ирж, соёлын ордны танхимд хөгжим сураач ээ” гээд үйлдвэрийн цехүүдээр тойроод явсан үе ч бидэнд бий. Харамсалтай нь цөөхөн хүн сурсан. Тэр үед олон хүн хамрагдсан бол сайхан л байлаа. Эцэст нь бид хүрч чадаагүй юу, тэд зорьж ирсэнгүй юу гэдэг асуулттай үлдсэн. Энэ асуултандаа хариу олохын төлөө бид хичээх болно. Ямартаа ч уран сайханчдын тоглолтыг үзээд үйлдвэрийн ажилтан ажиллагсад маань хөгжим суръя гэж өөрийн эрхгүй бодох байх.

   - Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсаар 40 оныг үдлээ. Үйлдвэрийн боловсон хүчин залуужиж байгаа өнөө цагт залуучууд руу чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
   - Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь залуучууд боллоо. Бие биенээсээ суралцах хэрэгцээ бий болж байна. Соён гэгээрүүлэх ажилд өөрсдөө идэвх санаачилгаараа оролцдог байвал өөрт нь л хэрэгтэй. Эхний ээлжинд залуучууддаа зориулсан бүжгийн сургалт явуулна. Сургалтыг үе шаттай хийхээр төлөвлөн, хуучнаар заавал сурах ёстой 10 бүжиг гэж байсныг заавал сурах гурван бүжиг гэж хөтөлбөртөө оруулж өгсөн. Тухайлбал эхний гурван бүжгээ сурсан хүмүүст заавал сурах зургаа, есөн бүжиг гэх мэтээр ахисан түвшинд заана. Ингэхдээ “Заавал” гэдэг үгийг оруулж байж тухайн хүнийг урлагтай ойртуулна гэж шийдсэн. Хүмүүс хэзээ хойно баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлдэг болохоор энэ ажилд олныг татан оролцуулж, зоригтой хийх нь чухал байна. Үйлдвэрийн ажилчдын 80 хувийг бүжгийн сургалтанд хамруулахыг хичээнэ. Гурван бүжиг сурсан хүн урамшиж, зургаан бүжиг сурна гээд явах л байх.
   Бүжиг дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байгааг та бид харж байна. Энэ нь зөвхөн хөдөлгөөн бус эрүүл, урт наслах зэвсэг болчихлоо. Гоё сайхан, гуалиг болъё гэж хүссэн хүн бүрт үнэ төлбөргүй сургалт явуулна. Хүссэн бүхэнд ийм боломж гарахгүй шүү дээ. Уурхайчдаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй 100 гаруй хүн Соёл, урлагийн цогцолборт ажиллаж байгааг бүү мартаарай. Ирэх жил танго, ча-ча-ча бүжгийг төлбөртэй явуулах маягаар ахисан түвшний сургалтаа явуулаад эхэлнэ.  

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өвлийн бэлтгэлээ базааж, ирэх сарын 1-ний өдрөөс үйлдвэрийн бүс дэх барилга байгууламжид дулаан өгч эхэлнэ.
   Тус Дулааны цахилгаан станц энэ намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэл бүхий 34 ажил төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөт ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй хангагдсаныг Ерөнхий инженер Д.Дарханбаяр хэллээ.  Дулааны цахилгаан станцын хувьд өвлийн хүйтнийг ажралгүй давах хамгийн гол бэлтгэл нь нүүрс, мазутын нөөцлөлт байдаг. Тиймээс ДЦС-хан нүүрс татан авалтыг хуваарийн дагуу ханган ажилласны үр дүнд Шарын голын уурхайгаас 50000 тонн нүүрс нөөцлөөд байна. Шарын голын нүүрсний чанар сайн, хангалт ч боломжийн түвшинд байгаа аж.
   ДЦС-ын өвлийн бэлтгэлийн нэг чухал хэсэг нь зуухны их засварын ажил юм. Одоо тус станцад гуравдугаар зуухны засвар үргэлжилж байна. Ажлын явц 75 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын 21-нд туршилтын 72 цагийн галлагаа хийж, ажлыг бүрэн дуусгахаар зорилт тавин ажиллаж байна. Мөн дөрөвдүгээр зуухныхаа агаар халаагчийг сольж, өрлөг дулаалга хийх юм байна. Ингэснээр ДЦС-ын өвлийн бэлтгэл 100 хувь хангагдаж, хүйтний улиралд найдвартай, баталгаатай ажиллах боломж бүрдэх аж. Мөн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд турбин генераторуудын урсгал засвар, үйлчилгээг ээлж дараалан хийж байна. Ирэх сарын 1-нээс  үйлдвэрийн бүсэд тус станцаас хангагддаг бүх цэгт халаалт өгч, дулааны сүлжээнд залгаснаар өвлийн горимд шилжих юм байна.

М.Балжинням

   Уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг  "Дисковер Монголиа" чуулган Улаанбаатар хотод 17 дахь удаагаа нээгдлээ. Энэ жилийн чуулганд БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцож, салбарын хөгжил, гадаад харилцааг хэрхэн үр дүнтэй өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ жил тус чуулганы хамтран зохион байгуулагчаар оролцохын зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцууллаа. Тус үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, Хөгжлийн хэлтсийн орлогч дарга Б.Батжаргалсайхан тэргүүтэй 10 гаруй мэргэжилтнүүд хамт олноо төлөөлөн оролцож байна.
   Монгол улсын нийт экспортын 87 хувь нь уул уурхайн салбараас бүрддэг бол аж үйлдвэрийн үйлдвэрлэлээс олдог нийт орлогын 72 хувийг мөн л уул уурхай дангаараа эзэлж байна. Тиймээс “Дисковер Монголиа” чуулган Монгол Улсын  Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг онцлов. Чуулганы үйл ажиллагааг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэл тавьлаа. “Монгол улсын эрдсийн салбарт  хөрөнгө оруулах нь” үндсэн хуралдаанаар эхэлж, “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь”, “Монгол Улсын хөгжлийг дэмжих нь” салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
   “Дисковер Монголиа” нь  Монголын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, шинэ санал, төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлэх оновчтой гарц шийдэл зэрэг чиглэлээр  салбарын мэргэжилтнүүд олон талаас нь ярилцаж, хэлэлцэх боломжийг нээж өгдөг талбар юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан геологи хайгуулын өнөөгийн байдлыг нухацтай хөндөж, бодлогын ямар шинэчлэлийг хэрхэн хийх талаар зөвлөлдөж байна. Мөн Эрчим хүчний салбарын бодлогод анхаарал хандуулж, метан, нар салхины нөөц зэрэг эрчим хүчний шинэ үүсвэрийн тухай асуудлыг  салбар хуралдаанаар  хэлэлцэх юм.

Э.Мөнх-Уянга
 

   Эрдэнэт үйлдвэрийн өдөр тутмын найдвартай ажиллагааг хангахад цех, нэгж бүр өөрийн оролцоотой. Энэ удаад цахилгаан эрчим хүчний аюулгүй ажиллагааг ханган, байнгын бэлэн байдалд хариуцлагатай алба хашдаг хамт олны үйл ажиллагааг хүргэхээр бэлтгэлээ. Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийн дарга Г.Ганбаяртай ярилцлаа.
 

  - Телемеханикийн хэсгийн үйл ажиллагааны онцлогоос танилцуулна уу?
  - Цахилгаан цехийн Телемеханикийн хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний объектуудын автоматжуулалт, системийн программ хангамж, цахилгаан, дулаан, уур, усны хэмжих хэрэгслүүдийн суурилуулалт, ашиглалт, техникийн үйлчилгээ, засвар, тэдгээртэй холбогдох мэдээллийг ээлжийн жижүүрт гаргах өгөх, хянах, удирдах ажлыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл бидний ажил Эрдэнэт үйлдвэрийн “нүд, чих” болдог гэж хэлж болно. Цахилгааны асуудал нь хүний амь настай шууд хамааралтай учраас бидэнд алдах эрх байхгүй. Манай хэсэг 11 ажилтантай.

  - Үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн ямар ажлуудыг энэ он хийж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр 1992 оноос ОХУ-ын Гранит мэдээллийн системийг нэвтрүүлэн ашигласан. 2008 оноос АНУ-ын Ge Fanuc фирмийн PLC 90-30 контроллёрын баазад суурилсан SKADA системийг ашиглаж, уг системээр 23 хяналтын цэгээс 982 алсын объектын дохиолол, 266 алсын хэмжилт, 39 алсын удирдлагын мэдээллийг шилэн кабелийн тусламжтайгаар дамжуулан хянаж байсан. Сүүлийн 10-аад жил цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн шинэчлэл манайд хийгдээгүй. Харин энэ оны хөрөнгө оруулалтаар Schneider Electric фирмийн Citect SKADA 2018 системийг суурилуулах ажлыг дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ сарын 30-наас Histero программ хангамжийн тохируулга, угсралтын ажил хийснээр хоёр үе шаттай ажил маань үндсэндээ дуусна. Энэ ажил хийгдсэнээр 26 хяналтын цэгээс 1480 алсын объектын дохиолол, 800 алсын хэмжилт, 150 алсын удирдлагын мэдээллийг хүлээн авах боломж бүрдэж байгаа юм. Цахилгаан эрчим хүчний тоолууруудаас мэдээлэл цуглуулдаг Альфа центр программ хангамжийг 20 тоолуурын хамт суурилуулах ажил ид хийгдэж байна. Эдгээр нь Олон Улсын стандартад нийцсэн программууд байгаа. Үндсэндээ 10-аад жилийн насжилттай 3 программ хангамжаа шинэчилж байна.

   - Эдгээр программыг сайжруулснаар гарах дэвшилтэт зүйл нь юу вэ?
  - Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Цахилгаан цехийн хэмжээнд сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүд шинээр нэвтэрч байна. Тэдгээрээс мэдээлэл авахад хуучин программ хангамжууд маань хоцрогдож, солих шаардлагатай болсныг бид мэдсэн. Шинээр суурилуулж байгаа программ хангамжууд нь мэдээлэл дамжуулах, хүлээн авахад илүү боломжийг олгож байгаа юм. Асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн шинэчлэлийг дагаад бид ч цаг үетэйгээ хөл нийлж хөгжих шаардлага тулгарч байна.
 

    - 2020 оны төлөвлөгөөнд санал оруулсан томоохон ажлаасаа тодруулна уу?
    - 1997 оноос суурилуулж эхэлсэн цахилгаан эрчим хүчний 250 орчим тоолуур байдаг бөгөөд бүх тоолуурт парк шинэчлэл хийх шаардлагатай болсон. Альфа центр программ хангамжийг даган 20 ширхэг тоолуур ирж байгаа. Үлдсэнийг шат дараатай сайжруулан солино. Мөн ээлжийн жижүүрийн төвд байдаг хяналтын дэлгэцүүд 10 гаруй жилийн насжилттай болсон. Үүнийг шинэчлэхээр ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд тусгалаа. Мэдээллээ шилэн кабелиар манай серверт дамжуулдаг элементийн баазаа шат дараатай сольж, шинэчилэх ажлыг хийнэ. 2020 оны захиалгад эхний ээлжийн контроллёруудаа оруулж өгсөн. Эдгээр нь энгийн хүмүүст ойлгомжгүй мэт боловч мэргэжлийн бидэнд томоохон ажлууд болох юм.

    - “Эрдэнэт үйлдвэрийн нүд, чих болсон хэсэг” гэж та ярианы эхэнд онцолсон. Танай хэсэгт ажиллахад хувь хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?
   - Цахилгаан эрчим хүчний бүхий л үйл ажиллагааг манай хэсэг дээрээс харж болно. Автоматжуулалт, програмчлал, цахилгаан, дулаан, уур, усны эрчим хүчний холбогдолтой бүх хэмжих хэрэгслийг манайх хариуцдаг. Стандартчилал хэмжилзүйн газрын тусгай зөвшөөрлийн хүрээнд суурилуулдаг гэсэн үг. Тиймээс ч мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүс нэг хэсэг дээр төвлөрсөн болохоор хөрвөх чадвар сайтай. Манай хэсэгт Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан 8 хүн бий.

   - Цахилгаанчид технологийн хөгжилтэй уралдан сурч, боловсрох хэрэгтэй гэж бодож байна. Мэргэжлийн ур чадвараа ахиулах, суралцах тал дээр үйлдвэрийн газраас хэрхэн анхаардаг вэ?
   - Манай хэсгийнхэн шинэ программ суурилуулалтын ажилтай холбогдуулан гадаад, дотоодын сургалтанд хамрагдаж байна. 3 ажилтан Малайзын нийслэлд сургалтанд суугаад ирсэн. 10 дугаар сард сүүлийн программ хангамжтай холбоотойгоор бас нэг ажилтан Малайзад суралцана. Бид дотооддоо ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль болон Мэргэшсэн инженерийн,  Стандартчилал хэмжилзүйн газрын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад жил бүр хамрагдаж байна. Усны тоолуур солих ажлын хүрээнд Шанхай, Арабын Нэгдсэн Эмират улсад сургалтанд хамрагдахаар төлөвлөсөн. Боловсон хүчнээ чадавхижуулах тал дээр үйлдвэр, цехийн удирдлагууд биднийг сайн дэмждэг.

    - Сүүлийн асуултыг танд үлдээе?
  - Цахилгаан цех, Телемеханикийн хамт олондоо цахилгаан тоног төхөөрөмжийн шинэчлэлээ сайн хийж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн, ажилдаа амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе. Та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн судсыг атгаж байгаа хариуцлагатай албаны харуулууд шүү.
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог